Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2017/00093

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр Дугаар 212/МА2017/00093 Өлгий сум

 

 

 

М.Ж нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 284 дүгээр шийдвэртэй, М.Ж нарын нэхэмжлэлтэй, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар болон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик, А.Павел нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол улсын Хүний хөгжил сангаас олгох хишиг, хувь А.Мйн 500000 төгрөг, Х.Пын 500000 төгрөг, М.Хийн 500000 төгрөг, М.Бы 430000 төгрөг, М.Жийн 430000 төгрөг, М.Сийн 430000 төгрөг, нийт 2790000 төгрөгийг ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас гаргуулах тухай.

 

 

Нэхэмжлэлийн агуулга: "А.М, Х.П, М.Х, М.Б, М.Ж, М.С нар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар зарлигаар Монгол улсын харьяатаа сэргээлгэн улмаар Ногооннуур сумын иргэний бүртгэлийн мэдээллийн ажилтанд гарынхаа хээг өгч Монгол улсын иргэн гэдгийг нотлох иргэний үнэмлэх авсан юм. Нэр бүхий иргэд нэгэнт Монгол улсын иргэн болсон учраас Монгол улсын Хүний хөгжил сангийн хуулийн дагуу эх орны хувь, хишиг хүртээх эрх хуулийн дагуу үүссэн юм. Ингээд нэр бүхий бидний мэдээлэл иргэний бүртгэлийн байгууллагаар дамжин нийгмийн халамжийн байгууллагын Хүний хөгжил сангийн мэдээллийн санд орсон учраас иргэн бүрт сар бүр олгох 21000 төгрөгийг авах ёстой байсан. Ингээд Монгол улсын Хүний хөгжил сангийн хувь, хишгийн мөнгө нь А.Мухамадигийн ХААН банк 5187041516 тоот дансанд 429950 төгрөг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 69950 төгрөг, нийт 499900 төгрөг, Х.Пад олгох хувь, хишгийн мөнгө ХААН банкан дахь 5187112342 тоот дансанд 429950 төгрөг 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 69950 төгрөг, нийт 499900 төгрөг, М.Хт олгох ёстой хишиг, хувийн мөнгө болох 429950 төгрөг, түүний 5187141849 тоот дансанд 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 699950 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нийт 499900 төгрөг, М.Бы ХААН банкан дахь 5187110399 тоот дансанд 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, М.Жийн ХААН банкан дахь 5187089014 тоот дансанд 429950 төгрөг 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус Хүний хөгжил сангийн санхүүжилтээр орж ирсэн байна. Энэ нь ХААН банкан дахь депозит дансны хуулгаар нотлогдож байна. Харин М.С нь анх хөгжил сангаас 70000 төгрөг авсан боловч үлдсэн 430000 төгрөгийн депозит дансны хуулга олдоогүй байна. Эх орны хишиг, хувийн мөнгийг бид тус банкнаас авч амжаагүй байхад буюу ХААН банкны хувийн дансанд байгаа нэр бүхий иргэдийн Хүний хөгжил сангийн хишиг, хувийн мөнгийг өөр байгууллагад шилжүүлж бидэнд эдийн засгийн бодитой хохирол учруулж байна. Иймд Монгол улсын Хүний хөгжил сангаас олгох хишиг, хувийн мөнгө болох А.Мйн 500000 төгрөг, Х.Пын 500000 төгрөг, М.Хийн 500000 төгрөг, М.Бы 430000 төгрөг, М.Жийн 430000 төгрөг, М.Сийн 430000 төгрөг, нийт 2790000 /хоёр сая долоон зуун ерэн мянган/ төгрөгийг ХААН Банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Бауыржаны тайлбарын агуулга: Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж нь тус банкнаас 2790000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүний дагуу шалгаж үзэхэд нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий иргэдийн хүний хөгжлийн сангаас олгогдсон 2357700 төгрөгийг тухайн иргэдийн данснаас аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 тоот албан тоотын дагуу буцаасан байна. Нэхэмжлэгч М.Сийн эх орны хишгийн мөнгө орж ирээгүй байна гэжээ.

 

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханы тайлбарын агуулга: Тус аймгийн Ногооннуур сумын иргэн А.М, Х.П, М.Х, М.Б, М.Ж, М.С нар нь Монгол Улсын хүний хөгжлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд "Сангаас хүн ам өрхийн бүртгэлд бүртгэгдсэн иргэн харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг хувь хүртэнэ" гэсэн заалтын дагуу авах ёстой хишиг хуваа аваагүй тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцав. Дээрх 6 иргэн мэдээллийг хүний хөгжил сангийн олголтын программаас шалгаж үзэхэд А.М, Х.П, М.Х нарын 430000 төгрөгийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 70000 төгрөгийг нь 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, М.Ж, М.Б нь 70000 төгрөгөө өөрсдөө авсан. Харин 430000 төгрөгийг нь 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, мөн 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус банканд шилжүүлсэн байна. М.С нь 70000 төгрөгөө 2010 оны 03 дугаар сарын 31-ны өдөр, 430000 төгрөгөө 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкнаас авсан байна. Дээрхи иргэд нь Хүний хөгжил сангийн хуулийн холбогдох заалтыг хангасан тул хишиг хувийн мөнгийг хуулийн дагуу банканд илгээсэн тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцахгүй болно гэжээ.

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 284 дүгээр шийдвэрээр:

 

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас А.М, Х.П, М.Х нарын тус бүрт 500000 төгрөг, М.Ж, М.Б нарын тус бүрт 430000 төгрөгийг гаргуулан олгож, М.Сд 430000 төгрөг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 52710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

 

6. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 284 тоот шийдвэрийг эс зөвшөөрч ХААН банкны зүгээс дараах гомдлыг гаргаж байна. ХААН банкнаас 2.790.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэл заагаагүй тодорхойгүй байна. Энэ гомдолтой холбоотой тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар гаргах болно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд ХААН төв банкны итгэмжлэлийн төлөөлөгч хууль эрх зүйн газрын ахлах хуулийн зөвлөх Д.Наран итгэмжлэлээр давхар оролцох болно гэжээ.

 

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суудаг, Мухамедийн Жанибекийн өмгөөлөгчөөр 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Энэ нь М.Жийн нэхэмжлэлтэй, ХААН Банкны Баян-Өлгий аймаг дахь салбар, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэрэг юм. Өмгөөлөгч Я.Сьезд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж нар бид хариуцагч ХААН Банкны тус аймаг дахь салбараас 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр №5180\600 дугаартай албан тоотоор гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх М.Ж нарын иргэдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 284 тоот дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, ХААН Банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төлөөлөгч А.Павелийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: М.Ж нарын нэхэмжлэлтэй ХААН банкны салбар болон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хурал 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 284 тоот шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой ХААН банкны салбарын гаргасан гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээж, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцох болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

 

Нэхэмжлэгч А.Мухамади, Х.П, М.Х, М.Ж, М.Б нар ХААН банкны Баян-Өлгий салбарт холбогдуулан 2790000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж нэхэмжлэгч нарын дансанд Хүний хөгжил сангаас мөнгийг шилжүүлэн өгсөн уг мөнгө нэхэмжлэгч нарын ХААН банк дахь зохих дансанд орсон ба энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

 

Хариуцагч ХААН банкны Баян-Өлгий салбар нь нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй 2790000 төгрөгийг нэхэмжлэгч нарын данснаас аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 192 дугаартай албан тоотоор буцаасан гэх боловч нэгэнт нэхэмжлэгч нарын дансанд шилжүүлснээр захиран зарцуулах эрх тухай этгээдэд үүссэн байх тул өмчлөгчийн зөвшөөрөлгүй мөнгийг буцаан шилжүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

 

 

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас А.Мухамади, Х.П, М.Х нар тус бүр 500000 төгрөг, М.Ж, М.Б нар тус бүр 430000 төгрөгийг тус тус авч чадаагүй хохирсон байна.

 

 

Анхан шатны шүүх ХААН банкны Баян-Өлгий салбарт холбогдох 2790000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Мухамади, Х.П, М.Х, М.Ж, М.Б, М.С нарын нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, А.Мухамади, Х.П, М.Х, М.Ж, М.Б нарын нэхэмжлэлийг хангаж, М.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

 

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 59590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 284 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59590 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ