Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Н.Оюунцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг, А.Оюун, тэдгээрийн өмгөөлөгч Г.Нямдалай,

Шүүдэгч нарын өмгөөлөгч Б.Дашдорж,

Шүүгдэгч Г.Бямбацогт, О.Гүрбадам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг Адуу овогт Ганболдын Бямбацогт, Шангуучин овогт Онжилийн Гүрбадам нарт холбогдох эрүүгийн 2015 2501 1120 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Алаг Адуу овогт Ганболдын Бямбацогт, Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, авто механик мэргэжилтэй, “ДЮЦ” ХХК-ний ерөнхий захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14-40 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ардын Армийн Тусгай Шүүхийн 58 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 197-р зүйлийн В ангийг баримтлан 1 жил хорих ял оногдуулж, БНМАУ-ын 60 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1984 оны 249-р зарлигийн 11-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын дөрөвний нэг хувь болох 3 сарыг өршөөн хасч, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:ХЖ65120412/,

Шангуучин овогт Онжилийн Гүрбадам, Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ДЮЦ” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 26 байр 27 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:ШБ63013176/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч “ДЮЦ” ХХК-ний ерөнхий захирал Г.Бямбацогт нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн автобус бааз дээр үйлдвэрлэлийн осол гарч, улмаар тус компанид засварчин-дадлагажигч ажилтай М.Ариунбаярын амь нас хохирсон,

Шүүгдэгч “ДЮЦ” ХХК-ний гүйцэтгэх захирал О.Гүрбадам нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “ДЮЦ” ХХК-ний автобус бааз дээр үйлдвэрлэлийн осол гарч, улмаар тус компанид засварчин-дадлагажигч ажилтай М.Ариунбаярын амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Бямбацогтын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хөдөлмөр хамгааллын ажилтан маань Солонгос руу явсан учир энэ ажлын байран дээр хүн авахаар болсон. Бид нар зар тараахад хохирогч манайд зарын дагуу ирсэн. Бид нар ажиллаж болж байвал хөдөлмөр хамгааллын чиглэлээр ажиллуулна, эхлээд дадлагажигч хийлгэх хэрэгтэй байсан. Учир нь мэргэжлээрээ ажиллаагүй сургууль төгсөөд ирсэн байсан. Тэгээд бид нар дадлагажигчаар ажиллуулсан. Тухайн үед баярын олон хоногийн амралт таарч засварчид эдгээр өдрүүдэд жижүүрт гарах хувиараа өөрсдөө ярьж тохиролцон гаргасан. Талийгаач 12-ны өдөр жижүүрт гарсан. Журмандаа жижүүрээр гарсан засварчин бие даан засвар хийх эрхгүй. Зөвхөн шугамын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор шугамаас гарч ирсэн жижиг засварыг засаад гаргах ёстой байсан. Том эвдрэл бол бэлэн тэргээр сольж гаргах ёстой байсан. Талийгаач тухайн үед дугуй задлаад угсарч байхдаа осол гаргасан байсан. Болсон явдалд харамсаж байна гэв.

Шүүгдэгч О.Гүрбадамын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өнгөрсөн жилийн 07 дугаар сарын 12-ны өдөр би өөрөө хариуцлагатай жижүүр байсан. Өдөр 2 цаг өнгөрөөд би бааз дээр очсон. Тухайн өдөр талийгаач ээлжинд гарсан. Намайг очиход ямар нэгэн ажил эхлээгүй байсан. Би ажил дээрээ 1 цаг гаран болоод буцсан. Надад 6 цагийн үед хүн осолдлоо гэж утасдаж хэлэхээр нь буцаж очиход талийгаач дугуй хийлж байгаад дугуйнд буудагдаж осолдсон харамсалтай хэрэг гарсан байсан. Би энэ хэрэгт харамсаж байна. Манайд инженерээр орж байгаа хүн засварчин хийж байгаад инженер хийдэг. Өөр боломж байхгүй. Энэ хэрэг болгоомжгүй, ажлын дутагдлаас болсон байх. Тухайн үед дугуй нөхөх шаардлага байгаагүй. Засварчид дараалан 5 өдөр амрах учир цөөхөн тэрэг ажилд гарна. Засварчид амралтаа авахаараа ярьж тохироод хийх ажлуудаа урьдчилж хийсэн байсан. Запас 10 гаран дугуй бэлдэж тавьсан байсан. Энэ талаар камерын бичлэг байгаа. Дахиж нэмж дугуй хийлэх шаардлага байгаагүй. Яагаад энэ ажлыг хийсэн юм бол би бас ойлгохгүй байгаа. Би өөрөө талийгаачийг тушаал гаргаж ажилд авсан. Надад бүртгүүлээд 10-аад хоног алга болсон ч 1 өдөр би ажилдаа ирэхэд ажилд орсон байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт: 07 дугаар сарын 12-ны өдөр би ажилтай байсан. Миний хүү өглөө 9 цагт ажилдаа явсан байсан. Орой 18 цагийн үед би хүүдээ хуушуур аваачиж өгдөг юм билүү гээд гарсан. Намайг автобусны буудал дээр очиход манай бэр утасдаад хүүгийн бие тааруу байна гэхээр нь очсон. Намайг очиход цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Тухайн үед шүүгдэгч О.Гүрбадам байсан. Миний хүү дугуйны хийнд цохиулаад нас барсан байсан. Намайг хэргийн газарт очиход эд мөрийн баримтаар авсан, энэ хурлын зааланд байгаа дугуй, шаланк байсан. Хамгийн гол хий шахдаг компрессор гэж байгаа. Тэр дээр манометр байх ёстой. Намайг очиход зүлэг усалдаг шаланк хийсэн байсан. Энэ зүгээр зүлэг усалдаг хужаагийн шаланк болохоос дугуй хийлдэг шаланк биш. Дугуйнд ашигладаг нь дотороо тороостой, ризенэн хаймраар бүрсэн зориулалтын шаланк байх ёстой байсан. Ер нь бол торос нь гарсан, ашиглалтанд тэнцэхгүй дугуй байсан. Миний хүү 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн. 14 дүгээр сургуулийг төгсч, хөдөө аж ахуйн сургуулийн Инженерийн ангийг дүүргэсэн. Миний хүү зүгээр нэг хүү байгаагүй. Монголдоо төдийгүй, гадаадад Монгол улсынхаа нэрийг гаргаж яваа загвар өмсөгч, рок хөгжимчин байсан. Сагс тоглоод дандаа алтан медаль авдаг байсан. Миний хүү эхнэр, хүүхэдтэй болоод ажил хийе гэж бодсон байх. Надад би ажилд орлоо гэж байсан. Миний хүү 07 дугаар сарын 02-ны өдөр ажилд ороод 10-ны өдөр хүртэл амраагүй. Өглөө 09 цагаас орой 12 цаг хүртэл ажиллаж байсан. Би шүүгдэгч О.Гүрбадамтай очиж уулзаад “би автотээвэрт 30 гаран жил ажиллаж байна. Хөдөлмөр хамгаалал маш сайн байх хэрэгтэй шүү” гэж захиж хэлж байхад “манайд бүх юм байгаа” гэж хэлж байсан. Миний хүүд гутал өгөөгүй. Өөрөө загварт өмсөж байсан гутлаа өмсөөд өнгөрсөн байсан. Манай хүүг авах үедээ хөдөлмөр хамгааллын инженергүй байсан юм билээ. Манайх инженер байхгүй байна гээд хүүг маань буцаахгүй яасан юм. Тэгээд ажилд авсан байсан. Би мөн ямар олон цагаар ажиллуулдаг юм бэ гэж асуухад манайх илүү цагийг тооцдог гэж хэлж байсан. Ганц 07 дугаар сарын 11-ний өдөр амраасан. Энэ байгууллага дээр хүний аюулгүй ажиллах эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Одоо 4 сартай хүүхэд, эхнэр нь үлдсэн. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүү маань та нарын буруутай үйл ажиллагаанаас болж ийм байдалд хүрсэн. Би маш их гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюун нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би нөхөртэйгөө 2013 оны 09 дүгээр сарын 02-нд танилцаж байсан. 2014 оны 02 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр миний хүү төрсөн. Талийгаачийн өнгөрөх үед миний хүү 4 сар гарантай, нялх байсан. Бид хоёр 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гадуур байр хөлсөлж амьдардаг байгаад дараа нь хадмындаа нүүж очсон. Манай нөхөр 07 дугаар сарын 02-ны өдөр ажилд ороод 07 дугаар сарын 1-ний өдөр хүртэл амралтгүй ажиллаж байгаад 11-дээ амраад 12-ны өдөр ажиллаж байгаад нас барсан. Тухайн өдөр миний нөхөрт 1 хүн дагалдуулж үлдээсэн бол өнөөдөр хүү, ээж, эхнэртэйгээ байх байсан гэж боддог. Нөхрөө энэ компанид яах гэж оруулсан юм бэ гэж харамсдаг. Олон жил өсгөж өндийлгөсөн миний ээж хүүгээ алдсан байна. Миний хүү насан туршдаа эцэггүй болсон. Миний хүү аав нь байхгүй болоод ч тэр үү гадаа гараад эрэгтэй хүн рүү гүйдэг. Би шүүгдэгч нарт гомдолтой байна. Би хүүтэйгээ очих газар байхгүй орлоггүй хадмындаа жил гаран амдарч байна. Миний хүүг бодож хүү бид хоёрт амьдралын баталгаа болгож 1-2 өрөө байр гаргаж өгвөл хүний мууг үзэх гэж байгаа юм шиг шорон руу явуулаад яахав гэж боддог. Би шүүгдэгч нараас бидэнд туслаач гэхэд шүүгдэгч нар ирж уулзсан нь цөөхөн. Энэ хүмүүс үйлдсэн хэргээ ухамсарлахгүй байна гэж үзэж байна. Хэрвээ аав нь байсан бол миний хүү их сургуулиа төгсөн төгстлөө эцэг, эхээрээ тэжээлгэх, эцэг эхийнхээ хараа хяналтад амьдрах байсан. Манай гэр бүлд хүнд байна. Би хүүгийнхээ төлөө л амьдарч байна. Цаашдаа яаж амьдрах вэ, хэцүү байна гэв.

Шүүгдэгч Г.Бямбацогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ”ДЮЦ” нэртэй компаний өрөнхий захирал, харин О.Гүрбадам нь гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байна. Манай компани хөдөлмөр хамгааллын инженертэй байсан, тэрээр 2015 оны 06 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Орны хүн томилогдоогүй явж байсан ба би өөрөө хөдөлмөр хамгааллын асуудлаа хуулийнхаа дагуу зохицуулаад явж байсан. Зарын дагуу Ариунбаяр гэх залуу манайд ажилд орохоор ирсэн. Ариунбаяртай манай гүйцэтгэх захирал ярилцлага хийсэн байсан. Эхний ээлжинд дадлагажигч ажилтнаар нэг сарын хугацаатай томилсон. Механик Шинэ-Эрдэнэ нь баярын өдрүүдэд ажиллах хүмүүсийн нэрс гаргасан байсан. “Шинэ хүн хоёр өдөр нэг нэг хүнтэй хамт гарвал яасан юм бэ” гэхэд засварчид “бид өөрсдөө яриад шийдсэн, тэр өдөр ямар эасвар, үйлчилгээ хийх юм биш” гэж хэлж байсан. Хариуцлагатай жижүүр нь тухайн өдрийнхөө шугамын үйлчилгээг таслахгүй хариуцах ёстой. Шугамын үйлчилгээнээс орж ирсэн жижиг эвдрэлтэй тээврийн хэрэгсэл дээр үйлчилгээ хийж гаргана. Тэрнээс засвар үйлчилгээг ганцаараа учраас бие дааж хийхгүй гэсэн үг юм. 07 дугаар сарын 12-ны өдөр нь Ариунбаяр хариуцлагатай жижүүрээр ирэх ёстой байсан. Би 11-ний өдөр ажил дээрээ бүтэн өнжиж ажлаа хийсэн. 13-ны өдөр Архангай аймагт явж байхад Гүрбадам захирал над руу залгасан байсан. Буцаагаад залгахад ажил дээр осол гарсан талаар надад мэдэгдсэн. Мэдсэн даруйдаа шууд Улаанбаатар хот руу орсон. Улаанбаатар хотод ирэхэд шинээр ажилд орсон Ариунбаяр зөвшөөрөлгүйгээр биө дааж дугуй угсарч байгаад осолдсон байсан. Дугуй яагаад буудсан талаар тухайн үед би мэдээгүй. Миний мэдэж байсан зүйл бол манай баазад тухайн үед буудчихна гэх тийм муудсан дугуй байгаагуй. Дугуйг стандарт бус обуданд угсарсан байгаа нь энгийн нүдээр харахад мэдэгдэж байсан. Талийгаач Ариунбаяр өөрөө хийх ёстой ажлыг тухайн өдөр хийгээгүй. Бие дааж, дур мэдэн, дугуй засвар руу орж, стандартын бус дугуйг угсарч, улмаар осол болж амиа алдсан. Ариунбаярт дугуй янзал гэсэн үүргийг хэн ч өгөөгүй. Манай засварчид нилээн хэдэн дугуйг угсарч янзлаад нөөцөнд бэлдсэн байсан. Тухайн нөхцөл байдалд хөдөлмөр хамгааллын инженер байхгүй байсан. Тийм учраас би хуулиараа, хариуцах ёстой албан тушаалтан мөн. М.Ариунбаярт хөдөлмөр хамгааллын ерөнхий зааварчилгаа болон өдөр тутмын зааварчилгааг өгсөн байсан. Шинэ-Эрдэнийг өглөө болгон ажил дээрээ ирж байгаа учраас зааварчилгааг өгөөд гарын үсэг зуруулаад байгаарай гэсэн үүрэг өгсөн, тэрнээс биш хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хариуцах үүргийг хүлээгээгүй. Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөр хамгааллын инженер байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тиймээс механик Э.Шинэ-Эрдэнийг хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтнаар томилсон тушаалыг нөхөж гаргасан.  Огноог нь зассан, үгүй талаар санахгүй байна. Энэ тушаалыг Шинэ-Эрдэнэд хэлэлгүйгээр гаргасан. Талийгаачийн ар гэрийхэнд 6 сая төгрөг өгсөн....” гэх мэдүүлэг /1-р хх 100-106, 248 дугаар хуудас/.

Шүүгдэгч О.Гүрбадамын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гэрчээр мэдүүлэхдээ үнэн зөвөөр ярьсан байгаа. Би талийгаач М.Ариунбаярт үүрэг өгөөгүй, осол гардаг өдөр би баазаа эргэж ирсэн. Дугуй задлах гээд багаж хайгаад явж байсан, би боль ч гэж хэлээгүй, хий ч гэж хэлээгүй, ерөнхийд нь баазын ажил үүрэгтэй танилцаад хэвийн байна гээд явсан. Тэгтэл осол гарч М.Ариунбаяр нь нас барсан. Бэлэн бэлдээд тавьсан дугуй зөндөө байсан. Тийм учраас талийгаач М.Ариунбаярт дугуй задлаж хийлэх шаардлага байгаагүй. Тэрээр тухайн өдөр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Хариуцлагатай жижүүр нь засварчны үүрэг шууд гүйцэтгэхгүй. Шугаманд явж байгаа автобусны хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг хүлээнэ. Осол гарсанд бидний зүгээс маш их харамсаж байгаа. Би тушаал гаргаж М.Ариунбаярыг ажилд авсан. Оршуулгын зардалд нэмэр болох үүднээс 5 сая төгрөг хохирогчийн дансанд хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 30-35 дугаар хуудас/.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг ажил дээрээ байсан чинь оройн 19 цагийн үед манай бэр Оюун залгаад “ээжээ Ариунбаярын ажил дээр нь засч байсан дугуй нь буудаад гэмтчихсэн гэнэ, одоо бие нь маш муу байна“ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа гараад шууд хүүгийнхээ ажил дээр нь яваад очсон чинь цагдаа нар ирчихсэн байсан ба ажлынх нь захиралтай уулзсан чинь “сая Ариунбаярын засч байсан дугуй нь буудаад одоо бие нь муу байна” гэж хэлсэн. Би “тэгээд яасан бэ, өнгөрчихсөн юм уу” гэсэн чинь “тиймээ, нас барчихсан” гэсэн. Миний хүү энэ байгууллагад ороод 10 ч хоноогүй байсан. Миний хүү интернет үзэж байгаад очиж ажилд орсон байна лээ. Уг нь тэр интернет дээр инженер ажилд авна гэсэн байсан гэсэн. Гэтэл засварчнаар ажиллуулж байсан юм байна лээ. Миний хүү тэр байгууллагад ажиллаж байхдаа байнга илүү цагаар ажиллаж байсан. Би захиралтай нь уулзаж аюулгүй ажиллагааны талаар хэлж байсан удаатай. Миний хүү урьд өмнө нь мэргэжлээрээ ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй, мэргэжлийн дадлага туршлага огт байхгүй байсан. Тухайн байгууллагад хөдөлмөр хамгааллын ямар ч техник, багаж хэрэгсэл байхгүй байна лээ. Тухайн үеийн нөхцөл байдлаас харахад тухайн байгууллагаас олгогдсон ажлыг хийх тоног төхөөрөмж шаардлага хангаагүй байсан гэдэг нь шууд харагдсан. Миний талийгаач хүүгийн эхнэр А.Оюуныг мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож өгнө үү. А.Оюуны сэтгэл санаа нь маш их цочрон давчидсанаас болж 6 сартай хүүхэд нь тэжээлийн дутагдалд орж бие нь муудсан...” гэх мэдүүлэг /1-р хх 38-43 дугаар хуудас/.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн: “...2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би талийгаач М.Ариунбаяртай танилцаад 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн бид хоёр тусдаа байр хөлслөөд хамтран амьдрах болсон. 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдер бидний дундаас Хувьтөгөлдөр хүү маань төрсөн. “ДЮЦ” ХХК-д зарын дагуу очиж уулзаад өөрийн эзэмшсэн мэргэжил болох инженер механикчийн чиглэлийн дагуу ажилд орсон. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ямар нэг амралтгүй өдөр болгон  ажилласаар 11-ний өдөр гэртээ амраад 12-ны өдөр ганцаараа ажлаа хийж байгаад үйлдвэрлэлийн осолд орж нас барсан. Би нөхрийнхөө үхлийн шалтгааныг “ДЮЦ” ХХК-ний удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаатай өөрөөр хэлбэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөний улмаас болсон гэж үзэж байгаа. Манай гэрт ганц нөхөр маань ажил хийж ар гэрээ авч явж байсан. Би 4 сартай хүүхэдтэй, нялх биетэй үлдлээ. Би нөхрөө нас барсаны дараа шүүхэд өргөдөл гаргаж хамтран амьдрагчаар тогтоолгосон байгаа. Би маш их гомдолтой байна. “ДЮЦ” ХХК-с амьдралын баталгаа болох 2 өрөө орон сууц, цаашид хүүхдээ асрах тэтгэмж нэхэмжилж байна. Оршуулганд гарсан зардлыг, мөн шүүх хурал болтол гаргасан бусад зардлыг нэхэмжилж байгаа. Манай нөхөрийг ажлын дүрэмт хувцсаар бүрэн хангаагүй, ганцхан комбинзон өгсөн байна. Миний сэтгэл санааны байдал маш хүнд байгаагийн дээрээс манай хүү хөхүүл учраас намайг дагаж өвдөөд, өвчин ороогоод байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 244-245 дугаар хуудас/,

Гэрч Ц.Норовсамбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ариунбаяр нь миний төрсөн ахын ганц хүү, тэрээр 1992 онд төрсөн. Өнгөрсөн жил эхнэртэй болсон, хүүхэд нь 5 сартай. 5-6 хоногийн өмнө миний ах надтай “миний хүү автобус баазад ажилд орсон, сар дагалдан хийж байгаад инженер болно” гэж утсаар ярьсан. Би энэ газрын хөдөлмөр хамгааллын талаар шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 45 дугаар хуудас/,

Гэрч Х.Хүүбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие энэ өдөр ажил дээрээ жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Манай автобаазын засварчин хийдэг 22 орчим настай Ариунбаяр гэдэг залуу хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг харж байхад Ариунбаяр цаагуур ажлаа хийгээд явж байсан. Талийгаач тухайн үед грашдаа автобусны дугуй хийлж байсан. 18 цагийн үед тэр миний хажууд тамхи татаж байгаад граш руу орсон. Тэгтэл төд удалгүй маш чанга дугуй хийлэх чимээ гарсан ба би гайхаад гүйгээд очсон чинь грашид нил тоос бужигнаад юу ч харагдахгүй байсан. Цааш нь сайн харсан чинь нөгөө Ариунбаяр гэдэг хүү хажуу талаараа хараад хэвтчихсэн, бөөн цус болчихсон байж байсан. Би шууд цагдаа болон түргэн дуудсан. Талийгаач архи, дарс хэрэглээгүй байсан. Талийгаачтай ямар нэг хүн хамт ажиллаагүй. Манай байгууллагын хариуцлагатай жижүүрүүд автобусанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар хийдэг байх, би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 47-48 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹1253 дүгнэлтэд

  1. Талийгаачийн цогцост гавлын урд болон баруун, зүүн дунд хонхор, духны яс тархмал үйрч бяцарсан хугарал, дагз ясны шугаман хугарал, зүүн чамархайн зөөлөн бүрхүүлд цус харвалт, баруун хажуугийн ховдолд цус харвалт, их тархины 2 тал бөмбөлгийн духны суурь, бага тархины эдийн няцрал, 2 уушигны няцрал дух, эрүүнд шарх, 2 хацар яс, эрүү хоншоор яснуудын хугарал, хүзүүнд цус хуралт, зургаралт, хуйхны дух, баруун чамархай, дагзанд цус хуралт, зүүн чамархай, дагзны хэсгийн ясны хальсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Гэмтэл авах үеийн байрлалыг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
  3. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.
  4. Талийгаачид үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.
  5.  Талийгаач нь АВО системээр О/I/ бүлгийн цустай байна.
  6. Талийгаач нь 2015.07.12-ны 17:30-18:30 цагийн үед нас барсан байх магадлалтай байна гэжээ /1-р хх 61-62 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹6300 дүгнэлтэд

  1. Шинжилгээнд ирүүлсэн М.Ариунбаярын цогцосноос авсан гэж цус, шээс, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн биоматериалын хэмжээ бага мансууруулах бодис тодорхойлох боломжгүй байна гэжээ /1-р хх 64 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹6428 дүгнэлтэд

  1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн түрийтэй арьсан гутал, цэнхэр өнгийн ажлын хувцас, улаан хүрэн өнгийн футболка, ногоон өнгийн дотоож, ажлын бээлий зэрэгт цус илэрсэн ба уг цус нь Оαβ/I/ бүлгийн харьяалалтай байна. Цусыг биеийн аль хэсгээс гарсан болохыг тогтоох боломжгүй.
  2. Цагаан өнгийн нийлэг материалтай шорт, хар өнгийн оймс дээр цус илрээгүй гэжээ /1-р хх 67 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹3330 дүгнэлтэд

  1. Шинжилгээнд ирүүлсэн энгийн сүлжээтэй цагаан өнгийн богино өмдөнд 60 мм тэлэлтийн улмаас үүссэн шинэ ханзарсан уранхай,
  2. Хугархай нэхээстэй цэнхэр өнгийн ажлын хувцасанд 180х60 мм талбайд тэлэлийн улмаас үүссэн шинэ ханзарсан уранхай, 45х110 мм тэлэлтийн улмаас үүссэн шинэ сэмэрсэн уранхай, 20 мм, 10 мм, 80х40 мм хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас үүссэн шинэ гогдсон уранхайнууд гарсан байна.
  3. Дээрх уранхайнууд нь ямар хугацаанд үүссэн болохыг тогтоох боломжгүй.
  4. Бусад хувцаснуудад ямар нэгэн уранхай, цоорхой гараагүй байна гэжээ /1-р хх 73 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹3671 дүгнэлтэд

  1. Шинжилгээнд ирүүлсэн хугархай нэхээстэй цагаан өнгийн саравчтай малгайнд 130 мм, 25 мм малгайн татам татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхайнууд гарсан байна.
  2. Дээрх уранхайнууд нь ямар хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй гэжээ /1-р хх 76 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹6952 дүгнэлтэд

  1. Шинжилгээнд ирүүлсэн малгайн дээр цус илрээгүй гэжээ /1-р хх 79 дүгээр хуудас/,

Шинжээч Г.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “ДЮЦ” ХХК-ний гүйцэтгэх захирал О.Гүрбадам нь амь хохирогч М.Ариунбаярыг ажилд томилсон тушаал гаргасан учраас О.Гүрбадамыг ажил олгогч гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хүүль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэх захирал О.Гүрбадам хариуцна гэж заасан байна. О.Гүрбадам нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн буруутай үйлдлээс үүдэж дээрх осол гарсан гэж үзэж байна. “ДЮЦ” ХХК-ний механик Э.Шинэ-Эрдэнэ нь дугуй солих, задлах, угсрах талаар компаниас гаргасан дүрэм, зааврыг амь хохирогч М.Ариунбаярт зааж сургаагүй буруутай үйлдэл харагдаж байна…” гэх мэдүүлэг. /2-р хх 28-29 дүгээр хуудас/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 41 дүгээр дүгнэлтэд

Асуулт 1. Автобус баазад засварчинаар ажиллаж байсан М.Ариунбаяр нь дугуйнд цохиулж нас барсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх

Хариулт 1. Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “ДЮЦ” ХХК-д засварчингаар ажиллаж байсан М.Ариунбаяр нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөнд өртөж осолдсон тул Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д Ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа гэсэн заалтад хамаарах “Үйлдвэрийн осол”-д тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Асуулт 2. Уг хэрэгт хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн үү? Хэрэв зөрчигдсөн бол хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажилгааны ямар журам зөрчсөн бэ?

Хариулт 2. Уг хэрэгт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн байна... гэжээ /1-р хх 83-87 дугаар хуудас/,

 “ДЮЦ” ХХК-ний захирлын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн б/56 дугаартай тушаалд “ДЮЦ” компаний засварчин ажлын байранд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд дадлагажигч ажилтнаар Мягмарсүрэнгийн Ариунбаярыг томилж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дадлагажих хугацааг дуустал М.Ариунбаярт сарын 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр тооцож цалинг олгож, М.Ариунбаярт байгууллагын дотоод журмыг танилцуулахыг ХНМ Б.Наран-Амгаланд үүрэг болгож, Дадлагын хугацаанд М.Ариунбаярын цалинг зохих журмын дагуу бодож, нийгмийн даатгалд хамруулахыг нягтлан бодогч Б.Эрдэнэцэцэгт үүрэг болгохоор тусгажээ /1-р хх 230 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 4-12 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд 18 цаг 13 минут 09 секундэд янзалж байсан дугуй нь дээш шидэгдэн буудаж, хажууд нь явган сууж байсан уг хүн шидэгдсэн дугуйнд цохиулан агаарт хөөрч буцаж бууж байна. 18 цаг 18 минуд 50 секундын үед  гражид үүссэн тоосжилт намдах бөгөөд дугуйнд цохигдож унасан хүн босч ирсэнгүй. 18 цаг 21 минут 52 секундэд гаднаас орж ирээд буцаж гүйж гарсан хүн ахин орж ирэх ба утсаар ярьж байгаа нь харагдаж байна гэжээ /1-р хх 15 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд автобус баазын хяналтын камерийн бичлэг бичигдсэн СД 1 ширхэг, автобаазаас хураан авчирсан 1 ширхэг дугуй, хийлэгч гуурс, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр зэргийг эд мөрийн баримтаар хураав гэжээ /1-р хх 16-37 дугаар хуудас/,

“ДЮЦ” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх 113 дугаар хуудас/,

Хохирлын баримт /1-р хх 179-207, 2-р хх 3-6 дугаар хуудас/,

Гүрбадамаас оршуулгын зардалд 5 сая төгрөгийг М.Ариунсүрэнгийн Хаан банкны 5015095821 тоот дансанд шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг /1-р хх 233 дугаар хуудас/,

М.Ариунбаярын нас барсны гэрчилгээ /1-р хх 232 дугаар хуудас/,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд нянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Алтанцацралын Оюун нь 2015.07.12-ны өдөр нас барсан Мягмарсүрэнгийн Ариунбаяр /УК92040415/-тай 2014.06.05-ны өдрөөс 2015.07.12-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоов гэжээ /2-р хх 2 дугаар хуудас/,

Бямбацогтоос 5 сая төгрөгийг А.Цэрэндоржийн Төрийн банкны 106600017981 тоот дансанд шилжүүлсэн Төрийн банкны орлогын мэдүүлэг /2-р хх 36 дугаар хуудас/,

5 сая төгрөгийг А.Цэрэндоржийн Төрийн банкны 106600017981 тоот дансанд шилжүүлсэн Төрийн банкны орлогын мэдүүлэг /2-р хх 44 дүгээр хуудас/,

Гүрбадамаас 5 сая төгрөгийг А.Цэрэндоржийн Төрийн банкны 106600017981 тоот дансанд шилжүүлсэн Төрийн банкны орлогын мэдүүлэг /2-р хх 45 дугаар хуудас/,

Хохирлын баримт /2-р хх 67-76 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 107, 163 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 108, 164 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Бямбацогтын хувийн байдлыг тогтоох баримт /1-р хх 109 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч “ДЮЦ” ХХК-ний ерөнхий захирал Г.Бямбацогт нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн автобус бааз дээр үйлдвэрлэлийн осол гарч, улмаар тус компанид засварчин-дадлагажигч ажилтай М.Ариунбаярын амь нас хохирсон,

Шүүгдэгч “ДЮЦ” ХХК-ний гүйцэтгэх захирал О.Гүрбадам нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “ДЮЦ” ХХК-ний автобус бааз дээр үйлдвэрлэлийн осол гарч, улмаар тус компанид засварчин-дадлагажигч ажилтай М.Ариунбаярын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурдсан шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, гэрч нарын мэдүүлэгүүд , шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Бямбацогт, О.Гүрбадам нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дүгээр зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Бямбацогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэх саналыг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ. “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж заасны дагуу Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргийг биелүүлээгүй, хөдөлмөр хамгаалалын ажилтан авч ажиллуулаагүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулалгүйгээр хохирогчийг ажиллуулсан, дадлагажигч ажилтаныг хэн нэгний удирдлага, хяналт дор биш тухайн өдөр хариуцлагатай жижүүрээр ажиллуулсан зэрэг буруутай үйлдлүүд байгаа болно.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж байгаа байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуульд заасан яд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалж, дугуй, хийлэгч гуурс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна .

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 3.408.401 төгрөгийг нэхэмжилжээ. Уг нэхэмжилсэн шатахууны зардал болон утсаар ярьсан төлбөр, автомат мөнгөний машинаас мөнгө авсан баримт болон хүнсний дэлгүүрээс эд зүйл худалдан авсан баримтууд нь хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал биш гэж үзлээ. Иймд шүүгдэгч нараас 3.408.401 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Бямбацогт, О.Гүрбадам нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 25.200.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.