Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01589

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01589

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 2054701 регистртэй “Гацуурт” ХХК,

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, Оргих-1 байрлах, хуулийн этгээдийн 3734315 регистртэй “Баяндулаан-Уул” ХХК,

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 3 дугаар баг /Алтанбулаг/, Хөдөөгийн 3-1 байрлах, хуулийн этгээдийн 2771942 регистртэй “Сэлэнгэ Алтан говь” ХХК-иудын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, 7 дугаар баг, Гурванбаянд байрлах хаягтай боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Дунд голын гудамж, Хангай компанийн байранд удирдах байгууллага байгаа, хуулийн этгээдийн 2036037 регистртэй “Хурх Гол” ХХК-д холбогдох,

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт дүнгээр 782,260.94 ам.доллар буюу 1,569,997,706.58 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай,

“Хурх Гол” ХХК-ийн “Гацуурт” ХХК-д холбогдуулан гаргасан “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээнээс татгалзах, тус гэрээний 2.1-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрт төлсөн 151,215,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 21,778,000 төгрөг, нийт 173,149,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Дунд голын гудамжинд байрлах, хуулийн этгээдийн 2581213 регистртэй “Хангай Миллс” ХХК-ийн нэхэмжлэгч “Гацуурт” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, Г.Гантулга хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун /ШТҮД:0974/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хурх Гол” ХХК нь “Гацуурт” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 09 дугаартай “Ургамал хамгаалах бодис худалдах, худалдан авах гэрээ”-г, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 13062702 дугаартай “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ӨХШ-14/87 дугаартай “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулсан.

Мөн “Хурх Гол” ХХК нь “Баяндулаан-Уул” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13061201 дугаартай “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г, “Сэлэнгэ Алтанговь” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ӨХШ-14/86 дугаартай “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус байгуулсан.

Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн нь бидэнд маш их санхүүгийн болон бизнесийн хүндрэл учруулж байна. Бид “Хурх Гол” ХХК-ийг өөрсдийн санаачлагаар гэрээний төлбөрөө төлж барагдуулах байх гэж тэвчээртэй хүлээн, албан бичиг, имэйл, утсаар удаа дараа шаардсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд арга хэмжээ авах хүсэл эрмэлзэлгүйгээр өнөөдрийг хүрсэн тул бид өөрт учирсан хохирлоо шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Гэрээнд зааснаар “Хурх Гол” ХХК нь гэрээ байгуулагдсанаас 1-3 хоногийн дотор урьдчилгаа 30%-ийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл техник тоног төхөөрөмж болон ургамал хамгаалах бодис худалдан авсан төлбөрөө төлөхгүй байна. Иймд Газар тариалангийн техник, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах болон Ургамал хамгаалах бодис худалдах, худалдан авах гэрээний дагуу бидэнд учруулсан хохирол болох хүү, алданги, торгууль, үндсэн төлбөр нийт 782,260.94 ам.доллар буюу 1,569,997,706 төгрөгийг “Хурх Гол” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулгад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагуудын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн санхүүгийн сүүлийн тооцооллын дагуу тодруулж байна. Үүнд: “Сэлэнгэ Алтанговь” ХХК-ийн хувьд, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ 17/86 дугаартай “Техник тоноог төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу MORRIS MAXIM 12 метр үрлэгчийн үндсэн төлбөр, алдангид 79,121.77 ам.доллар буюу 162,055,627.03 төгрөгийг “Хурх Гол” ХХК-иас гаргуулах, “Баяндулаан-Уул” ХХК-ийн хувьд, 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12061201 дугаартай “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу HARDI маркийн ургамал хамгаалах бодис цацагч техникийн үндсэн төлбөр, хүү, алдангид 72,048 ам.доллар буюу 147,567,272.64 төгрөгийг “Хурх Гол” ХХК-иас гаргуулах, “Гацуурт” ХХК-ийн хувьд, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13062702 дугаартай “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу JOHN DEERE W210 үр тариа хураагч 2 ширхэг үр тариай хураагч комбайны үндсэн төлбөр, хүү, алдангид 359,328 ам.доллар буюу 735,968,423.04 төгрөгийг, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ 14/87 дугаартай “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу JOHN DEERE 8530 Тракторын үндсэн төлбөр, алдангид 97,149.68 ам.доллар буюу 198,980,023.05 төгрөгийг, мөн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай “Ургамал хамгаалах бодис зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алдангид 26,778.30 ам.доллар буюу 54,846,786.63 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.

Анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал бага багаар төлбөр төлж байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа 270,579,573.63 төгрөгөөр багасгаж байна. Бидний зүгээс хариуцагч талыг сөрөг нэхэмжлэл гаргасан Тракторын төлбөрөөс бусад гэрээнүүдийн тухайд маргаагүй гэж ойлгож байгаа. Тракторын хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөввшөөрөхгүй байна. Хариуцагч тал тракторыг аваад 3-4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Бид гадаадаас ам.доллараар оруулж ирдэг бөгөөд үнэтэй, хөдөө аж ахуйн зориулалттай техникийн хүчин чадалд би эргэлзэхгүй байна. Харин жижиг сажиг, тохиргоо зэрэг зарим зүйлс эвдэрсэн бол манайх засвар үйлчилгээг хийж өгсөн байгаа. Энэ өнгөрсөн хугацаанд манай техник хариуцагч компанид ашгаа өгсөн гэж ойлгож байгаа. Бизнест худалдаж авсан, хэрэглэсэн бол мөнгийг заавал төлөх ёстой. Иймд манай 3 компани нийт 634,425.75 ам.доллар буюу 1,299,411,132 төгрөгийг “Хурх Гол” ХХК-иас гаргуулж, сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч “Хурх Гол” ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            “Гацуурт” ХХК-ийн нэхэмжилж байгаа 1,569,997,806 төгрөгийн дүнг яаж гаргасан талаар аргачлал тооцоо нь ойлгомжгүй байна. Манай компаниас энэ тооцоог хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай төлсөн төлбөрийг тооцон үзэж, манай одоо төлөх төлбөрийг бодитойгоор дахин тогтоож, төлөх хугацааг сунгах шаардлагатай гэж үзэж байна. Энэ санал тайлбарыг гаргахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Манай компанийн “Гацуурт” ХХК-иас техникүүд авсан 2014-2015 онуудад газар тариалангийн үйлдвэрлэлд гамшиг тохиолдсон нь манай компанийг ямар ч орлогогүй болгож, улмаар худалдан авсан техникийнхээ төлбөрийг төлөх боломжгүй болгосон бөгөөд манайд учирсан энэ хохирлыг байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэхийг хүсч байна. Үүнд: 2014 онд Монгол улсын бүх газар тариалангийн компанийн тариалсан буудай цавуулаггүй байсан бөгөөд “Гацуурт” ХХК-ийн манайд нийлүүлсэн буудайн 60% нь чанарын шаардлага хангаагүй нь биднийг ашиг орлого олох боломжгүй болгосон. 2015 онд ган болж ургац алдсан нь бидний үйл ажиллагаанд нөлөөлсөн. Манай компани ургац алдаж гурилын үйлдвэрлэл 2015 оны 5 сарын 15-аас 10 сарын 15 хүртэл 5 сар сул зогсож, үлдсэн 5-6 саруудад алдагдалтай ажилласан нь авсан техник тоног төхөөрөмжийн үнийг төлөх боломжгүй болгосон. Бид дээрх тайлбар гаргаж саналаа хүргүүлэхдээ Монгол оронд тохиолдсон гантай холбоотой гамшиг, түүний дотор манай компанид тохиолдсон байгалийн давагдашгүй хүчин зүйлийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хэрвээ “Гацуурт” ХХК-ийн зүгээс манай тавьж байгаа саналыг хүлээж авах боломжгүй тохиолдолд бид дээрх техникүүдээс төлбөрт огт төлөгдөөгүй техникүүдийг бүрмөсөн буцаах хүсэлтэй байна. Уг техникүүд нь “Гацуурт” ХХК-иас авсан тэр байдлаараа бүрэн бүтэн байгаа болно гэжээ.

            Хариуцагч “Хурх Гол” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            “Хурх Гол” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай” нэртэй гэрээг “Гацуурт” ХХК-тай байгуулж, “John Deere 8530” маркийн тракторыг худалдан авсан. Манай компани тракторыг худалдан аваад урьдчилгаа төлбөрт нийт 85,000 ам.доллар буюу 151,215,000 төгрөгийг төлсөн байдаг. Бид тракторыг худалдаж авах үедээ бичиг баримттай нь танилцах гэтэл Гэрээний 1.6-д зааснаар “нийлүүлж буй техникийн үйлдвэрийн баримт бичиг болон нийлүүлж байгаа компанийн бичиг баримтын эх хувийг гэрээний төлбөр 100 хувь төлөгдсөн тохиолдолд худалдан авагч талд шилжүүлнэ” гэсэн үндэслэлээр худалдагч тал нь бидэнд техник, тоног төхөөрөмжийн бичиг баримттай холбоотой мэдээллийг өгөөгүй. “Гацуурт” ХХК нь АНУ-ын John Deere компанийн Монгол дахь төлөөлөгчийн хувьд бидэнд шинэ трактор анх нийлүүлэхээр тохиролцсон байсан ч уг компанийн техникийн албаны дарга Батбуян нь шинэ трактор байхгүй, өөрсдөө шинэ трактороо хэрэглэж байгаа учир хуучин зогсож байгаа 3 трактороос сонгоод авбал шинээс дутуугүй болгон янзалж өгнө гэж амласан. Манай төлөөлөгчид газар дээр нь очиж үзээд маргаан бүхий тракторыг 170,000 ам.доллараар буюу бараг шинэ тракторын үнээр авсан. Урьд жил нь цоо шинэ тракторыг 180,000 ам.доллараар авч байсан. Ингээд гэрээ байгуулж, урьдчилгаа 50 хувь болох 85,000 ам.долларыг тухайн үеийн албан ханшаар тооцон 151,215,000 төгрөг төлсөн.

Тракторыг худалдан авснаас хойш хэд хэдэн удаа эвдэрч байсан бөгөөд бидний зүгээс удаа дараа өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаж, засвар хийлгэн хохирч байсан. Үүнд: 8,074,596 төгрөгөөр 2 удаа дугуйг нь солиулсан, 424,200 төгрөгөөр засвар хийлгэсэн, динам шатсаныг 1,323,669 төгрөгөөр солиулсан, тээвэр болон бусад зардалд нийт 21,778,849 төгрөгийн зардлыг гаргасан болно. Худалдагч тракторыг худалдах үедээ “орж ирээд удаагүй, манай компани л ашиглаж байсан” гэж тайлбарлаж байсан бөгөөд улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанаас үзвэл уг трактор нь 2011 онд импортоор орж ирсэн байх тул 2014 онд гэрээ байгуулах хүртэл нийт 3 жилийн хугацаанд бий болсон ашиглалтын явцад үүссэн элэгдэл, хорогдлоос шалтгаалж дээрх эвдрэл гэмтлүүд гарч, хохирол учрах үндэслэл болсон гэж бид үзэж байна. Иймд худалдагчийг биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчин худалдан авагчид эрхийн доголдолтой, өөрөөр хэлбэл банкны барьцаанд тавьсан эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэн, “Гацуурт” ХХК-тай байгуулсан “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 151,215,000 төгрөг, хохиролд 21,778,849 төгрөг, нийт 172,993,849 төгрөгийг “Гацуурт” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Түүнчлэн, маргаан бүхий Гэрээний 2.1-д: “энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар худалдан авагч тал техник тоног төхөөрөмжийг худалдан авахаа албан ёсоор баталж байгаа бөгөөд ямар нэгэн шалтгаанаар ямар ч тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхгүй болно” хэмээн заасан байдаг. Энэ заалтаар тухайн гэрээний зүйл нь биет байдлын болон эрхийн доголдолтой байсан тохиолдолд худалдан авагч гэрээг цуцлах болон татгалзах боломжийг хязгаарласан заалт болно. Гэрээний дээрх заалт нь худалдан авагчийн эрх зөрчигдөж, ашиг сонирхол нь хөндөгдсөн ямар ч тохиолдолд түүнд гэрээний зүйлийг заавал худалдан авахыг тулгасан заалт байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар “Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээний 2.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Гацуурт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

            Манай компани шинэ, хуучин олон техник худалдаалж байсан бөгөөд шинэ техникийн хувьд үйлдвэрийн 1 жилийн баталгаат засварын хугацаа өгдөг. Харин хуучин техникийн тухайд техник хүлээлцэх акт үйлдэн, хэвийн ажиллагаатай бүрэн бүтэн хүлээлгэн өгдөг бөгөөд хүлээлгэн өгснөөс хойшхи ямар нэгэн эвдрэл гэмтлийг манай компани хариуцдаггүй. Худалдан авагч нь 2009 онд үйлдвэрлэсэн тракторыг 2014 онд сайн дурын үндсэн дээр өөрөө сонголт хийж худалдан авсан бөгөөд манай компани тус тракторыг хэвийн ажиллагаатай бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Бид “Хурх Гол” ХХК-ийг манай олон жилийн харилцагч компанийн хувьд хөнгөлөлт үзүүлэн төлбөрөө нэг жилийн хугацаанд хүүгүйгээр төлөх төлбөрийн хуваарь гаргаж өгсөн. Хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 20-нд 42,500 ам.доллар, мөн 2015 оны 4 дүгээр сарын 20-нд 42,500 ам.долларыг тус тус төлж дуусгах үүрэгтэй байсан боловч энэхүү гэрээний үүргээ эс биелүүлж, дээрх төлбөр төлөх хуваариа зөрчиж, өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөөсөө нэг ч төгрөгийг төлөөгүй байгаа нь бидэнд санхүү эдийн засгийн ихээхэн хүндрэл учруулж байна. Тус тракторыг өмчлөх эрх нь “Хурх Гол” ХХК-ийг төлбөрөө 100% бүрэн төлж дуустал манай компанид хэвээр үлдсэн байгаа бөгөөд бид одоог хүртэл тус тракторын өмчлөгч хэвээрээ байгаа. “Хурх Гол” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлж дууссан цагт тус тракторын өмчлөх эрх болон өмчөө захиран зарцуулах эрхээсээ татгалзаж, барьцаанаас чөлөөлөн “Хурх Гол” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлж өгөх болно. Сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйлс үндэслэлгүй бөгөөд зөвхөн төлбөр төлөхгүй гэж шалтгаан хайж, цаг хугацаа авах гэж аргацаасан арга тул энэхүү сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Хурх Гол” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, өмгөөлөгч Ж.Энхчулуун нар тайлбарлахдаа:

Энэхүү хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэгдэх хугацаанд нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсний үр дүнд маргааны зүйл болох трактор нь 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн бөгөөд гаалийн мэдүүлэгт 150,853 ам.доллар буюу 182,226,318 төгрөгийн үнэтэй гэж тусгагджээ. Гэтэл “Гацуурт” ХХК нь энэ тракторыг 3 жил гаруй хугацаанд эзэмшиж ашигласан атлаа анхны үнээс 20,000 ам.доллараар нэмэгдүүлэн бидэнд худалдаж, бидний итгэлийг эвдэж, бизнесийн харилцан ашигтай байх зорилгыг уландаа гишгэж, ашгийн төлөө яахаас ч үл буцах үйлдэл гаргасан туйлын ихээр харамсаж байна. Бидний зүгээс гэрээний 1.1-д заасан “...хэвийн ажиллагаатай болгож өгнө” гэсэн гэрээний нөхцөл удаа дараалан зөрчигдөж, богино хугацаанд 21,8 сая гаруй төгрөгийн бодит хохирлыг бидэнд учруулсан, цаашид ч энэ трактор ажил үүргээ найдвартай биелүүлэх боломжтой эсэх нь эргэлзээтэй, худалдагчийн зүгээс гэрээ байгуулах үеийн үндэслэл, нөхцөл байдал өөрчлөгдсөнийг мэдсээр байж эдгээрийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзаж бидний хооронд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээнээс татгалзахаар шийдэж, өмнө нь гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргаж байна. Иймд худалдагч талыг биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчин худалдан авагчид эрхийн доголдолтой, өөрөөр хэлбэл, банкны барьцаанд тавьсан эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 151,215,000 төгрөг, хохиролд 21,778,000 төгрөг, нийт 173,149,000 төгрөгийг “Гацуурт” ХХК-иас гаргуулж өгөхийг хүсч байна. Нэхэмжлэгч компани 1,299,411,132 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бололцоо муу байсан талаар холбогдох баримтаа гаргасан, бид төлбөрийг төлөхгүй гээгүй. Ургамал хамгаалах бодисын төлбөрийг 100 хувь төлсөн. Харди, моррис үрлэгчийн төлбөрийг төлсөн. Хор цацагчийн төлбөр дутуу байгааг бид төлнө. Иймд төлөхгүй байгаа гэдэг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бид тооцоогоо гаргаад 731,247,931 төгрөг төлөхийг бид зөвшөөрч байгаа. Моррис үрлэгчийг мэдэхгүй учраас бид  2,3 жил алдсан. Гэхдээ үүнтэй холбоотой гомдол гаргахгүй. Комбайны төлбөр 549,480,811 төгрөгөөс 183,160,270 төгрөг нь алданги болж байгаа юм. Алдангийг 50-60 хувь хөнгөлж өгнө үү гэж шүүхээс хүсч байна. нэхэмжлэгч байгууллага хохироогүй. Бид энэ тракторыг ажиллуулах гэж хичээсэн тул энэ маргаан үүсч байна. 2,6 тэр бум төгрөг дээр 300,000,000 төгрөг нийт 3 орчим тэрбум төгрөгийг бид хариуцагч компанид жил орчим ашиглуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлдөг боловч 30 хувийн төлбөрийг тооц гэсний дагуу тооцсон. Бид үүнд пртоколь үйлдээгүй буруутай. Трактор бол одоо ажил гүйцэтгэх боломжгүй. Уг нь бид тракторыг нь тухайн үед хашаанд нь аваачаад тавих ёстой байсан юм байна. 10,000,000 төгрөгийн дугуй гэдэг бол хөнгөн гэмтэл биш 1 автомашины үнэ шүү дээ. Жанам нь эвдэрсэн, труф цоорох гэмтлүүд бага гэмтэл биш юм. Энэ трактор цаашдаа ажил үүрэг гүйцэтгэх ямар ч боломжгүй тул тракторыг буцаахаас өөр аргагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас комбайны төлбөрийн 50 хувийг хөнгөлж өгвөл бид өөр хүсэх зүйлгүй, хариуцлагаа хүлээнэ. Энэ хэрэг маргаан /төвөгтэй/ маргаан юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 62 дугаар зүйл гаргасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэх нь эргэлзээтэй. Сүүлд нэхэмжлэгч тал тооцоолол гаргаж өгсөн гэж байгаа боловч энэ бол тооцоолол биш юм. Учир нь үндсэн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой биш юм. Нэхэмжлэгчийн 1,2 тэрбум төгрөг шаардаж байгаагийн хэд нь гэрээний төлбөр, хэд нь алданги, хэд нь хүү гэдэг нь ойлгомжгүй байна. Бидний сүүлд гаргасан тооцоолол дээр тодорхой байгаа судлаарай гэж хэлмээр байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа шиг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн өдрийн ханшаар бодохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.2 дахь хэсэгт зааснаар гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэдгийг  яриад байгаа юм шиг байгаа юм. Нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор  заасан байгаа. Тухайн үеийн ханш гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийн ханш эсэх нь тодорхойгүй байна. Тухайн үеийн ханш гэдгийг тухайн өдрийн ханшаар тооцож байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Шүүхийн практик дээр янз янзаар тооцож явж байгаа. Бид үүрэг үүсэх үеийн ханшаар бодох ёстой гэж үзэж байгаа. Энэ үеийн ханшийн баримтуудаа бид шүүхэд гаргаж өгөөд тооцсон байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцлагатайгаар нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон бол энэ асуудал тодорхой болох ёстой байсан.  Харамсалтай нь тооцоогоо тодорхой гаргаагүй, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох ёстой гэж шүүх хуралдаан хойшилж байсныг бид санаж байна. Иймд бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг баримтлахаас өөр аргагүй болж байна.   Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байдаг. Анз гэдэг бод үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа юм. Үүнд шууд болон дам зүйл нөлөөлж болно. Эдийн засгийн хувьд 2 компани олон жил хамтарч ажилласны тод жишээ нь хариуцагч байгууллага банкнаас 4,6 тэрбум төгрөгийн зээл авааад  2,6 тэрбум төгрөгийг 1 жил орчим хугацаанд нэхэмжлэгч байгууллагад ашиглуулж байсан.  н.Батдуламын гарын үсэгтэй баримтыг шинжлэн судалсан. Түүний үндсэн дээр  300,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Аль болох хөнгөлттэй нөхцөл үзүүлж байсан ч үр дүнгээ үзүүлээгүй. Хариуцлага хүлээх үндэслэлтэй боловч тракторын анзын хэмжээг бууруулах боломжтой гэж харж байна. Бусад зүйлийг тооцоход нийт 290,000,000 төгрөгийн алданги хүлээж байгааг бага биш гэж үзэж байна. Бид нэхэмжлэлийн үнийн дүнг ярихдаа 5 гэрээний хүрээнд ярьж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөнгө хүүлдэг байгууллага, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцол зээлийн үйл ажиллагаа явуулдаг юм шиг зүйл ярьж байна. Эхлээд хүү алдангиа аваад дараа нь үндсэн төлбөрийг тооцдог хуулийн зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг үүсэх дараалал гэдгийг тодорхой заасан байгаа. Өнөөдөр гэрээтэй нь хэдэн төгрөг, гэрээгүй ургамал хамгаалах бодисын ялгааг гаргахгүйгээр, хүү алдангийг яаж тооцсон гэдгийг бодох боломжгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн тооцоогоор ургамал хамгаалах бодисын төлбөрийн үлдэгдэл 16,034,870 төгрөг төлөх тооцоо гарч байгаа. Үүн дээр маргалдах зүйлгүй гэж үзэж байна. Энэ нь тооцоо нийлсэн акт дээр тодорхой харагдаж байгаа. Хэргийн 61 дүгээр хуудсанд байгаа тооцоо нийлсэн акт дээр тодорхой байгаа 300,000,000 төгрөг бэлнээр, бэлэн бусаар өгсөн. Энэ мөнгийг авсан гэдгээ шүүх хуралдаан дээр нотолсон. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шууд бус ч гэсэн ашиглаж байсан техник тоног төхөөрөмжийг засч өгнө, сайжруулж өгнө гэх мэтээр худалддаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хашаанаас гарсан бол манайтай холбоогүй мэтээр тайлбарлаж байгаа нь бизнесийн ёс зүйд нийцэхгүй, гэрээний үүрэг биелүүлэгчийн хувьд хариуцлагагүй зүйл гэж үзэж байна. Иймд үндсэн нэхэмжлэлтэй холбоотой хариуцагчийн тайлбарыг 100 хувь дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд тракторыг ашиглагдаж байсан, хэвийн болгож өгнө гэж гэрээн дээр байгааг юу гэж ойлгох вэ. Иргэний хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар ашиглагдаж байсан, хэвийн бус ажиллагаатай байсан гэж ойлгогдож байна. Техник хүлээлцсэн актыг судлахад мотор кроп, хүч дамжууулах анги, дугуйн асуудал яригдаж байна 3 холбооны тухай асуудал байхгүй. Зөвхөн гэрэл дохионы асуудал бичигдсэн байна. Мөн мот.цагийг ухрааж бичсэн байна. Мөн Монгол улсын гаалиар энэ трактор орж ирэхдээ энэ трактор 150.000 ам.долларын үнэтэй байсан байхад 3 жилийн дараа ашиглачихаад хэвийн бус болгоод зарахаараа 170,000 ам.доллар болгож зарж байгаа энэ үйлдэлд бизнесийн ёс зүй болон хариуцлагын талаар ярих шаардлагагүй болж байгаа юм. Иргэний хуульд заасны дагуу эрхийн болон бие байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлж өгөх үүрэгтэй. Урьдчилгаагаа аваад, хэвийн бус ажиллагаатай эдийн төлбөрийг төл гэж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах журам гэж байгаа. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснэаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ утгаар 3 жилийн хугацаанд 9 өдөр ажилласан тракторыг буцааж өгч, өгсөн мөнгөө буцааж авах, шаардлагатай засвар хийсэн зардал болон үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлага нийт 172,903,849 төгрөгийг шаардаж байгаа.  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйл, 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй.  Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй. Худалдан авагч ядаж 3 жил толгой өвдөхгүй тракторыг ашиглахаар авсан байхад 3 хонохгүй эвдэрсэн. Том дугуй буудаад дугуй өг гэхэд дугуй өгөхгүй худалдаж ав гэсэн тул 2 ширхэг дугуйг 10,000,000 төгрөгөөр авсан байдаг. Дөнгөж ажиллуулж эхэлтэл труф хугардаг, шаланк мултарч унадаг, динам шатсан нь хэвийн бус ажиллагаатай байсан гэдэг нь нотлогдож байна. Мөн гэрчүүд худлаа ярина гэхэд арай дэндүү худлаа ярьж байсан. Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар  үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байна. 21,7 сая төгрөг бол хохирол тооцогдоно. Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж байдаг. Учир нь эрхийн болон биет байдлын доголдолтой байсан. Иймд Иргэний хуульд заасан үндэслэлүүдийн дагуу гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. "Хурх гол" ХХК-тай гэрээ байгуулан мөнгө хүлээж авсан гэдгээ хүлээж авсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр хангахыг хүсч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг хангах хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан тайлбартаа:

            “Хурх Гол” ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсгүүдэд заасны дагуу гэрээнээс татгалзах тухай өмнө нь манай компанид огт мэдэгдээгүй. Иргэний хуулийн 209.1-д “хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж заасан бөгөөд манай компани “Хурх Гол” ХХК-д энэхүү тракторыг гэрээ байгуулагдмагц хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нь тракторын төлбөрийн зарим хэсгийг төлсөн байгаагаас үзэхэд энэхүү гэрээнээс татгалзах эрхээ аль хэдийнэ алдсан байгаа юм. Гэрээ болон хуульд зааснаар сөрөг нэхэмжлэлд дурдсан тракторын эвдрэл гэмтлийн талаар шаардлага гаргах эрхийн хугацаа нь өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж аваад 3 жил болсон учир эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах эрхгүй болсон байна. Мөн түүнчлэн, тус тракторыг 2014 онд “Хурх Гол” ХХК-д хүлээлгэн өгөхөд 2,290 мото цаг/км ажилласан байсан ба өнөөдрийн байдлаар тус трактор нь 3,540 мото цаг/км ажилласан байна. Тодруулбал, хариуцагч энэ тракторыг манайхаас авснаас хойш нийт 1,250 мото цаг/км ажиллуулсан байна. Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж түрээслэх нь манай компанийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд техник, тоног төхөөрөмж тус бүрээс дагаж мөрддөг түрээсийн үнэлгээний тарифтай. “Хурх Гол” ХХК-ийн худалдаж авсан маргаан бүхий тракторыг 1 мото цаг/км нь 161 ам.долларын түрээсийн төлбөртэй байдаг. “Хурх Гол” ХХК нь тус тракторыг худалдаж авснаасаа хойш буюу өнгөрсөн 3 жилийн хуагцаанд нийт 1,250 мото цаг/км ажиллуулсан байх тул тэрхүү ажиллуулсан хугацааны түрээсийн төлбөр нь 201,250 ам.доллар буюу 495,880,000 төгрөг буюу ийм хэмжээний хохирол манай компанид учруулаад байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй. 2013 онд “Гацуурт” ХХК, “Хангай милсс” ХХК-тай улаан буудай худалдах худалдан авах гэрээ байгуулснаа шүүхэд баримтаар гаргаж өгсөн. Энэ гэрээ 4 тэрбум 626,000,000 төгрөгийн гэрээ байсан. Энэ гэрээний урьдчилгаа 20 хувь болох 924,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Энэ 300,000,000 төгрөг бол энэ урьдчилгаа мөнгөний төлбөр юм. “Хангай милсс”-иас банкаар 300,000,000 төгрөг, 400,000,000 төгрөг орж ирсэн эдгээр төлбөрүүд бүгд улаан буудайны гэрээний мөнгө юм. “Хангай милсс” ХХК, “Хурх гол” ХХК-иуд нь гэр бүлийн компани юм. 2 компанийн 300,000,000 төгрөгийг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Комбайн худалдах, худалдан авах гэрээ 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан байхад энэ улаан буудайны 300,000,000 төгрөгийг 6 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн байгаа юм. Энэ төлбөр бол улаан буудайны урьдчилгаа болохоос биш техник тоног төхөөрөмжтой огт хамааралгүй юм. Гэрээ хийх үед энэ мөнгийг шилжүүлсэн гэж хэлэх бүрэн боломжтой байсан боловч хэлээгүй. Улаан буудайны гэрээний талаар гомдолтой байгаа бол тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа. “Гацуурт” ХХК, “Хангай милсс” ХХК-иудын хооронд хийсэн улаан буудайны гэрээний дагуу хийсэн төлбөрийг өөрөөр тайлбарлаж шүүхийг будилуулах гэж байна гэж үзэж байгаа тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Гуравдагч этгээд “Хангай Миллс” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Манай компани 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13/53 дугаартай гэрээг “Хурх Гол” ХХК-тай байгуулж, уг гэрээгээр “Хангай Миллс” ХХК нь “Хурх Гол” ХХК-д үр тариа хураах зориулалтын John Deere W210 маркийн 2 ширхэг комбайныг худалдан авахад нь зориулж 300,000,000 төгрөгийг 2013 оны намар авах улаанбуудайн урьдчилгаа хэлбэрээр тооцон хүүгүй олгох, тус 2 ширхэг комбайныг гэрээгээр тохирсон улаанбуудайг нийлүүлэх хүртэл “Хангай Миллс” ХХК-ийн барьцаанд байлгахаар тохиролцсон. Ингээд манай компани 2013 оны 6 дугаар сарын 03-нд “Гацуурт” ХХК-д 300,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болно. Гэтэл “Гацуурт” ХХК, “Баяндулаан-Уул” ХХК, “Сэлэнгэ Алтанговь” ХХК-иуд нь “Хурх Гол” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 782,206.94 ам.доллар буюу 1,569,997,706.58 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2 ширхэг комбайны үнийг гэрээний дагуу урьдчилан төлсөн байтал нэхэмжлэгч тал түүнийг эрс үгүйсгэж үнийг төлөөгүй гэж хүү, алданги тооцон нэхэмжилж буй нь тэдний зүгээс үндэслэлгүй хөрөнгөжиж буйн нэг хэлбэр болно. Иймд бид нэгэнт гүйцэтгэсэн төлбөр болох 300,000,000 төгрөгөө эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдийн хувиар бие даасан шаардлага гаргах хэлбэрээр нэхэмжилж байна. Иймээс манай компани “Гацуурт” ХХК-д төлсөн 300,000,000 төгрөгөө буцааж гаргуулах хүсэлтэй байна. 300,000,000 төгрөг дансаар орж ирсэн. Бэлнээр орж ирсэн 300,000,000 төгрөг бол будааны тооцоо биш юм. Манай компани “Хурх гол” ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгө шилжүүлсэн тул нэхэмжлэгч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул хариуцагч компаниас манай шилжүлсэн 300,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Гацуурт” ХХК, “Баяндулаан Уул” ХХК, “Сэлэнгэ Алтанговь” ХХК-иуд нь хариуцагч “Хурх Гол” ХХК-д холбогдуулан техник тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 782,260.94 ам.доллар буюу 1,569,997,706 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “Хурх Гол” ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой үнийн дүнг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцон илүү нэхэмжилсэн хэсгийг эс зөвшөөрөн маргах бөгөөд, нэхэмжлэгч “Гацуурт” ХХК-д холбогдуулан тус компанитай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ӨХШ 14/87 дугаар “Техник, тоног төхөөрмжийг зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээнээс татгалзаж, уг гэрээний урьдчилгаанд төлсөн 151,215,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 21,778,000 төгрөг, нийт 173,149,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагуудын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа тодруулж, маргаан бүхий гэрээнүүдийн тооцооллыг 5 удаа гаргаж, уг тооцооллоор хариуцагч байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөгдсөн нийт 78,943,080 төгрөгийг тухайн төлбөр төлсөн өдрийн ам.долларын ханшид хөрвүүлэн төлбөрт тооцож, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 147,835.19 ам.доллар буюу 270,579,573.37 төгрөгөөр багасгажээ.

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулбал:

            Нэхэмжлэгч “Гацуурт” ХХК болон хариуцагч “Хурх Гол” ХХК-ийн хооронд “Техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” болон “Ургамал хамгаалах бодис зээлээр худалдах, худалдан авах” тухай хэд хэдэн гэрээнүүд байгуулагдсан байна.

1. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13062702 тоот “Техник, тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээний дагуу худалдагч “Гацуурт” ХХК нь худалдан авагч “Хурх Гол” ХХК-д John Deere W210 маркийн 190,000 ам.долларын үнэ бүхий 2 ширхэг комбайныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 57,000 ам.долларыг төлөх, техник хүлээн авсан өдрөөс эхлэн үлдэгдэл 70 хувь буюу 133,000 ам.долларын төлбөрийг 24 сарын хугацаанд төлж барагдуулах ба үлдэгдэл төлбөрт сарын 1,2% ам.долларын хүү тооцож, хүүгийн төлбөрийг хамт төлөхөөр тохирч, төлбөрийн хуваарь гаргажээ.

Гэрээнд заасны дагуу худалдан авагч нь төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, гэрээний 1.4-т заасны дагуу гэрээ дуусах хүртэл хугацаанд төлвөл зохих сар бүрийн хүүгийн хэмжээ 2,280 ам.доллар байх бөгөөд нийт гэрээний хугацаанд 54,720 ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг энэхүү гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй гэж тайлбарлан, үндсэн төлбөр 190,000 ам.доллар, хүүгийн төлбөрийг 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 74,328 ам.доллар, гэрээний 4.4-т заасан алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 95,000 ам.доллар, нийт 359,328 ам.доллар буюу 735,968,423.04 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь энэхүү гэрээний урьдчилгаа төлбөрийг “Хангай Миллс” ХХК-тай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Гэрээ”  гэх нэрлэгдээгүй гэрээний дагуу “Хангай Миллс” ХХК төлсөн бөгөөд тэрхүү урьдчилгаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд техник тоног төхөөрөмжийг худалдагч тал гэрээнд заасны дагуу шилжүүлэхгүй гэж тайлбарлан дээрх гэрээ болон “Хангай Миллс” ХХК-иас “Гацуурт” ХХК-д “хоорондын тооцоо” гэх утгатай төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн дээрх тайлбарыг няцаан маргах боловч, тэрхүү 300,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй ба уг төлбөр нь маргаан бүхий “техник тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээний үүрэгтэй хамааралгүй, “Хангай Миллс” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Улаан буудай худалдах, худалдан авах тухай” гэрээний дагуу төлсөн төлбөрт тооцсон гэж тайлбарлана.

Гэвч 300,000,000 төгрөгийн төлбөрийг “Хангай Миллс” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан “Улаан буудай худалдах, худалдан авах тухай” 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ байгуулагдахаас 3 сарын өмнө, мөн түүнчлэн, маргаан бүхий “комбайн зээлээр худалдах, худалдан авах тухай” 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг байгуулахаас 24 хоногийн өмнө төлөгдсөн байх тул эдгээр гэрээнүүдийн дагуу 300,000,000 төгрөг төлөгдсөн гэх тайлбараа зохигчид хэн аль нь бүрэн нотлоогүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, талуудын тайлбарласан дээрх гэрээнүүдийг байгуулахаас өмнө урьдчилгаанд тооцон төлсөн гэж хэн аль нь тайлбарлах боловч энэ талаар тэдний тайлбарын үндэслэл болгож буй гэрээнүүдэд тусгагдаагүй байна.

Маргаан бүхий №13062702 тоот гэрээний дагуу худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “Гацуурт” ХХК нь хариуцагч “Хурх Гол” ХХК-иас энэхүү гэрээний дагуу үндсэн төлбөр 190,000 ам.доллар, гэрээний 1.5-д заасан хүүгийн төлбөр нийт 23,256 ам.доллар, гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг тус тус шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүүгийн төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцон 74,328 ам.доллар шаардсан нь хуульд нийцээгүй, гэрээгээр тохиролцсон хэмжээнээс хэтэрсэн байх тул гэрээнд заасны дагуу 23,256 ам.долларын хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч нь алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анз нь гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг үндэслэн гэрээний үндсэн төлбөр болох 190,000 ам.доллараас тооцсон нь хуульд нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардсан алдангийг 50-60 хувь хөнгөлөхийг хүсэхдээ тус компанийн санхүүгийн хүнд нөхцөл байдал болон өрийн дарамт зэргийг үндэслэсэн.

Иргэний харилцаанд анзыг хэрэглэх чиг үүрэг нь юуны өмнө үүрэг гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг баталгаажуулах арга хэрэгсэл болох бөгөөд анзын хэмжээг бууруулахдаа гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу, зөрчлийн цар хүрээ, ноцтой байдал, үүрэг гүйцэтгэгчийн эдийн засгийн чадавхи зэргийг харгалзан тогтоож болно.

Энэ хэргийн хариуцагч “Хурх Гол” ХХК-ийн хувьд маргаан бүхий гэрээний үүргээ биелүүлээгүй хэдий ч, талууд удаан жилийн хугацаанд хамтран ажиллаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс бусад гэрээнүүдийн дагуу төлбөрийг тодорхой хэмжээгээр төлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэгчийн шаардсан алдангийг 25 хувиар багасгаж, нийт алдангид 71,250 ам.долларыг хариуцагчаас гаргуулан, 23,750 ам.доллараар багасгах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр “Гацуурт” ХХК болон “Хурх Гол” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу хариуцагчаас үндсэн төлбөр 190,000 ам.доллар, хүүгийн төлбөрт 23,256 ам.доллар, алдангид 71,250 ам.доллар, нийт 284,506 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн бөгөөд, уг шаардлагаас 74,822 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч “Гацуурт” ХХК-ийн дараагийн шаардлага болох 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Хурх Гол” ХХК-тай байгуулсан ӨХШ-14/87 дугаартай “Техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээгээр худалдагч “Гацуурт” ХХК нь худалдан авагч “Хурх Гол” ХХК-д 170,000 ам.долларын үнэ бүхий John Deere 8530 маркийн дугуйт тракторыг шилжүүлэх, худалдан авагч нь гэрээнд гарын үсэг зурснаас хойш 1 хоногийн дотор гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 85,000 ам.доллар ба түүнтэй тэнцэх төгрөгийн төлбөрийг төлөх, үлдэгдэл 50 хувийн төлбөр 85,000 ам.доллар ба түүнтэй тэнцэх төгрөгийг 12 сарын дотор хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрх гэрээгээр талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол зүйл буюу хүү тооцохоор тохиролцоогүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзнэ.

Энэхүү гэрээний дагуу худалдан авагч “Хурх Гол” ХХК нь “Гацуурт” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлсөн 151,215,000 төгрөг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж төлсөн 64,740,300 төгрөг, нийт 215,955,300 төгрөгийг төлбөр төлсөн өдрүүдийн Монгол банкны валютын ханшид хөрвүүлснээр бүгд 115,193.74 ам.долларыг төлсөн гэж тайлбарлан, холбогдох төлбөрийн баримтууд болон банкны ханшийн лавлагаа, төлбөрийн тооцооллуудыг баримтаар гаргажээ.

Харин нэхэмжлэгч “Гацуурт” ХХК нь хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 30,307.30 ам.долларыг алданги 42,485.66 ам.доллараас хасч, үлдэх 12,178.36 ам.долларыг алдангид шаардах бөгөөд гүйцэтгээгүй үүргийг 84,971.32 ам.доллар гэж тодорхойлсон байна.

Гэрээний нийт үнэ 170,000 ам.доллараас худалдагч талын төлсөн 84,886.44 ам.долларыг хасвал 85,113.56 ам.долларын төлбөрийн үлдэгдэл гарах боловч нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдлийг 84,971.32 ам.доллар гэж тодорхойлон, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алдангийг 42,485.66 ам.доллар байхаар тооцож, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас төлсөн 64,740,300 төгрөг буюу 30,307.30 ам.долларыг хасч тооцон алдангид 12,178.36 ам.доллар, нийт 97,149.68 ам.доллар буюу 198,980,023.05 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байх тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин хариуцагч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр маргаан бүхий дээрх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу урьчдилгаанд төлсөн 151,215,000 ам.долларыг буцаан гаргуулах, гэрээнээс учирсан хохиролд 21,778,849 төгрөг, нийт 172,993,849 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч “Хурх Гол” ХХК нь нэхэмжлэгч “Гацуурт” ХХК-н үндсэн нэхэмжлэлд холбогдуулан, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ-14/87 дугаартай “Техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээний зүйл болох John Deere 8530 маркийн дугуйт трактор нь эрхийн болон биет байдлын доголдолтойн улмаас уг гэрээнээс татгалзаж, тракторыг худалдагч талд буцааж өгөх, урьдчилгаанд төлсөн төлбөр болон гэрээнээс учирсан хохиролд нийт 172,993,849 төгрөгийг “Гацуурт” ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Гацуурт” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээний зүйл болох дугуйт трактор нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн барьцаанд байсан болох нь баримтаар тогтоогдсон, үүний улмаас тракторыг өмчлөх эрхэд зөрчил үүссэн, техник тоног төхөөрөмжийн бичиг баримттай холбоотой мэдээлэл, улсын номер дугаарыг өгөөгүйн улмаас мэргэжлийн хяналт болон холбогдох улсын бусад байгууллагуудаас тракторыг ажиллуулахгүй байж, арга хэмжээ авсан гэж тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд биет байдлын доголдолгүй трактор хүлээлгэн өгсөн гэх өөрийн тайлбараа нотлох зорилгоор тракторыг хүлээлцсэн актыг гаргасан байна.

Биет байдлын доголдлын тухайд: “Техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулснаар худалдан авагч нь гэрээний зүйл болох тракторыг 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаас хойш буюу 4 дүгээр сарын 29-ний өдрөөс биет байдлын доголдол илэрч, худалдагч талын талбайгаас авч явах замд тракторын дугуйнууд хагарч, дахин шинээр худалдаж авсан, шилжүүлэн авснаас хойш бүрэн ажилдаггүй, худалдагч талд гомдлын шаардлагыг амаар гаргаж байсан гэж тайлбарлан, тийнхүү тракторт гарсан засварын зардлыг нэхэмжлэгчээс мөн гаргуулахаар шаардаж, холбогдох төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 251.3 дахь хэсэгт “үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу ... эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж тус тус заасан байх бөгөөд, хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3 дахь хэсэгт “тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс ... үүссэн бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж тус тус заасан байх бөгөөд худалдан авагч тал нь маргаан бүхий тракторыг худалдагч талаас хүлээн аваад, Улаанбаатар хот руу өөрөөр нь явуулсан үйл явцыг тээвэрлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.

Хариуцагч тал тракторыг хүлээн авснаас эхлэн доголдол илэрсэн бөгөөд үүний улмаас засвар хийж, эд ангиудыг нь худалдагч талаас худалдан авч сольж байсан, мөн худалдагч талын инженерийг дуудан засварлуулж байсан гэж тайлбарлах бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр энэ нөхцөл тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн, тийнхүү шаардлага гаргаж байсан болохоо баримтаар нотлоогүй, түүнчлэн, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах талаар гэрээний нөгөө талд мэдэгдэж байсан эсэх талаар баримт байхгүй зэрэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Гацуурт” ХХК болон хариуцагч “Хурх Гол” ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан №09 тоот “Ургамал хамгаалах бодис зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээгээр худалдагч тал нь худалдан авагчид нийт 29,960 ам.долларын үнэ бүхий 500 л хэмжээтэй 4,000 ширхэг ургамал хамгаалах бодисыг нийлүүлэх, гэрээ байгуулсан өдөр худалдан авагч тал нь гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 8,988 ам.долларын урьдчилгааг төлөх, гэрээний үлдэгдэл төлбөр болох 70 хувь буюу 20,972 ам.долларыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр багтаан төлж дуусгах, гэрээний хугацааг дуусах хүртэл үлдэгдэл төлбөр болох 20,972 ам.долларт сар бүр 1,17 хувь ам.долларын хүү тооцож /нэг сарын 245.37 ам.доллар байх/, төлбөрийг төгрөгөөр төлөх тохиолдолд тухайн өдрийн арилжааны банкны ам.долларын ханшийг үндэслэхээр тусгаж, гэрээний хугацаанд аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар торгууль тооцож нөгөө талдаа төлөх, мөн худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд бодисыг татаж аваагүй, эсвэл гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр хариуцлагыг зохицуулсан байна.

Талуудын байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд гэрээний талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

Гэрээний үндсэн төлбөр 29,960 ам.доллар бөгөөд гэрээний хугацаанд худалдан авагч нь тодорхой төлөлт хийж байсан байна. Үүнийг тодруулбал:

- 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 14,634,035 төгрөг төлснийг тухайн өдрийн ханш 1,931.93 төгрөгөөр тооцон 7,574.83 ам.доллар /хх-132/

- 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэгч талын гаргасан тооцооллуудад өөр өөрөөр бичсэн бөгөөд хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар энэ өдөр 30,000,000 төгрөгийг хариуцагчаас төлсөн болох нь тогтоогдсон тул энэ үнээр төлөлтийг тооцох нь зөв бөгөөд, 30,000,000 төгрөгийг тухайн өдрийн ханш 2,017.42 төгрөгөөр тооцон 14,870.48 ам.долларын төлөлт хийсэн гэж, /1-р хх-64/

- 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 12,260,680 төгрөг төлснийг тухайн өдрийн ханш 2,026.93 төгрөгөөр тооцон 6,048.89 ам.долларын төлөлт хийсэн,

- 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,942,000 төгрөг төлснийг тухайн өдрийн ханш 2,247.52 төгрөгөөр тооцон 864,06 ам.долларын төлөлт хийсэн зэргийг дүгнээд, нийт 29,358.26 ам.долларын төлөлт хийгдсэн болохыг тооцов.

Үндсэн төлбөр 29,960 ам.доллараас гэрээний хугацаанд буюу 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлөлт хийгдээгүй, эхний төлөлт 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн байна.

Иймд гэрээний үндсэн төлбөр 29,960 ам.доллар дээр, гэрээний хугацааны буюу 1 сарын 350.5 ам.доллар * 6 сар = 2,103 ам.долларын хүү тооцох бөгөөд, талуудын тохиролцсоноор болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анзыг тооцвол: 14,980 ам.долларыг хариуцагчаас шаардсан нь хуульд нийцжээ.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ 6 сарын хугацаатай байгуулагдсан байхад гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу хүү тооцсон нь хуульд нийцээгүй байх тул хүүгийн төлбөрт илүү нэхэмжилсэн 8,039 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн төлбөр 29,960 ам.доллар, хүүгийн төлбөр 2,103 ам.доллар, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд ногдох алдангид 14,980 ам.доллар, бүгд 47,043 ам.доллар төлөхөөс хариуцагчийн төлсөн 29,358.26 ам.долларыг хасч тооцон, нийт 17,684.74 ам.долларыг энэхүү гэрээний хүрээнд хариуцагчаас гаргуулж, уг шаардлагаас 9,093.56 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

Нэхэмжлэгч “Баяндулаан-Уул” ХХК-ийн шаардлагын тухайд:

“Баяндулаан-Уул” ХХК болон “Хурх Гол” ХХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13061201 дугаартай “Техник, тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээ хийгдэж, уг гэрээгээр худалдагч тал “Гацуурт” ХХК нь ургамал хамгааллын бодис цацагч Hardi маркийн 38,000 ам.долларын үнэ бүхий техникийг худалдан авагч тал “Хурх Гол” ХХК-д шилжүүлэх, гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор худалдан авагч тал гэрээний нийт үнийн 60 хувь буюу 22,800 ам.долларын төлбөрийг төлөх, техник хүлээн авсан өдрөөс эхлэн үлдэгдэл 40 хувийн төлбөр 15,200 ам.долларыг 3 сарын хугацаанд буюу 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, энэ хугацаанд үлдэгдэл төлбөрт сарын 1,2 хувийн ам.долларын хүү тооцож, хүүгийн төлбөрийн хамт төлөх, барааг урьдчилгаа төлбөр төлөгдсөн өдрөөс хойш 10 хоногийн дотор нийлүүлэх, уг бараанд баталгаат засварын хугацаа олгохгүйгээр, мөн гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд шилжүүлэх шаардлагатай төлбөрийн дүнгийн 0,2 хувиар алданги төлөх зэрэг хариуцлагыг тусгасан, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, зохигчид хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

Гэрээний үндсэн төлбөр 38,000 ам.доллар бөгөөд худалдан авагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, маргаан бүхий гэрээ, төлбөрийн тооцоолол зэрэг баримтуураад тогтоогдсон.

Нэхэмжлэгч “Баяндулаан-Уул” ХХК нь гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлэхээр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд худалдан авагч урьдчилгаа төлбөрийг шилжүүлээгүй байхад техникийг хүлээлгэн өгсөн байна.

Гэрээний дагуу төлвөл зохих үндсэн төлбөр 38,000 ам.доллар, түүнээс гэрээнд заасан хүүг тооцвол: 1 сард 456 ам.доллар тооцогдож, худалдан авагч нь гэрээний 3 сарын хугацаанд 1,368 ам.долларын хүүгийн төлбөрийг худалдагч талд төлөхөөр үүрэг хүлээжээ. Маргаан бүхий зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хүү тооцохдоо зөвхөн гэрээний хугацаанд оруулж тооцох тул хүүгийн төлбөрт илүү нэхэмжилсэн 13,680 ам.долларыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн үндсэн төлбөрийн 50 хувиар тооцож гаргасан нь үндэслэлтэй байх тул 19,000 ам.долларын алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр үндсэн төлбөр 38,000 ам.доллар, хүү 1,368 ам.доллар, алданги 19,000 ам.доллар, нийт 58,368 ам.долларыг хариуцагч “Хурх Гол” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Баяндулаан-Уул” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,680 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ийн шаардлагын тухайд:

Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ӨХШ14/86 дугаар “Техник, тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулагдан, худалдагч “Сэлэнгэ-Алтанговь” ХХК нь нийт 105,400 ам.долларын үнэ бүхий “Хийн үрлэгч Моррис” техникийг худалдан авагч “Хурх Гол” ХХК-д шилжүүлэх, гэрээ 12 сарын хугацаатай, хүү тооцохгүй байх бөгөөд, худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд  алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож худалдагч талд төлөхөөр тогтоосон байна.

Дээрх гэрээ нь хэдийгээр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэгдсэн боловч тодорхой хуваарийн дагуу хүү тооцохгүйгээр, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзнэ.

Гэрээний нийт дүн 105,400 ам.доллар бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу дараахь төлөлтүүдийг хийжээ:

- 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 49,000,000 төгрөгийг мөн өдрийн ханш 1779.92 төгрөгт тооцон нийт 27,529.33 ам.доллар төлсөн

- 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 44,753,300 төгрөгийг мөн өдрийн ханш 1781.38 төгрөгт тооцон нийт 25,122.83 ам.доллар төлж, нийт 52,652.15 ам.доллар төлсөн бөгөөд, 52,747.85 ам.долларын үлдэгдэлтэй байна.

Гэрээний дагуу үлдэх төлбөрийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн, хариуцагчаас гүйцэтгээгүй үүрэг 52,747.85 ам.долларын 50 хувь буюу 26,373.92 ам.долларын анз шаардсан нь хуульд нийцсэн байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 79,121.77 ам.долларыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “Хурх Гол” ХХК-иас ам.доллар гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын ханшийн зөрүүг тооцохдоо Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар “үүрэг үүсэх үеийн ханшаар” тооцох ёстой гэж тайлбарлах боловч уг зохицуулалт нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тооцох тооцооллоос ялгаатай юм.

Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно” гэж заасан байдаг. Тийнхүү баримтлахдаа тооцох тооцооллыг нэхэмжлэл гаргах үеийн ханш гэж ойлгох учир нэхэмжлэлийн валютаар гаргасан шаардлагаа уг нэхэмжлэлийг гаргасан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханш болох 2,048.18 төгрөгөөр тооцсоныг буруутгах боломжгүй.

Гуравдагч этгээд “Хангай Миллс” ХХК-ийн бие даасан шаардлагын тухайд:

“Хангай Миллс” ХХК нь нэхэмжлэгч “Гацуурт” ХХК-д холбогдуулан тус компанид бэлнээр өгсөн 300,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Бие даасан шаардлагын үндэслэлээ “Хангай Миллс” ХХК болон “Хурх Гол” ХХК-иудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн 13/53 дугаартай гэрээгээр тус компани нь “Хурх Гол” ХХК-д үр тариа хураах зориулалтын John Deere маркийн 2 ширхэг комбайныг худалдан авахад зориулж 300,000,000 төгрөгийг 2013 оны намар авах улаанбуудайн урьдчилгаа хэлбэрээр тооцон хүүгүй олгох, тус 2 ширхэг комбайныг гэрээгээр тохирсон улаанбуудайг нийлүүлэх хүртэл “Хангай Миллс” ХХК-ийн барьцаанд байлгахаар тохиролцож, 2013 оны 6 дугаар сарын 03-нд “Гацуурт” ХХК-д 300,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тайлбарлан, тийнхүү баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

Гуравдагч этгээд дээрх шаардлагаараа “Гацуурт” ХХК болон “Хурх Гол” ХХК-ийн хоорондын 190,000 ам.долларын өртөг бүхий техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний урьдчилгаа төлбөрт 300,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн байхад үгүйсгэж байгаа үйлдлийг “Гацуурт” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, нэгэнт гүйцэтгэсэн төлбөр болох 300,000,000 төгрөгөө буцаан гаргуулахыг хүсчээ.

Гэвч бие даасан шаардлагын үндэслэл болсон 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ, “тооцоогоор” гэх утгатай 300,000,000 төгрөгийн төлбөрийн баримт зэрэг нь үндсэн нэхэмжлэлээр шаардсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцогдоно гэх гуравдагч этгээдийн тайлбарыг бүрэн нотлож чадахгүй байх бөгөөд, хэрэгт авагдсан “Гацуурт” ХХК-тай тооцоо нийлсэн актад тэрхүү 300,000,000 төгрөгийг комбайн зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнд тооцсон талаар тусгагдаагүй, харин 8 дугаар сарын 30-ны өдөр 300,000,000 төгрөгийг ХАС банк шилжүүлсэн гэх бичиглэл байх бөгөөд түүнийг зохигчид “Гацуурт” ХХК-тай “Хангай Миллс” ХХК-ийн байгуулсан улаанбуудай худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэж хэн аль нь тайлбарлаж байх тул дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243.1, 262.1, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хурх Гол” ХХК-иас 399,340.42 ам.доллар буюу 817,921,061 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гацуурт” ХХК-д олгож, тус компанийн шаардлагаас 83,915.56 ам.доллар буюу 171,874,171.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

“Хурх Гол” ХХК-иас 58,368 ам.доллар буюу 119,548,170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Баяндулаан-Уул” ХХК-д олгож, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,680 ам.доллар буюу 28,019,102 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

“Хурх Гол” ХХК-иас 79,121.77 ам.доллар буюу 162,055,626.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сэлэнгэ-Алтанговь” ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Гацуурт” ХХК болон “Хурх Гол” ХХК-ийн байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ14/87 тоот “Техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай” гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн 151,215,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 21,778,849 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Хурх Гол” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, “Гацуурт” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,007,939 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,022,919 төгрөг, гуравдагч этгээдээс бие даасан шаарлагад төлсөн 1,657,950 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагч “Хурх Гол” ХХК-иас 5,655,574 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4.Шүүхийн шийдвэр уншин танилцуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчид хэрэв шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах журмаар годол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                           А.САРАНТУЯА