Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

 

 

 

 

2021             12            30                                         2022/ШЦТ/06

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Ч.Ч,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чт холбогдох эрүүгийн 2119002730242 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 сарын 19-ний өдөр Дорноговь аймаг Хатанбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй /хувиараа/, ам бүл 1, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг Хувьт гэх газарт оршин суух хаягтай, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 04 сарын 27-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Ч-ын Ч, /РД:ЕЛ83071915/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Ч нь 2021 оны 11 сарын 01-ний оройн 20 цагийн үед Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Барилгын 36” амины орон сууцны гадаа талбайд А.Э-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж газарт унаган үснээс зулгааж хөлөөрөө толгой хэсэгт нь дэвсэж тархи доргилт, духны зүүн дээд хэсгийн зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохиролд 80.000 төгрөгийг 2 хувааж төлсөн. Бас хохирогчоос уучлалт гуйсан. Буруугаа ойлгож байна  гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...гэрт нөхөр Эрдэнэбат согтуу хүнтэй маргалдсан шинжтэй сууж байхаар нь “Юу болов” гэж асуутал “Ганзоригтой маргалдсан” гэж хэлж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд буцаж гэрээс гараад хөршийнхөө гэрт ороод Ганзоригт хандан “Чи яахаараа манай нөхөртэй маргалддаг юм, чи ер нь яагаад манайхыг дээрэлхээд байгаа юм” гэж хэлтэл Ганзориг өөдөөс дахиж согтуу агсраад “Хуц, солиор, яв, зайл” гэж байгаад миний зүүн хөлний өвдөг хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...Тэгэхээр нь миний уур бухимдал дээд цэгтээ хүрээд хуванцар босоо сандал аваад Ганзориг рүү шидчихсэн. Ингээд нөхцөл байдал хүндэрч Ганзориг миний хувцаснаас татаж газарт унагаад үснээс зулгааж байгаад хөлөөрөө миний толгой руу дэвссэн. Яг хэдэн удаа, аль хөлөөрөө дэвссэнийг нь мэдэхгүй байна. Тэгж байтал тэнд байсан хүмүүс салгаж болиулсан. Тэр хооронд би босож гадагш гартал Ганзориг араас гарч ирээд бид 2 дахин маргалдаж ноцолдсон тэгэх үед миний баруун шанаа руу Ганзориг 1 удаа цохисон. ...цагдаа дуудах гэтэл миний утсыг Ганзориг шууд булаагаад авчихсан. Тэгээд “Утас өг” гэж хэлтэл өгөхгүй байсан. Тэгж байтал нэрийг нь мэдэхгүй тэнд байсан нэг согтуу залуу Ганзоригоос миний утсыг булааж авч өгсөн. ...би гомдолтой байна. Мөн гэмтэлтэй холбоотой учирсан зардлуудаа нэхэмжилнэ. ...намайг зодсон хүнийг Ганзориг гэж буруу санаад мэдүүлсэн байна лээ. Ганзориг, Чинзориг гэж ах дүү хоёр байдаг. Би санахдаа Ганзориг намайг зодсон гэж буруу санаад байсан юм билээ. Гэтэл Ганзориг биш Чинзориг нь намайг зодсон. ...Миний нэхэмжилсэн 80.000 төгрөгийг Чинзориг надад дансаар өгсөн гэсэн мэдүүлэг /хх 07-08, 09, 68 ху/,

 

-Гэрч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай хөрш Э тухайн өдрөөс 3 хоногийн өмнө манайхаас 2 шуудай нүүрс түр хэрэглүүлээч гэж хэлээд авсан. Эргүүлээд нүүрсний мөнгө өгөхгүй удаагаад байхаар нь Эрдэнэцэцэг рүү би утсаар залгаад нүүрснийхээ мөнгийг авъя гэж хэлтэл би мөнгө өгч чадахгүй, буцаагаад нүүрсээр нь өгнө гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед Чинзориг, Эрдэнэбат, нэрийг нь мэдэхгүй нэг хүн бид нар манай гэрт ууцгааж байсан юм. Гэтэл орой /цагийг нарийн санахгүй байна/ 18 бил үү, 19 цагийн үед Эрдэнэцэцэг 2 шуудай нүүрс авчихсан манай гэрийн гадаа ирсэн. Тухайн үед бид хэд өглөөнөөс хойш уучихсан байсан болохоор нилээд согтуу байсан. Ямар ч байсан Эрдэнэцэцэг ирэх үед Чинзориг тэр 2 хэрэлдээд байх шиг байсан. Ч гэдэг нь Э-ийн андуурч яриад байгаа Ганзориг гэдэг хүн нь байгаа юм. Эрдэнэцэцэг андуураад Ганзориг гэж яриад байгаа. Уг нь бол Чинзориг гэдэг юм. Өглөөнөөс хойш ууцгаасан нилээд согтуу байсан. Гуйвж дайваад л явж байсан гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/,

 

-Яллагдагч Ч.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь мэдүүлсэн. Болсон зүйлд маш их харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг /хх 64-65 ху/,

 

-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0310 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.А.Э-ийн биед тархи доргилт, духны зүүн дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зүүн дээд хэсгийн зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Учирсан гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.

6.Шинээр илэрсэн зүйл үгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

-Яаралтай тусламжийн хуудас, эмчийн магадлагаа /хх 19-22 ху/,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 04 сарын 27-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол /хх 33-42 ху/,

-Ч.Ч-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 57-65 ху/,

-Хохирогчид 80.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх 79-80 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2021 оны 11 сарын 01-ний орой Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Барилгын 36” амины орон сууцны гадаа А.Э-тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж газарт унаган үснээс зулгааж хөлөөрөө толгой хэсэгт нь дэвсэж тархи доргилт, духны зүүн дээд хэсгийн зулгаралт гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохиролд 80.000 төгрөгийг 2 хувааж төлсөн. Бас хохирогчоос уучлалт гуйсан. Буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Э-ийн “...гэрт ороод Ганзоригт хандан “Чи яахаараа манай нөхөртэй маргалддаг юм, чи ер нь яагаад манайхыг дээрэлхээд байгаа юм” гэж хэлтэл Ганзориг өөдөөс дахиж согтуу агсраад “Хуц, солиор, яв, зайл” гэж байгаад миний зүүн хөлний өвдөг хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...Тэгэхээр нь миний уур бухимдал дээд цэгтээ хүрээд хуванцар босоо сандал аваад Ганзориг рүү шидчихсэн. Ингээд нөхцөл байдал хүндэрч Ганзориг миний хувцаснаас татаж газарт унагаад үснээс зулгааж байгаад хөлөөрөө миний толгой руу дэвссэн. Яг хэдэн удаа, аль хөлөөрөө дэвссэнийг нь мэдэхгүй байна. ...миний баруун шанаа руу Ганзориг 1 удаа цохисон. ...намайг зодсон хүнийг Ганзориг гэж буруу санаад мэдүүлсэн байна лээ. Ганзориг, Чинзориг гэж ах дүү хоёр байдаг. Би санахдаа Ганзориг намайг зодсон гэж буруу санаад байсан юм билээ. Гэтэл Ганзориг биш Чинзориг нь намайг зодсон” гэсэн /хх 7-8 ху/, гэрч Ж.Хэнчбишийн  “...Ямар ч байсан Эрдэнэцэцэг ирэх үед Чинзориг тэр 2 хэрэлдээд байх шиг байсан. Чинзориг гэдэг нь Эрдэнэцэцэгийн андуурч яриад байгаа Ганзориг гэдэг хүн нь байгаа юм. Эрдэнэцэцэг андуураад Ганзориг гэж яриад байгаа. Уг нь бол Чинзориг гэдэг юм. Өглөөнөөс хойш ууцгаасан нилээд согтуу байсан. Гуйвж дайваад л явж байсан /хх 12-13 ху/ гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, духны зүүн дээд хэсгийн зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0310 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

         Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Чийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирогчид 80.000 төгрөгийг өгсөн болох нь хавтаст хэргийн 79-80 дугаар хуудсан авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

         Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Ч-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 125.000 /нэг зуун хорин таван мянган/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА