| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0010/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/27 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Н.Адъяа, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Иргэдийн төлөөлөгч Д.Тунгалагсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2.... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Г
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг, Ханги хилийн боомтын суурьшлын бүс нутагт оршин суух Ж.Гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун, зүүн гар луу цохиж баруун шуу ясны хугарал, зүүн шууны шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын 04-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Алтан Жолоо жолооны курсийн сургалтын талбайн хойд талд байх Монгол гэрт хохирогч Д.Гын хэвлийн тус газарт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ханги хилийн боомтын суурьшлын бүс нутагт байхдаа хүргэн Ж.Гийн гэрт нэг шил 2 литрийн соёрхол архи, гурван ширхэг том пиво уусан. Ж.Г бид хоёр их согтсон байсан болохоор маргалдаж, Г миний гагнуурын аппаратыг гаргаад шидсэн. Тэгэхээр нь би Ж.Гэд “миний эд зүйлийг гараараа авчхаад хөлөөрөө өглөө” гэж уурлахад намайг “чи муу нохойн шээс минь манайхаас гар” гэж хэлснээс болоод дахин маргалдсан. Би өөрийн микро автобус руу Ж.Гийн шидсэн багаж хэрэгсэл мөн хөнжил гудсыг зөөж байсан. Тэгтэл Ж.Г над дээр ирээд “чи муу надаас амархан салах болоогүй” гээд намайг мангасдаж унагаахдаа хажууд байсан том тэрэгний дугуй задалдаг том хэмжээний төмөр багажид өөрөө гараа цохисон боловч намайг цохисон гэж хэлсэн. Манай эгч болох Н бас намайг төмөр бариад Ж.Г гэж хүнийг цохисон гэж хэлсэн. Сайншанд суманд Мгийнх гэх айлыг өглөө нүүлгээд гэрээ барьж дуусаж байтал Д.Г нэг шил архи аваад очсон. Бид нар авчирсан архийг нь хувааж уугаад нэлээн халцгаагаад тарцгаасан. Дараа нь харанхуй болсон хойно Д.Г Н гэх залуугийн толгойг нь хагалсан гэж чирээд ирэхэд нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Д.Г надад “би хулгайчийн толгойг шаасан шиг чиний толгойг шаана шүү” гэхлээр нь намайг бас цохичих байх гээд би айхдаа Д.Гыг цохисон. Тийм л зүйл болсон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...оройн 23 цагийн орчимд эхнэрийн дүү Г согтуурхаад надтай маргалдаж эхэлсэн ба “миний гагнуур, миний эд хөрөнгө, миний багажаар мөнгө оллоо, манай гэрт байна, чи муу гуйлгачин очих газаргүй” гэх зэргээр хэрүүл өдөж эхэлсэн, тэгээд миний дургүй хүрээд Гийг гэрээсээ хөөж гаргасан ба гэрт байсан гагнуурын аппарат бүхий багажийг гаргаж хаясан. Тэгээд гэртээ орж ирээд сууж байтал Г эргэж орж ирээд гартаа төмөр барьчихсан байсан ба чамайг алнаа гээд над руу далайж ирээд шууд төмрөөр цохисон ба би баруун гарын шуу хэсгээрээ хаасан, тэгээд хаатал дахиад далайж ирээд цохихоор нь зүүн гарын шуугаар дахиад хаатал миний зүүн шууг зүсэгдэж, язартал цохисон” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 84 дүгээр тал)
Гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ...Г ахын гэрт дүү У, Г нарын хамт ...1 литрийн соёрхол архи хувааж ууж дуусаад Г ах Г 2 гагнуурын аппаратаас болж хэрэлдээд эхлэхээр нь У бид 2 гэртээ хариад хэвтэж байхад Н /Н/ эгч утсаар залгаад Г Гийг зодчихлоо хүрээд ирээч гэсэн тэгээд яваад очиход ...гар нь 2 удаа зүсэгдсэн бололтой шарх нь ангайсан байсан тэгээд эмч дуудсан” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 73 дүгээр тал),
Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гийн биед үзлэг хийхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүүн гарын шуун дээр 4 хуруу орчим язарсан шархтай, баруун шуу нь бага зэргийн хавдартай шууны гадна талын нарийн яс хугаралтай байсан. ...Гийн эхнэр Н нь манай нөхрийн гарыг Г төмрөөр 2 удаа цохиж гэмтэл учруулсан гэж хэлээд сууж байсан” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 83 дугаар тал)
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/0275 дугаартай “Ж.Гийн биед баруун шуу ясны хугарал, зүүн шууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ямар арга хэлбэр, зэвсэг, дэс дарааллаар үүссэн болохыг тогтоох боломжгүй.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 92 дугаар тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл( хавтаст хэргийн 2 дугаар тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 3-6 дугаар тал)
Хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Алтанжолоо жолооны курсийн сургалтын талбайн хойд талд байх хашаагүй, задгайд Хатанбулаг сумын харьяа М гэх хог түүдэг танил маань гэрээ нүүлгэж буусан байсан. Би тэдний гэрээр өдөр орж, Г, М бид гурав 2-3 шил архи хуваан уусан. Архи ууж байгаад би гараад төвөөр орж танил найзуудтайгаа архи ууж байгаад их согтсон. Ер нь орой болж архи гараагүй би буцаж Мгийн гэрт очсон. Нтэй гадаа таарч Мгийн гэр рүү орсон. М нь авдраасаа нэг шил хараа нэршилтэй архи гаргаж өгсөн. М, Н, Г бид нар архиа хувааж уусан. Архи уугаад согтсон, зарим зүйлийг нь мартаж санаад байна, ямар гэсэн Мгийн гэрийн гадаа, Нтэй байж байгаад буцаад Мгийн гэр рүү ороход үгийн зөрүү байхгүй, Г нь хайчаар дүрсэн би тухайн үед нь шууд гараад зугтаасан, урагшаа явж айлын гадаа очиж, түргэн тусламж дуудаарай гэж гуйгаад эмнэлэгт дуудуулсан. Эмнэлэг удалгүй аваад явсан гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 15 дугаар тал)
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/0334 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 32 дугаар тал)
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас ( хавтаст хэргийн 138 дугаар тал) болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг, Ханги хилийн боомтын суурьшлын бүс нутагт оршин суух Ж.Гийн гэрт Г болон бусад хүмүүстэй хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ж.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун, зүүн гар луу цохиж баруун шуу ясны хугарал, зүүн шууны шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...оройн 23 цагийн орчимд эхнэрийн дүү Г согтуурхаад надтай маргалдаж эхэлсэн ба “миний гагнуур, миний эд хөрөнгө, миний багажаар мөнгө оллоо, манай гэрт байна, чи муу гуйлгачин очих газаргүй” гэх зэргээр хэрүүл өдөж эхэлсэн, тэгээд миний дургүй хүрээд Гийг гэрээсээ хөөж гаргасан ба гэрт байсан гагнуурын аппарат бүхий багажийг гаргаж хаясан. Тэгээд гэртээ орж ирээд сууж байтал Г эргэж орж ирээд гартаа төмөр барьчихсан байсан ба чамайг алнаа гээд над руу далайж ирээд шууд төмрөөр цохисон ба би баруун гарын шуу хэсгээрээ хаасан, тэгээд хаатал дахиад далайж ирээд цохихоор нь зүүн гарын шуугаар дахиад хаатал миний зүүн шууг зүсэгдэж, язартал цохисон” гэх мэдүүлэг, гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ...Г ахын гэрт дүү У, Г нарын хамт ...1 литрийн соёрхол архи хувааж ууж дуусаад Г ах Г 2 гагнуурын аппаратаас болж хэрэлдээд эхлэхээр нь У бид 2 гэртээ хариад хэвтэж байхад Н /Н/ эгч утсаар залгаад Г Гийг зодчихлоо хүрээд ирээч гэсэн очиход ...гар нь 2 удаа зүсэгдсэн бололтой шарх нь ангайсан байсан тэгээд эмч дуудсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гийн биед үзлэг хийхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүүн гарын шуун дээр 4 хуруу орчим язарсан шархтай, баруун шуу нь бага зэргийн хавдартай шууны гадна талын нарийн яс хугаралтай байсан. ...Гийн эхнэр Н нь манай нөхрийн гарыг Г төмрөөр 2 удаа цохиж гэмтэл учруулсан гэж... байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/0275 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар ,
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Алтан жолоо жолооны курсийн сургалтын талбайн хойд талд байх Төмөртогоогийн гэрт хохирогч Д.Гын хэвлийн тус газарт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь
хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... ...Архи уугаад согтсон, зарим зүйлийг нь мартаж санаад байна, ямар ч гэсэн Мгийн гэрийн гадаа, Нтэй байж байгаад буцаад Мгийн гэр рүү ороход үгийн зөрүү байхгүй, Г нь хайчаар дүрсэн би тухайн үед нь шууд гараад зугтаасан, урагшаа явж айлын гадаа очиж, түргэн тусламж дуудаарай гэж гуйгаад эмнэлэг дуудуулсан.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/0334 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/0275 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Ж.Гийн биед баруун шуу ясны хугарал, зүүн шууны шарх гэмтэл тогтоогдлоо ...” гэсэн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт,
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/0334 дугаартай дүгнэлтээр “...Д.Гын биед хэвлийн хөндий нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо ...” гэсэн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч нарт учруулсан гэмтлүүдийг хүндэвтэр болон хүнд хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэж үйлдсэн бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор хуульчилжээ.
Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг …хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс эмчилгээ, эм тарианы зардалд баримтаар 407,260 төгрөг, өдөрт олдог байсан орлого болох 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ж.Гийн 5360248796 тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 400,000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч Ж.Гээс ирүүлсэн эм тарианы баримтууд хэргийн 137 дугаар талд авагдсан ба уг баримтад “арбидол” гэх эмийн 36600 төгрөгийн баримт хавсаргагдсан, энэ эм нь хохирогчид учирсан гэмтэл шарханд хэрэглэгдэхгүй тул нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Г 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...оёдол тавиулж, элгээ тайруулж 1 сар эмчлүүлсэн, эмнэлгээс хүнд ажил хийж болохгүй гэсэн одоо ч хүний хараанд байх тул энэ үес бүтэн 3 сар хөдөө мал аж ахуй эрхэлдэг ажлаа дүү Д.Гд аман гэрээгээр мал маллуулж байгаа. Иймд ажлын хөлс болох 90 хоногийг *40,000 төгрөгөөр тооцож 360,000 төгрөгийг Гаас гаргуулахыг хүсэж байна. Цаашид бие өвдсөөр байх тул Улаанбаатар хот явж Сонгдо эмнэлэгт эмчлүүлэх зардлыг Гаас нэхэхээ энэ өргөдлөөр илэрхийлье гэжээ.
Хохирогч Д.Гын нэхэмжилсэн 3,600,000 төгрөг, Ж.Гийн нэхэмжилсэн 5,00,00,00 төгрөгтэй холбоотой нотлох баримт шүүхэд ирээгүй тул хохирогч нар нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Гт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд хохирол, гэм хорыг арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай 24 см урттай 1 ширхэг хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 / тав / жил, 5 / тав / сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Гт оногдуулсан 5 / тав / жил, 5 / тав / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эн э тогтоолоор бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ж.Г, Д.Г нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай, 24 см урттай хайч 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Н.АДЪЯА
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА