Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Э.Б

Шүүгдэгч Б.Д

Шүүгдэгч Б.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.Анарт холбогдох 2116000580009 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. 42 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багт оршин суух, ДИ00000 регистрийн дугаартай, С овогт Эийн Б,

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт суманд 1972 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй байгаагүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багт оршин суух, ДМ00000 регистрийн дугаартай, У овогт Бийн Д,

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт суманд 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Алтайн хүдэр” ХХК-д оператор ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд оршин суух, ДМ00000 регистрийн дугаартай, Б овогт Бын А,

 

Хэргийн товч утга: Шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.Анар нь бүлэглэн Э.Бын эзэмшлийн 13-09 УБВ улсын дугаартай “Mitsubishi Pajero”

маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А” бүс болох “Чойгийн ус” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж ашиг олох зорилгоор газрын хэвлийд 0.11 м3 хэмжээтэй халдан, 4 уут чулуу олборлож байгаль экологид 16.556 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Батзогс, Б.Амаржаргал, Б.Д нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Тэр газарт алт гарч байна гэдэг сургаар явсан. Гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1р хх29-32-рт/,                                                                                                                                                          -

 

Э.Б, Б.Амаржаргал, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Э.Бын эзэмшлийн 13-09 УБВ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 8, 17-21-рт/,

 

Мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 63-72-рт/,

 

Шүүгдэгч Э.Б, Б.А, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Бын эзэмшлийн 13-09 УБВ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгсэл, Э.Б, Б.А, Б.Д нарын олборлосон гэх 4 шуудай нийт 125.1 кг чулууг хураан авсан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 1-рт/,

 

Э.Б, Б.А, Б.Д нарын олборлосон гэх 4 шуудай нийт 125.1 кг чулуунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 8-рт/

 

Б.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-28, 31-32-рт/,

 

Хохирогч Э.Дн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 39, 2-р хх-ийн 121-рт/,

 

Гэрч О.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 17-18-рт/,

 

Гэрч Б.Бны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 20-21-рт/,

 

Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 23-24-рт/,

 

Гэрч П.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 13-15-рт/,

 

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/32 дугаартай “...Э.Б, Б.Д, Б.А 16.556 төгрөгний хохирол байгаль орчинд учруулсан. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 280.593 төгрөг болж байна...” гэх дүгнэлт 1-р хх-ийн 71-100-рт/

 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай зарлиг /2-р хх-ийн 226-рт/  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

 

1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.А нь бүлэглэн Э.Бын эзэмшлийн 13-09 УБВ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр, Говийн их дархан цаазат газрын “А” бүс болох “Чойгийн ус” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж газрын хэвлийд 0.11 м3 хэмжээтэй халдаж улмаар 4 уут чулуу олборлож байгаль экологид 16.556 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1р хх29-32-рт/, Э.Б, Б.А, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн 13-09 УБВ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 8, 17-21-рт/, Мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 63-72-рт/, Э.Б, Б.А, Б.Д нарын олборлосон гэх 4 шуудай нийт 125.1 кг чулуунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 8-рт/, Б.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-28, 31-32-рт/, гэрч О.Хишиг-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3-н тээврийн хэрэгсэлд чулуу ачсан, бусад тээврийн хэрэгслүүдэд чулуу ачаагүй байсан тул бүгдийг нь цуваанд оруулж Эрдэнэ сумын төв рүү авч явсан...13-09 УБВ улсын дугаартай пажеро маркийн авто машин, 37-41 ТӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машин, мөн чулуу ачаагүй аймгийн төврүү буцна гэсэн прадо-95 маркийн 89-85 ГАА улсын дугаартай авто машинуудыг урдаа оруулан аймаг руу 2021 оны 03 дугаар сарын өглөө 06 цагийн үед аймгийн төвд ирж экологийн ахлах мөрдөгч цагийн ахмад П.Ууганбаатарт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18-рт/, гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн“...бүгдийг нь газар дээр нь шалгаж үзэхэд 97-74 ГАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 13-09 УБВ улсын дугаартай пажеро маркийн авто машин, 37-41 ТӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн авто машинтай хүмүүс чулуу түүж ачсан байдалтай байсан. Бусад тээврийн хэрэгслүүд нь чулуу олборлож ачаагүй байсан учир дээрхи авто машинуудыг нэгдсэн цуваанд оруулж Эрдэнэ сумын төвд авчирсан. Нэр бүхий чулуу ачсан 3-н тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг аймагт авчирсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21-рт/, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/32 дугаартай “...Э.Б, Б.Д, Б.А 16.556 төгрөгний хохирол байгаль орчинд учруулсан. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 280.593 төгрөг болж байна...” гэх дүгнэлт 1-р хх-ийн 71-100-рт/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.  

Дээрхи үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Шүүгдэгч нарын хууль бусаар алт олборлосон Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэрт орших “Чойгийн ус” гэх газрыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай зарлигаар Говийн их дархан цаазат газар болгон тогтоож байжээ.

 

Иймд шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.Аыг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ дүгнэлтдээ: Улсын яллагч ял шийтгэлийг тохирч орж ирсэн байгаа. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд доошлуулах боломжтой гэж харж байгаа. 3 шүүгдэгч хамт явсан учир тухайн А.Бын эзэмшлийн машиныг биш үнийг нь гаргуулаад хувь тэнцүүлээд 960.000 төгрөгийг тус тус гаргуулаад шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. Тухайн мөнгөнөөс хохирлыг төлүүлэх заалт байгаа учир тухайн мөнгөнөөс хохирлыг нь төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

 

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч Д.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 16,556 төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 33,112 төгрөгөөр тогтоож, харин нөхөн сэргээлт хийх зардал нь уг шинжээчийн дүгнэлтээр 280,593 төгрөг гарсан байна.

 

Шүүгдэгч нар нь дээрхи хохирлын мөнгийг төлөөгүй байх тул шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.А нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 13 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилжээ.

 

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх” саналыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2,880,000 төгрөгийн үнэлгээ бүхий 13-09 УБВ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр хувьд ногдох хөрөнгөөс нь 960.000 төгрөгийг тус тус гаргуулж мөн 4 шуудай нийт 125.1 кг чулууг хураан авч улсын орлого болгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. Тухайн мөнгөнөөс хохирлыг төлүүлэх заалт байгаа учир тухайн мөнгөнөөс хохирлыг нь төлүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийн хувьд ногдох хөрөнгөөс тус бүрээс гаргуулах 960.000 төгрөгөөс 11,037 төгрөгийг  Байгаль орчин уур амьсгалын санд, Техникийн нөхөн сэргээлтийн зардалд 93,531 төгрөгийг тус тус гаргуулж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт олгож, үлдсэн 855,432 төгрөгийг  улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Бын эзэмшлийн 13-09 УБВ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгсэл, мөн 4 шуудай нийт 125.1 клограмм чулууг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Э-н Б, У овогт Бийн Д, Б овогт Бын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.Анарт тус бүрд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.А нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 3, 4-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.А нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж тус бүрд нь ашигт малтмал эрэн хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг шүүгдэгч нар нь зөрчсөн тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.А нарт сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2,880,000 төгрөгийн үнэлгээ бүхий 13-09 УБВ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр хувьд ногдох хөрөнгөөс нь 960.000 төгрөгийг тус тус гаргуулж мөн 4 шуудай нийт 125.1 кг чулууг хураан авч улсын орлого болгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгөөс тус бүрээс гаргуулах 960.000 төгрөгөөс 11,037 төгрөгийг  Байгаль очин уур амьсгалын санд, Техникийн нөхөн сэргээлтийн зардалд  93,531 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт олгож, үлдсэн 855,432 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Бын   эзэмшлийн 13-09 УБВ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгсэл, мөн 4 шуудай нийт 125.1 кг чулууг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.Анарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б, Б.Д, Б.Анарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ч.МӨНХТУЯА