Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/278

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Л.Э

Хохирогч Г.Ц, Б.А , Б.Б

Өсвөр насны хохирогч Б.Ц-н хууль ёсны төлөөлөгч Д.П

Хохирогчийн өмгөөлөгч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.2, 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б-д холбогдох эрүүгийн 1925004920405 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Р.Б

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Р.Б нь 2019 оны 01 дүгээр сараас хойш Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин хорооны _____тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Ц-г байнга зодсон, эхнэр Г.Ц, хүү Б.Б, охин Б.А нартай харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, 2019 оны 05 сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн хүү Б.Б-ын хацрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2019 оны 02 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлдээ байгаа охин Б.А-г байнга хүчирхийлсэн, доромжилсон, айлган сүрдүүлсний улмаас гарын шуугаа зүсэж амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Б-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, гэр бүлийн хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: Би Г.Ц-той гэр бүл болоод 20 жил хамт амьдарсан. Эхнэр хүүхддээ ийм үйлдэл, авир гаргасандаа маш их харамсаж байна. Тухайн үед өөрийгөө тийм зан гаргаж байгаагаа мэдээгүй. Одоо бодоход их муухай зан гаргаж байсандаа маш их харамсаж байна. Би охин Б.А-г хэл амаар доромжилж, нэг ч удаа гар хүрч байгаагүй. Миний үйлдлээс болж Б.А амиа хорлох гэж гараа зүссэн байсан. Гэр бүл үр хүүхдүүдийнхээ өмнө аав нь уучлалт гуйж байна. Би та нарын өмнө буруутай. Амьдралаа алдсан хүн их хэцүү байдаг юм байна. Ийм байдалд хүргэсэн намайг уучлаарай” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц мэдүүлэхдээ “Би 19 настай, Р.Б 20 настай байхдаа бид хоёр гэр бүл болоод 25 жил хамт амьдарч 3 хүүхдийн эцэг эх болсон. Р.Б-н  төрөлх араншин нь догшин хатуу ширүүн хүн. Хүний хүмүүжүүлсэн хүнийг хүн дахиж хүмүүжүүлнэ гэж байдаггүй юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Би энэ хугацаанд маш их зүйлийг тэвчсэн. Үр хүүхдээрээ хохирох гэж байсан тул би ийм шийдвэр гаргасан. Эмэгтэй хүнд насны хань маш чухал болохыг хоёр охиндоо маш их захиж байгаа. Энэ хэрэг болсноос хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Р.Б өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаас нь харахад ухаарсан юм шиг байна. Нэгэнтээ болоод өнгөрсөн зүйлийг яаж ч чадахгүйгээс миний хувьд гомдол санал байхгүй. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдээ ийм байдалд оруулсанд нь харамсаж байна. Шүүх ямар шийдвэр гаргана түүнийг нь хүндэтгэнэ. Шүүхээс дахин дахин бид нарыг дуудаад байгаа болохоор насанд хүрээгүй хүүхэд маань өнгөрсөн зүйлээ санаж шаналж байна. Тиймээс энэ хэргийг дуусгавар болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүхээр ороход энэ хүмүүсийн хүсэлтээр зураг авхуулж, шинжилгээнд хамрагдсан. Үүний төлбөр болох 500 000 гаруй төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “Би айлын том хүүхэд тул аав ээж хоёрыгоо харж өссөн. Манай аав түрэмгий, догшин авиртай өөр хүнтэй харилцахдаа эелдэг зөөлөн болчихдог. Би өглөөд сэрэхдээ яагаад манай аав ийм харгис хэрцгий юм бол гэж боддог байсан. Бүх зүйл болоод өнгөрсөн тул надад гомдол санал байхгүй. Дүүгийнхээ хувьд гомдолтой байдаг” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогч Б.А мэдүүлэхдээ: “Тухайн үед би 14 настай байсан болохоор хэцүү байсан. Аав ихэвчлэн архи уудаг байсан. Мөн архи уух болгондоо аав, ээж хоёр хэрэлдэж, аав ээжийг зоддог байсан. Тэр болгоныг харах надад хэцүү байдаг байсан. Гэрээсээ дайжмаар, гэртээ баймааргүй санагддаг байсан. Ээжийг зодож, архи уудаг байсан боловч намайг доромжилдоггүй, надад хайртай байсан. Цагаан сар болохоос өмнө аав согтуу ирэхээр нь би ааваас айгаад ухаан алдаж унахад ээж цагдаа дуудахад цагдаа удаж ирсэн. Тэр хооронд нь аав гэртээ унтчихсан байсан. Ээж бид хоёр тэр үед нь ажлын байран дээр байсан. Цагдаа нар ирээд Р.Б гуай унтчихсан байна гэхээр нь би та аваад явчих сэрчихвэл агсам тавина гэж хэлээд аавыг баривчилгаанд явуулж байсан. Аав баривчилгаанаас гарч ирснийхээ дараа надтай өмнөх шигээ харьцахаа болсон. Тэр нь надад сонин санагдаж байсан. Шүүх хурал болох болгонд бүх зүйлийг санадаг. Мартаж байгаа зүйлээ дахиад санадаг болохоор надад их хэцүү байдаг. Аавын энэ үйлдлээс болоод сэтгэл санаагаар унаж хоол иддэггүй үе байсан. Одоо ч би заримдаа хоол идэж чаддаггүй. Тийм болохоор надад их хэцүү байсан” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогч Б.Ц-н хууль ёсны төлөөлөгч Д.П  мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Г.Ц-ийн1995 оноос хойш архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг зодож агсан тавьж янз бүрээр доромжилдог болсон. Анхандаа нэг хүүхэдтэй байхдаа нэг хүүхдээ тэврээд аавынх руугаа явдаг байсан. Дараа нь хоёр болоод гурав болоод хүүхдүүдээ өнчрүүлээд яах вэ гэж боддог байсан одоо хүүхдүүд маань том болж Б гийн хүчирхийлэл хүүхдүүдэд маань нөлөөлж байна. 2019 оны 05 дугаар сарын эхээр том хүү Б-н хацрыг өм хазаж гэмтээсэн, бас бага охин А-н  2019 оны 02 дугаар сард амиа хорлох гэж гарын судсаа ханасан. Дунд охин А-г   2010 оны 01 дүгээр сард Б  над руу буу барьж дайрахад охин А    намайг өмөөрч аавдаа зодуулсан. Энэ мэтчилэн хүчирхийлэлд өртөж байна. Шүүхийн шийдвэрээс Б-г тусгаарлах арга хэмжээ авсан байгаа.,2019 оны 01 дүгээр сард Б  гаднаас согтуу орж ирээд намайг шууд цохиж авсан гэтэл бага охин Алтанзул ааваасаа айж ээжээ гаръя л даа гэж байгаад айсандаа ухаан алдаж унаад би цагдаа дуудаж 10 хоногийн баривчилгаанд явж байсан. 2019 оны 05 дугаар сард Б  гаднаас согтуу орж ирж надад агсан тавьж намайг цохих гэтэл том хүү Бат-Оргил намайг өмөөрч аавыгаа түлхэж давхарлаж унаад Б  Б-н хацрыг хазаж байсан. 2019 оны 02 дугаар сараас бага охин А  хоол унд идэж чадахаа болиод эмнэлгээр явж үзүүлэхэд цус багадалт гэж байсан. Тэгээд 05 дугаар сард 18 дугаар сургуулийн нийгмийн ажилтан У   намайг дуудаж уулзсан гэтэл 02 дугаар сард А  амиа хорлох гэж гарын судсаа ханасан байсан талаар нийгмийн ажилтнаас сонсож байсан. Тэгээд сэтгэл зүйчид хандаж А ийг эмчлүүлж байгаа. 2019 оны 06 дугаар 30-ны өдөр Б  гэртээ байхгүй Улаанбаатарт байж байгаад ирсэн. Ирэхдээ би 3 хүүхдүүдээ суулгаад Б тай ярилцаж хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлээд өгөөч би зээл аваад чамд өгье тэгээд тусдаа амьдаръя гэж хэлсэн чинь намайг чи юутай ирсэн юм ганцаараа ирж4 болчхоод гээд бас маргалдсан. Эрүүл байсан болохоор би цагдаад өргөдлөө бичиж өгөөд 20 хоног баривчилгаанд сууж гараад Өвөрхангай аймаг руу явсан одоо хамт амьдраагүй байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/

2. Хохирогч Б.Б-ын “Тухайн үед манай аав Б  14 хоног тасралтгүй архи уусан. Улмаар 2019 оны 05 сарын хэдэн билээ өдрийг нь санахгүй байна. Ингээд нэг орой бага дүү А , ээж бид 3 хоорондоо ярилцаад аавын хувцсыг ялгаж өгөөд явуулах талаар аавтай ярилцахаар болсон. Улмаар ээж дүү бид 3 аавын хувцсыг ялгаад тавьчихсан байсан. Аав орой 17 цагийн үед ирсэн ба тухайн үед аав согтуу байсан. Тэгэхээр нь би аавд та одоо өөрийнхөө амьдралыг бодсон нь дээр байх та байнга архи уугаад ээж амьдралын төлөө ганцаараа зүтгээд байхаар хэцүү байна. Та явсан дээр байх гэсэн, гэтэл аав та нар Р-н   Б-г хөөдөг хэн бэ би гэр орондоо байна Адгийн муу пиздаануудын явуулгаар чи ингэж байгаа биз дээ гээд над руу дайраад байхаар нь би гэрээс гартал аав ээжтэй маргалдаж байгаад миний араас 2-уулаа гараад ирсэн ба аав ээжийг зодох гээд байхаар нь би дундуур нь ороод аавыг газарт унагаагаад цээжин дээр нь гарыг нь дараад сууж байтал гараа татаж аваад миний хацарнаас хазсан. Тухайн үед миний хацарнаас цус гараад идээлчихсэн байсан. Би аавыг та яаж байгаа бэ гэтэл яадгийн чамайг алсан ч яадгийн гээд байсан. 2019 оны 01 дүгээр сард аав согтуу ээжийн ажпын байран дээр орж ирээд дүү ээж 2-лүү агсам тавьж манай дүү айсандаа ухаан алдаж унахад нь ээж цагдаа дуудаж аавыг 10 хоног баривчлуулж байсан. Ингээд аав баривчилгаанаас гарч ирээд манай бага дүү А ийг чи ухаан алдаж унадаг гэл үү, шээс алддаг гэл үү одоо ухаан алдаад унаадах, одоо шээгээдэх гээд дарамтлаад байдаг байсан. Улмаар 2019 оны 05 сард ээж манай дүү А ийн сургууль дээр очиж байгаад нийгмийн ажилтантай нь уулзтал А-н  амиа хорлох гэж судсаа ханасан гэж хэлсэн гэсэн. Аавын энэ гаргаж байгаа үйлдлээс нь болж би болон манай 2 дүү сэтгэл санааны асар их дарамтад байгаа. Аав ээжийг зодохдоо нүүр нүдгүй цохиж зодно. Мөн аяга таваг гэх зэрэг гарт таарсан зүйлээ ээж рүү шиддэг. Аав миний баруун хацрыг хазсан. Аав худлаа мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед аавын нүүрэнд цус болсон байсан ба уг цус миний хацарнаас гарсан цус байх, Би аавыг зодож биед нь гэмтэл бэртэл учруулаагүй. Би аавдаа гомдоод яах вэ дээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-р хуудас/

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Ц-н “Намайг 5-6 дугаар ангид байхаас эхлээд манай аав ээж 2 хоорондоо маргаантай болсон. Яг юунаас болж маргалддагийг нь сайн мэдэхгүй. Аав юм л бол уурлаж ээжийг янз бүрээр хэлж бид нар луу муухай хардаг. Ер нь манай аав намайг жоохон байхаас л архи уудаг байсан. Ихэвчлэн л архи уучихсан байдаг. Нэг архи уухаараа их олон хоногоор архи уудаг. Аав архи уучхаад гэрт орж ирэхээр ээжийг доромжлоод ээжийн хамаатан ах дүүсийг доромжилдог. Сүүлийн үед ээж аавыг согтуу орж ирээд хэл үгээр доромжлохоор ажлынхаа байр луу гараад явчихдаг болсон. Архи уусан үедээ аав ээжийг зодох гээд байхаар нь би ээжийн урдуур орохоор гайгүй байдаг юм. Аав намайг зодож цохиж байгаагүй. Харин намайг шээс минь гэж доромжилж миний урдаас салаавч гаргадаг. Намайг бага байхад буюу 2011 онд аав согтуу гэрийнхээ цонхыг хагалж орж ирээд ээжийг нүүрэн дээр нь дэвсэж зодож байсан. Мөн манай эмээ өнгөрдөг өдөр 2015 онд аав ээжийг гэртээ ирсэнгүй гэх шалтгаанаар тоос сорогчийн хошуугаар зодож байсан. Тухайн үед ээжийн нүд хөхөрсөн байсан. Тэрнээс хойш 2018 оны зун ээж бид нар гэртээ байсан чинь аав согтуу ирээд ээжийг зодох гэхээр нь бид нар зугтаагаад хашаан дотроо байж байсан чинь аав араас буу авч гарч ирээд буугаа сумлаад би та нарыг буудна гэж айлгаад ах, ээж бид нар ээжийн эгчийнд очиж хонож байсан. 2019 оны цагаан сараар буюу 02 сард согтуу ирээд машинаараа хашаа мөргөөд ээжид асгам согтуу тавиад тухайн үед нь би их айсан байсан тул ухаан алдаж байсан. Тухайн үед ээж цагдаа дуудаад аавыг цагдаад баривчлуулсан ба баривчилгаанаас гарч ирээд намайг чиний шээс чинь дусалсан гээ биз дээ ухаан алдаж унадаг биз дээ одоо тэгээд ухаан алдаж унаач гэх зэргээр намайг дарамталдаг болсон. Уг гэмтлийг би 2019 оны 02 сард аав согтуу ирээд хашаа мөргөөд би ухаан алдаж унаснаас хойш гэртээ харихаар их айдас түгшүүртэй болсон, ингэж байснаас үхсэн минь дээр гэж бодоод гараа пирэткээр зүссэн. Тухайн үед би гэртээ 00-доо байхдаа гараа зүссэн. Уг асуудлыг манай ээж, аав 2 мэдээгүй, энэ талаараа би найздаа хэлээд ангийн багш мэдэхээр нь би гэр бүлийн асуудлаас болж гараа зүссэн гэж багшдаа хэлээгүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

4. Гэрч Б.А-г  ийн “Аав бүхий л цаг хугацаанд ийм л байсан. Ээжийг зам дээр таарсан гай, 3 шээсээ аваад зайл гэдэг. Үргэлж л бөөн хар уур байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

5. Гэрч Г.Г-н  “2015 онд намайг хотод байхад Ц-н   нүд нь хөхөрч хавдсан байсан. Би яасан юм бэ гэж асуухад ээжийг маань амьсгал хурааж байхад Б  Ц-г   зодож нүдийг нь хөхрүүлсэн байсан. Би тухайн үед дүүг маань ээж нь нас барж байхад зодоод яахнав дээ гэж бодоод өнгөрч байсан. Ингээд удалгүй Б  Ц  хоёр хоорондоо маргалдаад Б  Өвөрхангай аймаг руу яваад Ц  эндээ үлдэж байсан. Гэтэл 2 жилийн дараа Б  эргэж ирээд Ц-н   ах дүүсээс дахиж эхнэрээ зодохгүй гэж байгаад цуг амьдарсан. Тэрнээс хойш Б  гэртээ согтуу ирээд буу барьж айлгасан, хүүхдүүдээ аваад гадуур хонолоо гэж сонсогдож байсан. Ц  ч нөхөртөө зодуулсан гээд бие нь хөхөрсөн хавдсан байдалтай 2-3 удаа таарч байсан. Ер нь Б  архи уучихаараа гэртээ агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ айлган сүрдүүлдэг зантай. Бид нарын хажууд эхнэр хүүхэддээ халамжтай юм шиг харагдчихаад бид нарыг байхгүй үед айлган сүрдүүлж дарамталдаг юм байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

6. Гэрч Г.Ц-н  “Мөн 2015 оны 04 сарын 11-12-нд шилжих шөнө Б гийн хашаанд байдаг ээжийндээ очиж хоносон юм. Би 2015 оны 04 сарын 13-ны өглөө гэрлүүгээ яваад 13-ныхаа шөнө ээж өнгөрсөн гээд манай ах дүү нар бүгд очсон. Гэтэл тухайн үед Б  Ц-г   зодоод нүд нь хавдаж хөхөрсөн, нуруу, булчин хэсгүүд нь нэлэнхүйдээ хөхөрсөн байсан. Тухайн үед ээж маань өнгөрчихсөн байсан тул цагдаагаар хандаагүй. 2018 оны 7-8 сарын үед би Ц  руу утсаар залгатал би хүүхдүүдтэйгээ жалганд байна гэхээр нь яасан юм бэ гэтэл Б  согтуу буу гаргаж ирээд бид нарыг буудна гээд байхаар нь сумыг нь хашаандаа тарааж шидчихээд ирлээ гэж байсан. Энэ мэтээр Б  архи уучихаад байнга эхнэр хүүхдээ дарамталж зодож цохидог нь 2010 оноос хойш бид нарт мэдэгддэг болсон. Ингээд Ц  сүүлдээ тэсэхээ байгаад 2017, 2018 онуудад цагдаад дуудаж баривчлуулж байсан. 2019 оны 01 дүгээр сард Б  бага охин А ийг Ц-н   ажил дээр байхад нь согтуу орилж хашгиран айлгаж ширээ тойруулан хөөж улмаар А  айсандаа ухаан алдаж унаж байсан. Мөн 2019 оны 5 сард Ц-г  оос А  ааваасаа болж амиа хорлоно гэж судасаа ханаж байсан гэж сонссон. Мөн 2019 оны 05 сард би гэртээ байж байтал Б гийн том хүү Б-г аав согтуу хацар хазаад гэмтээчихлээ гээд орж ирж байсан. Энэ мэтчилэн хүүхдүүдээ хүртэл дарамталж айлган сүрдүүлдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

7. Гэрч Р.Дэжидмаагийн “Манай дүү Б  Ц  нар 1994 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй. Б гийн эхнэр Ц  нь гэр бүл болсоноосоо хойш хааяа маргалддаг байсан ба сүүлдээ хэрүүл нь даамжирч бага зэрэг маргалдахаараа л гэр лүүгээ явчихдаг байсан. Одоогоос 3 жилийн өмнө Ц  Б тай маргалдаж 2 жил орчим тусдаа амьдарсан. Хоорондоо юунаас болж маргалддагийг нь би сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/

8. Гэрч Р.М-н   “Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Гэрээт цагдаагийн хэлтсийн автын 2 дугаар постонд жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын 102 дугаараар Баянцагаан баг хуучин хороо ____тоотод хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу  очиход хашаанд 2 байшин байсан ба дуудлага өгсөн эхнэртэй нь утсаар ярьж байгаад уулзтал эхнэр охин хоёр нь хашаанд байдаг ажлынхаа байшинд дотроос нь түгжчихсэн байдалтай байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр согтуу агсам тавиад зодох гээд байхаар нь охин бид хоёр энэ байранд та нарыг иртэл хүлээж байна гэсэн. Ингээд би хамт явсан цагдаатайгаа эхнэрийг нь дагуулаад гэрт нь ортол нөхөр нь одоо нэрийг нь мэдэхгүй байна орондоо орчихсон хэвтэж байсан. Би эхнэрт нь энэ хүн чинь унтаж байгаа юм биш үү гэтэл эхнэр нь та нарыг явахаар наад хүн чинь босоод дахиад агсам согтуу тавина аваад яв гэсэн. Тэгээд би цуг очсон цагдаатайгаа авч яваад эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

9. Гэрч Б. “2019 оны 1 сард манай ангийн хүүхдийн эцэг эхээс “танай ангийн хүүхэд гараа зүссэн байна гэхээр нь би хотоос ирээд А тэй уулзсан чинь гэрээ зүсчихсэн байсан ба яасан талаар асуухад “надад хэцүү байна, ээжид битгий хэлээрэй гээд уйлаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

10. Гэрч Д.У  ийн “2019 оны 1 сард манай сургуулийн багш А ийг гараа зүсчихсэн байж магадгүй гараа боочихсон байна гэхээр нь би дуудаж уулзаад гарыг нь үзсэн чинь зүсчихсэн байхаар нь шалтгааныг нь асуутал гэр бүлийн маргаанаас болсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

11. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 475 дугаартай “Б.Ц-н биед зүүн шууны дотор хэсэгт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2019 оны 02 дугаар сард үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

12. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 474 дугаартай “Г.Ц-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/

13. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 531 дугаартай Б.Б-ын биед хацарт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу тухайн үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх сорви гэмтэл нь 2-3 сарын өмнө үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/

14. Сэтгэл зүйн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №06 дугаартай “Б.Б-ийн сэтгэл гутрал, амьдралын итгэл үнэмшлийг илрүүлэх тестийн тоон үзүүлэлт 14-сэтгэл гутралтай” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/

15. Сэтгэл зүйн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №07 дугаартай “Б.Ц-н сэтгэл гутрал, амьдралын итгэл үнэмшлийг илрүүлэх тестийн тоон үзүүлэлт 10-сэтгэл гутралтай, 59-стресс түгшүүртэй, 49-бие хүний суурь стресс,түгшүүрийн түвшин өндөр” гэсэн дүгнэлт /хх-ийн 56-р хуудас/  

16. Сэтгэл зүйн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №05 дугаартай “Г.Ц-гийн сэтгэл гутрал, амьдралын итгэл үнэмшлийг илрүүлэх тестийн тоон үзүүлэлт 12-сэтгэл гутралтай, 57-стресс түгшүүртэй” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/

17. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний хуудас /хх-ийн 98-106-р хуудас/,

18. Хүүхдийн эрх хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах хуудас /хх-ийн 107-113-р хуудас/,

19. Шүүгдэгч Р.Б-д 2018 оны 4 дүгээр сарын 26-нд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалын хуулбар /хх-ийн 116-128-р хуудас/,

20. Р.Б-д 2019 оны 1 дүгээр сарын 22-нд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 129-р хуудас/

21. Р.Б-д 2019 оны 7 дугаар сарын 03-нд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1,1.3 дахь хэсэгт зааснаар 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 610 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 130-р хуудас/ 

22. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 3626 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 132-133-р хуудас/

23. Хохирогч Б.Б, Б.А-н  иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 165-166-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Р.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр, 2019 оны 05 дугаар сар, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд эхнэр Г.Ц, хүү Б.Б, охин Б.А-тай   харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах өөрийн гэртээ 2019 оны 05 дугаар сард хүү Б.Б-ын хацрыг хазаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. 2019 ооны 02 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлдээ байгаа охин Б.А-г байнга хүчирхийлж айлган сүрдүүлсний улмаас гарын шуугаа зүсэж амиа хорлохыг завдсан нөхцөлд гарцаагүй хүргэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хуулийн дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 11.7 дугаар зүйлийн 2.1, 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байна. Тиймээс шүүгдэгч Р.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Р.Б-н  үйлдэл нь Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг хасаж тооцон 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, 40 хоногийн хорих ялаар тогтоон нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 107 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцуулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Д  дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж оролцож байна. Шүүгдэгч Р.Б ыг буруутгаж байгаа үйлдэл буюу гэм буруугийн асуудал дээр хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй. Хохирол төлбөрийн тухайд охин Б.А , хүү Б.Б нарын хувьд хохирол төлбөргүй юм байна. Хохирогч Г.Ц 530 000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ 530 000 төгрөг нь өмнө нь зодуулсан, хавиргаа хугалуулж байсан, тархи хөдөлж байсан гэхдээ үүнийг үзүүлэх шаардлагагүй гэж хэлж байсан боловч шүүгдэгч талаас заавал үзүүлнэ гэх Р.Б-н  хүсэлтээр эдгээр шинжилгээг хийлгэсэн. Тиймээс Г.Ц-гийн хувьд шууд зардал тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Цд олгуулахаар шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү. Улсын яллагчийн санал болгож ялын саналтай холбоотой хэлэх зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч нар эрүүгийн хариуцлагын талаар гаргах саналгүй шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар хохиролтой холбогдуулж гарсан төлбөрийг шүүгдэгч төлсөн. Миний үйлчлүүлэгч нар энэ талаар өөрсдөө мөн саналаа хэлэх байх миний хувьд тусгайлан гаргах саналгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О  дүгнэлтдээ “2019 оны 05 дугаар сараас хойш ажиллагаа хийгдсэн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр хэлэлцэгдэж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул өмгөөлөгчийн хувьд түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогчийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэхгүй байна. Учир нь энэ талаар нотлох баримтууд зөрүүтэй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх шаардлагатай. Насанд хүрээгүй хохирогч бага насны хүүхэд мөн сая мэдүүлэгтээ аав цагдаад баригдаж ирчхээд надтай сонин харьцдаг болсон гэж байна. Аавыгаа өөрт нь хайртай гэж бодож байтал ийм үйлдэл гаргахаар нь ийм үйлдэл гаргасан байх. Энэ хэргийг зориудаар 1 сард баривчилгаанд байсан. Хуулийн шаардлага нь санаатай үйлдлийн улмаас уг гэмт хэргийг үйлдсэн байхыг шаарддаг. Багш нар нь 1 сард гараа зүссэн байсан гэх мэдүүлэг өгсөн байдаг ба 01 дүгээр сард Р.Б баривчилгаанд байсан. Харин охин 02 дугаар сарын эхээр гараа зүссэн байсан. Энэ үндэслэлээр өмнө нь хохирогч талтай маргаж мэтгэлцэж байсан. Хүүхэд учраас мөн гэр бүлийн таагүй уур амьсгал хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлсөн байж болзошгүй. Р.Б надад хүүхдүүддээ маш их хайртай, хүүхдүүдээ алдсандаа харамсаж байна. Би хүүхдүүдээ их гомдоосон байна гэж хэлсэн. Энэ утгаараа би өөртөө аархаж, сагсуурч явснаас ийм үйлдэл гаргаж байснаасаа болж энэ байдалд хүрлээ гэж өөрөө надад хэлсэн. Ганцхан Б.Ц-н амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх зүйлчлэл дээр маргаж мэтгэлцэж байсан. Мөн 03 дугаар сарын 19-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээ хийлгэхэд Г.Цгийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй. Харин энэ хүний биед 530 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас 530 000 төгрөг дээр маргаж байна. Бусад зүйл дээр маргахгүй байна. Улсын яллагчтай ялын талаар мэтгэлцэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 2.1 мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхээс тогтоосон хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2, 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт багтах тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамрагдаж байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2, 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахаар заасан байдаг. Уг гэмт хэргүүдэд нь ял оногдуулж байж түүнийг өршөөлд хамруулахаар заагаагүй учраас шууд өршөөлд хамруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналтай байна. Р.Б , Г.Ц нарын гэр бүлийн харилцаа дуусгавар болоод 3 жил болж байна. Энэ хугацаанд өөрийн үйлдэлдээ гэмшиж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дагуу тусдаа амьдарч ямар нэгэн дарамт шахалт учруулаагүй. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх үндэслэл байхгүй болсон. Мөн анх удаа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг төлсөн. Урьдчилан цагдан хоригдсон хоног нь 3 сар 16 хоног байх тул үүнийг эдлэх ялаас нь хасаж тооцох зүйтэй” гэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Г.Ц-гийн1995 оноос хойш архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг зодож агсан тавьж янз бүрээр доромжилдог болсон. Анхандаа нэг хүүхэдтэй байхдаа нэг хүүхдээ тэврээд аавынх руугаа явдаг байсан. Дараа нь хоёр болоод гурав болоод хүүхдүүдээ өнчрүүлээд яах вэ гэж боддог байсан одоо хүүхдүүд маань том болж Б гийн хүчирхийлэл хүүхдүүдэд маань нөлөөлж байна. 2019 оны 05 дугаар сарын эхээр том хүү Б-н хацрыг өм хазаж гэмтээсэн, бас бага охин А  2019 оны 02 дугаар сард амиа хорлох гэж гарын судсаа ханасан. Дунд охин А-г   2010 оны 01 дүгээр сард Б  над руу буу барьж дайрахад охин А    намайг өмөөрч аавдаа зодуулсан. Энэ мэтчилэн хүчирхийлэлд өртөж байна. 2019 оны 01 дүгээр сард Б  гаднаас согтуу орж ирээд намайг шууд цохиж авсан гэтэл бага охин А  ааваасаа айж ээжээ гаръя л даа гэж байгаад айсандаа ухаан алдаж унаад би цагдаа дуудаж 10 хоногийн баривчилгаанд явж байсан. 2019 оны 05 дугаар сард Б  гаднаас согтуу орж ирж надад агсан тавьж намайг цохих гэтэл том хүү Бат-Оргил намайг өмөөрч аавыгаа түлхэж давхарлаж унаад Б  Б-н хацрыг хазаж байсан. 2019 оны 02 дугаар сараас бага охин А  хоол унд идэж чадахаа болиод эмнэлгээр явж үзүүлэхэд цус багадалт гэж байсан. Тэгээд 05 дугаар сард 18 дугаар сургуулийн нийгмийн ажилтан У   намайг дуудаж уулзсан гэтэл 02 дугаар сард А  амиа хорлох гэж гарын судсаа ханасан байсан талаар нийгмийн ажилтнаас сонсож байсан. Тэгээд сэтгэл зүйчид хандаж А ийг эмчлүүлж байгаа. 2019 оны 06 дугаар 30-ны өдөр Б  гэртээ байхгүй Улаанбаатарт байж байгаад ирсэн. Ирэхээр нь би 3 хүүхдүүдээ суулгаад Б тай ярилцаж хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлээд өгөөч би зээл аваад чамд өгье тэгээд тусдаа амьдаръя гэж хэлсэн чинь намайг чи юутай ирсэн юм ганцаараа ирж 4 болчхоод гээд бас маргалдсан. Эрүүл байсан болохоор би цагдаад өргөдлөө бичиж өгөөд 20 хоног баривчилгаанд сууж гараад Өвөрхангай аймаг руу явсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бын “Тухайн үед манай аав Б  14 хоног тасралтгүй архи уусан. Улмаар 2019 оны 05 сарын хэдэн билээ өдрийг нь санахгүй байна. Ингээд нэг орой бага дүү А , ээж бид 3 хоорондоо ярилцаад аавын хувцсыг ялгаж өгөөд явуулах талаар аавтай ярилцахаар болсон. Улмаар ээж дүү бид 3 аавын хувцсыг ялгаад тавьчихсан байсан. Аав орой 17 цагийн үед ирсэн ба тухайн үед аав согтуу байсан. Тэгэхээр нь би аавд та одоо өөрийнхөө амьдралыг бодсон нь дээр байх та байнга архи уугаад ээж амьдралын төлөө ганцаараа зүтгээд байхаар хэцүү байна. Та явсан дээр байх гэсэн. Гэтэл аав та нар Р-н   Б-г хөөдөг хэн бэ би гэр орондоо байна адгийн муу пиздаануудын явуулгаар чи ингэж байгаа биз дээ гээд над руу дайраад байхаар нь би гэрээс гартал аав ээжтэй маргалдаж байгаад миний араас 2-уулаа гараад ирсэн ба аав ээжийг зодох гээд байхаар нь би дундуур нь ороод аавыг газарт унагаагаад цээжин дээр нь гарыг нь дараад сууж байтал гараа татаж аваад миний хацарнаас хазсан. Тухайн үед миний хацарнаас цус гараад идээлчихсэн байсан. Би аавыг та яаж байгаа бэ гэтэл яадгийн чамайг алсан ч яадгийн гээд байсан. 2019 оны 01 дүгээр сард аав согтуу ээжийн ажпын байран дээр орж ирээд дүү ээж 2-лүү агсам тавьж манай дүү айсандаа ухаан алдаж унахад нь ээж цагдаа дуудаж аавыг 10 хоног баривчлуулж байсан. Ингээд аав баривчилгаанаас гарч ирээд манай бага дүү А ийг чи ухаан алдаж унадаг гэл үү, шээс алддаг гэл үү одоо ухаан алдаад унаадах, одоо шээгээдэх гээд дарамтлаад байдаг байсан. Улмаар 2019 оны 05 сард ээж манай дүү А ийн сургууль дээр очиж байгаад нийгмийн ажилтантай нь уулзтал А  амиа хорлох гэж судсаа ханасан гэж хэлсэн гэсэн. Аавын энэ гаргаж байгаа үйлдлээс нь болж би болон манай 2 дүү сэтгэл санааны асар их дарамтад байгаа. Аав ээжийг зодохдоо нүүр нүдгүй цохиж зодно. Мөн аяга таваг гэх зэрэг гарт таарсан зүйлээ ээж рүү шиддэг. Аав миний баруун хацрыг хазсан. Аав худлаа мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед аавын нүүрэнд цус болсон байсан ба уг цус миний хацарнаас гарсан цус байх. Би аавыг зодож биед нь гэмтэл бэртэл учруулаагүй. Би аавдаа гомдоод яах вэ дээ” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Ц-н “Намайг 5-6 дугаар ангид байхаас эхлээд манай аав ээж 2 хоорондоо маргаантай болсон. Яг юунаас болж маргалддагийг нь сайн мэдэхгүй. Аав юм л бол уурлаж ээжийг янз бүрээр хэлж бид нар луу муухай хардаг. Ер нь манай аав намайг жоохон байхаас л архи уудаг байсан. Ихэвчлэн л архи уучихсан байдаг. Нэг архи уухаараа их олон хоногоор архи уудаг. Аав архи уучхаад гэрт орж ирэхээр ээжийг доромжлоод ээжийн хамаатан ах дүүсийг доромжилдог. Сүүлийн үед ээж аавыг согтуу орж ирээд хэл үгээр доромжлохоор ажлынхаа байр луу гараад явчихдаг болсон. Архи уусан үедээ аав ээжийг зодох гээд байхаар нь би ээжийн урдуур орохоор гайгүй байдаг юм. Аав намайг зодож цохиж байгаагүй. Харин намайг шээс минь гэж доромжилж миний урдаас салаавч гаргадаг. Намайг бага байхад буюу 2011 онд аав согтуу гэрийнхээ цонхыг хагалж орж ирээд ээжийг нүүрэн дээр нь дэвсэж зодож байсан. Мөн манай эмээ өнгөрдөг өдөр 2015 онд аав ээжийг гэртээ ирсэнгүй гэх шалтгаанаар тоос сорогчийн хошуугаар зодож байсан. Тухайн үед ээжийн нүд хөхөрсөн байсан. Тэрнээс хойш 2018 оны зун ээж бид нар гэртээ байсан чинь аав согтуу ирээд ээжийг зодох гэхээр нь бид нар зугтаагаад хашаан дотроо байж байсан чинь аав араас буу авч гарч ирээд буугаа сумлаад би та нарыг буудна гэж айлгаад ах, ээж бид нар ээжийн эгчийнд очиж хонож байсан. 2019 оны цагаан сараар буюу 02 сард согтуу ирээд машинаараа хашаа мөргөөд ээжид асгам согтуу тавиад тухайн үед нь би их айсан байсан тул ухаан алдаж байсан. Тухайн үед ээж цагдаа дуудаад аавыг цагдаад баривчлуулсан ба баривчилгаанаас гарч ирээд намайг чиний шээс чинь дусалсан гээ биз дээ ухаан алдаж унадаг биз дээ одоо тэгээд ухаан алдаж унаач гэх зэргээр намайг дарамталдаг болсон. Уг гэмтлийг би 2019 оны 02 сард аав согтуу ирээд хашаа мөргөөд би ухаан алдаж унаснаас хойш гэртээ харихаар их айдас түгшүүртэй болсон, ингэж байснаас үхсэн минь дээр гэж бодоод гараа зүссэн. Тухайн үед би гэртээ 00-доо байхдаа гараа зүссэн. Уг асуудлыг манай ээж, аав 2 мэдээгүй, энэ талаараа би найздаа хэлээд ангийн багш мэдэхээр нь би гэр бүлийн асуудлаас болж гараа зүссэн гэж багшдаа хэлээгүй юм” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-г  ийн: “Аав бүхий л цаг хугацаанд ийм л байсан. Ээжийг “зам дээр таарсан гай, 3 шээсээ аваад зайл” гэдэг. Үргэлж л бөөн хар уур байдаг” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Г-н  “2015 онд намайг хотод байхад Ц-н   нүд нь хөхөрч хавдсан байсан. Би яасан юм бэ гэж асуухад ээжийг маань амьсгал хурааж байхад Б  Ц-г   зодож нүдийг нь хөхрүүлсэн байсан. Би тухайн үед дүүг маань ээж нь нас барж байхад зодоод яахав дээ гэж бодоод өнгөрч байсан. Ингээд удалгүй Б  Ц  хоёр хоорондоо маргалдаад Б  Өвөрхангай аймаг руу яваад Ц  эндээ үлдэж байсан. Гэтэл 2 жилийн дараа Б  эргэж ирээд Ц-н   ах дүүсээс дахиж эхнэрээ зодохгүй гэж байгаад цуг амьдарсан. Тэрнээс хойш Б  гэртээ согтуу ирээд буу барьж айлгасан, хүүхдүүдээ аваад гадуур хонолоо гэж сонсогдож байсан. Ц  ч нөхөртөө зодуулсан гээд бие нь хөхөрсөн хавдсан байдалтай 2-3 удаа таарч байсан. Ер нь Б  архи уучихаараа гэртээ агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ айлган сүрдүүлдэг зантай. Бид нарын хажууд эхнэр хүүхэддээ халамжтай юм шиг харагдчихаад бид нарыг байхгүй үед айлган сүрдүүлж дарамталдаг юм байна лээ” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ц-н  “Мөн 2015 оны 04 сарын 11-12-нд шилжих шөнө Б гийн хашаанд байдаг ээжийндээ очиж хоносон юм. Би 2015 оны 04 сарын 13-ны өглөө гэрлүүгээ яваад 13-ныхаа шөнө ээж өнгөрсөн гээд манай ах дүү нар бүгд очсон. Гэтэл тухайн үед Б  Ц-г   зодоод нүд нь хавдаж хөхөрсөн, нуруу, булчин хэсгүүд нь нэлэнхүйдээ хөхөрсөн байсан. Тухайн үед ээж маань өнгөрчихсөн байсан тул цагдаагаар хандаагүй. 2018 оны 7-8 сарын үед би Ц  руу утсаар залгатал би хүүхдүүдтэйгээ жалганд байна гэхээр нь яасан юм бэ гэтэл Б  согтуу буу гаргаж ирээд бид нарыг буудна гээд байхаар нь сумыг нь хашаандаа тарааж шидчихээд ирлээ гэж байсан. Энэ мэтээр Б  архи уучихаад байнга эхнэр хүүхдээ дарамталж зодож цохидог нь 2010 оноос хойш бид нарт мэдэгддэг болсон. Ингээд Ц  сүүлдээ тэсэхээ байгаад 2017, 2018 онуудад цагдаад дуудаж баривчлуулж байсан. 2019 оны 01 дүгээр сард Б  бага охин А ийг Ц-н   ажил дээр байхад нь согтуу орилж хашгиран айлгаж ширээ тойруулан хөөж улмаар А  айсандаа ухаан алдаж унаж байсан. Мөн 2019 оны 5 сард Ц-г  оос А  ааваасаа болж амиа хорлоно гэж судасаа ханаж байсан гэж сонссон. Мөн 2019 оны 05 сард би гэртээ байж байтал Б гийн том хүү Б-г аав согтуу хацар хазаад гэмтээчихлээ гээд орж ирж байсан. Энэ мэтчилэн хүүхдүүдээ хүртэл дарамталж айлган сүрдүүлдэг.” гэсэн мэдүүлэг, гэрч Р.М-н    Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Гэрээт цагдаагийн хэлтсийн автын 2 дугаар постонд жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын 102 дугаараар Баянцагаан баг хуучин хороо ____тоотод хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу  очиход хашаанд 2 байшин байсан ба дуудлага өгсөн эхнэртэй нь утсаар ярьж байгаад уулзтал эхнэр охин хоёр нь хашаанд байдаг ажлынхаа байшинд дотроос нь түгжчихсэн байдалтай байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр согтуу агсам тавиад зодох гээд байхаар нь охин бид хоёр энэ байранд та нарыг иртэл хүлээж байна гэсэн. Ингээд би хамт явсан цагдаатайгаа эхнэрийг нь дагуулаад гэрт нь ортол нөхөр нь одоо нэрийг нь мэдэхгүй байна орондоо орчихсон хэвтэж байсан. Би эхнэрт нь энэ хүн чинь унтаж байгаа юм биш үү гэтэл эхнэр нь та нарыг явахаар наад хүн чинь босоод дахиад агсам согтуу тавина аваад яв гэсэн. Тэгээд би цуг очсон цагдаатайгаа авч яваад эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Г-н “2019 оны 1 сард манай ангийн хүүхдийн эцэг эхээс “танай ангийн хүүхдүүд гараа зүссэн байна гэхээр нь би хотоос ирээд А тэй уулзсан чинь гэрээ зүсчихсэн байсан ба яасан талаар асуухад “надад хэцүү байна, ээжид битгий хэлээрэй гээд уйлаад байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.У  ийн “2019 оны 1 сард манай сургуулийн багш А ийг гараа зүсчихсэн байж магадгүй гараа боочихсон байна гэхээр нь би дуудаж уулзаад гарыг нь үзсэн чинь зүсчихсэн байхаар нь шалтгааныг нь асуутал гэр бүлийн маргаанаас болсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 475 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 474 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт, сэтгэл зүйн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №06 дугаартай дүгнэлт,  сэтгэл зүйн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №07 дугаартай дүгнэлт, сэтгэл зүйн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №05 дугаартай дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний хуудас, хүүхдийн эрх хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах хуудас, шүүгдэгч Р.Б-д 2018 оны 4 дүгээр сарын 26-нд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалын хуулбар, Р.Б-д 2019 оны 1 дүгээр сарын 22-нд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэврийн хуулбар, Р.Б-д 2019 оны 7 дугаар сарын 03-нд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1,1.3 дахь хэсэгт зааснаар 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 610 дугаартай шийтгэврийн хуулбар, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 3626 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, хохирогч Б.Б, Б.А-н  иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин хорооны 6-1-а тоот гэртээ эхнэр Г.Цг удаа дараа зодсон, эхнэр Г.Ц, хүү Б.Б, насанд хүрээгүй охин Б.А-тай   харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, 2019 оны 5 сард өөрийн төрсөн хүү Б.Бын хацрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүсийг байнга хүчирхийлсэн, доромжилж, айлган сүрдүүлсний улмаас 2019 оны 2 дугаар сард охин Б.Ань гарын шуугаа зүсэж амиа хорлохыг завдсан үйл баримтууд тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, яллагдагч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй байна.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Р.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох эхнэр Г.Ц, хүү, Б.Б, охин Б.А-г олон жилийн хугацаанд байнгын үргэлжилсэн үйлдлээр удаа дараа зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж тарчлаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүү Б.Б-ын хацрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүмүүсийг байнга хүчирхийлж, доромжлон айлган сүрдүүлсний улмаас охин Б.А-г амиа хорлоход гарцаагүй хүргэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Р.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцов.

 

Шүүгдэгч Р.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүстэй байнга харгис хэрцгий харьцсан догшин авирласан, тарчлаасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг тус бүрээр зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Б-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогч Г.Ц-гийн нэхэмжилсэн 530 000 төгрөгийг төлсөн боловч, хохирогч нарт учирсан биеийн болон сэтгэл зүйн хохирол богино хугацаанд нөхөн төлөгдөх боломжгүй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан бие махбодийн, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн зэрэг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэхээр заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн буцаан хэрэглэхгүй тухай заасан байна. Иймд шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2, 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүд нь гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэл үйлдэж ирүүлсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус хамаарч байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Р.Б нь 107 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц-гийн биед гэмтэл тогтоогдоогүй, хохирогч Б.Бын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад хохирогч Г.Ц-гийн нэхэмжилсэн 530 000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч Б.Б, Б.Анар гэм хорын хохирлын нэхэмжлэл гаргаагүй байна.

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ишгэн овогт Р-н   Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүмүүсийг байнга хүчирхийлж, доромжлон айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар үззгзэгч Р.Б-д Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-н  цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

           

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А