Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/175

 

 

 

 

 

 

2021            12            17                                         2021/ШЦТ/175

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

шүүгдэгч Б.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2119000000229 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан тэжээлийн монтёр мэргэжилтэй, Зүүнбаянгийн МХС ХХК-д ажилтан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Залуусын катежийн 34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Н овогт Б-ийн М /РД:ЕЮ6720837/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 сарын 10-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 5 дугаар баг Залуусын гудамж катежын 34 тоот хашаанд А.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан норд бенз маркийн машины хроп 1, шалаанз чиргүүлийн ком тэнхлэг 1, хугархай тэнхлэг 1 ширхгийг тус тус завшиж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 06 сард Б-ийн дүү нь ирээд явахдаа том 2 тэнхлэгтэй чиргүүл, 1 хроп, 1 хугархай тэнхлэг үлдээсэн. Кроп, хугархай тэнхлэг хоёрыг хүнд хэрэглүүлж байсан. Том чиргүүлийн тэнхлэгийг архи ууж байгаад алдчихсан. Уг нь надад сард 200.000 төгрөг өгөхөөр тохирч байсан. Эхний 1, 2 сар өгсөн, дахиж өгөөгүй. Хроп, хугархай тэнхлэг хоёрыг буцааж өгсөн. Чиргүүлийн бүтэн тэнхлэгийн үнэ 2.500.000 төгрөгийг төлсөн. Хэргийн хувьд маргахгүй. Миний буруу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 06 дугаар сарын 01-ны өдөр ажил дуусаад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу явахдаа М гэх хүнд 2 тэнхлэгтэй шалаанзны чиргүүл, норд бенз хроп, мотор, хугарсан тэнхлэг зэрэг эд зүйлийг хүлээлгэж өгөөд намайг иртэл харж байгаараа гэж хэлээд сард 200.000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үлдээсэн зүйлсээ авах гэж ирэхэд норд бенз хроп 1 ширхэг, шалаанзны чиргүүлийн хугархай тэнхлэг, чиргүүлд боолттой байсан бүтэн тэнхлэг 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. Би энэ талаар Миеэжаваас асуухад би мэдэхгүй байна. Алдчихсан байна гэж хэлж байсан. Ийм учир цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний шалаанз чиргүүлийн тэнхлэгний 2.000.000 төгрөгийг Миеэжав нь барагдуулж өгсөн. Мөн шинжилгээний дүгнэлт авах 80.000 төгрөгийг Миеэжав гаргасан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,  

 

-Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өмнө нь Миеэжавтай уулзаж байхад тэдний хашаанд байсан хроп, хугархай гол төмөр зэрэг эд зүйлийг харж байсан. Дараа нь би өөрийн хүргэн Мөнх-Алдарт хандаж Миеэжавын хашаанд шалаанзны хугархай гол төмөр, хроп байсан гэж хэлсэн бөгөөд Миеэжаваас аваад хэрэглэж байхгүй юу гэж хэлж байсан. Би энэ талаар М-д утсаар хэлэхэд “Тэг тэг, хүүхдээ наашаа явуулчих” гэж хэлж байсан. Би энэ талаар Мөнх-Алдарт хэлээд очоод авчих гэж хэлж байсан. Би хөдөөгүүр тойролтоор явж байгаад гэртээ ирэхэд манай хашаанд хугархай гол төмөр, хроп 2 авч ирсэн байсан. Миеэжавын гэрт очиход хашааны гадаа шалаанзны чиргүүл байдаг байсан бөгөөд тэрний гол төмөр алга болсон талаар мэдэхгүй байна. Уг эд зүйлийг өгөхдөө “Манай найзын эд зүйл байгаа юм. Мөд хэрэглэхгүй байх” гэж хэлээд өгч байсан гэсэн мэдүүлэг /хх 26-27 ху/,

 

-Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-821/2276 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ  /хх 14-14 ху/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 02-05 ху/,

-Б.М-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 44-53 ху/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 32 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 сарын 10-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 5 дугаар баг Залуусын гудамж катежын 34 тоот хашаанд А.Баасандоржийн итгэмжлэн хариуцуулсан норд бенз маркийн машины хроп 1, шалаанз чиргүүлийн ком тэнхлэг 1, хугархай тэнхлэг 1 ширхгийг тус тус завшиж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2021 оны 06 сард Баасандоржийн дүү нь ирээд явахдаа том 2 тэнхлэгтэй чиргүүл, 1 хроп, 1 хугархай тэнхлэг үлдээсэн. Хроп, хугархай тэнхлэг хоёрыг хүнд хэрэглүүлж байсан. Том чиргүүлийн тэнхлэгийг архи ууж байгаад алдчихсан. ...Хроп хугархай тэнхлэгийг буцааж өгсөн. Чиргүүлийн бүтэн тэнхлэгийн үнэ 2.500.000 төгрөгийг төлсөн. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Баасандоржийн “...Улаанбаатар хот руу явахдаа Миеэжав гэх хүнд 2 тэнхлэгтэй шалаанзны чиргүүл, норд бенз хроп, мотор, хугарсан тэнхлэг зэрэг эд зүйлийг хүлээлгэж өгөөд намайг иртэл харж байгаараа гэж хэлээд сард 200.000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үлдээсэн зүйлсээ авах гэж ирэхэд норд бенз хроп 1 ширхэг, шалаанзны чиргүүлийн хугархай тэнхлэг, чиргүүлд боолттой байсан бүтэн тэнхлэг 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. ...Миний шалаанз чиргүүлийн тонхлэгний 2.000.000 төгрөгийг Миеэжав нь барагдуулж өгсөн. Мөн шинжилгээний дүгнэлт авах 80.000 төгрөгийг Миеэжав гаргасан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хх 9-10 ху/, гэрч Г.Ганбаатарын “...Би өмнө нь Миеэжавтай уулзаж байхад тэдний хашаанд байсан хроп, хугархай гол төмөр зэрэг эд зүйлийг харж байсан. Дараа нь би өөрийн хүргэн Мөнх-Алдарт хандаж Миеэжавын хашаанд шалаанзны хугархай гол төмөр, хроп байсан гэж хэлсэн бөгөөд Миеэжаваас аваад хэрэглэж байхгүй юу гэж хэлж байсан. Би энэ талаар Миеэжавд утсаар хэлэхэд “Тэг тэг, хүүхдээ наашаа явуулчих” гэж хэлж байсан. ...Уг эд зүйлийг өгөхдөө манай найзын эд зүйл байгаа юм. мөд хэрэглэхгүй байх гэж хэлээд өгч байсан” гэсэн /хх 26-27 ху/ мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 6 сарын хорих ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Энэ хэргийн улмаас хохирогч А.Б-д 2.080.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

 

 3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА