Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 905

 

Г.Эод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батхишиг,

шүүгдэгч Г.Э,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1803002240225 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Г.Э, 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт ............................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Г.Э нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “АПУ” ХХК-ийн баруун талын замд “Kia Optima” загварын, 99-86 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасныг зөрчсөнөөс зорчигч У.Мөнхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газар: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Эыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эод 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Г.Эод оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн жолоочийн №1020682 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Эод буцаан олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Мөнхжаргал гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад гэмт хэргийн шинж чанар, хор уршгийг ойлгоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна.

          Би өөрийн буруутай болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэмтэл учруулж, эд хөрөнгөд хохирол учруулсандаа маш их гэмшиж, харамсаж байна.

          Би хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн болно.

          Би ам бүл 2, эгчийн хамт амьдардаг бөгөөд шүүх хуралдаан болсны дараа “Макс шил” ХХК-д угсралтын ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд ажилд ороод 20 хоног болж байна. Тухайн ажил нь байнгын ажлын байр тул өглөө 08 цагаас орой 18 цаг хүртэл ажилладаг юм. Миний бие одоо байнгын ажилтай, тогтмол цалин авч байгаа тул торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх боломжтой юм.

          Иймд дээрх нөхцөл байдал болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан торгох ялыг сонгож, хамгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

          Прокурор Б.Батхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгч нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээгээгүй бөгөөд намайг ирээд мөргөсөн мэтээр ярьсан. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Мөн шүүгдэгчийн гомдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү, ажилд орсон байгаа гэсэн байна. Гэвч яг ажилд орсон гэх баримттай танилцаагүй бөгөөд торгуулийн ялаар шийтгэсэн тохиолдолд төлж чадах эсэх нь эргэлзээтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Г.Эод холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Э нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “АПУ” ХХК-ийн баруун талын замд “Kia Optima” загварын, 99-86 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс зорчигч У.Мөнхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 хохирогч У.М-ын “... 2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 21 цаг 50 минутын үед Тамираа болон түүний найз нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “АПУ” ХХК-ийн баруун талын замд Тамираагийн жолоодож явсан суудлын автомашины урд сууж, ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байтал саарал өнгийн “Kia Optima” загварын автомашины жолооч урсгал сөрж, манай эгнээ рүү орж, миний сууж явсан автомашины эгц урд талаас мөргөсөн. Ослын дараа гараа хөдөлгөх гэтэл зүүн гар даагдахгүй маш их өвдөж байсан. ...” /хх-23-24/,

гэрч Т.Н-н “... 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед Зайсан орохоор Г.Эын хамт түүний эзэмшлийн “Kia Optima” загварын, 99-86 УНИ улсын дугаартай автомашины урд талын суудалд суугаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “АПУ” ХХК-ийн баруун талын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа, 20-30 км/цагийн хурдтай явж байтал замын голд зам эвдэрсэн байсан. Эвдэрсэн замын нүхийг дүү Г.Э тойрч гарахаар зүүн гар тал руугаа дарж, эсрэг урсгал руу орох үед ертөнцийн зүгээр урдаас чиглэлтэй явж байсан суудлын автомашинтай мөргөлдсөн. ...” /хх-44/,

гэрч М.Б “... 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед гэртээ харихаар найз Тамираагийн жолоодож явсан машины арын суудалд суугаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “АПУ” ХХК-ийн баруун талын замд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй, 1 дүгээр эгнээгээр явж байтал хойноос урагш чиглэлтэй явж байсан, цагаан өнгийн, суудлын автомашины жолооч нь урсгал сөрж ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. ...” /хх-47/,

гэрч Б.Т “... 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед гэртээ харихаар дүү А-ын эзэмшлийн Nissan Skyline загварын, 28-49 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодон, кабиндаа найз Мөнхжаргал, Бямбадорж нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “АПУ” ХХК-ийн баруун талын замд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй, 1 дүгээр эгнээгээр, 30 орчим км/цагийн хурдтай явж байтал ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд явж байсан “Kia Optima” загварын, 99-86 УНИ улсын дугаартай автомашины жолооч гэнэт урсгал сөрөөд өөдөөс ороод ирсэн. Би нөгөө жолоочийг 3 метр орчим зайнаас хараад тормос гишгэсэн боловч миний автомашины зүүн урд талыг ирж мөргөсөн. ...” /хх-50/,

шинжээч Б.А-ийн “... “Kia Optima” загварын, 99-86 УНИ улсын дугаартай автомашины жолооч урдаа саад байгааг мэдэнгүүтээ зүүн гар тийш дараад, зам тээврийн осол гаргасан нь уг жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 7.15 дугаар заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон. ...” /хх-100-101/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3895 дугаартай шинжээчийн “У.М-ын биед зүүн гарын шуу ясны доод булуу болон 1 дүгээр хурууны шивнүүрийн далд хугарал, зүүн сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-66/,

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 66 дугаартай техникийн шинжээчийн “...“Kia Optima” загварын, 99-86 УНИ улсын дугаартай автомашины жолооч Г.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.15 “Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй. Nissan Skyline загварын, 28-49 УБМ улсын дугаартай автомашины жолооч Б.Т Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэх дүгнэлт /хх-91-92/,

 зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-9/, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-10/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-12/, Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-70-72/, Автотээврийн үндэсний төвийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-79-87/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд тэгш эрхтэй оролцох субъектуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Г.Эыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Г.Э нь “... 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад анхан шатны шүүхээс Г.Эод нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн буюу осол гаргасан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа болон түүний хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       М.АЛДАР

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН