Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч В.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Вын Гд холбогдох эрүүгийн 2138002970017 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Г нь 2021 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн “Бага бие” гэх нэртэй газрын ойгоос 23 ширхэг буюу 11.4 м3 шинэс төрлийн хэрэглээний хуурай босоо мод бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138002970017 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч В.Г нь 2021 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд цахилгаан хөрөө ашиглан Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн “Бага бие” гэх нэртэй газрын ойгоос 23 ширхэг буюу 11.4 м3 шинэс төрлийн босоо модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж ойн санд 4.944.006.7 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Г өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бага бие гэх газарт зохих зөвшөөрөлгүй ойн сангаас мод бэлтгэсэн. Уг газар нь сумын төвөөс 42 км зайд байрлах бөгөөд уулын ар газар байна. Уг ойн сан нь шинэс мод элбэгтэй модны өндөр нь дундажаар 12 метр орчим, газрын хөрс  нь хар хөрстэй, өвсөрхөг байгалийн тогтоцтой газар байна. Уг газрын байршлыг тогтоох зорилгоор инженер Отгонжаргал  албаны GPS ашиглан байршлийг тогтооход Өргөрөг 48.75'84'4, уртраг 100.13'23'9 цэгийг зааж байхад оролцогч В.Гар огтолсон, тайрсан гэх хожуулыг заалгаж хожуулын өндөр, өргөнийг диометрийг дараах байдлаар хэмжив.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 тал/,

Модонд үзлэг хийсэн: “Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бага бие гэх газрын уулын дунд хэсэгт модны захад бэлтгэж хураасан модонд үзлэг хийхэд уг модыг тус сумын иргэн В.Г нь бэлтгэсэн болно. Хураасан модыг тоолж, хэмжсэн үзлэг явуулахад 4 метрийн урттай 40 ширхэг мод байв. Уг модыг бэлтгэсэн газраас иргэн В.Гар зөөж тээвэрлүүлэн Галт сумын Засаг даргын тамгын газрын хашаанд буулгаж хураан Байгаль хамгаалагч В.Эөд хүлээлгэн өгөв. Оролцогч нараас санал хүсэлт үгүй... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 тал/,

Эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 13-15-р тал/,

Прокурорын “эд хөрөнгө битүүлжлэх тухай” тогтоол /хх-ийн 16 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Нын өгсөн:  “...Нутгийн иргэдийн мэдээллээр байгаль хамгаалагч Эийн хамтаар Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг “Бага бие” гэх газарт хяналт шалтгалтаар очиход хэрэглээний мод бэлтгэж модны хаяанд хууралттай мод байсныг илрүүлсэн. Ингээд хэн бэлтгэснийг нь асууж тодруулахад Г нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Уг хураалттай модыг тоолж үзэхэд 41 ширхэг 4 метр орчим урттай моднууд байсан...Экологи эдийн засгийн үнэлгээгээр  гарсан хохиролыг сумын орон нутгийн дансанд тушааж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч Б.Эийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Галт сумын 4 дүгээр багийн нутаг “бага бие” гэх газар очоод хяналт шалгалт хийж байхад модноос цагаалж гаргасан байдалтай 40 гаран бөөрөнхий дүнз мод хураасан байсан. Тэгээд модыг үзэж шалгачихаад хэнийх болох талаар асууж сураглатал Г гэх иргэн бэлдсэн талаар мэдээлэл ирсэн. Тэгээд Гтай нь холбогдож асуутал миний бэлтгэсэн мод байгаа юм гэхээр нь сумын төв рүү орж ирж уулзаарай гээд явсан... Байгаль орчины тасгаас талбай тусгаарлуулсан мэргэжлийн байгууллагуудын талбайгаараа явж шалгалт хийдэг. Уг шалтгалтын хүрээнд “Бага бие” гэх газар талбай тусгаарлуулж авсан байсан “Их-Цөөрөмт” ХХК-ийн талбай байдаг тэрийг шалгах явцад Ггын бэлтгэсэн мод ил байсан болохоор хараад шалгасан...Г мод бэлтгэх эрхийн бичиг авсан зүйл байхгүй. Уг модоо эрхийн бичиггүйгээр бэлтгэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Гэрч Д.Бийн өгсөн: “...хэргийн талаар бол надад мэдэх зүйл байхгүй... Мэднэ. Галт сумын 4 дүгээр багийн нутаг “Бага бие" гэх газраас мод бэлтгэсэн гэсэн гэж яригдаж байсан... Галт сумын 4 дүгээр багт “Бага бие” гэх нэртэй газар байдаг болохоос “Бага үе” гэх нэртэй газар байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Гэрч Д.Дийн өгсөн: “... Ойн сан бүхий газраас мод модон материал бэлтгэх зориулалтаар 2015 онд тусгай зөвшөөрлөө авч байгуулагдаж байсан. Одоо энэ чиглэлээрээ ажиллаж байна. 2021 оны 08 дугаар сард орон нутгийн иргэдийн хурлын тогтоолоор батлуулж мод бэлтгэх талбайгаа тусгаарлуулж авсан... Тийм асуудал байгаа 2021 оны 10 дугаар сард надаас байшин барих мод зарах уу гэхээр нь 4 метрийн урттай 45 ширхэг дүнз мод талбайгаасаа гаргаж бэлдсэн байснаа 1 ширхэгийг нь 10.000 төгрөгөөр бодож зарсан. Дүнз модныхоо мөнгө болох 450,000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирол тооцсон “Галт сумын "бага бие" гэх газарт бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтаар хуурай шинэс мод бэлтгэсэн 41 ш 4 м урттай 11.4 м3 мод болох нь тогтоогдов.  Уг мод нь хэрэглээний мод мөн. Уг мод бэлтгэсэн гэх газар нь 3 дугаар мужид хамаарагдаж байна. “Бага бие" гэх газар нь тусгай хамгаалалтанд хамрагдаагүй. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.4.2-ийг тус тус зөрчсөн байна. Экологи эдийн засгийн үнэлгээ 1648002.24 төгрөгөөр тооцов. Галт сум “Бага бие” гэх газар бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал 2020 оны А/176 тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ой-сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон.” гэх 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 43-р тал/,  

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  Засаг даргын  тамгын газрын  байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “Иргэн В.Гын ойн санд учруулсан  хохирлын  нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ нь 1648002.24 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 4944006.7 төгрөг болж байна”  гэх 2022 оны 1 дүгээр сарын 04ий өдрийн 2022/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 тал/,

“Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2245617200012 дугаартай хөрөнгө үнэлсэн: БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан хөрөөний нийт бодит үнийг 120.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх тайлан / хх-ийн 52 тал/,

“Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2245617200011 дугаартай хөрөнгө үнэлсэн: Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн иргэн В.Гын бэлтгэсэн 11.4 куб.м хэрэглээний хуурай модны зах зээлийн үнэлгээг 1.425.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх тайлан / хх-ийн 58 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Гын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг “Бага бие" гэх газраас байшин барих гэж 23 ширхэг босоо мод огтолж 4 метрийн урттай 41 ширхэг мод бэлтгэж модны хаяад цагаалчихсан байхад байгаль орчны хяналт илэрсэн... Өөртөө өвлийн сууц барих зорилгоор мод бэлтгэсэн... Хуурай мод байсан. Дандаа босоо модноос бэлтгэсэн. Унанги модноос бэлтгээгүй... Хятадын хужаа хөрөөгөөр модоо бэлтгэсэн... Багийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүсэлтээ гаргасан байсан боловч хүсэлтийн хариу өгөөгүй. Гоожингоо бол аваагүй байсан... Би биеэрээрээ цагаалсан... Мод бэлтгэхдээ ганцаараа бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо тээвэрлэж чадаагүй, модны хаяанд хураалттай байхад байгаль орчны хянал шалгалтаар илэрсэн...” гэх мэдүүлэг /хх 75-76 тал/, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модон үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч В.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч В.Г нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрх бичиг авахгүйгээр ойд мод тайрч бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч В.Гын мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас авахгүйгээр мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялагт хохирол учруулсан үйлдэл учир прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч В.Г  болон түүний  өмгөөлөгчийн зүгээс нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч В.Г нь Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн “Бага бие” гэх нэртэй газрын ойгоос 2021 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд 23 ширхэг буюу 11.4 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж ойн санд 4.944.006.7 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч В.Гын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1648002.24 төгрөгийн хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  Засаг даргын  тамгын газрын  байгаль орчны асуудал хариуцсан  мэргэжилтэн буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 4.944.006.7  төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байх бөгөөд уг шүүгдэгч В.Г нь 2.300.000 төлж, үлдэгдэл 2.644.006.7 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн эвлэрлийн гэрээ  байгуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч В.Гын Төрийн сан дахь 100170500988  дугаартай  дансанд төлсөн 2300000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож, үлдэгдэл 2644006.7 төгрөгийг гаргуулж  Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч В.Гыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн дугаар 77, 28-83, талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч В.Г нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт оршин суудаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч В.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 Шүүгдэгч В.Гы үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 75.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн   4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт Прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 11.4 м3 хэмжээтэй шинэс төрлийн 1.425.000 төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан саарал өнгийн, цахилгаан хөрөөний арын бариул хэсэг нь хугарсан, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч В.Г нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч В.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Вын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б овогт Вын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг сар бүр 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад  зааснаар шүүгдэгч В.Гын Төрийн сан дахь 100170500988  дугаартай  дансанд төлсөн 2.300.000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож, үлдэгдэл 2644006.7 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч В.Гын 11.4 м3 хэмжээтэй шинэс төрлийн 1425000 төгрөгийн үнэлгээ бүхий модыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2138002970017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан саарал өнгийн, цахилгаан хөрөөний арын бариул хэсэг нь хугарсан, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч В.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН