| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00304/И |
| Дугаар | 130/ШШ2017/00407 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2017/00407
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 130/ШШ2017/00407 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Ш****** овогт М.Хын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар /дарга А.М/-д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 2412450 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 241242 төгрөг, нийт 2653692 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Х би Б сумын ЗДТГазарт жолоочоор ажиллаж байгаад 2016.10.20-ний өдөр ажлаас халагдсан. Сумын ЗДТГазрын даргын намайг ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар анхан шатны шүүх 2016.12.06-ны өдөр745-р шийдвэр гаргаж намайг хуучин ажилд минь эгүүлэн тогтоож шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх 2017 оны 02-р сарын 07-ны өдрийн 212/МА2017/00013-р магадлалаар хэвээр үлдээсэн юм. Сумын ЗДТГазрын дарга ажилд эгүүлэн авсан тушаал гаргасан боловч машиныг маань өгөхгүй чирэгдүүлсээр явна. Би 6 сар ажилгүй байсан бөгөөд сард 402075 төгрөгийн цалин авч түүний 10 % болох 40207 төгрөгийг байгууллагаас НДШ-д төлдөг байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 2412450 төгрөг, байгууллагаас төлөх НДШ-ийн мөнгө 241242 төгрөг, бүгд 2653692 төгрөгийг Б сумын ЗДТГазрын санхүүгээс гаргуулж өгнө үү. Тамгын газар надад цалингийн тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан тул НД-ийн бичилтэд тусгаснаар сарын цалин болон НДШ-ийн хэмжээг нэхэмжилсэн болно гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга А.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мутай овогтой Хын гаргасан нэхэмжлэлд тус сумын засаг даргын тамгын газрын дарга А.Мминий өгөх тайлбар:
Тус сумын 5 дугаар багийн харьяат Мутай овогтой Х нь 2011 оны 10 сарын 13-ны өдрөөс тус сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байгаад 205 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн юм. Сумын Засаг даргын тамгын газрын жолооч Т.Габдулин нь 2016 оны 1 дүгээр сарын 25-нд сумын төвд машинтай мөргөлдөж, машин жолоодох эрхээ хасуулахад М.Хыг бид Т.Габдулины эрх нь сэргэтэл түр жолоочоор авч ажиллуулсан юм. Тухайн үед биМ.Хтай тохиролцож, Засаг даргын тамгын газрын жолоочийн эрх нь сэргээтэл таныг түр авч ажиллуулж байгаа юм шүү гэдгийг ажилд орохыг хүссэн өргөдөлтэй тодорхой өөрийн гараар түр оруулж өгнө үү гэж бичүүлж авсан юм. Дахин жолооч Т.Габдулин эрх нь сэргэж ажилд ортол 9 сарын хугацаа өнгөрснөөр 6 сараас илүү түр тушаалтай байж болохгүй гэх шалтгаанаар шүүхийн шийдвэр М.Хын талд гарсан байгаа юм. Би анхан шатны шүүхээс гарсан шийдвэртээ танилцаж дахин дараагийн шатны шүүхэд хандсан боловч амжилтад хүрээгүй шийдвэр дахин М.Хын талд гарсан юм. Тэгээд би энэхүү шүүхийн шийдвэрийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн М.Хыг сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор томилох тухай шийдвэрээ гаргаж жолоочоор томилсон юм. Сумын Засаг даргын тамгын газрын энэхүү шийдвэр гарахаас өмнө 2 машины дундаа төсөв, санхүүгээс шалтгаалан 1 жолоочтой байсан. Нэг л жолоочтой байхад М.Х энэхүү 2 машины хоёулангийн барьж /жолоодож/ байсан юм. Энэхүү 2 машин хоёулаа Засаг даргын тамгын газрын машин, хоёр жолоочийн авдаг цалин адилхан, хоёулаа Засаг даргын тамгын газарт үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл М.Х нь заавалчгүй би Засаг даргын тамгын газрын шинэвтэр Хантар маркийн машиныг өгөхгүй бол өөр машины жолооч болохгүй гээд жолоочоор авч тушаал гаргаснаас хойш 2 сар гаруй хугацаандаа ажилд орохгүй байна. Би М Хт хоёулаа хөдөлмөрийн гэрээ хийж, чи жолоочоор орж ажиллаж фермер машиныг ав гэхээр авахгүй байна. Уг нь фермер машиныг анхнаасаа цоо шинэ байхад барьж байсан жолооч нь байгаа юм. Би одоо эцэст хэлэхэд М.Хын анх ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 10 дугаар сарын 20-ноос дахин жолоочоор авч ажиллуулахаар тушаал гаргасан 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх нэхэмжилсэн 4 сарын цалин 1608300 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Би одоо хүртэл М.Хийг Засаг даргын тамгын газрын жолоочоор авсан тушаалаа хүчингүй болгоогүй хэвээрээ байна. М.Х-т би Засаг даргын тамгын газрын фермер машины жолоочоор ажиллахыг удаа дараа санал болгосон боловч ажиллахгүй байна. М.Х нь 2016 оны 12 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн чадвар 70 %-ын акттай өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жолооч хийх боломжгүй байгаа юм байна. Энэхүү байдлыг нь шүүхийн шийдвэр гарсны дараа мэдсэн юм. Иймд М.Х нь хөдөлмөрийн чадварын хувьд ч жолоочийн мэргэжлийн ажил хийх боломжгүй нь тодорхой байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Б сумын ЗДТГазраас ирүүлсэн тайлбартай танилцлаа. Хариуцагч талын төлж барагдуулахаар бичсэн 1608300 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн мөнгийг хасаж, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаан хийлгүйгээр захирамж гарган шийдвэрлэж өгнө үү. Энэ асуудлаар дахин шүүхдэхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин 2412450 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө 241242 төгрөг, нийт 2653692 гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын даргын шүүхэд гаргасан хариу тайлбарыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин 1608300 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж, шүүхэд тайлбараа бичгээр ирүүлсэн байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга А.М нь нэхэмжлэгч М.Хын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 1608300 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1608300 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 40683 төгрөгөөс аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас 20341 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс 20341 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Хт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга нь нэхэмжлэгч М.Хын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 1608300 /нэг сая зургаан зуун найман мянга гурван зуун/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Хуаншын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 20341 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс 20341 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Хт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН