Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 164/2022/0011 |
Дугаар | 2022/ШЦТ/25 |
Огноо | 2022-02-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр
Хохирогч Г.О
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Цийн Цт холбогдох 2116000000143 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Халиун сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, хувиараа гагнуур ажиллуулдаг, ДК0000 регистрийн дугаартай, Ж овогт Цийн Ц
Хэргийн товч утга: Шүүгдэгч Ц.Ц нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20-22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд Г.Отай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд уруулд шарх, эрүүний доод хэсгээс хүзүүний зүүн талыг хамарсан цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Ц.Ц нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20-22 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд Г.отай маргалдаж түүний нүүрэн тус газарт нь олон удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд уруулд шарх, эрүүний доод хэсгээс хүзүүний зүүн талыг хамарсан цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. Дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Цгэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Цын шүүхийн хэлэлцүүлэгт “би гэм буруугаа ухамсарлаж байна. Мэдүүлэг өгмөөргүй байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Г.оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Он сарыг мэдэхгүй намар л байсан. Гудамжинд таарахад намайг хүргээд өг гэхэд гудамжинд үлдээсэн. Тэгээд намайг зодчихоод явсан.Шөнө 1 цаг болж байхад гэртээ ирсэн. Өөрөө жоохон согтуу байсан. Тэгээд өөрөө зодоогүй гэж хэлдэг. Би хохирлоо барагдуулна. Толгой өвдөөд байх юм гэв....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Г.оын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 16-ны орой уурын зуухны галч У, Б нартай нэг шил архи хувааж уусан. Тухайн хүмүүсээс салж яваад Амартүвшин гэх айлд очсон. А намайг М гэх айлийн гадна хүргэж өгсөн. М гэртээ байгаагүй. Тэгээд би уурын зуухруу алхаад очтол манай нутгийн Ц гэх залуу согтуу уурын зуухны буланд зогсож байсан. Ц намайг заамдаж аваад чи яасан баян хүн бэ? гээд халуун усны буланд шахаад машинд суу гэж хэлэхээр нь би гэрт хүргэж өгөх гэж байна гэж бодоод машинд нь суусан. Ц намайг сумын хойд талын гол дээр дагуулж очоод зодсон. Би хэсэг ухаан алдаад сэрэхэд Цолмонбаатарын утас нь дугарсан. Тэгээд Цыг нэг хүнтэй утсаар ярьж байхад нь би хүн аллаа гэж орилсон. Удалгүй Цын эхнэр, Б, Н, Б, Б нар ирсэн байсан. Ирсэн хүмүүс нь суусан машин гаргах гэж оролдоод чадалгүй үлдээсэн. Тэгээд намайг Бийн машин дээр Б Н 2 гаргаж өгсөн. Б намайг сум оруулаад гудамжинд буулгаж үлдээсэн...Цр халуун усны гадна байхад намайг заамдаад миний толгой хэсэгрүү, гараараа нэг удаа цохьсон. Сумын хойд гол дээр дагуулж очоод машинаасаа чирч буулгаад газарт унагааж хөлөөрөө миний толгой хэсэгрүү олон удаа өшиглөсөн. Бид 2-ийг маргалдаж байх хугацаанд ойр хавьд хэн ч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41, 162-рт/,
Гэрч С.Бны мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн хэрэг болсон гэх орой 22 цаг 11-н минутанд Нарангэрэл гэх хүн надруу залгаж Цр сумын ойролцоо машинаа суулгасан байна. Та усны машинаар татаад өгөх арга байна уу? гэж асуусан. Би босоод хувцсаа өмсөөд байж байтал Н, Бр 2 манайд ирээд бид 3 ус зөөдөг машинаар хойд голруу явсан. .../Ц/ Бага зэрэг үнэртүүлсэн, их согтоогүй байсан. Машин чирэх гэж очоод суусан машинлуу дөхөж очоод харахад Цын унаж явсан машины тэвшин дээр нэг хүн хэвтэж байсан. Тухайн хүн дээлтэй, нүүр ам нь цус болсон байх шиг байсан. Сүүлд Цын машинаас буулгаад харах үед О гэх манай нутгийн хүн байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51-рт/,
Гэрч Л.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 16-ны орой 19-н цагийн үед Манай нутгийн Б гэж авгайлдаг О гэх хүн манай гэрт орж ирсэн. Манайд орж ирэхдээ гартаа 0.75 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архи барьсан орж ирсэн. О ах гаднаас орж ирэхдээ маскгүй орж ирсэн. Нүүр царай нь гэмтэл, шархгүй хэвийн байсан. Надтай ойр зуурын юм ярьж байгаад М гэх айлд очно гэхээр нь би Баавайг мотоциклоор М гэх айлийн хашааны үүдэнд буулгаж үлдээсэн.” гэж өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54-рт/,
Гэрч Б.Бны мөрдөн байцаалтад өгсөн “...Шөнө 01 цагийн үед хашааны хойд талаас орилоод ирж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд гэрт орж ирэхдээ би хүнд зодуулчихлаа. Цолий намайг гүйцээгээд өгье гээд зодоод ийм болгочихлоо гэж хэлээд дуу алдсаар орж ирсэн. Тэгээд сумын эмнэлэг болон цагдаад мэдэгдсэн. Нүүр болон 2 нүд нь хавдсан, дээд уруул нь сэтэрсэн, өмсөж явсан дээл нь цус болсон, зах хэсэг нь урагдсан, дээлний хормой хэсэг нь шавар болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-рт/
Гэрч Ж.Цын мөрдөн байцаалтад өгсөн “...би О гэх хүний дээд урууланд оёдол тавих гээд өөр өрөөнд бэлдэж байх үед манай сувилагч Б Оын оёдол тавих газарт цэвэрлэгээ ариутгал хийж байсан. Тухайн үед Цт зодуулсан гэж сүүлд Бүрэнжаргал надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73, 164-рт/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Нүд нүүр хэсэг нь хавдсан байсан. Дээд уруул нь сэтэрсэн байсан. Тэгээд Ц эмч ирж оёдол тавьсан. Тухайн үед О гэх хүн нь Ц намайг зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-рт/,
Гэрч О.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Цолий намайг гүйцээгээд өгье гээд зодоод ийм болгочихлоо гэж хэлээд дуу алдсаар орж ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 17-ны орой Ц гэх хүн над руу залгаад -танд ярих юм байгаа бол утсаар хэлчих гэж хэлэх үед -ах нь танай аавыг нэг их зодоогүй юм. Одоо тэгээд нэгэнт миний нэр дээр өргөдөл бичээд өгсөн юм чинь би л зодсон болох гээд байна. Цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих би эмчилгээний зардал мөнгийг нь өгье гэсэн утга бүхий зүйл ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-рт/,
Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Эмнэлэг дээр очих үед О гэх хүний нүд нүүр нь хавдсан, дээд уруул нь сэтэрсэн байсан. Жагаа сувилагч оёдол тавих гээд цэвэрлээд байж байсан. Тэгээд би О гэх хүнээс хэнд зодуулсан талаар нь асуухад Цолий гэж дууддаг Ц гэх залуу намайг зодсон гэж хэлсэн ” гэх мэдүүлэг/хх-ийн 88-рт/,
Гэрч Ш.Ю мөрдөн байцаалтад өгсөн “...2010 онд Нэгдсэн эмнэлэгт сэтгэл мэдрэлийн эмчээр ажиллаж эхлэх үеэс хяналтын эмчийн хувьд холбогдож одоог хүртэл эмчийн хяналтанд явдаг. Оюуны хөнгөн хомсдол нь олон хэлбэртэй байдаг. Г.оын хувьд мэдүүлгийг үнэн зөв өгөх чадвартай гэж хяналтын эмчийн хувьд дүгнэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 95-рт/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 363 дугаартай "...хохирогч Г.оын биед дээд уруул шарх, тархи доргилт, дух зүүн нүдний зүүн тал, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, хамрын нуруунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн хацар, эрүүний доод хэсгээс хүзүүний зүүн талыг хамарсан цус хуралт, баруун дээд 1-р шүдний 1-р зэргийн ганхалт, баруун дээд 5-р шүдний эмтрэл зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Г.оын биед учирсан дээд уруулд шарх, тархи доргилт. эрүүний доод хэсгээс хүзүүний зүүн талыг хамарсан цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 97-98-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “..Хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Хөнгөн зэргийн гэмтэл нь 28 хоногийн дотор бүрэн эдгэрдэг. Эмчлүүлэхгүй байгаа гэхэд 14 хоногийн дотор эдгэрдэг... Энэ хугацаанд хохиролтой холбоотой баримт байхгүй гэж байгаа боловч цаашид ямар баримт гаргаж өгөх нь эргэлзээтэй. Тухайн баримтаа нөхөн бүрдүүлэх асуудал гарч ирнэ. Одоогоор мөнгө төгрөг нэхэмжлээгүй учир цаашид мөнгө нэхэмжлэх эрхийг заавал нээлттэй үлдээх шаардлагагүй...” гэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн хуулийн зохицуулалтаар үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Ц.Цнь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн “хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Хохирогч Г.о нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт т зааснаар улсын яллагчийн шүүгдэгч Ц.Цт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Цын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн ажлын өмдийг шүүгдэгч Ц.Цт буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, ярианы бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, хохирогч Г.о нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Цийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Цт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн ажлын өмдийг шүүгдэгч Ц.Цт буцаан олгож, хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, ярианы бичлэг бүхий CD 1 ширхгийг тус тус хэрэгт хавсаргасугай,
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Хохирогч Г.о нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА