Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

         2022         02           09                                      2022/ШЦТ/26

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Э.Ариунболд,

Шүүгдэгч А.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Зд холбогдох эрүүгийн ..9 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян багт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Улаанбаатар Төмөр замын харьяа Сайншанд сум дахь Барилга,ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангид сантехникийн слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр, хадам ээж, 5-15 насны 2 хүүхдүүдийн хамт ................тоотод оршин суух, урьд

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 192 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлээгүй үлдсэн 2 жил 2 сарын хорих ялыг нэмж нийт 2 жил 8 сарын хорих ял,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ял,

Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял,

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 3 сарын хорих ял,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 05 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан, А.З РД:.......

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг буюу Зүүнбаян багийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Мг цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу дуудлагаар очиж албан үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж хэл амаар доромжилж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

мөн Зүүнбаян багийн Цагдаагийн хэсгийн байранд хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Мгийн хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж хэл амаар доромжлон албаны дүрэмт хувцсыг нь урж, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх, хөлөөрөө гэдэс рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн хохирогч Д.Мг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан биед нь биед нь халдаж тархи доргилт, толгойн хуйханд зулгаралт, доод буйланд цус хуралт, шүдний ганхалт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч А.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 07:00 цаг өнгөрөөгөөд Зүүнбаян орсон. Дараа нь эхнэр Бтай хамт Зүүнбаян багийн хойно 18 километрт хөдөө байдаг ээжийнхээ том ах болох Дамдиндорж өвгөнийд очсон. Маргааш нь ээжийн буяны ажлын 49 хоногийг хураах байсан болохоор тухайн айлаас мал авах зорилготой очсон. Ахтайгаа ярилцах зуураа 2 шил архи уусан. Тухайн айлаас ямаа авч машиндаа хийгээд Зүүнбаянд 21:00 цаг өнгөрөөгөөд очсон. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохоор тээврийн хэрэгсэл жолооддоггүй. Эхнэр тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Зүүнбаянгаас Сайншанд руу гарах гэж байхад О гэдэг хүнтэй таарсан. Тэр хүн халамцуу явж байсан. О намайг  “миний дүү хэзээ ирсэн юм манайд очоод хоол цай идээд яв, ах нь шартаад байна” гэж хэлсэн. Би 1 шил архи аваад дөнгөж гэрт нь ороод сууж байхад гаднаас Э гэж хүүхэн орж ирээд гэрийнх нь коридорт Оыг загнаад байх шиг байсан. Би тэр хүүхнийг “янхан” гэж хэлээгүй. Харин “чамд наад хүн чинь ямар хамаатай юм” гэж хэлэхэд намайг “битгий хуц чи муу гөлөг минь” гэж хэлээд гараад явсан. Тэр үед би архи уугаагүй, авсан архиа задлаагүй байсан. Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.М орж ирээд намайг бичиг баримтаа шалгуул гэхэд би тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа чамтай хамт байсан Э гэж хүүхэн дуудлага өгсөн. Чамайг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна гэж хэлсэн гэхэд нь би тээврийн хэрэгсэл жолоодоогүй, тэр хүүхэн өөрөө айлд согтуу орж ирээд О ах руу хашгираад байсан гэж хэлсэн. Дараа нь хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Мтай цагдаагийн хэсгийн өрөөнд нь очоод хэрүүл маргаан болсон. Цагдаагийн эрх бүхий албан тушаалтантай муудалдсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Э гэх хүүхэнтэй өмнө нь хамт амьдарч байсан. Тухайн үед намайг хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.М авч явах үед Э нь манай эхнэрийн хажууд “манай дүү Замын-Үүд суманд цагдаа наадахыг чинь шоронгийн хадаас болгоно” гэж хашгираад байсан. Би тэр үед эхнэрээсээ санаа зовоод Э гэх эмэгтэйг надад ямар ч хамааралгүй гэж хэлсэн. Хэсгийн байр луу очсоны дараагаар хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.М намайг гавласан. Гавлахаар нь “би буруу зүйл хийгээгүй яах гэж байгаа юм” гэж хэлээд гавлуулахгүй гэж ноцолдсон. Тэгээд дотор давчдаад гадаа зогсож байхад эхнэр маань Ттай хамт ирж байгааг хараад хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.М намайг ор гэж дугтарсан. Тэгэхэд нь санамсаргүй толгойгоороо эрүү хэсэгт нь хүрэх шиг болсон. Гэтэл хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.М намайг мөргөчихлөө гэж хажууд байсан цагдаад хэлээд хэрүүл маргаан болсон гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байхад Зүүнбаян багийн иргэн А.Э гэх хүнээс 11 цаг 46 минутад “Зүүнбаян багийн төвд явж байхад Заяа гэх хүн хэл амаар доромжлоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, архи аваад О гэх айлд орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу О гэх айлд очиж А.З гэх хүнийг дуудаж уулзан “та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдыг хэл амаар доромжилсон зөрчил гаргасан байна, бичиг баримтаа шалгуулна уу” гэж хууль ёсны шаардлага тавьтал А.З гэгч нь “чи яахаараа намайг шалгадаг юм, надаас өөр хүнийг шалга, тэр мангар бацаануудаа шалга, би чамд шалгуулахгүй, би өөр хүн шүү, Бийг битгий шалгаж бай гэж хэлсэн гэж хэлсэн”, өөрийгөө Б гэж хэлж байсан, хоч нь юм шиг байна лээ, А.З гэх иргэнд “та яагаад надад шалгуулахгүй байгаа юм, би чамайг шалгах үүрэгтэй” гэж хэлтэл ” чи яахаараа намайг шалгадаг юм пязда минь, би Бийг шалгахгүй шүү, чи намайг бол үгүй шүү” гэж хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж намайг “пязда минь яагаад бүлтрээд байгаа юм” гэх мэтээр хэл амаар доромжилсон. ...цагдаагийн хэсэг рүү дагуулж явж байхад намайг “пязда минь зүгээр байгаарай” гэх мэтчилэн хэл амаар доромжилж басамжилсан үйлдэл гаргаж байсан. Цагдаагийн хэсгийн өрөөнд ороод бичиг баримтаа шалгуул гэж шаардлага тавьтал би зүрхний өвчтэй хүн шүү гэж над руу дайрч эрх чөлөөнд халдсан, би тухайн иргэнд гав, тусгай хэрэгсэл хэрэглэн гавлаад тайвшруулаад сандал дээр суулгасан. Гаднаас Т гэх хүн Згийн эхнэр гэх хүнтэй орж ирээд хэрүүл маргаан үүсгэсэн, тухайн 2 хүнийг орж ирэх үед З нь өрөөнд агсарч намайг хэл амаар доромжилсон. Би Т гэх хүнд та хоёрыг орж ирэхээр энэ хүн улам агсам тавиад байна, та 2 түр гарч бай гэж хэлээд гаргатал А.З нь араас гүйж ирээд миний хажуугаар өрөөнөөс гарах гэж дайрсан, би Зд цаанаа суу гэж хэлтэл намайг заамдаж миний нүүрэн тус газар луу мөргөөд миний хувцаснаас зуурч ноцолдоод хамт газарт унасан. Газар унасан байхдаа А.З нь гавтай гараараа миний цээжин тус газар хэд хэдэн удаа цохиод байхаар нь би үйлдлийг нь зогсоох гэж дээр нь дарсан, тэгтэл Т гэх хүн миний араас татаад надад “би Згийн чамайг мөргөснийг гэрчлэхгүй шүү, наадах чинь чамайг мөргөөгүй шүү, зүгээр заамдаж татсан шүү” гэх яриа өгүүлэл гаргаж байсан. Тухайн А.З гэгч иргэнийг тайвшруулаад өрөөнд суулгаж байтал дахин над руу дайрч миний цээж хэсэгт хөлөөрөө тийрч өшиглөсөн. А.З гэгч нь “би олон жил шоронгоор явсан, миний ээж үхсэн, надад уйлах, харамсах, шалтгаан байхгүй, чамайг гарч ирээд ална шүү” гэж заналхийлж байсан ...миний үүдэн шүд гэмтсэн, одоо хөдөлж байна, мөн толгой хэсгээр хүчтэй базалж өвдөж, толгойн зүүн хэсэгт зулгарсан гэмтэл үүссэн ...албаны дүрэмт хувцаснаас зуурч баруун суганы хэсэгт урсан ..албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна, А.З гэгч нь урьд ял эдэлж байсан, алдах юм байхгүй, чамайг ална гэж миний амь бие, эрүүл мэндэд заналхийлж байсан болохоор цаашид таслан сэргийлэх арга хэмжээг зөв оновчтой авч өгнө үү гэж хүсэж байна, цагдаагийн албаны дүрэмт хувцсыг тогтоосон үнэлгээгээр нь нэхэмжилнэ ...би албаны дүрэмт хувцсаа өөрөө оёж өмссөн, хувцас урсан үйлдэлд нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж тархины зураг авхуулахад 120.000 төгрөг зарцуулсан, уг мөнгийг нэхэмжилнэ. Миний хувьд гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 11-12, 52 дугаар тал),

 

Гэрч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд санаж байна, иргэн А.Эгаас согтуу хүн хэл амаар доромжлоод, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу цагдаагийн ахмад Д.М явсан. Хэсэг хугацааны дараа хэсгийн байцаагч зөрчил гаргагч З гэгчийг албан өрөөнд авч ирсэн. ...хэсгийн байцаагч тухайн З гэх хүнийг өрөөнд оруулж ирсний дараа “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргасан, алба хаагч шаардлага тавихад биелүүлэлгүй намайг хэл амаар доромжилсон” гэж хэлтэл тухайн иргэн хэсгийн байцаагчийг хэл амаар доромжлоод дайрч давшилж өрөөнд ноцолдсон. Хэсгийн байцаагч тухайн хунийг өөдөөс нь дайрч ноцолдох үед нь гавлаж сандал дээр суулгасан. Тухайн хүн гавлуулсны дараа тайвширч хэсгийн байцаагчтай ярилцаж байтал гаднаас О, Т гэх хүмүүс өрөөнд орж ирсэн, тэгтэл З нь тухайн хүмүүсийг хараад дахиад агсарч “чи муу яахаараа намайг гавладаг юм” гэж хэсгийн байцаагч руу агсарч эхэлсэн. Хэсгийн байцаагч өрөөнд орж ирсэн О, Т гэх хүмүүст та нар түр гарч бай, энэ хүн та нарыг хараад улам агсраад байна гэж хэлээд өрөөний хаалгаар гаргатал З босож ирээд гарах гэж дайраад хэсгийн байцаагчийн нүүрэн тус газар луу мөргөөд ноцолдож байгаад хамт газар унасан, газарт унасан байхад нь Т гэх хүн орж ирээд хэсгийн байцаагчийн хувцаснаас татаж босгоод чиний “чиний мөргүүлснийг би гэрчлэхгүй шүү, хараагүй шүү” гэж хэлж байсан. Үүний дараа З гэгчийг өрөөнд суулгаад хэсгийн байцаагч “за одоо тайвшир" гэж хэлээд жижүүртэй утсаар ярьж байтал З хэсгийн байцаагчийн гэдэс рүү тийч өшиглөсөн ...З гэгч нь нэлээд их архи уусан, согтолттой байсан, өрөөнд гаднаас орж ирэхдээ хэсгийн байцаагчийг “пязда минь би яахаараа чамд шалгуулдаг юм” гэх мэтээр басамжилж, хэл амаар доромжилж нэлээд уурласан байдалтай орж ирсэн ...тухайн үед хэсгийн байцаагчийн толгойн баруун хэсэгт бага хэмжээний гэмтэл үүсэж цус гарсан байсан, үүдэн шүд хөдөлчихлөө гэж хэлж байсан, мөн албаны дүрэмт хувцас хээрийн гительний баруун суга хэсэгт урагдсан, гительний энгэр хэсэгт гутлын тоосон мөр үүссэн байсан” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 16 дугаар тал),

 

Гэрч А.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг нэлээн өнгөрч байхад санаж байна, Оын гэрээр ортол гаднаас З хоёр, гурван хүнтэй ирчихсэн архи уугаад сууж байсан, гадна машин, тэрэг ирчихсэн байсан. Би Од чи хүн цуглуулж гэртээ архи уугаад гэж хэлтэл Оын гэрт байсан З намайг “архичин, янхан минь чамд хамаагүй гар, зайл” гэж намайг хэл амаар доромжилсон, тэгэхээр нь би хэсгийн байцаагч Мд “намайг согтуу хүн хэл амаар доромжилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна” гэж дуудлага, мэдээлэл өгсөн, тухайн З гэгчийг согтуу тээврийн хэрэгсэл жолоодож байхыг харсан болохоор согтуу машинтай яваад байна гэж мэдээлэл өгсөн. Намайг дуудлага өгсний дараа хэсгийн байцаагч Д.М ирээд Зд “бичиг баримтаа шалгуул, та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, хүнийг хэл амаар доромжилсон байна” гэж шаардлага тавьтал З “чи яахаараа намайг шалгадаг юм пязда минь, чамд шалгуулахгүй, чи явж бацаануудаа шалга, чи Бийг шалгахгүй шүү пязда минь” гэх мэтээр хэл амаар доромжилж тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байсан. Хэсгийн байцаагч албан өрөөнд очиж уулзана гэхэд нь явахгүй гэж эсэргүүцэж хэл амаар доромжилж байсан, ...өрөө рүүгээ авч явах үед нь хувцас, хунараас нь зуурч эсэргүүцээд байгаа харагдсан. З нь хэсгийн байцаагчийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хэл амаар доромжилж байгаад өрөөнд нь орсон, түүнээс хойш ямар асуудал болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-дугаар тал),

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаагийн хэсэг дээр Тын хамт очиход Д.М гэх цагдаа манай нөхөр Зг гавлачихсан, газарт унагаад цээжин дээр нь өвдөглөөд суусан байдалтай байсан. Би очоод цагдаад наад хүн чинь зүрх муутай хүн, яаж байгаа юм бэ гэж хэлж, уурлаж бухимдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

Гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ...Цагдаагийн хэсгийн байранд очиход Зг гарыг нь урд нь гавлачихсан суулгаж байсан. З цагдаад “чи яахаараа намайг гавладаг юм, миний дотор давчдаад байна гаръя” гэж хэлээд босоод өрөөнөөс гарсан, цагдаа гаргахгүй гэж хувцаснаас нь зуураад байсан, З зүтгэсээр байгаад үүдэнд гараад ирсэн, тэгтэл М цагдаа Зг оруулах гэж гавласан гараас нь угзарч татсан, тэгтэл А.З урагшлахдаа нүүр лүү нь мөргөчих шиг болсон. Хэсгийн цагдаа намайг явж бай гээд явуулахаар нь ...би эхнэрийнх нь хамт эргэж цагдаагийн өрөөнд ортол хэсгийн байцаагч З 2 ноцолдсон байдалтай, цагдаа Згийн дээр нь гараад өвдөглөж дараад суусан байсан, эхнэр нь болон би цагдаад “наад хүн чинь бие муутай хүн” гэж хэлээд босгосон ...хэсгийн байцаагч Д.Мг Зд ямар шаардлага тавьсныг мэдэхгүй, гэрт байхад дуудаад гадаа уулзсан, гадаа З “би машин бариагүй, чи бичиг баримт шалгах гэж байгаа бол жолоочийг нь шалга” гэсэн утгатай зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

 

Шинжээчийн 02/009 дугаартай “...Д.Мгийн биед тархи доргилт, толгойн хуйханд зулгаралт, доод буйланд цус хуралт, шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

Хохирогч Д.Мгаас гаргаж өгсөн 2 минут 6 секундийн бичлэг бүхий хуурцаг 1 ширхэг, хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дүгээр тал),

 

Хохирогч Д.Мгаас гаргаж өгсөн 2 ширхэг гэрэл зураг(хавтаст хэргийн 5-6 дугаар тал),

 

Хохирогч Д.Мгийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хавтаст хэргийн 7-8 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч А.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг буюу Зүүнбаян багийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Мг цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу дуудлагаар очиж албан үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж хэл амаар доромжилж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, улмаар Зүүнбаян багийн цагдаагийн хэсгийн байцаагчийн өрөөнд албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж,түүний биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн хуйханд зулгаралт, доод буйланд цус хуралт, шүдний ганхалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.М, гэрч М.Т, А.Э, Б.Б, Э.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шинжээчийн 02/009 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Мгаас гаргаж өгсөн 2 минут 6 секундийн бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан ба хохирогч Д.М нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Зүүнбаян багийн хэсгийн байцаагчаар Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар  томилогдсон байна.

“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг ойлгоно

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч А.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад Д.Мгийн хууль ёсны шаардлага тавьж хуульд заасан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулж биед нь халдан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг санаатайгаар учруулан эсэргүүцсэн нь “Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэргүүдийн шинжийг  бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч А.Зг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж заналхийлж эсэргүүцсэн, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.Мд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч А.Зг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Зд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүхээс шүүгдэгч А.Зд  “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул дээрх зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч А.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох  ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3,200,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа ажил хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадвар, ам бүлийн байдал  зэргийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн үйл баримтын талаарх бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1. Шүүгдэгч А.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр  тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Зд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Зд  сануулсугай.

 

6.Шүүгдэгч А.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэргийн үйл баримтын талаарх бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН