Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01643

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01643

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, …дүгээр байрны .. тоотод байрлах “Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ..байрны ..тоотод оршин суух, эрэгтэй, 41 настай, Боржигин овогт Тэрбишийн Баянмөнхөд холбогдох,

         Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 343,000 /гурван зуун дөчин гурван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Б, хариуцагч Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд, гүйцэтгэх захирал М.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай СӨХ нь 85, 85А байранд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүх гишүүдийн хурлын шийдвэрийн үндэслэлээр Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхээр 140 өрхтэй байрны нийтийн үйлчилгээ, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний ашиглалт, хадгалалт хамгаалалтыг 3 жилийн хугацаанд хариуцан хариуцлагатайгаар ажиллаж байна. Хариуцагч Т.Б, түүний гэр бүл 14 сарын хугацаанд СӨХ-оос өөрсдийн ашигласан нийтийн үйлчилгээний төлбөрөөт өлөөгүйгээс сар бүр мэдэгдэл 2 удаа гэрт нь хүргэгддэг, тайлангийн хурлын шийдвэрийг биечлэн сууж сонссон, оршин суугчдын нийтлэг эрх ашгийг үл хүндэтгэж, 85, 85А байрны Удирдах зөвлөлийн, Хяналтын зөвлөлийн тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байна. Хариуцагч, түүний гэр бүл хамтаараа байрныхаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтанд засвар үйлчилгээнд хийгдсэн бүхий л үр дүнг амьдрал ахуйдаа ашиглаж байгаа юм. Мөн орцны цэвэрлэгээ, жижүүрийн ажил хөдөлмөрийн бүтээмж, лифтний техник ашиглалтыг, орцны гэрэлтүүлэг, орцны дулаан, сантехникийн магистраль шугамын засваруудын, байранд хийгдсэн тохижилтын ажлуудын, ялангуяа хогоо хаясан төлбөрийг гэх мэт СӨХ-ны нийтлэг үйл ажиллагааны өгөөжийг 14 сарын турш хэрэглэж байгаа бөгөөд төлбөрөө төлөөгүйгээс 2016 оны 2-12 дугаар сар, 2017 оны 1,2,3 дугаар саруудын 343,000 төгрөгийн СӨХ-ны 2016 оны жилийн эцсийн, 2017 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланд өр авлагыг үүсгээд байна. Иргэний хуулийн 149.1.1, 149.2, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Т.Бөөс 343,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

СӨХ-ны удирдах зөвлөлү засвар үйлчилгээний мөнгийг 200 төгрөгөөр тогтоохдоо айлын м.кв-ын хэмжээгээр, дээвэр болон хажуу хана, фасадны засваруудад энэ бүгд 7,500 төгрөгт хамаардаг юм. Хариуцагч лифтний мөнгийг өндөр байна гэж байсан. Энэ байрны лифт 110,000 төгрөгийн төлбөртэй. Улаанбаатар хотын хэмжээнд лифтний мөнгө 60,000-80,000 төгрөгийн үнэтэй байдаг. Лифтний төлбөрт мөн гэрээт лифтчний цалин орсон байдаг. Хариуцагч мөн өөрөө СӨХ-ны засвар үйлчилгээний тарифыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг бөгөөд 9 сарын хугацаанд СӨХ-ны төлбөрөө төлсөн байдаг. Эдгээрийг харгалзан үзээд өөрийн эрх мэдлийн хүрээнд засвар үйлчилгээний мөнгийг би 20 хувиар буюу 21,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа энэ дүнгээр бууруулж байна. Өмнө нь ажиллаж байсан “Мажистик” СӨХ эргэлтийн хөрөнгөгүйгээс манай СӨХ-ны хөрөнгө дээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Удирдах зөвлөлийн гишүүд нь 3 жилийн тогтвортой үйл ажиллагааны хүрээнд “Шигтгээ-Үүд” СӨХ-г ажиллаач гэсэн хүсэлт тавьсан тул бид ажилласан. Хариуцагч Д.Баянмөнх оршин суугчдын 3 удаагийн хурал зохион байгуулахдаа 20-30 хүнийг цуглуулан, 94 хүнээс гарын үсэг цуглуулсан нь сайшаалтай. Бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийтийн үйлчилгээг оршин суугчдадаа хүргэж, зохих түвшинд ажилласан. Ёс суртахуунгүй гэдгийг би ойлгохгүй байна. Мөн надаас гадна манай байцаагч ажилладаг бөгөөд би айлуудын хаалга тогшиж “шүүхэд өгнө” гэж дарамталсан зүйл байхгүй. Бид 2016 онд шилдэг СӨХ-оор шалгарч байсан. Хариуцагч одоогийн байдлаар 16 сарын төлбөрөө төлөөгүй байгаа гэв.

         Хариуцагч Д.Баянмөнх шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Шигтгээ-Үүд” СӨХ нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 85А байранд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ сар бүр төлөх хуримтлалын сангийн хураамжийг оршин суугчдын бүх нийтийн хурлаар хэлэлцэн тогтоогоогүй тул тус СӨХ болон оршин суугчдын хооронд үл ойлголцох байдал үүссэн. 85, 85А байрны оршин суугчид нь тус СӨХ-ны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Иргэний хуулийн 143.2-т зэрэгцэн орших хэд хэдэн барилгын оршин суугчид нэгдэж нэг холбоо байгуулж болно, мөн СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 5.2-т дээрх заалт байна. Тус СӨХ-ны хариуцдаг 99, 35, 41, 85, 85А байрууд нь хоорондоо орон зайны хувьд харилцан хамааралгүй юм. Засвар үйлчилгээний төлбөрийг тогтоохдоо СӨХ-ны дээд зөвлөлийн тогтоолыг мөрдөх хуулийн зүйл заалт байхгүй, гишүүдийн хурлаар хэлэлцэж батлах хуулийн заалт байсаар байхад оршин суугчдыг төөрөгдүүлж гарын үсэг цуглуулсан зэрэг “Шигтгээ-Үүд” СӨХ нь анхнаасаа 85, 85А байранд хууль бусаар үйл ажиллагаа явуулж оршин суугчид биднийг хохироож байна гэж үзэж эрх ашгаа хамгаалах зорилгоор дараагийн тэмцлийн арга хэмжээг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Энэ М.Б гэдэг хүн “хэдэн хүмүүс нийлээд миний ажлыг авах гэж байгаагаас чинь айхгүй” гэж хэлж байсан. Би энэ хүний ажлыг авах гээд байгаа зүйл байхгүй. Бидэнд, оршин суугчдад энэ СӨХ-ны үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл байхгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлд зааснаар орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хувиарлах тухай тодорхой заасан байдаг. 2016 оны дүгнэлтээс засвар үйлчилгээний зардал нь 1 айл гэхэд 29,640 төгрөг оногдож байгаа. Лифтний зардал 27,880 төгрөг, цэвэрлэгээ 1970 төгрөг гэх мэтээр 33,804 төгрөгөөс лифтний зардал 27,880 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нийт би нэхэмжлэлийн шаардлагаас гүйцэтгэлийн аудит хийлгэчихвэл 61,692 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь хариуцагч Т.Бөөс дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 2016 оны 2 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 343,000 /гурван зуун дөчин гурван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

         “Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 235 тоот гэрчилгээгээр Баянгол дүүргийн 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АОС-7, 99, 35, 41, 85, 85А дугаар байранд үйл ажиллагаа явуулахаар Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх 8/

Хариуцагч Т.Б нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, …дугаар байрны .. тоотод оршин суудаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь маргаан бүхий …байранд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь баримтаар тогтоогдсон, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус СӨХ-ны үйл ажиллагаатай болон үүсгэн байгуулсантай холбоотой аливаа маргаан хянагдаагүй, хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байгаа талаар зохигчид тайлбарлаж, энэ талаар хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

         Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна...” гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь хариуцагч Т.Бөөс дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

         Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Б нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээдэг бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.

         Харин нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хуулийн дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85А байранд СӨХ-ны үйл ажиллагаа явуулаагүй болох нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, тус СӨХ-ны гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул энэ хугацааг хүртэлх СӨХ-ны дундын хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 2-8 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөр 147,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Бөөс түүнээс хойшхи хугацааны буюу 175,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б-с 175,000 /нэг зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 147,000 /нэг зуун дөчин долоон мянган/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.САРАНТУЯА