| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0026/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/29 |
| Огноо | 2022-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Хд холбогдох эрүүгийн ..........3 дугаартай хэргийг 2022 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Х
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Викториа Найт клубийн гадаа хохирогч Б.Мы нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Хгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Б.М гэх хүнтэй муудалцаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цаг өнгөрч байхад түрүүлээд гарах үедээ коридорын үүд хэсэгт 4 эрэгтэй хүнтэй муудах үед өндөр намаараа 1 м 75 см орчим өндөртэй бор царайтай шивээстэй нэг залуу намайг зүүн талын нүдний доод талд цохих үед нь ойчоод өгсөн .... миний зүгээс М.Хас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний мөнгөө л авмаар байна. М.Х нь оюутан учраас боломжоороо өгнө гэсэн өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 9 дүгээр тал),
Гэрч У.Мгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....гадаа хүмүүс зодолдох шиг болохоор нь би харахад найз М зодолдож байхаар нь би машинаас ганцаараа буугаад Викториа Найт кпубын гадна талын шатан дээрээс найз Мыг би зодолдож байсан хүмүүсээс нь салгаж аваад болиулсан. Тэгсэн чинь Мтай цуг явж байсан Т, Мы хамт баруун талын засмал замаар баруун хойш Эргэл хойд талд муудаж байсан хүмүүсийн араас нь очин дахин муудаж 172-175 см өндөртэй баруун гарынхаа шуун дээр шивээстэй шар өнгийн тимбэрлэнд гуталтай залууд Т, М хоёр цохиулан унахаар нь би газраас босгон болиулсан. Мы хамраас цус гарч, зүүн талынх нь нүд хавдсан байсан ....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 11 дүгээр тал),
Гэрч А.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Гарах үед бааны коридор дотор М нэг залуутай зууралдаад зодолдож байхаар нь тэр залууг нь болиулахаар хойш урагш нь татан салгахад тэр залуу баарнаас хойш явсан. М араас нь алхах үед тэр залуу нь зугтаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
Гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тооцоо хийгээд гарахад Эргэл зоогийн хойд талд баахан хүмүүс байхаар нь яасан юу болсон бэ гэхэд Мг хүн зодчихлоо гэхээр нь очиход эргүүлийн цагдаа ирчихсэн Мг авч явна гэж байсан. Мы нүүр цус болсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 29- ний өдрийн 02/039 дүгнэлт ( хавтаст хэргийн 22 дугаар тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 48 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны орой Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Викториа Найт клубийн гадаа хохирогч Б.Мы нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....23 цаг өнгөрч байхад би түрүүлээд гарах үедээ коридорын үүд хэсэгт 4 эрэгтэй хүнтэй муудах үед өндөр намаараа 1 м 75 см орчим өндөртэй бор царайтай шивээстэй нэг залуу миний зүүн талын нүдний доод талд цохих үед нь ойчоод өгсөн ....” гэсэн мэдүүлэг, гэрч У.Мгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....172-175 см өндөртэй баруун гарынхаа шуун дээр шивээстэй шар өнгийн тимбэрлэнд гуталтай залууд Т, М хоёр цохиулан унахаар нь би газраас босгон болиулсан. Мы хамраас цус гарч, зүүн талынх нь нүд хавдсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч А.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Гарах үед бааны коридор дотор М нэг залуутай зууралдаад зодолдож байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эргэл зоогийн хойд талд баахан хүмүүс байхаар нь яасан юу болсон бэ гэхэд Мг хүн зодчихлоо гэхээр нь очиход эргүүлийн цагдаа ирчихсэн Мг авч явна гэж байсан. Мы нүүр цус болсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02/039 дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02/039 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед зүүн нүдний ухархай ясны хугарал, зүүн нүдний салстын цус харвалт хамрын таславчийн мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, тархи доргилт гэмтлүүд учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд энэ гэмтэл нь шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч М.Хгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-67/ гэсэн, мөн шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэж санал хүсэлтийг нь асуухад гомдол санал байхгүй, эмчилгээний мөнгөө аваагүй, цагаан сарын дараа өгөхөөр тохиролцсон, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байна. Шүүгдэгч М.Х нь хохирогчийн нэхэмжилсэн 1500,000 төгрөгийг төлнө, хугацааны талаар хохирогчтой тохиролцсон гэснийг дурдаж, хэрэгт эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Хд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 2 сар зорчих эрх хязгаарлах ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр нь шүүгдэгч М.Хд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч М.Хд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч М.Хгын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хгыг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 2 (хоёр) сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Хд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч Б.М эмчилгээний зардал 1500,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаар нотлох баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.Х хохирлыг төлөхөө зөвшөөрсөн болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН