Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 108

 

“Бургалтайнбуудай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2016/00157

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

        Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 575 дугаар шийдвэртэй, 

           Нэхэмжлэгч “Бургалтайнбуудай” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Цоохорууд овогтой Э-ийн Э-

            Хариуцагч Далт овогтой Д-гийн М-

Хамтран хариуцагч “Зургаан хошуу” ХХК-д тус тус холбогдох,

          Буудайн үнэ 19.372.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэндийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Бургалтайнбуудай” ХХК-иас:

Манай компаниас Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн “Орбит комплек” ХХК, “Монгол гурил” үйлдвэртэй буудай өгөх тухай гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 16-нд өгсөн 3 чиргүүлтэй машин буудайнаас, 2 чиргүүлтэй машины 52.2 тн буудайг цавуулаг муутай учир дангаар нь гурил хийх боломжгүй гээд хашаандаа урд нь үнэ тохирч буулгаж авсан 14.7 хувийн цавуулагтай 16 тн буудайн дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалаад 68.2 тн буудайг  2014  оны 11  дүгээр сарын  28-нд авч “Чого” ХХК-нд зарахаар очиход “Орбит Комплекс” ХХК, “Монгол Групп” гурилын үйлдвэрт буудай авахад нь зуучилж байсан Э.Э- нь Д.М-той хуйвалдан манай компанийн зөвшөөрөлгүйгээр “Орбит Комплекс” ХХК-ийн захиралд “Бургалтайнбуудай” ХХК-ийн   захирал   зар   гэсэн  гэж   худал  хэлж  2014  оны 11 дүгээр сарын  26,  27-ны өдрүүдэд “Зургаан хошуу” ХХК-д зарсан байсныг мэдсэн.

Иймээс Д.М-, Э.Э- нараас 19.372.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэндээс:

Хариуцагч Э.Э-, Д.М- нар нь манай компанийн зөвшөөрөлгүйгээр Д.М- өөрийн нэрээр манай компанийн 68.2 тн улаан буудайнаас 66.2 тн улаанбуудайн 1 тн-ыг нь 400.000 төгрөгөөр бодож “Зургаан хошуу” ХХК-д зарж нийт 27.177.000 төгрөгийг авч манай компанид 17.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл 10.177.000 төгрөгийг Д.М- хувьдаа ашигласан. Э.Э- нь манай компанийн 68.2 тн буудайнаас 2 тн-ыг дутааж “Зургаан хошуу” ХХК-д 66.2 тны-ыг нь 400.000 төгрөгөөр бодож өгөөгүй байсан бол манайх “Чого” ХХК-д 450.000 төгрөгөөр зарах байсан. Иймд дутаасан 2 тн будааг 450.000 төгрөгөөр бодож 900.000 төгрөг, 66.2 тн будааг 450.000 төгрөгөөр бодохоор үнийн зөрүү 3.310.000 төгрөг, нийт 4.210.000 төгрөг, хариуцагч Д.М-оос 10.177.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. “Зургаан хошуу” ХХК нь мөнгөө төлсөн гэж байгаа учир “Зургаан хошуу” ХХК-иас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.М-оос:

Э.Э- будаа зараад өгөөч гэж хэд хэдэн удаа ярьж, дээж болон будааны шинжилгээний бичгийг авчирч үзүүлсэн. Тэр будаа хүнсэнд тохирохгүй байсан талаар Э.Э-т хэлтэл яаж ийгээд зараад өгөөч гэж хэлсэн. “Зургаан хошуу” ХХК-ийн захирал М.Золзаяатай уулзаад 1 тн-ыг нь 350.000 төгрөгөөр тохирвол ачуулж өгч болно гэж хэлсэн учир зөвшөөрч 66.2 тн будааг “Зургаан хошуу” ХХК руу хүргэж өгөх бүх зардлыг төлж зөөж дуусгасан. Э.Э-т дансаар 2 сая төгрөг, жолооч нарт 1.700.000 төгрөгийг өгсөн. М.Золзаяа захирал 23.000.000 төгрөг шилжүүлчихээд яагаад 27.000.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэнд би гайхаж байна. 23.000.000 төгрөгөөс 19.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг өөрийн зуучлалын зардалд авсан гэжээ.

            Хариуцагч Э.Э-аас:

Намайг Булган аймагт явж байхад “Бургалтайнбуудай” ХХК-ийн нягтлан бодогч Х.Цэнд залгаж 300-400 тн буудай байна боломжийн үнээр борлуулаад өгөөч гэж хэлсэн. Би Булган аймгаас буцах замдаа “Бургалтайн буудай” ХХК-нд очиж “Орбит Комплекс” ХХК-ийн захиралтай хамт будааг үзэж дээж авч явсан. Нийт 360 гаруй тонн будааг “Орбит Комплекс” ХХК авсан ба 3 машин буюу 68 тонн буудайн цавуулаг нь 12-14 хувь байснаас болж гурил хийх боломжгүй болсон байсан. Бид Х.Цэндэд будаагаа буцааж авахыг шаардсан боловч будаагаа авахгүй байсаар машины тэвшин дээр 10 гаруй хоносон. Будааны дээжийг авч Мэргэжлийн хорооны ерөнхий газрын лавлагаа лаботорид дахин шинжлүүлж хүнсэнд тохирохгүй гэсэн баталгаа авсан гэж хэлсэн. Тухайн үед тэжээлийн будаа 1 тонн нь 150.000-200.000 төгрөгийн үнэтэй байсан учир Х.Цэнд, Б.М- нар нь хоорондоо будааны үнэ хөлсийг хоорондоо тохиролцсон байсан. Иймээс нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 575 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Д.М-оос 2.668.150 төгрөг, Э.Э-аас 700.000 төгрөг гаргуулж “Бургалтайнбуудай” ХХК-д олгож, хариуцагч Д.М-оос 7.508.850 төгрөг, хариуцагч Э.Э-аас 2.790.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагч “Зургаан хошуу” ХХК-иас буудайны үнийн зөрүү 3.310.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.180 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 2.668.150 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 57.640 төгрөг, хариуцагч Э.Э-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 700.000 төгрөгт тохирох 21.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд давж заалдсан гомдолдоо:

“Орбит комплекс” ХХК нь “Бургалтайнбуудай” ХХК-ийн үтрэмээс Улаанбаатар хотын “Орбит комплекс” ХХК-ийн хашаанд ачааг хүргэхэд 310 км замд тээвэрлэн 1 тн буудайн үнэ 460.000 төгрөгөөс тээврийн хөлсөнд тооцож 60.000 төгрөгийг тээвэрлэгч байгууллага, жолооч нарт шууд өгөхөөр болж гэрээ хэлцэл хийсэн. Гэрээ хийж авсан буудайнаас 68.2 тн будаа цавуулаг бага гарч “Орбит комплекс” ХХК-д 21-ээс дээш цавуулагтай хольж гурил хийх будаа байхгүй учир манайд буцааж өгөх санал тавьж хашаандаа буулган хадгалж байсан юм.

Мал, амьтны тэжээлд гурилд тэнцээгүй буудайг 450.0-500.0 мянган төгрөгөөр борлуулах боломжтой байсан тул 2014 оны 11 дүгээр сарын 21-нд “Чого” ХХК-д үзүүлж 450.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцоод 11 дүгээр сарын 28-нд мөнгө саваа бэлдээд авахад бэлэн болсноо мэдэгдсэн  тул манай компаний төлөөлөгч нар  “Орбит комплекс” ХХК-ийн хашаанаас 68.2 тн  буудайг ачуулахаар очиход буудай байхгүй болсон байсан.

Ингээд хэн авч явсныг асууж мэдээд Зургаан хошуу ХХК-ийн гахайн аж ахуй дээр очоод буудайгаа авах гэтэл захирал М.Золзаяа Д.М- гэгчтэй ярь гэсэн. Д.М-той холбогдоход цагдаа сэргийлэх гээд яахав танай буудайг тээвэрлэх 1 сая төгрөгийг би авсан өөр мөнгө аваагүй. М.Золзаяатай таны ярьсан 450.000 төгрөгөөр үнийг тооцож өгөхөөр тохирлоо гэсэн. Гэвч эцэст нь буудайг 350.000 төгрөгөөр борлуулсан гэснээр маргаан үүссэн.

Э.Э-, Д.М- нарын худал мэдүүлгээс манай буудайг борлуулж өгөхөөр зуучилсан гэж ойлгон дүгнэж шүүх буруу шийдвэр гаргаснаас Э.Э- 2.790.000 төгрөг, Д.М-оос 7.508.850 төгрөгийг чөлөөлж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гомдолтой байна.

Иймд Д.М-, Э.Э- нараас нийт хэрэгсэхгүй болгосон төлбөр 10.983.850  төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх “Бургалтайн буудай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Э-, Д.М- нарт холбогдох буудайны үнэ 19.372.000 төгрөг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааг дахин давтан гаргаснаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 Энэхүү хэрэг өмнө нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхээр хянан хэлэлцэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн магадлалд заасан 5 төрлийн алдаа зөрчлийг засч залруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дахин санаатайгаар ноцтой зөрчсөн байна.

 Хэргийн 78 дугаар талд авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2522 дугаар захирамжаар даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ захирамжийн 1 дүгээр заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулж, хууль буруу хэрэглэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6184 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгүй хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг зөрчсөн зэрэг зөрчлүүдийг зөвтгүүлэхээр магадлалаар зааж өгсөн бөгөөд шүүх эдгээр зөрчлүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар арилгасны эцэст хэргийг шийдвэрлэх ёстой байтал ямарваа нэгэн ажиллагаа хийлгүйгээр хэргийг  шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дахин ноцтой зөрчсөн гэж үзнэ. 

  Түүнчлэн талууд буудайн үнэ дээр зөрүүтэй дүгнэлт хийж маргалдаж байгаа бөгөөд Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хуулийн боломж байхад шүүх өөрөө дур мэдэн буудайны үнэлгээ тогтоож, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

  Иймд эдгээр зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх хуулийн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.692 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ 

                                ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНЦЭЦЭГ

      Л.АМАРСАНАА