Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

 

 2022         02           11                                      

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ахайтан овогт Жигжжавын Бид холбогдох эрүүгийн 2111 00833 0942 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ахайтан овгийн Жигжжавын Б, 1980 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш 1-7 тоотод оршин суух хаягтай,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 223.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан,

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох тус тус шийтгүүлж байсан. /торгуулийн ял биелсэн/,  /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Жигжжавын Б нь 2021 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байрлах иргэн Я.Батхүүгийн эзэмшлийн байшингийн онгорхой хаалгаар сэм орж нэвтрэн 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Оппо” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 380,000 /гурван зуун наян мянга/төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамжны 159в тоотод байрлалтай 33 м.кв талбайтай хувийн орон сууцыг түрээслэн амьдарч байсан Б.Шайрийбуутай эхнэр Б.Зулыг хардсаны улмаас иргэн С.Тогосгэрэлийн эзэмшлийн орон сууцны байшинг санаатайгаар шатааж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган бусдад 17,314,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 595 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ж.Б.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байрлах иргэн Я.Батхүүгийн эзэмшлийн байшингийн онгорхой хаалгаар сэм орж нэвтрэн 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Оппо” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамжны 159в тоотод байрлалтай 33 м.кв талбайтай хувийн орон сууцыг түрээслэн амьдарч байсан Б.Шайрийбуутай эхнэр Б.Зулыг хардсаны улмаас иргэн С.Тогосгэрэлийн эзэмшлийн орон сууцны байшинг санаатайгаар шатааж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган бусдад 17,314,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Я.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 10-11-ний шилжих шөнө буюу 00:00-07:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зуслангийн байшинд унтаж байх хугацаанд хулгайч орж гэрт байсан миний болон эхнэрийн эзэмшлийн 2 ширхэг гар утас хулгайлаад явсан байна... манай зуслангийн байшингийн хаалгыг унтах үедээ өөрөө хаасан боловч манай эхнэр өглөө эрт босч бие засах гээд хаалгаа нээсэн байсан. Тэгээд эргээд унтаад өгсөн... сүүлд нөгөө залуугийн өгсөн 99192512 дугаар руу залгахад холбогдохгүй, ямар ч холбоо барих боломжгүй байсан болохоор би урд талд амьдардаг айлын залууг сэжиглэж байна. Тухайн залуугийн нэрийг нь асуухад Б гэж байсан...”,

“...тухайн үед унтаж амрахдаа бид хоёр 2 давхрын өрөөндөө амарсан ба өөрсдийн ашигладаг гар утаснууд болох “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, “Оппо” загварын гар утас 1 ширхэг нарыг орны хажууд тавиад унтсан юм. Тухайн үед хоёулаа байсан тул байшингийн хаалгыг цоожлоод унтсан. Тэгээд өглөө 07 цагийн үед босоход миний болон эхнэрийн гар утаснууд алдагдсан байсан. Тэгсэн харин шөнө 02 цагийн үед манай эхнэр гарч бие засчхаад буцаж гэр рүү орж ирэхдээ байшингийн хаалгыг түгжээгүй унтсан байсан. Манайд гаднаас хүн ирээгүй. Алдагдсан утаснууд манай байшингийн 2 давхарт орны хажууд байсан юм...” гэх /1-р хавтаст хэргийн 19-27дугаар тал/,

Гэрч Б.Зул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай салсан нөхрийн эгч болох П.Дашиймаагийн эзэмшлийн дугаар, би анх энэ дугаарыг ашиглаж байгаад эгч Лашиймаад эргүүлэн өгсөн... хааяа надруу миний салсан нөхөр болох Б тус 95485076 дугаараас залгаж хүүхдүүдээ асуудаг...” /1-р хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

Гэрч Н.Дэлгэрцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын богины зусланд байх зуслангийн байшиндаа нөхөр Батхүүгийн хамтаар очсон юм. Тэгээд нөхөр бид хэёр шөнө 00 цагийн үед гэртээ унтаж амарсан юм. Тухайн үед унтаж амрахдаа бид хоёр 2 давхрын өрөөндөө амарсан ба өөрсдийн ашигладаг гар утаснууд болох “самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, “Оппа” загварын гар утас 1 ширхэг нарыг орны хажууд тавиад унтсан юм... би шөнө 02 цагийн үед гэрээсээ гарч бие засаад буцаад унтахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоогүй унтсан байсан...” /1-р хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,  

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ЧД2-21-439 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,

Мобиком корпораци ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4/4187 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 56 дугаар тал/,

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Самсунг А-8 загварын гар утас 1 ширхэг, Оппо загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгай хийж авсан...” /1-р хавтаст хэргийн 118-119 дүгээр тал/,

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С. Тогосгэрэл хохирсон хэргийн талаарх нотлох баримтууд:

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэсэн прокурорын тогтоол /1-р хавтаст хэргийн 135-136 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 159-163 дугаар тал/,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 170 дугаар тал/,

Дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 174 дүгээр тал/,

Хохирогч С.Тогосгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2010 онд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамж 159 тоотод байрлах хашаа байшинг анх 6,000,000 төгрөгөөр худалдан авч хүүхдүүдтэйгээ хамт 2018 оны 04 дүгээр cap хүртэл амьдарч байгаад манай охин Ундрам Чингэлтэй дүүргийн 6-р дугаар хороо 45 дугаар байр 22 тоотод нүүж очихоор нь хүүхдийг нь харах гээд хамт гэрт нь амьдрах болсон юм. Тэгээд 2018 оны 04 дүгээр сараас хойш манай хашаа байшин ямар ч эзэнгүй, хүн амьдрахгүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Хашаа байшингаа эзэнгүй байлгаж байхаар үнэ төлбөргүй хүн амьдруулахаар болж фэйсбүүк хаягаар зар тавьсан чинь удалгүй нэг танихгүй дугаараас залгаж хашаа байшинг маань үзье гэж нэг эмэгтэй ирэхээр нь хэдүүлээ амьдрах юм гэж асуухад надад би ахтайгаа хоёулаа амьдрах юм аа гэж хэлэхээр нь хаягаа зааж өгөөд явуулсан юм. Удалгүй над руу утсаар ярьж хашаа байшинг чинь үзчихлээ, цонхнууд нь хагарсан юм байна, эгчээ хашаа байшинд чинь цэвэрлэгээ хийгээд оръё гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлээд тэр өдрөөс 2-3 хоногийн дараа Шайрийбуу гэх залуутай уулзаж хашаа байшингаа хүлээлгэж өгсөн юм. Тэгээд тэр өдрөөс хойш Шайрийбуу гэх залуу дүүтэйгээ хамт хашаа байшинд амьдарч байгаад 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр над руу хорооноос ярьж танай хашаа байшин шатчихсан байна гэж хэлэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамж 159 тоотод байрлах хашаа байшиндаа ирсэн чинь манай байшин юу ч үгүй шатаж дуусчихсан байхаар нь цагдаагийн газар ирж уулзсан чинь шалгаж байгаа гэж хэлсэн. Тэгээд Шайрийбуугийн дүү охин болох Дашзэвэгтэй утсаар ярьж болсон зүйлийн талаар хэлж уулзахад манай ахын таньдаг эмэгтэйн нөхөр нь танай байшинг шатаачихсан юм шиг байна гэж надад хэлсэн. Мөн эхнэрийнх нь ярьсан бичлэг байгаа гэж хэлсэн... би тухайн байшинг аваад 2014 онд гадна талыг нь бүрэн тоосгоор бүрж, 3 ширхэг вакум цонх авч хийсэн, төмөр бүргэд хаалга авч, гипсэн тааз хийсэн...” гэх /1-р хавтаст хэргийн 179 дүгээр тал/,

Хохирогч Б.Дашзэвэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зар үзэж байгаад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Баянхошуунд хашаа байшиндаа айл үнэгүй суулгана гэсэн зар байхаар нь чатаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамж 159 тоот хашаа байшинг нь очиж үзээд орохоор болж засвар хийж байгаад 2-3 хоногийн дараа эхэлж цонхны шилийг нь шилэлж, хаалганд нь цоож хийж, цэвэрлэгээ хийж 2019 оны 04 дүгээр сарын эхээр ах Шайрийбуугийн хамт амьдрахаар нүүж очсон юм. Тэгээд тэндээ амьдарч байгаад 2019 оны 12 дугаар сарын сүүлээс эхэлж ажилтайгаа ойртохоор ганцаараа байр түрээсэлж амьдарсан. Харин ах Шайрийбуу ганцаараа хашаа байшинд үлдсэн. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орой 12 цаг өнгөрч байхад манай ах Шайрийбуу над руу залгаж байшин шатчихсан байна, одор яах вэ гэж хэлэхээр нь та хаана байсан юм бэ гэж асуухад ажил дээрээ хоноод 2 хоног гэртээ очоогүй байж байгаад ирсэн чинь шатсан байна гэж хэлсэн... Ахтайгаа уулзахад надад сэжиглэж байгаа хүн байгаа, намайг ална тална гээд байсан, мөн орон гэрийг чинь шатаана гээд байсан гэж хэлээд би хальт танина, намайг эхнэртэйгээ хардаад байгаа юм. Би эхнэртэй нь ярихад манай нөхөр чи бид хоёрыг хардаад танай байшинг шатаасан байна лээ гэж хэлсэн. Мөн эхнэр нь намайг дагуулж танай байшин дээр очиж үзүүлсэн би танай байшинг шатсан байхыг харсан. Одоо яах вэ цагдаа шүүхээр явмааргүй байна. Шархаданд хоосон газар байгаа, тэрийг оролцуулаад байшинг чинь барьж өгөөд хохирлыг чинь барагдуулж өгье гэж хэлсэн байсан... тухайн байшин дотор миний өөрийн эзэмшлийн эд зүйлс байсан...” /1-р хавтаст хэргийн 187-188 дугаар тал/

 Гэрч Б.Шайрийбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамж 159 тоотод байрлах хашаа байшингаа цоожлоод 15 цагийн үед гарч явсан. Тэгээд найз Нямсүрэнгийн гэрт нь Бэлхэд очиж байгаад гэртээ харилгүй тэндээ 2 хоносон юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр найзынхаа гэрээс 10 цаг өнгөрч байхад гарч Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн дээд талд байрлах журмын хашаанд ажил дээрээ очиж ажлаа хийж тэндээ хоночхоод 2020 оны 03 дугаар 15-ны өдөр 14 цагийн үед ажлаасаа гарч 3,4 дүгээр хороололд найз Нямсүрэнтэй уулзаж Бичилийн 28 дугаар сургуулийн хажуугийн Төрийн банктай зочид буудалд 2 ортой өрөө авч тэндээ байж байгаад Нямсүрэнгийн найз охин Дэлгэрцэцэгийг дуудаж бид гурав 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж ууж амарчхаад 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 11 цагийн үед зочид буудлаас гарч найз Нямсүрэнгийн хамт явсан. Дэлгэрцэцэг өөр тийшээ явсан юм. Тэгээд тэр өдөр ажил дээрээ байж байгаад орой 21 цагийн үед ажлаасаа гарч Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамж 159а тоот гэртээ ганцаараа такси бариад 22 цагийн үед ирээд хашаандаа ортол байшин маань шатчихсан байхаар нь найз Зулаа руу ярьж болсон зүйлийнхээ талаар хэлтэл харин тиймээ гэж хэлэхээр нь би сэжиг аваад Зулаагийн нөхөр шатаасан байна гэж бодчихоод ажил дээрээ очиж Нямсүрэнд болсон зүйлийн талаар хэлчихээд Зулааруу залгаж танай гэрт яваад очъё хаана байдаг юм, заагаад өг гэж хэлэхэд манай нөхөр Б согтуу унтаж байна, маргааш өглөө чам руу яръя гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэж хэлтэл утсаа салгачихсан, дахиад залгатал утсаа аваагүй. Маргааш өдөр нь буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Зулаатай ярьж танай нөхөр манай байшинг шатаачихсан юм биш үү гэж хэлсэн чинь харин тиймээ гэж хэлээд манай нөхөр чамтай намайг хардаж зодсон, мөн танай байшинг шатаасан гэж надад хэлээд намайг танай гэрийн гадна намайг дагуулж ирээд шатаасан байшинг чинь харуулсан гэж хэлэхээр нь чи тэгвэл өчигдөр яагаад надад хэлээгүй юм гэж хэлсэн чинь Зулаа би тухайн үед чамд юу гэж хэлэхээ мэдэхгүй, айгаад балмагдаад хэлж чадаагүй гээд утсаа салгасан... Зулаагийн нөхөр гаднаас орж ирээд эхнэрээ надтай хардаж би чамайг ална гэж хэлж байсан...” /1-р хавтаст хэргийн 197-198 дугаар тал/,

Гэрч Б.Зул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би зочид буудлаас гарч Дэнжийн 1000-д байдаг эгч Батцэцэгийн гэрт очоод байж байтал манай нөхөр Б хүрч ирээд намайг гэрлүүгээ авч явсан юм. Тэгээд Б замдаа явж байхдаа “чамд би юм үзүүлнэ” гэж хэлээд Шайрийбуугийн гэрийн гадаа очоод энийг хар чи гэж хэлээд Шайрийбуугийн байшинг харуулсан. Тэгтэл байшин нь юу ч үгүй шатчихсан байхаар нь би уйлсан чинь манай нөхөр “чи  ингээд тэр Шайрийбуутайгаа уулзаарай” гэж хэлээд намайг гэрлүү дагуулж явсан юм. Тэгээд би гэртээ байж байсан чинь орой Шайрийбуу надруу залгаад танай нөхөр манай байшинг шатаачихсан байна гэж хэлэхээр нь харин тиймээ надад харуулсан чамаас санаа зовж айгаад хэлж чадаагүй юм гэж хэлсэн чинь Шайрийбуу, би танай нөхрийг цагдаад өгнө. Энэ байшин миний байшин биш гэж хэлээд утсаа салгасан. Манай нөхөр Б 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр надад чи энэ Шайрийбуутай дахиж уулзах юм бол би байшинг нь шатаана шүү гэж хэлж байсан...” /1-р хавтаст хэргийн 200-207 дугаар тал/,

 Гэрч Б.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Шайрийбуу миний хажууд Зулаатай утсаар ярьж танай нөхөр манай байшинг шатаачихсан юм биш үү гэж хэлээд байх шиг байсан. Тэгсэн чинь Зулаа өөдөөс нь харин тиймээ манай нөхөр чамтай намайг хардаж зодсон, танай байшинг шатаасан гэж надад хэлээд намайг танай гэрийн гадаа дагуулж ирээд шатаасан байшинг чинь харуулсан гэж хэлчихээд би яахаа мэдэхгүй байна гэж хэлээд утсаа салгасан... Зулаа 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өглөө зочид буудлаас гарч байхдаа яанаа манай нөхөр Шайрийбуугийн байшинг шатаачихсан юм биш биздээ гэж хэлэхээр нь чи хуцаад байгаан гэж хэлсэн чинь юу ч хэлэхгүй дуугүй болчихсон...” /1 дүгээр хавтаст хэргийн 220 дугаар тал/,

 Гэрч Г.Дэлгэрцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ажил дээрээ байсан чинь Нямсүрэн над руу залгаж Шайрийбуугийн байшин шатсан байна гэнээ гэж хэлэхээр нь худлаа яриад байгаач гэж хэлсэн чинь нээрээ үнэн гэж хэлэхээр нь Зулаа руу залгаж дууг нь бичиж байгаад Шайрийбуугийн байшин шатсан юм уу гэж асуусан чинь манай нөхөр Б Шайрийбуутай намайг хардаад байшинг нь шатаачихсан байна, намайг дагуулаад Шайрийбуугийн гэрт очиж шатаасан байшингаа харуулсан гэж хэлэхээр нь чи гайгүй юу гэж хэлсэн чинь би яах вэ хүний байшин хэцүүдлээ, ингээд өрөнд орчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь одоо яах гэж байна гэж асуухад одоо тэгээд яахав дээ шалгах журмаар нь шалгуулна биз гэж хэлээд утсаа салгасан...” /1-р хавтаст хэргийн 222 дугаар тал/,

Гэрч Б.Бямбабаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед намайг харахад байшингийн дээврийн 4 тал хэсгээс гал гарч байгаа харагдсан. Би тухайн үед 01 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгэхэд зүгээр байсан, эзэнгүй харанхуй харагдсан. Байшинг шатаж байхыг харахад шөнийн 03 цаг өнгөрч байсан санагдаж байна...” /1-р хавтаст хэргийн 224-225 дугаар тал/,

“Мастер үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20/017, 20/018 дугаартай дүгнэлтүүд /1-р хавтаст хэргийн 231, 240-242 дугаар тал/,

Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12/58 дугаартай дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулагч утсанд цахилгааны богино холболт, хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцэл, масс гэх мэт үүсээгүй байна. Үүссэн тохиолдолд цахилгаан дамжуулагч утсанд бөмбөлөг үүснэ...” /1-р хавтаст хэргийн 249-250 дугаар тал/,

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч М.Батсайханы 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 151/455 дугаартай дүгнэлт “...Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. /ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз, галын цог, ил задгай үнс, нурам болон бусад задгай галыг тооцно/ Гал түймрийн голомт нь шатсан байшингийн дотор талд үүдний хэсэгт байна...” /2-р хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

 Шинжээч М.Батсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамж 159 тоотод байшин шатсан хэргийн газрын үзлэгт өөрийн биеэр оролцсон... Лаборторын дүгнэлтэд цахилгаан дамжуулах утсанд богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл масс гэх мэт зүйл үүсээгүй байсан. Мөн хөрсний дээжинд шатах, тослох материал илрээгүй байсан. Байгалийн болон цахилгаан хүчин зүйлээс уг байшин шатаагүй, ил галын нөлөөнөөс гал түймэр гарсан байх үндэслэлтэй байсан...” /2-р хавтаст хэргийн 19-20 дугаар тал , /

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад мэдүүлэх зүйл байхгүй. Өмнө өмгөөлөгчтэй байхдаа гэрчээр мэдүүлсэн..." гэх /2-р хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт,

шүүгдэгч Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт: Гар утас авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Шаарийбуугийн байшин шатсан хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас намайг дуудсан. Тэр өдөр болсон бүх үйл явдлыг би мэдүүлсэн. Миний охины төрсөн өдөр болж байсан учраас гэрээс гараагүй гэдгээ хэлсэн. Мөрдөгч танай эхнэр чинь гэрчилж байна гэж хэлсэн. Би мөрдөгчийн дуудсан цагт очиж байсан. Оргон зайлаагүй гэх

Хохирогч Я.Батхүү, С.Тогосгэрэл нарын мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг тус бүр агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Бийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас 2021 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байрлах иргэн Я.Батхүүгийн эзэмшлийн байшингийн түгжээгүй хаалгаар сэм нэвтрэн орж 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий “Оппо” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 380,000 /гурван зуун наян мянга/төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамжны 159в тоотод байрлалтай 33 м.кв талбайтай хувийн орон сууцыг түрээслэн амьдарч байсан Б.Шайрийбуутай эхнэр Б.Зулыг хардсаны улмаас иргэн С.Тогосгэрэлийн эзэмшлийн орон сууцны байшинг санаатайгаар шатааж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган бусдад 17,314,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Ж.Боос нийт 17,314,000 төгрөг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Хонхорын 5-159 тоотод оршин суух, Боржигон овгийн Содномдоржийн Тогосгэрэл /ХЛ63013109/-д 12,000,000 төгрөг,

Иргэний нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 09-р хороо, Буянт-Ухаа 23-912 тоотод оршин суух, Бужий овгийн Бат-Эрдэнийн Дашзэвэг /ПГ91082225/-д 5,314,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Бид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, энэ үйлдэл холбогдолоо хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял,

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулав.

 Шүүгдэгч Ж.Б нь 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “...эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлнэ...”, 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт “...2009 оны 07 сарын 09-ний өдрийн... хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөснөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй тул шүүгдэгчийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж дүгнэлээ.   

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 97 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ж.Б нь иргэн Я.Батхүүгийн эзэмшлийн байшингийн түгжээгүй хаалгаар сэм нэвтрэн орж 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, 180,000  төгрөгийн үнэлгээ бүхий “Оппо” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, “Оппо” загварын гар утас 1 ширхгийг хохирогч Я.Батхүүд буцаан олгож,

Нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ахайтан овгийн Жигжжавын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 97 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Боос нийт 17,314,000 төгрөг гаргаж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Хонхорын 5-159 тоотод оршин суух, Боржигон овгийн Содномдоржийн Тогосгэрэл /ХЛ63013109/-д 12,000,000 төгрөг, 

Иргэний нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 09-р хороо, Буянт-Ухаа 23-912 тоотод оршин суух, Бужий овгийн Бат-Эрдэнийн Дашзэвэг /ПГ91082225/-д 5,314,000 төгрөг тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг А8” загварын гар утас 1 ширхэг, “Оппо” загварын гар утас 1 ширхгийг хохирогч Я.Батхүүд буцаан олгож, нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  П.АРИУНБОЛД