Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Л.Мөнхбаяр,

шүүгдэгч Л.Б-О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-О-д холбогдох эрүүгийн 2119002520236 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  Л.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 09 сарын 27-ны өдөр “Алион” маркийн тээврийн хэрэгслийн ард талын салхины шил, форкунс зарна гэж Э.Быг цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож 240.000 төгрөгийг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Л.Б-О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед надад Баатарсайханыг захиад байгаа зүйл байгаагүй. Ер нь бол олж өгөх боломж байсан ч би буруугаар ашигласан. Хэргийн хувьд маргахгүй. Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлын 240.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ мөнгөөрөө цахим покер тоглосон юм. Тухайн үед мөнгөгүй болоод ийм байдалд хүрсэн. Цаашдаа залилж бусдыг хохироохгүй байж чадна. Маш их ичиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би өөрийн Baatarsaikhan гэсэн хаягтай фэйсбүүк хаягтай “Аллионны ар талын шил авна” гэж бичсэн чинь “Desant Thunderz” гэсэн фэйсбүүк хаягнаас Аллионы сэлбэг зарна гэж комент бичсэн байхаар нь би нөгөө хаяг руу чат бичиж Хаан банкны .......данс болон ..... дугаарын утсыг нь чаталж байгаад авсан. Аллион тээврийн хэрэгслийн ард талын шил болон порсунк нэмж захихаар болж ..... дугаарын утас руу 2021 оны 09 сарын 22-ны өдөр 10-11 цагийн үед залгаж та найдвартай явуулна биз дээ гэж асуухад найдвартай явуулна олон орон нутгаас машины сэлбэг захидаг гэж надад хэлэхээр нь Хаан банкны .......гэсэн дугаартай Г.Б гэсэн данс руу 12 цаг 15 минутад 240.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ........ дугаарын данснаас ........ гэж утган дээр нь бичиж шилжүүлсэн. Жаахан байж байгаад 12:30 минутад  залгаж мөнгө шилжүүлсэн шүү гэж ярихад мөнгө орсон байна. Өнөөдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу Номингийн бараа ачсан машин явна тэр машинд тавьж явуулъя гэсэн. Орой 17 цагийн үед залгаж машины сэлбэг тавьсан юм уу гэхэд замын машинд хийчихлээ гэж хэлсэн. Орой эхнэр ирэхээр тавьж явуулсан машины дугаарыг явуулъя гэхээр нь маргааш хэдий үед ирэх вэ гэж асуухад оройхон Дорноговьд очно байх гэж хариулсан. Дахиж намайг залгахад утсаа аваагүй гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

 

-Яллагдагч Л.Б-О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ........ дугаарыг 2021 оны 10 сарын 24-ний өдрийг хүртэл ашигласан. Миний дугаар юм чинь надаас өөр хүн ашиглаагүй. Би тухайн үед онлайн покер тоглох гээд Э.Б гэсэн нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдож 240.000 төгрөгийг Desant Thunderz гэсэн фэйсбүүк хаягнаас цахим орчинд холбогдож өөрийн ..... гэсэн дугаарыг өгч утсаар ярин онлайнаар покер тоглодог хүний данс руу мөнгийг шилжүүлэн покер тоглоод мөнгийг нь алдсан. Би 2021 оны 09 сарын эхнээс эхлэн онлайн покер тоглож байгаад 2021 оны 09 сарын сүүлээр тоглохоо больсон. Би 2021 оны 09 сарын дундуур нээж байсан. Одоо ашигладаггүй гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

-Ж.Баттөрийн депозит дансны хуулга /хх 10-13 ху/

-Л.Б-О-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 28-35 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/

-Хохирол төлсөн талаархи баримт /хх 56 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.Б-О нь 2021 оны 09 сарын 27-ны өдөр “Алион маркийн тээврийн хэрэгслийн ард талын салхины шил, форкунс зарна” гэж Э.Быг цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож 240.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн үед надад Баатарсайханыг захиад байгаа зүйл байгаагүй. Ер нь бол олж өгөх боломж байсан ч би буруугаар ашигласан. Хэргийн хувьд маргахгүй. ...Энэ мөнгөөрөө цахим покер тоглосон юм. Тухайн үед мөнгөгүй болоод ийм байдалд хүрсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Бы “...Би өөрийн Baatarsaikhan гэсэн хаягтай фэйсбүүк хаягтай Аллионы ар талын шил авна гэж бичсэн чинь “Desant Thunderz” гэсэн фэйсбүүк хаягнаас Аллионы сэлбэг зарна гэж комент бичсэн байхаар нь би нөгөө хаяг руу чат бичиж Хаан банкны .......данс болон ..... дугаарын утсыг нь чаталж байгаад аван аллион тээврийн хэрэгслийн ард талын шил болон порсунк нэмж захихаар болж ..... дугаарын утас руу 2021 оны 09 сарын 22-ны өдөр 10-11 цагийн үед залгаж та найдвартай явуулна биз дээ гэж асуухад найдвартай явуулна олон орон нутгаас машины сэлбэг захидаг гэж надад хэлэхээр нь Хаан банкны .......гэсэн дугаартай Г.Б гэсэн данс руу 12 цаг 15 минутад 240.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ........ дугаарын данснаас ........ гэж утган дээр нь бичиж шилжүүлсэн. Жаахан байж байгаад 12:30 минутад  залгаж мөнгө шилжүүлсэн шүү гэж ярихад мөнгө орсон байна. Өнөөдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу “Номин”-ийн бараа ачсан машин явна тэр машинд тавьж явуулъя гэсэн. ...Дахиж намайг залгахад утсаа аваагүй” гэсэн /хх 21 ху/ мэдүүлэг, Ж.Баттөрийн депозит дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хохирол төлсөн талаархи баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

        Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар болгож залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Б-О-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч Э.Б-д 240.000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овгийн Л-ын Б-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-О-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /гурав/ сарын хугацаанд сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА