| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00316/И |
| Дугаар | 130/ШШ2017/00412 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00412
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 130/ШШ2017/00412 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суух, Б***** овогт Х.Т ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Т, гэрч Х.М, А.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Соён гэгээрлийн дунд сургуулийн боловсон хүчнээс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 068430 дугаартай Х.Т гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Б***** овогт Х.Т мөн болохыг, Х.Т нь Баян-Өлгий аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Х.Т шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1986 оны 10 дугаар сарын 21-ээс С сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар орж, 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн захирлын 39 тоот тушаалаар 10 жилийн дунд сургуулийн ажлаасаа чөлөөлөгдөж, тус сумын Хүүхдийн цэцэрлэгт дуу хөгжим, бүлгийн багшаар ажиллах болоход, сургуулиас гарсан тушаалд маань 10 жилийн тамга дарагдсан. Учир нь 1990 оны 6 дугаар сараас сургууль маань өргөжиж 10 жилийн бүтэцтэй болсон ба 10 жилийн шинэ тамгатай болж 8 жилийн тамга хүчингүй болсон. Нэгэнт 8 жилийн хүчингүй болж тамга хураагдсан тул 1990 оны 8 дугаар сарын 31-нд Цэцэрлэгт шилжих үед захирлын тушаалд 10 жилийн тамга дарж шилжүүлсэн. 2016 оны 10-р сарын 01-нд тэтгэвэрт гарсан. Одоо тэтгэвэр тогтоолгох болоход Нийгмийн даатгалын байгууллага тамганаас болж шүүхэд хандах талаар зөвлөсөн учир миний 1986 оны 10 дугаар сарын 21-ээс 1990 оны 8 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан 4 жилийг нэмж тогтоож өгнө үү. Мөн миний хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Таусхан гэж буруу бичсэн байх тул 068430 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.Т шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байгаа. Би 1986 оны 10 дугаар сарын 22-ний өдрөөс эхлээд Баян-Өлгий аймгийн С сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сумын 10 жилийн сургуулиас чөлөөлөгдөж цэцэрлэгт ажилд орсон. Дээрх ажилласан 4 жил миний улсад ажилласан жилд тооцогдохгүй байгаа. Яагаад гэвэл ажлаас чөлөөлсөн С сумын 8 жилийн сургуульд тус сумын 10 жилийн сургуулийн тамга дарагдсан байна гэх үндэслэлээр улсад ажилласан жилд тооцохгүй байгаа. Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад холбогдох материалаа бүрдүүлж хүргүүлсэн боловч шүүхэд хандахыг зөвлөсөн. 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө тухайн үед захирал байсан К.Болат ажлаас чөлөөлсөн тушаалд С сумын 10 жилийн сургуулийн тамга дарсан байна. Тухайн үед захирлаар ажиллаж байсан К.Болатаас тодорхойлолт бичүүлж аваад хэрэгт хавсаргасан байгаа. Тэр хүнийг өнөөдөр шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар дагуулж ирэх гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй. Би 1990 оноос эхлээд тус сумын цэцэрлэгт дуу хөгжим, бүлгийн багшаар ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Мөн хүсэлтийнхээ дараагийн шаардлагын талаар ярихад би сургууль төгсөхдөө миний хөдөлмөрийн дэвтэрт миний Табысхан гэсэн нэрийг Тауысхан гээд буруу бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл Б үсгийг У гээд буруу бичигдсэн байна. Гэхдээ овог нэр, регистрийн дугаар зэргийг зөв бичсэн байна. Тийм учраас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. Иймд миний дээрх хүсэлтийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Т нь Соён гэгээрлийн дунд сургуулийн боловсон хүчнээс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 068430 дугаартай Х.Т гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Бахат кикбай овогт Х.Т мөн болохыг, Х.Т нь Баян-Өлгий аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгохыг хүсжээ.
1. Соён гэгээрлийн дунд сургуулийн боловсон хүчнээс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 068430 дугаартай Х.Т гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Бахат кикбай овогт Х.Т мөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Монгол Улсын иргэний үнэмлэхэд: овог Бахат кикбай, эцгийн нэр Х, нэр Т, хүйс эмэгтэй, төрсөн, он, сар, өдөр 19465/05/09, регистрийн БД65050903 дугаартай, олгосон он, сар, өдөр 2012/09/05, хүчинтэй хугацаа 0000/00/00 гэж бичигдсэн байдал,
Монгол улсын Боловсролын их сургуулиас олгосон №D200506973 дугаартай Монгол улсын иргэн Х овогтой Т нь 2003 оноос 2005 онд Монгол улсын Боловсролын Их Сургуульд сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлээр суралцаж төгссөн тул Төгсөлтийн шалгалтын ерөнхий комиссын 2005 оны 06 сарын 13 өдрийн шийдвэрийг үндэслэн Боловсролын Бакалавр зэрэг олгов гэх бакалаврын диплом,
059107 дугаартай Олон хүүхэдтэй эхийн дэвтэрт ...Х.Т гэж бичигдсэн бичилт,
Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан М.Н, М.Т, М.А, М.Х нарын төрсний гэрчилгээний хуулбарт ...Эхийн овог Х, нэр Т гэж бичигдсэн байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 254 дугаартай архивын лавлагаанд С сумын 8-н жилийн сургуулийн захирлын 1986 оны тушаал, 1990 оны 10-н жилийн сургуулийн захирлын тушаалуудыг архивт шилжүүлээгүй тул иргэн Х.Тд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэх боловч хүсэлт гаргагч Х.Т нь Баян-Өлгий аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:
Соён гэгээрлийн дунд сургуулийн боловсон хүчнээс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 068430 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд 05. 1986.10.21 С 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар авч ажиллуулав. Захирлын 1986 оны 10-р сарын 22-ны 40-р тушаалаар. 06. 1990.08.31 цэцэрлэгт шилжин ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Захирлын 1990 оны 08-р сарын 31-ний өдрийн №39 тоот тушаалаар гэх бичилт,
С сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай Ажилд томилох тухай Бага ангийн багшаар АХ хэлтсийн даргын шийдвэрээр Табысханыг 1986 оны 10-р сарын 21-ээс эхлэн ажиллуулсугай гэх тушаалын хуулбар,
С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 21 дугаартай 1. Төлөвлөгөөний дагуу тус сумын Хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 9-р сарын 1-ээс эхлэн дуу хөгжим, бүлгийн багш хавсарч нэг багш нэмэгдсэн тул урьд сургуульд ажиллаж байсан Табысханыг авч ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар,
С сумын 5 дугаар багийн иргэн Х.Мын С сумын 4-р багийн иргэн Хаваш овогтой Табысхан нь 1986 оны 10-р сарын 21-ний өдрөөс тус сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. 1990 онд тус сургууль нь 10 жилийн бүрэн дунд сургууль болж өргөжиж байгуулагдахад 1990 оны 8-р сарын 31-ний өдөр Хүүхдийн цэцэрлэгт дуу хөгжим, бүлгийн багшаар ажиллахаар шилжиж явсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
С сумын 5 дугаар багийн иргэн Х.Д-ний С сумын иргэн Х овогтой Т нь намайг сургуулийн нярваар ажиллаж байхад 1986 оны 10-р сарын 21-ээс тус 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Сургууль нь 10 жилийн бүрэн дунд сургууль болон өөрчлөгдсөнөөс хойш 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хүүхдийн цэцэрлэгт шилжин явтал хамт ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
С сумын 5 дугаар багийн иргэн К.Б ын Х овогтой Т нь 1986 оны 10 дугаар сарын 21-нээс 1990 оны 8 дугаар сарын 31-ний хүртэл Баян-Өлгий аймгийн С сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. 1990 оны 6 дугаар сараас 8 жилийн сургууль нь 10 жилийн сургууль болж өөрчлөгдөж, 8 жилийн тамгыг хураалгаж 10 жилийн сургуулийн тамгыг захиалан хийлгэсэн. Нэгэнт 8 жилийн тамга хураагдсан тул 1990 оны 8 дугаар сарын 31-нд өөр ажилд шилжих үед захирлын тушаалд 10 жилийн тамга дарж шилжүүлсэн нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
С сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Хаваш овогтой Табысхан нь 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1986 оны 10-р сарын 21-ээс 1990 оны 8-р сарын 31 хүртэл ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна гэж үзлээ.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Х.М, А.Ү нарын мэдүүлгийг тус тус үндэслэн Соён гэгээрлийн дунд сургуулийн боловсон хүчнээс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 068430 дугаартай Х.Т гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Бахат кикбай овогт Х.Т мөн болохыг, Х.Т нь Баян-Өлгий аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг тус тус баримтлан Соён гэгээрлийн дунд сургуулийн боловсон хүчнээс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 068430 дугаартай Х.Т гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Бахат кикбай овогт Х.Т мөн болохыг, Х.Т нь Баян-Өлгий аймгийн С сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Ты улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН