Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01588

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

 

 

Дугаар 102/ШШ2017/01588

 

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах “Жи-Мобайл” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш ...дугаар байрны ..тоотод оршин суух, Боржигон ургийн овогт Г-н Б-д холбогдох,

Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 210,000 /хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.Б нь манай компанитай 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1045064 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Г.Б нь одоогийн байдлаар манай компанид төхөөрөмжийн 140,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Г.Бгээс гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 942 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 70,000 төгрөг буюу нийт 210,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай компани олон харилцагчтай бөгөөд хариуцагчийн зүгээс төлбөр төлөхөө илэрхийлж байсан учир боломж олгож байсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа алдсан. Хариуцагч Г.Б төхөөрөмжийн доголдлын талаар манай байгууллагад гомдлын шаардлага гаргаагүй, оператортой холбогдож байсан гэх боловч түүний холбогдсон дуудлагуудыг шүүж үзэхэд төхөөрөмжийн доголдлын талаар болон гэрээг цуцлах тухай бус, харин төлбөр төлөх дансны дугаар асуух, сүлжээний талаар болон утасны дугаар сэргээх зэрэг асуудлаар холбогдож байсныг гомдлын шаардлага гаргасан гэж үзэхгүй тул төхөөрөмжийг буцааж авах боломжгүй байна гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Жи Мобайл” ХХК-иас зээлийн гэрээгээр интернэтийн модем NP10, 53081888 дугаар авч, сар бүр 20,000 төгрөг, мөн дата хэрэглээний төлбөр төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан. Зээлийн гэрээ байгуулж, модемыг ашиглаж эхлэхэд бүтэн жилийн эрхтэй, 120 гегабайт дата эрх дагалдаж ирсэн. Гэвч энэ дагалдаж ирсэн дата багц маш хурдан буюу 4 сарын дотор дуусч, интернэт байнга гацах зэрэг асуудлууд тогтмол гарах болсны улмаас бид интернэтийн үйлчилгээгээ сольж Скай медиа үйлчилгээ хэрэглэх болсон. Мөн нэгэнт гэрээгээр интернэт төхөөрөмж авсан, зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстойгийн дээр шинээр худалдан авсан дата маш бага, цөөн цагаар цахим шуудан шалгах, имэйл илгээх төдийд амархан дуусч байсан тул энэ талаар “Жи Мобайл” ХХК-ийн лавлах утас болон үйлчилгээний төвд хэдэнтээ гомдол гаргасан боловч бидний гомдлыг барагдуулаагүй. Эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байсан 98639787 гэсэн утаснаас удаа дараа гомдол гаргаж, дата хэрэглээ асуудалтай, интернэт байнга гацаж байгаа талаар гомдол гарган, дугаар шалгуулах хүсэлт гаргасан боловч мөн л шийдвэрлэж өгөөгүйн дээр аль хэсэг, хэлтэс, мэргэжилтэнд хандаж гомдол гаргах талаар зөвлөгөө өгөөгүй, үйлчилгээний хувьд ихээхэн доголдолтой хандаж байв. Улмаар, нэгэнт хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаад удаа дараа гомдол гаргасны эцэст бид төлбөр төлөх боломжгүй, модем төхөөрөмжөө үлдэгдэл төлбөрт суутган авна уу гэсэн хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй. Түүнчлэн модем буцаах шаардлага тавьж, үлдэгдэл зээлийг төлөхгүй гэсний хариуд анх удаа “Жи Мобайл” ХХК-иас холбогдож, манай ашиглаж байсан дугаар дээр өөр дугаар давхар холбогдсон байсны улмаас төлбөр өндөр, дата хэрэглээ амархан дуусч байсан, одоо ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Ямар дугаар, хэдэн сараас эхлэн давхар бүртгэгдсэн, өмнөх саруудад илүү төлсөн төлбөрийг хэн барагдуулах ёстой талаар лавласан боловч ямар ч хариу өгөөгүй, мөн ямар дугаар, хэдэн сараас эхлэн давхар бүртгэгдсэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Лавлах утасны операторууд болон сүүлд холбогдож дугаар давхар бүртгэгдсэн талаар мэдэгдсэн үйлчилгээний ажилтан бидний гомдол, шаардлагыг хүлээн аваагүй, бид өмнөх саруудад өөр хэрэглэгчийн төлбөрийг давхар төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч энэ хохирлыг хэрхэн барагдуулах талаар ямар ч санал гаргаагүй. Энэ асуудал шийдэгдээгүй байхад миний бие хөдөө урт хугацаагаар ажиллахаар болсон бөгөөд энэ хооронд миний эхнэр “Жи Мобайл” ХХК дээр очиж энэ асуудлаар уулзаж, шийдвэрлэх гэсэн боловч гэрээ хийсэн хүн нь биш тул шийдвэрлэгдээгүй байсан гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Г.Бд холбогдуулан, Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 180,000 /нэг зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Г.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Зохигчдын хооронд 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1045064 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, гэрээний дагуу оператор “Жи-Мобайл” ХХК нь хэрэглэгч Г.Бд 240,000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг 12 хүртэл сарын хугацаатай олгох, хэрэглэгч нь сар бүр тэнцүү хэмжээгээр буюу 20,000 төгрөгийг хуваарийн дагуу операторт төлөх үүрэг хүлээн, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээг хааж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх 6/

Хэдийгээр талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний агуулгаа өөрсдөө чөлөөтэй илэрхийлэн байгуулахдаа “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж тодорхойлсон боловч уг гэрээний агуулга, мөн чанар, үүргийн харилцааг хэрхэн зохицуулахаар заасан зэргийг харгалзан дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд талуудын хооронд хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдоогүй болно.

Хариуцагч Г.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 140,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь “Жи Мобайл” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэх, төлбөрийн үлдэгдлийн талаар хэрэглэгчид хүргэсэн мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 140,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Гэрээний 5.3-т хэрэглэгч төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд үүрэг гүйцэтгээгүй 942 хоногийн алдангид 395,640 төгрөгийн алданги тооцохоор байгаа боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 70,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь зөв болжээ.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г.Б-с 210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Г. Б-с 210,000 /хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

ДАРГАЛАГЧ                     А.САРАНТУЯА