| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2021/0180/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/01 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,
улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
шүүгдэгч Х.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн 2119000000195 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 10 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Аюушийн гудамж ... тоотод оршин суух Э.Э-ийн Самсунг А12 загварын гар утсыг хууль бусаар гэмтээсний улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед гэрт орж очиход Э утсаар яриад байсан. Хүнтэй яриад удаад байхаар нь санаандгүй утсыг нь аваад шидчихсэн. Үйлдлээ ойлгож байгаа. Хохиролд 700.000 төгрөгөөр өөр утас авч өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байдаг. Сар болгон бүртгүүлдэг гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 09 сарын 18-ны өдрийн 22 цаг болж байхад манай найз залуу Б өөрийнхөө дугаарын утаснаас залгаад охиноо дагуулаад гараад ир гээд байхаар нь гараад 6 баатрын хөшөө рүү очиход Б нь хоёр найзтайгаа хамт пиво уугаад байж байсан. Тэгээд 22 цаг 30 минутын орчимд гэр рүүгээ явтал Б нь араас гэрт ирсэн. Би өөрийнхөө Samsung Galaxy А-12 маркийн гар утсаараа найзтайгаа ярьж байтал манай найз залуу Б нь хардсан юм уу, яасан юм мэдэхгүй. Миний гар утсыг аваад гадаа гараад труба төмөр рүү шидээд эвдэлчихсэн. Би өөрийнхөө Samsung Galaxy А-12 маркийн гар утсаа 2021 оны 06 сард 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тэгээд Б миний утсыг эвдэлчихээд шууд явчихсан. Манай хамтран амьдрагч Б нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний эвдэрсэн утас болох Samsung Galaxy А-12 маркийн гар утсыг худалдаж авч өгсөн. Хохирлыг төлж барагдуулсан учраас нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 34, 52-53 ху/,
-Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 09 сарын 18-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд гэртээ унтах гээд хэвтэж байтал манай төрсөн дүү Э гэнэт гадаа уйлах чимээ гарсан. Тэгээд би гэрээсээ гараад хөл нүцгэн шууд гараад явсан. Гадаа гараад юу болсон талаар асуухад манай найзын дүү болох Б нь гар утас эвдэлчихээд зугтчихлаа гэж хэлэхээр нь Бийн араас нь явган явсан. Араас нь явж байгаад 1 удаа бариад автал утсыг чинь төлөөд өгчихнө гээд миний гарыг тавиулаад зугтчихсан гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 11 ху/,
-Х.Б-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 38-48 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54 ху/,
-Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 58-61 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 10 сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Аюушийн гудамж ... тоотод оршин суух Э.Э-ийн самсунг А12 загварын гар утсыг хууль бусаар гэмтээсний улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “...Үйлдлээ ойлгож байгаа. Хохиролд 700.000 төгрөгөөр өөр утас авч өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Э-ийн “...6 баатрын хөшөө рүү очиход Б нь хоёр найзтайгаа хамт пиво уугаад байж байсан. Тэгээд 22 цаг 30 минутын орчимд гэр рүүгээ явтал Б нь араас гэрт ирсэн. Би өөрийнхөө Samsung Galaxy А-12 маркийн гар утсаараа найзтайгаа ярьж байтал манай найз залуу Б нь хардсан юм уу, яасан юм мэдэхгүй. Миний гар утсыг аваад гадаа гараад труба төмөр рүү шидээд эвдэлчихсэн” гэсэн, гэрч Э.Эын “...манай төрсөн дүү Э гэнэт гадаа уйлах чимээ гарсан. Тэгээд би гэрээсээ гараад хөл нүцгэн шууд гараад явсан. Гадаа гараад юу болсон талаар асуухад манай найзын дүү болох Б нь гар утас эвдэлчихээд зугтчихлаа гэж хэлэхээр нь Бийн араас нь явган явсан. Араас нь явж байгаад 1 удаа бариад автал утсыг чинь төлөөд өгчихнө гээд миний гарыг тавиулаад зугтчихсан” гэсэн /хх 32 ху/ мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Б-ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирогчид хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 52-53 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь урьд нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдож, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон байх боловч энэ хугацаанд буюу 2021 оны 10 сарын 06-ны өдөр Э.Э-ийн Самсунг А12 загварын гар утсыг хууль бусаар гэмтээсний улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч овгийн Х-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн эдлэх 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА