Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2017/00016/И |
Дугаар | 138/ШШ2017/00676 |
Огноо | 2017-06-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2017/00676
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би *******гийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох хашааны үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өндөр насны тэтгэвэртэй, мөн хараагүй болсон нөхрөө асарч хамгаалдаг хүн. ******* гэрлэлтээ цуцлуулж нөхөр *******оос газар, хашаа, байшин нэхсэн болохыг мэдлээ. *******, ******* нарын булаацалдаж байгаа газар, хашааг 200.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. 2001 онд хүү ******* маань *******тэй суухаар болж түүнийг хүүтэй нь дагуулж ирсэн. Хүү минь газраа гэр бүлийн хэрэгцээнд авсан юм байх, хэзээ авсныг нь мэдэхгүй. Харин бидний худалдаж авсан 3 талт төмөр хашааг салгаж авна гэж бодож байна. Газар байшингаа тэд мэднэ биз. ...Гурван тал хашаагаа дайман, хаалга, шонтой нь авна. Би хашаагаа одоогийн ханшаар 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Иймд *******, ******* нараас 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.Учир нь Хэрлэн сумын 1-р баг Нуурын 3-06 тоотод байгаа хашаа, хаалга, дайман, шон зэргийг миний төрсөн аав, ээж 2 өөрсдөө бэлдэн авч өгсөн. Бидний хооронд яман нэгэн наймаа хийгдсэн зүйлгүй. Өвөл зуны пин, газар, хашаа зэрэг нь анхнаасаа аав, ээжийн минь өмч хөрөнгө юм. Надтай 2001 онд суусан ******* гэгчид дээрх өмч хөрөнгө огт хамааралгүй. Энэ хүнийг надтай суухаас өмнө аав, ээж минь уг газар, хашаа байшинд амьдарч байсан. Аав, ээж 2 минь намайг Сэлэнгэ гэгчээс салахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээгүй байгаа юм. Иймд миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******той 2000 онд анх танилцаж гэр бүл болоод өөрийн хүү С.Доржсүрэнг 7 настай байхад энэ айлд хамт амьдрахаар ирэхэд Хэрлэн сумын 1-р баг Нуурт хаяг номергүй ямар ч бүртгэлгүй хашаа, баруун буюу хуучин байшин нь ямар ч засвар хийгээгүй хүн огт амьдарч байгаагүй 2 цонхийг нь төмөр модоор хадсан байсан. Бид хоёр хамт цалингаа нийлүүлж засвар хийн засаж тохижуулаад 2000 оны 9 сараас ам бүлээрээ амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2001 оны 5 сарын 06-ны өдөр хүү Б.Нямдалай төрсөн. Анх гэр бүлийн хэрэгцээний 1845 м.кв газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******, *******, Б.Нямдалай бид гурвын нэр дээр 2004 оны 7 сарын 18-ны өдөр олгосон. Дараа нь иргэн бүр газар өмчлөх болсон. 2013 оны 5 сарын 16-ны өдөр Хэрлэн сумын 1-р баг Нуурын 3-6 тоотод байрлах 1845 м.кв газрыг ******* бид хоёр өөрсдийн хүсэлтээр хүү Б.Нямдалайн нэр дээр шилжүүлсэн. Хүү Б.Нямдалайн нэр дээр байгаа газар, 3 талт хашааг хэн ч авах эрхгүй. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *******, ******* нарт холбогдуулан 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч миний бие хариуцагч нартай харилцан тохиролцсон тул тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний бие дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй гэдгийг ойлгож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хашааны үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нартай харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдох хашааны үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 23.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ