| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2015/0483/З |
| Дугаар | 221/МА2016/0060 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2016/0060
ЗэЭ- ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ЗэЭ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЗэЭ- ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь барилгын материалын худалдаа болон барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 хороонд аж ахуйн зориулалтаар 2 га газрыг, мөн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд авто засвар, үйлчилгээний зориулалтаар 1.3 га газрыг хууль ёсоор тус тус эзэмшдэг. Гэтэл НЗД 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжаараа манай компанийн эзэмшдэг нийт 3,3 га газрын 2,3 га газарт холбогдох эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Уг захиргааны актыг бид мэдсэн даруйдаа 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 01/40 тоот "Газар эзэмших эрх сэргээх тухай" албан тоотыг НЗДд хүргүүлсэн боловч өдийг хүртэл ямар ч хариу ирээгүй болно. Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан хугацааг хэтрүүлсэн байх тул бид тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан эрхийг эдэлж энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. НЗД нь дээрх захирамжаар манай газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 болон 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд захирамжийн 1-т 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаар "Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамж мөн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/915 дугаар "Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг тус тус үндэслэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй юм.
Нэгдүгээрт: Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамж нь "Төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар олгож байсан буруу практикийг таслан зогсоох зорилгоор төрийн байгууллагатай хамтран газрын эрх авсан этгээдэд газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах зорилготой"-гоор гарсан захирамж байдаг. Манай компанийн хувьд энэхүү газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" захирамжийн дагуу 2 га газрыг, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжаар 1,3 га газрыг тус тус эзэмшилдээ шилжүүлсэн бөгөөд дээрх 2 захирамжид газрын эзэмшлийн хууль зүйн үндэслэлийг заасан байдаг бөгөөд төрийн байгууллагатай хамтран газрыг сонгон шалгаруулалтгүйгээр олгох тухай огт дурдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл манай компани нь А/307 дугаар захирамжид хамаарах этгээд биш юм.
Хоёрдугаарт: Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 дүгээр захирамжийн 1 дүгээр хэсэгт "...хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж, ашиглаж буй газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсүгэй" гэж заасан бөгөөд манай тохиолдолд 2012 оны 12 дугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч зохих хууль дүрмийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэж Ү-ХХХХХХХХгэрчилгээг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, Ү-ХХХХХХХХдугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр буюу Нийслэлийн Засаг даргын А/257 дугаар захирамж гарахаас өмнө авсан учир дээрх захирамжид мөн л хамааралгүй юм.
Гуравдугаарт: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/915 дугаар захирамжийн 1.5-д заасны дагуу манай компанид "дуудлага худалдааны анхны үнэ төлж, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах тухай мэдэгдэл мөн Нийслэлийн Засаг даргын А/257 дугаар захирамжийн 1-т заасан "...мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн" гэж үзэн гэрээг хүчингүй болгосон нь огт үндэслэлгүй бөгөөд энэ талаарх мэдэгдэл бидэнд огт ирж байгаагүй бөгөөд дээрх мэдэгдлийг илгээгээгүй нь өөрөө манай компани Засаг даргын А/915 дугаар захирамжид хамаарах субъект байгаагүй гэдгийг баталж байна.
Дөрөвдүгээрт: Иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх үүссэн бол газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан үндэслэлээр, газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгох хуулийн зохицуулалт байдаг. Эдгээр үндэслэлийн алинд ч хамаарах үндэслэл буюу шаардлага манай компанид үүсээгүй бөгөөд шударгаар газраа эзэмшиж байгаа болно. Бид бүхэн газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлж авсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрийг цаг хугацаанд нь гэрээний заалтын дагуу бүрэн төлж, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж ирсэн ба дээр дурдсан эзэмшлийн газрууд дээрээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, ерөнхий архитектороор батлуулан холбогдох зураг төсөл, техникийн нөхцлүүдийг зохих журмын дагуу авсны үндсэн дээр уул уурхай, зам гүүрийн машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, худалдааны төвийн зориулалттай Ү-ХХХХХХХХболон Ү-ХХХХХХХХдугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2 ширхэг ZOOMLION барилга байгууламжийг шинээр барьсан. Уг төслийн ажилд ойролцоогоор 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн төдийгүй нийслэлийн хэмжээнд 82 хүний ажлын байр шинээр бий болгож эдгээр ажлын байрны цаана 250 орчим иргэдийн ахуй амьдралд бодит тус дэмийг үзүүлж байсан боловч Нийслэлийн Засаг даргын А/257 дугаар захирамжийн дагуу Захиргааны байгууллагын албан тушаалтнуудын газар дээр нь очиж шалгалт хийлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос үүдэн компанийн тухайн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж, ажилчдаа хүртэл цомхотгох арга хэмжээ авснаар манай компанид санхүүгийн болоод нэр хүндийн ихээхэн хохирол учраад байна. Иймд манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн "ЗэЭ-" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар болон Р.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "ЗэЭ-" ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн "ЗэЭ-" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ЗэЭ- ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 822 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 2 га газрыг, мөн Засаг даргын 2012 оны А/417 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд (А/257 дугаар захирамж гарсны дараа 20 дугаар хороо нь хоёр хуваагдаж 20, 32 дугаар хороо болж өөрчлөгдсөн) 1.3 га газрыг шатахуун түгээх болон автозасвар, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/257 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах газраас 8000 м.кв газар эзэмших эрхийг, 32 дугаар хороонд байрлах газраас 5000 м.кв газарт нийт 1.3 га газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. "ЗэЭ-" ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээний анхны үнийг төлөх тухай мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн менежер Н.У-гаар (Утас: 88115257) хүргүүлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байсан болно. Тус компани нь төрийн байгууллагатай хамтран газар эзэмшиж байсан учраас Нийслэлийн Засаг даргын А/307 дугаар захирамжид хамаарахгүй харин Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 дүгээр захирамжийн 2 дах хэсэгт "Нийслэлийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тодорхойлж, төлбөрийг авч төвлөрүүлэх"-ээр заасан байх тул тус компани нь А/309 дүгээр захирамжид хамаарах этгээд бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй.
"ЗэЭ-" ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээний анхны үнийг төлөх тухай мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн менежер Н.У-гаар (Утас: 88115257) хүргүүлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байснаас гадна "ЗэЭ-" ХХК нь нэхэмжлэлдээ " Уг захиргааны актыг мэдсэн даруйдаа 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 01/40 дүгээр "газар эзэмших эрх сэргээх тухай" албан тоотыг НЗДд хүргүүлсэн боловч өдийг хүртэл ямарч хариу ирээгүй гэсэн нь мэдэгдэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдсэн болох нь харагдаж байна. Газрын тухай хуулийн" 61 дүгээр зүйлийн 61.1-т "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасныг баримтлан "ЗэЭ-" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно. Түүнчлэн 2014 оны 04 дүгээр сард газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосныг мэдсэн хирнээ 1 жил 2 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь "40.3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Иймд "ЗэЭ-" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү гэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ЗэЭ- ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн ЗэЭ- ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 822 дугаар захирамжаар Гэл-ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 га газрыг 5 жилийн хугацаатай, мөн Засаг даргын 2008 оны 375 дугаар захирамжаар иргэн Т.Д-т Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 га газрыг 15 жилийн хугацаатай, мөн Засаг даргын 2011 оны 781 дүгээр захирамжаар Тулгат трейд ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8000 м.кв, 5000 м.кв газрыг тус тус аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн. Гэл-ХХК болон иргэн Т.Д-ын газар эзэмших эрхийг талуудын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамж, Засаг даргын 2012 оны А/273 дугаар захирамжаар Тулгат трейд ХХК-ийн газар эзэмших эрхийг ЗэЭ- ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Анхан шатны шүүхийн 2015 оны 801 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэгдүгээрт, анхан шатны шүүх НЗД маргаан бүхий газрыг анхнаасаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олгох ёстой байсан боловч дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр гэрээгээр эзэмшүүлсэн хариуцагчийн хууль хэрэгжүүлээгүй үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгай боломжгүй гэсэн нь мөн өрөөсгөл дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь НЗД Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон болохоос бус үүнд нэхэмжлэгчийг буруутгаагүй, мөн харин Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлын зарчмыг бий болгосон бөгөөд харин ч дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, үргэлжлүүлэн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид илүү давуу байдлыг бий болгосон.
Хоёрдугаарт, ЗэЭ- ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээний анхны үнийг төлөх тухай мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн менежер Н.У-гаар /Утас: 88115257/ хүргүүлсэн гэдгийг гэрч Н.У- мэдэгдлийг хүлээн авсан гэхдээ ЗэЭ- ХХК-д хүргэж өгсөн эсэхийг мэдэхгүй байна гэж хэлснийг үндэслэн албан ёсоор тусгайлан эрх бүхий этгээдэд хүргүүлээгүй... У- нь ЗэЭ- ХХК-ийн ажилтан биш уг компанид танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь У- нь ЗэЭ- ХХК-ийн толгой компани болох Орчлон констракшн ХХК-ийн ажилтан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн н.А- Н.У- нь ЗэЭ- ХХК-ийн төлбөрийн асуудлаар надтай уулздаг байсан гэсэн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтыг үнэлсэн нь хэргийн нотлох баримт бүх талаас нь үнэлж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзнэ. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байсан тухай хариуцагчийн тайлбарыг дүгнээгүй.
Гуравдугаарт, НЗД өөрийн эрх хэмжээний хүрээнд өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй боловч өмнөх Засаг даргын шийдвэрийг зөвтгөх нэрийдлээр газар эзэмших эрхэд шууд халдаж, хууль бус захиргааны акт гаргаж байгаа нь Газрын тухай хууль тогтоомжинд нийцээгүй... гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийг нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай байхад Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүхэлд нь хууль бус гэж үзсэн, мөн тухайн маргаан бүхий захиргааны актыг эрх бүхий байгууллагаас хууль бус гэдгийг тогтоогоогүй байхад хууль бус гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 801 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчээс ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжаар манай компанийн эзэмшдэг нийт 3.3 га газрын 2.3 га газарт холбогдох эзэмших эрхийг хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжинд төрийн байгууллагатай хамтран газрыг сонгон шалгаруулалтгүйгээр олгох тухай дурдаагүй, ...манай компани 2012 онд зохих зөвшөөрлийг авч барилгын ажлыг гүйцэтгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан... манай компанид дуудлага худалдааны анхны үнэ төлж, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээгээ шинэчлэн байгуулах тухай мэдэгдлийг огт хүргүүлээгүй...Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтанд ...хамаарахгүй, шударгаар газраа эзэмшиж байсан... гэж, харин хариуцагчаас ...нэхэмжлэгчид ...анхны үнийг төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байсан ...Нийслэлийн Засаг даргын А/309 дүгээр захирамжийн 2 дахь заалтын дагуу тус компани нь А/309 дүгээр захирамжинд хамаарах этгээд бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй... Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон... гэж тус тус маргажээ.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд газрын харилцааны талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон байхын дотор 20.2.1-т газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1/...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй/-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж Засаг даргын бүрэн эрхийг тус тус заажээ.
Хэрэгт авагдсан ЗэЭ- ХХК болон Нийслэлийн газрын албаны хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнүүд, газар эзэмших эрхийн 0232339, 02393262 дугаартай гэрчилгээнүүд, газрын төлбөр төлсөн баримтууд[1], мөн тухайн газарт баригдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Нийслэлийн газрын алба, барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын 2012 оны 06 дугаар сарын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий газрыг нэхэмжлэгч компани нь Газрын тухай хууль болон газар эзэмших эрхийн гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, явуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон үйл ажиллагааг засч, залруулж байгаа гэх үндэслэлээр шударгаар газар эзэмших эрхийг шилжүүлж авсан аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хариуцагчийн үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно, 57 дугаар зүйлийн 57.1-д Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина гэж тус тус заажээ.
ЗэЭ- ХХК Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах газрын анхны эзэмшигч биш буюу бусдаас шилжүүлэн авч газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглан, газрын төлбөрийг цаг хугацаанд төлөх зэрэг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж ирсэн шударга эзэмшигч байх тул Нийслэлийн Засаг даргын А/309 дүгээр маргаан бүхий захиргааны актыг зөв гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ЗэЭ- ХХК нь газар эзэмших эрхийг бусдаас хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн шударга эзэмшигч байх ба Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг дуусгавар болгох, хүчингүй болгох үндэслэл үүсээгүй байхын дээр эзэмшил газар дээрээ зохих журмын дагуу эрх бүхий этгээдээс холбогдох зөвшөөрлүүдийг авч үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулан, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан зэрэг нь Газрын тухай хууль тогтоомжид нийцсэн байна. Гэтэл анхнаасаа газрыг эзэмшүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж, алдаа гаргасан төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын өөрсдийн буруутай үйлдлийг таслан зогсоосон, Газрын тухай хууль тогтоомж зөрчигдсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасантай нийцээгүй буюу шударгаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авч эзэмшиж буй этгээдийн хувьд хязгаарлалт болохоор хуульд заагаагүй байх тул нэхэмжлэгчийг дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй гэж үзэж буруутгах үндэслэлгүй.
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон болохоос бус үүнд нэхэмжлэгчийг буруутгаагүй ...харин ч дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, үргэлжлүүлэн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид илүү давуу байдлыг бий болгосон... гэх давж заалдах гомдол, тайлбар үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заажээ.
Хэдийгээр хариуцагчаас тус компанитай нэг байранд байрлах Орчлон констракшн ХХК-ийн ажилтан Н.У-д дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдлийг өгсөн гэж тайлбарласан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээс ...мэдэгдлийг Н.У- гэгч ажилтанд өгсөн гэж мэдүүлсэн байх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшиж байсан этгээд нь Н.У- бус нэхэмжлэгч ЗэЭ- ХХК байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэх-ээр заасан дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...мэдэгдлийг хүргүүлсэнтэй холбоотой нотлох баримтуудыг үнэлээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ