Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

     

 

         

           

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цд холбогдох эрүүгийн 2219000000021 дугаартай хэргийг 2022 оны 02 сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Ц

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх газар хохирогч А.Агийн зүүн гуян тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Г.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө А.Агийн гэрт очиж түүний зүүн хөлийн гуян тус газар нь хутгалсан гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “    Чойбалсан эхнэр хүүхэдтэйгээ, Ц ахын эхнэр нь хамт намайг Чойгийн авто машинаар гэртээ хүргүүлсэн. Манайх Ц ахын гэрээс 4 км орчим зайд байдаг. Намайг хүргэж өгчихөөд буцах гэсэн авто машиных нь дугуй нь хагараад манайд хоносон. Үүрээр буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө гэртээ унтаж байхад Ц ах гэрт орж ирээд миний зүүн хөлийн гуяны ар хэсэгт нэг удаа хутгалсан ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... надад Ц ах эмийн мөнгө гэж 60.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 10-14 дүгээр тал),

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/043 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт( хавтаст хэргийн 3-9 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 42 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн үед .........сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...” гэх газар хохирогч А.Агийн зүүн гуян тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манайх Ц ахын гэрээс 4 км орчим зайд байдаг. ...Үүрээр буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө гэртээ унтаж байхад Ц ах гэрт орж ирээд миний зүүн хөлийн гуяны ар хэсэгт нэг удаа хутгалсан гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/043 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/043 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед зүүн гуяны шарх гэмтэл учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд энэ гэмтэл нь шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид учирсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч А.Агийн зүүн гуян тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

  Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Цд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймаг дахь прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр нь шүүгдэгч Г.Цд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Г.Цд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Г.Цгийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүгдэгч Г.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй,эвхэгддэг 1 ширхэг  хутгыг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Г.Цд оногдуулсан 800 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22 см урттай, хүрэн өнгийн иштэй,эвхэгддэг 1 ширхэг  хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН