Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0068

 

АААХ-нТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч АААХ-нТББ-ын дарга Д.Самданмөнх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, АА дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, АААХ-нТББ-ийн нэхэмжлэлтэй, ААЗДТГД-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

АААХ-нТББ-ын дарга Д.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Ахмадын хороо нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ хэмээсэн заалтын дагуу аймгийн төсвөөс 15 жил санхүүжилт авч, үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Гэтэл аймгийн Засаг даргатай 2015 оны санхүүжилтийн үр дүнгийн гэрээг хийх гэтэл тодорхой бус байдлаар гэрээ хийхээс түдгэлзэн Ахмадын хорооны санхүүжилтийг олгоогүй. Монголын Ахмадын хорооны дарга Д.С, ахмадын хорооны тэргүүлэгч гишүүн Г.Д нар аймгийн Засаг дарга Д.Б өрөөнд орж хамтран ажиллах гэрээний төслөө өгсөн. Гэрээг аймгийн Засаг дарга ширээн дээрээ тавьсан гэсэн. Үнэхээр ийм үйл явдал болсон уу, гэвэл болсон. Д.Б дарга шүүхэд тайлбар өгөхдөө гэрээний төслөө бичиг хэрэгт өг гэсэн, өгөөгүй байна гэж ярьсан байна.

Засгийн газрын тогтоолд ахмадын байгууллагуудтай гэрээ байгуул гэсэн үг өгүүлбэртэй байгаа. Аа-н Засаг дарга, Засга даргын Тамгын газар нь Монголын Ахмадын холбоотой гэрээ байгуулахгүй гэсэн ч үйл ажиллагаагаа явуулж байна. Ийнхүү санхүүжилт олгохгүй байгаа нь санаатайгаар хууль зөрчсөн ажиллагаа. 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ж.Э Сангийн сайдын гарын үсэгтэй албан бичиг ирсэн. 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бид аймгийн Засаг даргатай гэрээ байгуулъя гэж орсон. Тэгэхэд ямар нэг хариу өгөхгүй байж байгаад 04 дүгээр сарын 01-нээс Чөлөөт ахмадын хороотой гэрээ байгуулсан. Ямар ч төрийн тогтоол, сайд нарын албан бичигт Чөлөөт ахмадын хороотой гэрээ байгуул, Монголын Ахмадын хороотой битгий гэрээ байгуул гэсэн юм байхгүй. Монгол Улсын Сангийн сайдаас 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1/315 тоот албан бичгээр аймаг, сумын Ахмадын хорооны санхүүжилтийн тухай чиглэл ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байна. Аймгийн Ахмадын хороо нь 19 суманд ахмадын зөвлөлтэй бөгөөд жил бүр ажлын төлөвлөгөө гарган тухайн жилдээ тодорхой ажлуудыг ахмад настнуудын нийгмийн хамгаалал тэдэнд чиглэсэн олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. 2014 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртлэх хугацаанд сумдын Ахмадын зөвлөлийн дарга нарын сар бүрийн урамшуулал болон бусад зардлуудыг санхүүжүүлээгүйгээс шалтгаалан Ахмадын хорооны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болоод байна. Хариуцагч талаас С.Э сайд Чөлөөт Ахмадын холбоотой гэрээ байгуулсан. Бид Чөлөөт ахмадын хорооны дарга Б.Ж гэрээ байгуулсан гэдэг. Ерөнхий агуулгаар авч үзвэл хууль зүйд нийцэхгүй байна. Монгол улсын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Засгийн газрын тогтоол, үе үеийн сайд нараас ирүүлсэн бичгээс харвал, Монголын Ахмадын хороотой гэрээ байгуулж, санхүүжүүлэх шаардлагагүй, Чөлөөт ахмадын хороотой гэрээ байгуул гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Энэ 2 байгууллагыг санаатайгаар ялгаварлаж санхүүжилт хийхгүй байна. Төрийн бус байгууллагуудыг хооронд нь ялгаварлаж, цаашаа томхон харвал Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Иймд Аймгийн Ахмадын хорооны санхүүжилтийг олгохгүй байгаа аймгийн Засаг даргын тамгын газрын даргын энэ үйлдэл нь хууль бус гэж үзэж байгаа тул 15 сая төгрөгийн санхүүжилтийг нөхөн олгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Аа-н Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээг зарчмын хувьд дэмжин тогтоол гаргахаар болсон. Дээрх Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай тогтоолоор Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх, энэ талаар мэдээлэл, сурталчилгаа явуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрхийг хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад өгсөн. Засгийн газрын 2015 оны 48 дугаар тогтоолын хүрээнд нэг талаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч С.э, нөгөө талаас Монголын чөлөөт ахмадын холбоо-ны тэргүүн Г.Баасан нар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын төсвийн ерөнхийлөн захирагч, Монголын чөлөөт ахмадын холбооны ерөнхий менежирийн хооронд төрийн зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх тухай гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна. Дээрх гэрээг орон нутагт буюу ААт хэрэгжүүлэхээр нэг талаас Аа-н Засаг дарга Д.Б, нөгөө талаас Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Б.Ж нар Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан. Дээрх гэрээнүүдийг байгуулах үед болон гэрээ байгуулахаас өмнө аймгийн Ахмадын хороо-ны дарга Д.С орон нутгаас санхүүжилт авах талаар аймгийн Засаг дарга болоод Засаг даргын Тамгын газарт ямар нэгэн санал, хүсэлт, ажлын төлөвлөгөө, гэрээ амаар болон бичгээр ирээгүй. Ахмадын хороо-ны дарга Д.С нь улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан талаарх мэдээлэл ирүүлээгүй /гэрчилгээгээ үзүүлээгүй/ учир дээрх байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын бүртгэлийн гэрчилгээ авсныг мэдэх боломжгүй байсан. Харин Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс улсын бүртгэлд бүртгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсныг мэдсэн. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.1 /Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухай орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ/ гэж хуульчилсан нь заавал АААХ-н -нд санхүүжилт олгоно гэсэн асуудал биш харин аймгийн хэмжээний нийт ахмад настны эрх ашгийг төлөөлж чадах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ахмадын чөлөөт холбоо-ны тэргүүн Б.Ж гэрээ байгуулан санхүүжилт олгож ажиллаж байгаа нь хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа юм. Ахмадын чөлөөт холбоо-ны тэргүүн Б.Ж нь улирал бүр авсан санхүүжилтийн хүрээнд хийсэн ажлаа аймгийн Засаг даргын Тамгын газарт тайлагнаж ажиллаж байна. 2015 оны тухайд Чөлөөт Ахмадын хороотой гэрээ байгуулаад, гэрээний дагуу санхүүжилт улирал бүр олгож байгаа. 2016 оны тухайд Монголын Чөлөөт Ахмадын хороо, Монголын Ахмадын хороо аль аль нь гэрээний төслөө барьж ирээд Засаг дарга болоод Засаг даргын Тамгын газрын даргатай ярилцаад ямар нэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжтой.

Ахмадын хороо-ны дарга Д.Самданмөнх нь 15 жилийн турш орон нутгаас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж байсан боловч аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт ажлын төлөвлөгөө, гэрээ ирүүлж байгаагүй, албан ёсны гэрээ байгуулж ажиллаагүй, орон нутгаас авч байсан санхүүжилтийг ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулж байсан талаар тайлан ирүүлж байгаагүй юм. Одоо 2015 оны санхүүжилтээс мөнгө үлдээгүй. 11 сарын эхний 10 хоногтоо багтаагаад санхүүжилт хийчихдэг учраас 74 сая төгрөгнөөс үлдсэн мөнгө байхгүй, бүрэн олгогдсон гэж үзэж болно. Шинэ Төсвийн тухай хуулиар аймгийн Засаг дарга ямар нэг байгууллагад гэрээгүйгээр санхүүжилт үзүүлэх боломжгүй гэсэн хаалт тавьсан хууль байгаа. Иймд АААХ-н ны АА дахь Захиргааны анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

АА дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн 14.2.2, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.2, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АААХ-нТББ-ын 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх санхүүжилт 15 сая төгрөгийг олгохгүй байгаа Аа-н Засаг даргын Тамгын газрын даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч АААХ-нТББ давж заалдах гомдолдоо: АА дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр тогтоохдоо АААХ-нТББ-ын 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх санхүүжилт 15 сая төгрөгийг олгохгүй байгаа Аа-н Засаг даргын Тамгын газрын даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Үндэслэл нь:

Нэгдүгээрт, аймгийн Ахмадын хороонд санхүүжилтийн гэрээ байгуулах эсэх талаар бичгээр болон амаар хариу өгөөгүй,

Хоёрдугаарт, ахмад настны нийгмийн хамгаалалтын тухай хуульд ахмадын байгууллагыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан заалт хэрэгжээгүй. Нэг байгууллагатай нь гэрээ хийж нөгөө байгууллагыг нь орхигдуулсан. Монгол Улсын хуулинд олон нийтийн байгууллагыг ялгаатай хандах үндэслэл үгүй.

Гуравдугаарт, Монгол Улсын 18 аймаг, нийслэл хот бүхэлдээ ахмадын хороонд нь санхүүжилт өгч байгаа болно.

Ийм учраас АА дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаарнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч АААХ-нТББ-аас ...Бид 2015.02.12-ний өдөр гэрээ байгуулъя, 2015 оны санхүүжилтийн үр дүнгийн гэрээг хийе гэж аймгийн Засаг дарга дээр орсон боловч тодорхой бус байдлаас гэрээ хийхээс түдгэлзэн Ахмадын хороонд санхүүжилт олгоогүй.. Ямар нэгэн хариу өгөхгүй байж байгаад 04 дүгээр сарын 01-нээс аймгийн Чөлөөт ахмадын хороо-той гэрээ байгуулсан, ...Засгийн газрын тогтоол, сайд нарын албан бичигт Ахмадын хороотой гэрээ байгуулж, санхүүжүүлэх шаардлагагүй, Чөлөөт ахмадын холбоотой гэрээ байгуул гэсэн зүйл байхгүй байгаа. Энэ 2 байгууллагыг санаатай ялгаварлаж байна... аймгийн Ахмадын хорооны санхүүжилтийг олгохгүй байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үйлдэл хууль бус тул... санхүүжилт нөхөн олгуулахыг ...даалгаж өгнө үү... гэж, харин хариуцагчаас ... Засгийн газрын 2015 оны 48 дугаар тогтоолын хүрээнд нэг талаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч С.Э, нөгөө талаас Монголын чөлөөт ахмадын холбоо-ны тэргүүн Г.Б нар Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх тухай гэрээг ...байгуулсан... дээрх гэрээг ААт хэрэгжүүлэхээр нэг талаас Аа-н Засаг дарга, нөгөө талаас Ахмадын чөлөөт холбооны тэргүүн нар ... гэрээ... байгуулсан ...аймгийн хэмжээний нийт ахмадын эрх ашгийг төлөөлж чадах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ахмадын чөлөөт холбоо-ны тэргүүнтэй гэрээ байгуулан санхүүжилт олгож байгаа нь хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн ... ...аймгийн Ахмадын хороо санхүүжилт авах талаар аймгийн ...ямар нэгэн санал, хүсэлт, гэрээ, ажлын төлөвлөгөөг амаар болон бичгээр ирүүлээгүй, ...2015 оны санхүүжилтээс мөнгө үлдээгүй... гэж тус тус маргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:, 32.2.3-т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, 32.5-д Энэ хуулийн 32.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэдэгт дараахь зүйл багтана: 32.5.1-д захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 32.5.2-т захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл, 32.5.3-т захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэж , Ахмад настны нийгмийн хамгаалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ, 9.3-т Энэ хуульд заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх, энэ талаар мэдээлэл сурталчилгаа явуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад олгож шийдвэрлэсэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Э, Монголын Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Б нар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ-г байгуулжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг ...аймгийн ахмадын хороонд санхүүжилт олгохыг даалгах гэж тодорхойлсон байх хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээ байгуулахаар хандсан боловч тодорхойгүй шалтгаанаар гэрээ хийхээс түдгэлзсэн, аймгийн Засаг дарга дээр гэрээ байгуулахаар орсон, гэрээний төслөө өгсөн... ямар нэгэн хариу өгөхгүй байж байгаад Чөлөөт ахмадын холбоотой гэрээ байгуулсан... гэрээ хийхгүй ялгаварлаж байна, ...Засгийн газрын тогтоол, сайд нарын албан бичигт аймгийн Ахмадын хороотой гэрээ байгуулах шаардлагагүй, Чөлөөт ахмадын холбоотой гэрээ байгуул гэсэн зүйл байхгүй... гэж тодорхойлж, харин хариуцагчаас нэхэмжлэгчид санхүүжилт олгох боломжгүй шалтгаан үндэслэлийг аймгийн Ахмадын хорооноос аймгийн Засаг даргад хандаж гэрээ байгуулах, санхүүжилт олгох талаар амаар болон бичгээр хандаагүй, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдаас Монголын Чөлөөт ахмадын холбоотой гэрээ байгуулсан, аймгийн хэмжээний нийт ахмад настны эрх ашгийг төлөөлж чадах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ахмадын чөлөөт холбооны тэргүүнтэй гэрээ байгуулсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж тус тус тайлбарлан маргажээ.

Гэтэл шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй үндэслэлийг буюу хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг зөв гэж дүгнэхболомжгүй байна. Тодруулбал,

Дээр дурдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, үндэслэлд хамаарах Засгийн газрын 2015 оны 48 дугаар тогтоолд болон Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын төсвийн ерөнхийлөн захирагч, Ахмадын Чөлөөт холбооны тэргүүн нарын хооронд байгуулагдсан Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ-нд төрийн зарим чиг үүргийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх тохиолдолд ямар нэгэн ахмадын төрийн бус байгууллагыг сонгож заасан эсэх, өөрөөр хэлбэл, дээрх Засгийн газрын тогтоол, гэрээгээр орон нутгийн түвшинд тодорхой байгууллагыг сонгож гэрээ байгуулахыг даалгасан, үүрэг болгосон эсэх, түүнчлэнАа-н Засаг дарга нь ахмадын төрийн бус байгууллагыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой бүрэн эрх, чиг үүргийг дээр дурдсан Ахмад настны нийгмийн хамгаалын тухай хуулиар тогтоосонаймгийн хэмжээний нийт ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төрийн бус байгууллагыг сонгох-оор зааж зохицуулсны дагуу хэрэгжүүлсэн эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг шүүх цуглуулж, тал бүрээс нь харьцуулан үзэх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.

Үүний тулд шүүх нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж төсөл, арга хэмжээний зардлаа батлуулахаар бичгээр болон амаар, бусад хэлбэрээр хандаж байсан эсэх, хандаж байсан бол хэзээ, хэрхэн хандаж байсныг, мөн ямар шалтгаан үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсаныг тодруулж, улмаар хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын нэхэмжлэгч Аймгийн Ахмадын хороо ТББ-д санхүүжилт олгоогүй шалтгаан үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулсны үндсэн дээр төрийн захиргааны албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тухайлбал, шүүх нэхэмжлэгч АААХ-нТББ нь нэхэмжлэлдээ ...гэрээний төслийг Ахмадын хорооны тэргүүлэгч гишүүн Г.Данзантай хамт явж байхдаа аймгийн Засаг даргад өгсөн..., гэрээ байгуулах санхүүжилт олгох талаар аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын санхүү хариуцсан албан тушаалтан болон бусад албан тушаалтнуудад олон удаа хандаж байсан... гэх гомдол тайлбартай холбогдуулан хамт явж байсан гэх Г.Данзан /Ахмадын хорооны тэргүүлэгч/ болон аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын эрх бүхий бусад албан тушаалтнуудаас тайлбар, лавлагаа авах, хэрэв нэхэмжлэгчээс гэрээ байгуулахаар хандсан байхад хариу өгөөгүй болон татгалзсан эсэх, түүнчлэн тус аймагт төрийн болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр хичнээн төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн, ямар шалгуур үндэслэлээр ахмадын байгууллагыг сонгож санхүүжүүлж байгаа гэх зэрэг маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тодруулж, тал бүрээс нь харьцуулсан дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гэрээ байгуулахаар хандсан боловч гэрээ байгуулаагүй гэсэнтэй холбоотой аймгийн Засаг даргын үйлдэл нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тус байгууллагад санхүүжилт олгохгүй байгаа нь үндэслэлтэй эсэх, төрийн албан хаагчдын үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн нэхэмжлэгч АААХ-нТББ-аас ...гэрээ хийж, санхүүжилт олгоогүй талаар буюу тодруулбал, аймгийн Засаг даргаас тус аймаг дахь Ахмадын чөлөөт холбоо-той гэрээ байгуулан санхүүжилт олгосныг эс зөвшөөрч адилхан төрийн бус байгууллагуудыг ялгаварласан, Засгийн газрын тогтоол шийдвэрт аль нэг төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж санхүүжилт олго гэж заагаагүй... гэх үндэслэлээр маргаж буй энэ тохиолдолд шүүх уг маргаан хэрхэн шийдвэрлэгдэхийг урьдчилан таамаглах, дүгнэлт хийх боломжгүйн учир эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох аймгийн Чөлөөт ахмадын холбоонд тайлбар, нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжийг олгох үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь учир дутагдалтай байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      АА дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ