Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2017/00411

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2017/00411

Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын **** дугаар багт оршин суух, С******* овогт А.С н хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийг шаардлага: С.Атай 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч А.С шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие А.С 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.А тай гэр бүл болж, бид 1986 оны 11-р сарын 06-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулж бүртгүүлсэн. 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бидний гэрлэсний бүртгэлийн хаатр нь байхгүй, бүртгэлийн журналд бүртгэгдээгүй, архивын онлайн системд ороогүй гэсэн шалтгааны улмаас гэрлэлтийн лавлагаа авч чадахгүй байна. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивын болон ОӨУБЕГазрын архивын сангаас удаа дараа шүүлгэсэн боловч гараагүй болно. Бид 1986 оноос өнөөдрийг хүртэл 31 жил хамт гэр бүл болж амьдарч байна. Иймд хуулийн дагуу бидний гэрлэлтийн бүртгэл тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч А.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие эхнэр С.Атай 1987 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багт гэр бүл болсон. Шүүхэд гэрлэсэн байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би өөрийнхөө хүүгийн хүүхдийг үрчилж авахаар холбогдох материал бүрдүүлэхэд гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай болсон. Тийм учраас гэрлэлт бүртгүүлсэн байдал тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.С нь С.А тай 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв, архивын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 12/2158 дугаартай албан бичигт ...А.С /БК60011011/, С.А /БК66091403/ нарын гэрлэлтийн бүртгэлийг 1986-1988 оны Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын гэрлэлтийн бүртгэлд шалгаад гараагүй болно гэх боловч хавтаст хэрэгт авагдсан доорх бичмэл нотлох баримтуудаар А.С, С.А нар нь 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсон нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсээс С.Ад олгосон БӨ№581312 дугаартай Иргэний паспортод ... 10. Гэрлэлтийн байдал эхнэр нөхрийн. Овог Айт. Нэр Сагатбай, төрсөн он 1960. Гэрчилгээний №38. 1986 он 11 сар 06 өдөр гэх бичилт,

Баян-Өлгий аймгийн ЦС ангиас А.Сд олгосон БӨ№576117 дугаартай Иргэний паспортод ... 10. Гэрлэлтийн байдал эхнэр нөхрийн. Овог Самал. Нэр Алтынай, төрсөн он 1966. Гэрчилгээний №38. 1986 он 11 сар 06 өдөр гэх бичилт,

А.Сн ... 12. Эхнэр, нөхөр: Эхнэр: Самал Алтынай, регистрийн дугаар бк66091403, гэрчилгээний дугаар 38 гэх Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн хуулбар,

А.Сн ... 14. Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг, гэрлэсэн он: 1986, гэрчилгээний №38 гэх ХААТР-21 /Б/ Иргэний үнэмлэх авах өргөдлийн хуулбар,

С.Ан ... 12. Эхнэр, нөхөр: Нөхөр: Айт Сагатбай, регистрийн дугаар бк60011011, гэрчилгээний дугаар 38 гэх Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн хуулбар,

С.Ан ... 10. Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг, ... 17 эцэг, эх, эхнэр /нөхөр/ 16 хүртэлх насны хүүхэд: ... эхнэр нөхөр: Айт Сагатбай, регистрийн дугаар БК60011011 гэх ХААТР-1 /Б/ маягтын хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн С.Г, С.С, С.Ө, С.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар, С.А, С.Ө нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үзэхэд А.С, С.А нар гэрлэж С.Г, С.С, С.Ө, С.Ж, С.А гэх хүүхдүүдтэй болсон нь, мөн А.С, С.А нар нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6-р багт амьдардаг болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.Сн хүсэлтийг хангаж, А.С, С.А нар нь 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсныг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, 135.2.14-т зааснаар А.С, Сагатбайн Алтынай нар нь 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсныг тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Сн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН