Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Н.Б-О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-О-д холбогдох эрүүгийн 2119002210225 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Б-О нь 2021 оны 05 сард Дорноговь аймаг Дэлгэрэх сумын 1 дүгээр баг Цагаан овоо гэх газарт иргэн Д.С зөв талын гуяндаа “Т” /алхан/ тамгатай хээр гүүг унагатай нь хамт бэлчээр дээрээс нь нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Б-О-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байгаа. Би хүнд адуу өгөх ёстой байсан. Энэ унагатай адууг С-нх гэж мэдэж байсан. Хохирогчид адууг унагатай нь буцааж авчирч өгсөн. Бензин тосны зардалд 850.000 төгрөг гарсныг төлсөн. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Ойлгож гэмшиж байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 05 сарын 01-ний өдрийн өглөө зөв талын гуяндаа Т алхан тамгатай адуугаа хайгаад адуун дээрээ очиход ижил тамгатай хээр гүү, хээр унагатайгаа байхгүй байхаар нь адуугаа бэлчээрлэдэг газруудын ойр орчмоор эрх хайгаад ололгүй овоон дээр гараад дурандаж байтал портер маркийн машинд адуу ачаад явж байхаар нь очиж уулзахад үл таних залуу ганцаараа явж байсан. Тэгээд хаанаас явж байгаа вэ ямар учиртай адуу ачиж байгаа юм бэ, энэ адуу манай адуу байна гэж хэлэхэд би энэ адууг Өргөн сумын Б-Ооос айлын хашаан дээрээс аваад явж байна гэж хэлсэн. Тэр ачиж явсан адуу нь зөв талын гуяндаа Т алхан тамгатай хээр гүү, хээр унагатай манай хээр азаргатай адуунаас алга болсон 2 адуу мөн байсан. Тэгээд би гүү, унага хоёроо аваагүй, үл таних залууд өгөөд явуулсан. Тэр адуу ачиж явсан залуугаас дахин өөрийнхөө ачиж явсан 2 адууны талаар асуухад Өргөн сумын Б-Ооос авахдаа чиний тамгатай адуу биш байна гэж асуухад Б-О би дааганд нь хүнээс авсан гэж хэлсэн гэж надад ярьсан. Ганц нэг удаа машинд ачиж байсан номхон гүү байгаа гэж ярьж байсан. Би Б-Ооор өөрийн адуугаа маллуулаагүй ба өвөл Дундговийн отрын олон адуу орж ирэхээр нь би өөрөө адуунуудаа чөдөрлөж маллаж байсан. 2021 оны 05 сард алдсан зөв талын гуяндаа Т алхан тамгатай хээр гүү, хээр унагатай нь хамт буцааж явсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 7, 9 ху/,

 

-Гэрч Х.Б-О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Чамд өгөх адууг өвөлжөөн дээрээ бариад уячихлаа дагаад явчих гэж хэлээд бид хоёр ертөнцийн зүгээр зүүн хойшоо 10 орчим км газарт очиход хөрзөнгөөр дугуйлсан зүүн хойд талдаа ёмкосон  амбаартай өвөлжөөн дээр очсон. Хашааны гадаа шонгоос худ зүсмийн охин хээр унагатай зөв талын гуяндаа Т үсгэн тамгатай адууг уячихсан байсан. Би Б-Оы өгсөн адууг өөрийн машиндаа ачаад Б-Од адууны үлдэгдэл мөнгө болох 100.000 төгрөгөө өгч бид хоёр салсан. Б-О надад энэ замаар яваарай гэж зам зааж өгч би тэр замаар нь явж байтал хойд талын өндөр овоон дээрээс мотоциклтой хүн намайг даллаж дуудахаар нь очиж уулзсан. Мотоциклтой эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Эрэгтэй хүн нь өглөө адуу усандаа ирэхэд чиний ачиж явж байгаа хул гүү усандаа ирээгүй чи хулгай хийгээд явж байна уу. Адуугаа ижилдээ байхгүй болохоор нь хайгаад явж байна гэж хэлэхээр нь тэр үл таних хүнд ахаа би хүнээс авлагаа аваад явж байна өөр мэдэх зүйл байхгүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх 16-18 ху/,

 

-Гэрч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай эхнэрийн дүү Бат-Очир 2021 оны 05 сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Өргөн сумын 3 дугаар багийн иргэн Б-Ооос адуу авна гэж миний 71-77 ДГО улсын дугаартай ногоон өнгийн пронтер машинтай яваад ирэхдээ зөв талын гуяндаа Т алхан тамгатай хул хонгор зүсмийн гүү, охин хээр зүсмийн унагатай адууг ачиж авчраад хул азаргатай адуундаа тавьсан. Одоо хул хонгор зүсмийн гүү, хээр унагатайгаа байгаа гэсэн мэдүүлэг / хх 20 ху/,

 

-Хохирлын үнэлгээ /хх 33 ху/,

-Н.Б-О-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/,

-Өргөн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Н.Б-О-ы малын А дансны хуулга /хх 61-68 ху/,

-Н.Б-О-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 4-49 ху/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Б-О нь 2021 оны 05 сард Дорноговь аймаг Дэлгэрэх сумын 1 дүгээр баг ...гэх газарт иргэн Д.С зөв талын гуяндаа “Т” /алхан/ тамгатай хээр гүүг унагатай нь хамт бэлчээр дээрээс нь нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Б-Оы “...Би хүнд адуу өгөх ёстой байсан. Энэ унагатай адууг Сэлэнгийнх гэж мэдэж байсан. Хохирогчид унагатай нь буцааж авчирч өгсөн. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.С “...адуун дээрээ очиход ижил тамгатай хээр гүү, хээр унагатайгаа байхгүй байхаар нь адуугаа бэлчээрлэдэг газруудын ойр орчмоор эрх хайгаад ололгүй овоон дээр гараад дурандаж байтал портер маркийн машинд адуу ачаад явж байхаар нь очиж уулзахад үл таних залуу ганцаараа явж байсан. Тэгээд хаанаас явж байгаа вэ ямар учиртай адуу ачиж байгаа юм бэ, энэ ачиж авч явж байгаа адуу манай адуу байна гэж хэлэхэд би энэ адууг Өргөн сумын Б-О-оос айлын хашаан дээрээс аваад явж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Бат-Очир /хх 16-18 ху/, гэрч Ч.Түвшинжаргал /хх 20 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл авсан тэмдэглэл, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Б-О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан үзсэн бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдав. 

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 он 07 сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24:00 цагаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/  ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчийг өршөөлд хамруулах үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

-

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө овгийн Н-ын Б-О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-О-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-О-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-О нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.БАЙГАЛМАА