Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,                     

              Улсын яллагч Н.Энхтулга,

              Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Од холбогдох эрүүгийн 2138000000489 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Шүүгдэгч Б.О нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр архидан согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Могойн мод” гэх газарт хохирогч Ц.Оыг үл ялиг зүйлээр шалтаглан нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2 дугаар үүдэн шүдэнд булгаралт, буйланд цус хуралт, зүүн доод 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, уруулын салстад язралт, зүүн хацарт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138000000489 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Б.О нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр архидан согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Могойн мод” гэх газарт хохирогч Ц.Оыг үл ялиг зүйлээр шалтаглан нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2 дугаар үүдэн шүдэнд булгаралт, буйланд цус хуралт, зүүн доод 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, уруулын салстад язралт, зүүн хацарт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,  

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Оын өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой .... Б.О манай гэрт орсон сууж байсан. Гэрт орсон О сонин сайхан юу байна О ах гээд баруун хөлийн гутлаа тайлсан сууж байсан. Б.О нийх согтуу биш архи үнэртүүлсэн байсан. Гутал хөл рүү орохгүй байна гутал өмсгөөд өгөөч гэхээр нь би гутлыг нь өмсгөж өгсөн. Тэгтэл Б.О гарч уулзъя гэсэн гэрээс гараад над руу танай охин над руу хонь хулгайлсан гэж чат бичсэн, намайг хулгайч гэсэн гэхээр нь би эрүүл согтуу хүмүүс яриа таарахгүй ах нь үхэр дээ явлаа гэж хэлээд мотоцикль руугаа явахад миний араас ирээд намайг хавсраад унагаасан. Чи яаж байгаа нь гэхэд ална чамайг, би чамайг Хатгалд нутаглуулахгүй гэсэн би урдаас нь би чиний эзэмшил газар суугаагүй ш дээ гэхэд О миний чих рүү гараараа цохисон. Би зүгээр бай гэж хэлээд хойш нь түлхсэн. Чи хэрүүл хийх гэж ирсэн бол эрүүлдээ ир гэж хэлэхэд би эрүүл байна пиздаа минь гэж хэлээд намайг заамдаж аваад миний нүүр хэсэг рүү, шүд рүү мөргөсөн миний шүднээс цус гоожоод нэг хиймэл шүд болон гурван шүд унаад ирсэн. Манай гэрийн гадаа байдаг айлын эхнэр О, манай хадам ах С ирээд юу болж байгаа юм бэ? гээд Оыг надаас салгасан. ... Үхэрээ туугаад ирж явахад замд Өлхийн сайр гэх газар О зам отоод намайг хүлээж байсан. Хүргэн ах Стай ирсэн мөн намайг танай эхнэр чинь хулгайч гэсэн чамайг ална гээд дахиад намайг мотоцикль дээр сууж байхад мөргөөд авсан. С салгаж аваад үлдсэн. Би үхрээ туугаад харьсан. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Гэрч Т.Сын өгсөн: “...О гэх манай хүргэн дүүгийн гадаа Б.О гэх залуу машинтай ирсэн байсан. Би хажуу айлдаа сууж байгаад гараад ирсэн Б.О, О нар хоорондоо зодолдсон байдалтай Оын гэрийн гадаа байж байхаар нь гадаа айлын Өлзийжаргал очиж салгасан. Тэгээд О үхэр дээ явсан. Би Оыг аваад Хатгалын төв рүү явж байхад О би О ахтай уулзаж учраа олно гэсэн. О урдаас нь үхрээ туугаад ирж байсан. О, Отай таараад дахиад хэрүүл маргаан үүсгээд Оыг цохиж аваад маргалдаад байхаар нь би салгаж аваад Отой цуг төв орж ирсэн. О үхрээ туугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 422 дугаартай: “...Ц.Оын биед зүүн дээд 1, 2 дугаар үүдэн шүдэнд булгаралт, буйланд цус хуралт, зүүн доод 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, уруулын салстад язралт, зүүн хацарт зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Ц.О биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлий зэрэг тогтоох журмын 4.1.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын 10 хувийн тогтонги байдлаар алдагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/,

Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр адуундаа явж байгаа найзынхаа найранд суугаад бага зэргийн архи ууж байгаад гараад О ахын гэрийн гадаа 19 цагийн үед очсон. .. Гэрт нь ороод би О ахтай маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нь урд өмнө О ахын эхнэр над руу манай хонь алга болсон чи авсан хонь алга болсноос хойш чи манайд орж ирэхээ байсан гэж чат бичсэн. Тэр зүйлээс болоод та нар намайг хулгайд хардсан гэж О ах руу хэлсэн. Бид хоёр гэрээс нь гараад зодолдсон. .... Би жоохон юм уусан байсан болохоор манарсан байсан.....” гэх мэдүүлэг хх-ийн 36-37-р тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Оын мэдүүлэг,  гэрч  Т.Сын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 422 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.О нь Ц.Оын эрүүл мэндэд зүүн дээд 1, 2 дугаар үүдэн шүдэнд булгаралт, буйланд цус хуралт, зүүн доод 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, уруулын салстад язралт, зүүн хацарт зулгарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Оын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Оын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч Б.Оын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Оын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр архидан согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Могойн мод” гэх газарт хохирогч Ц.Оыг үл ялиг зүйлээр шалтаглан нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2 дугаар үүдэн шүдэнд булгаралт, буйланд цус хуралт, зүүн доод 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, уруулын салстад язралт, зүүн хацарт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Оын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Б.О, хохирогч Ц.О нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эвлэрсэн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх эвлэрлийн гэрээ хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Оын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 27-30 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн тодорхойлолт, малын тодорхойлолт, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.О нь ам бүл 3, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Уст нарийны залгаа гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох  ялыг сар бүр 100.000 төгрөгөөр тогтоож, нийт 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Ш овогт Бийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ш овогт Бийн Оыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

              5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН