Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0781

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0781

Улаанбаатар хот

Х.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, гуравдагч  этгээдийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч  этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Х.М-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 дугаар захирамжийн Х.М-д газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгожээ.

Гуравдагч  этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багийн оршин суугч Х.М-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч  этгээдээр татагдсан М.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9-т “сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих” бүрэн эрхтэй байхаар тус тус хуульчилсан байна. Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 тоот захирамжийг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

2.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зохицуулсан байдаг юм. Тухайлбал аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулий 20 дугаар зүйлийн 20.2.7-д “Газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” гэжээ. Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

3.Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж, нийтлэг ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэжээ. Гэтэл Улаанхус сумын Засаг дарга нь иргэн Х.М-д өвөлжөөний газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 болон бусад заалтад заасан болзол, шаардлагуудыг бүрэн ул суурьтай гүйцэт судлаагүй, “Хургах говь” гэх газарт Х.М-д газар эзэмшүүлэхэд тухайн нутаг дэвсгэрт олон жилийн турш амьдарч ирсэн хот айл малчдын саналыг аваагүй, зөвхөн сумын ЗДТГ-ын газрын даамлын нэг талыг барьсан судлагдаагүй саналыг харгалзан үзсэн нь эцэст тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хургах говь” орчимд өвөлжиж, хаварждаг малчдын дунд бэлчээр булаацалдах маргаан гаргах эх үүсвэр болсон гэж үзэж байна.

Улаанхус сумын Засаг дарга албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн иргэн Х.М-д өвөлжөөний газар эзэмшүүлсэн асуудлаас болж тэр хавьд ойр сууж буй малчдын дунд бэлчээр ашиглах талаар ихээхэн маргаан гарч улмаар малчид аймгийн Засаг даргад энэ асуудлыг зохицуулж өгөхөөр удаа дараа хандаж байсны улмаас аймгийн Засаг дарга нь газар дээр нь ажлын хэсэг томилж, асуудлыг нягтлан үзээд Х.М-д өвөлжөөний зориулалттай газар эзэмшүүлсэн нь цаашид малчид хооронд бэлчээр ашиглах талаар томоохон гарч болзошгүй, улмаар хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж түүнээс урьдчилан сэргийлэх үүднээс үүнийг таслан зогсоох арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “ж”-д газар эзэмших, ашиглахтай холбогдох маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, 29.1.6-ын “г”-д иргэдийг хүлээн авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” бүрэн эрхэд хамаарч байгаа учраас аймгийн Засаг даргын шийдвэр нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Тухайн маргаан бүхий газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 42 дугаар тогтоолоор баталсан 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хургах говь” хэмээх газрын өвөлжөө, хаваржааны доорх газраас 0.14 га газрыг 2 өрхөд эзэмшүүлэхээр төлөвлөсөн тул хүсэлт гаргасан Х.М нь уг газраас газар эзэмших эрхтэй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Х.М-дөвөлжөөний зориулалттай газар эзэмшүүлсэн асуудал нь 2015 оны 12 дугаар сарын 15-аас өмнөх үйл явдал байлаа. Ер нь тухайн багийн нутаг дэвсгэрээс иргэдэд өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэхэд хөрш зэргэлдээ хот айлуудын малчдын саналыг сайтар авч улмаар тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулан уг саналыг хэлэлцүүлэн, дэвжлэг авсан саналыг сумын Засаг дарга нэгтгэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх зарчимтай юм. Ер нь М.Д, М.Д нарын өвөлжиж буй газар нь өвөг дээдсээс олон жилийн турш уламжилж ирсэн, тэд олон жил амьдарч байсан, Х.М-н шинээр эзэмшилдээ авсан байсан буюу малын бэлчээрт барьсан зэрэг асуудлыг шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч Х.М-д өвөлжөөний зориулалттай эзэмшүүлсэн газар гэдэг нь тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр заагаагүй газар байсан нь Улаанхус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр тогтоогдож байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй нь илт тодорхой байгаа тул уг 110/ШШ2016/0039 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар бүхэлд нь өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Х.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянахад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэв.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын 2 дугаар багийн иргэн Х.М-д Хургах говийн овооноос өвөлжилтийн зориулалтаар 700 м.кв газрыг, мөн 2 дугаар багийн иргэн М.Дастанд Хургах говийн “Хутырган хороо” гэдэг газраас 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар тус тус эзэмшүүлж[1], газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.[2]

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалтыг үндэслэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг тус тус зөрчиж иргэн Х.М, М.Д нарт газар эзэмшүүлсэн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.

Дээрх захирамжийн эс зөвшөөрч, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Х.М-с нэхэмжлэл гаргахдаа “Баян-Өлгий аймгийн Засаг дарга хуулийг буруу хэрэглэсэн, надад эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшил газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг зөрчиж багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй гэсэн боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар газар эзэмшүүлэхэд багийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй” хэмээн тайлбарлан маргажээ.

Гэтэл маргаан бүхий өвөлжөөний газрыг олгосонтой холбоотойгоор бэлчээрийн маргаан гарч, Баян-Өлгий аймгийн Засаг даргад 2 удаа өргөдөл ирүүлсэн[3], улмаар газрын бэлчээрийн маргааны асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, хуулийн дагуу шийдвэр гаргуулахыг зөвшөөрч нэхэмжлэгч Х.М, гуравдагч  этгээд М.Д нар Улаанхус сумын нутаг дэвсгэрт орших маргаан бүхий газарт хийсэн ажлын хэсгийн шалгалтын хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан[4] болох нь хариуцагчийн тайлбар[5], хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүх дээр дурдсан баримтуудыг буруу үнэлж “... бусдын эрх ашгийг хөндөөгүй, төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар эзэмшсэн явдалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй, уг газар нь хэн нэгний эзэмшил газартай давхцаагүй ...” гэж дүгнэж, хариуцагчийг буруутгасан нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар эзэмшсэн, бусдын эзэмшил газартай давхацсан гэхээсээ илүү нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь газар эзэмшихдээ бэлчээрийн газар ашиглалтын талаар маргаж, үүнтэй холбогдуулан тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар бэлчээрийг зохистой ашиглах, хуваарилах талаар хэлэлцээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х.М-д газар эзэмшүүлсэн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын шийдвэрийг буруутгах боломжгүй.

Тус аймгийн Улаанхус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар “Хургах говь” гэх газарт бэлчээрийн даацын талаар болон бэлчээрийн хуваарилалтын асуудлыг хэлэлцэж байгаагүй болох нь гэрч Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай Д.Т, тус сумын иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Е нарын мэдүүлгээр[6] тогтоогдож байна.

Мөн Улаанхус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 42 дугаар тогтоолоор эзэмшүүлэх газарт маргаан бүхий “Хургах говийн овоо”, “Хутырган хороо” гэх газрууд хамаарахгүй, тухайн төлөвлөгөө нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээс өмнө гарсан зэргээс Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална.” гэж заасныг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг гаргахдаа зөрчсөн байна.

Анхан шатны шүүх “... иргэд хооронд бэлчээр ашиглах асуудлаар маргаан гарсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна” гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч гуравдагч этгээд М.Д-н бэлчээр ашиглах, газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт заасан “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэнтэй нийцээгүй байна.

Түүнчлэн “... бэлчээр ашиглах талаар гарсан маргааныг М.Д эхлээд багийн иргэдийн Нийтийн Хуралд хандаж хэлэлцүүлэх, эс тохиролцвол сумын Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл бэлчээрийн маргааны асуудлаар шууд аймгийн Засаг даргад хандсан, улмаар аймгийн Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцээгүй гэсэн үндэслэлээр Х.М-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь хуульд заасан журмыг зөрчсөн ...” гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь “сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд Улаанхус сумын Засаг дарга нь захирамжаа гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн тул Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт “Газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьж, хүчингүй болгосон нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.9, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М-н “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 дугаар захирамжийн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар Х.М-д газар эзэмшүүлснийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч  этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН 

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

 

[1] Хэргийн 7 дахь тал

[2] Хэргийн 9 дэх тал

[3] Хэргийн 27-29 дэх талууд

[4] Хэргийн 35 дахь тал

[5] Хэргийн 23 дахь тал

[6] Хэргийн 96, 99 дэх талууд