Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/15

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Л.Мөнхбаяр,

шүүгдэгч Б.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-Э-д холбогдох эрүүгийн 2219000000008 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М-Э нь 2021 оны 12 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Шинэ зуун хорооллын 2 дугаар байрны гадаа .... ОРО улсын дугаартай Соната-5 маркийн авто машинд хохирогч Г.С нь редми А9 маркийн гар утсаа гээгдүүлснийг мэдсээр байж завшиж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.М-Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Хөвсгөл рашаан цайны газарт тогоочоор ажилладаг. Тухайн өдөр ээжийнх рүүгээ явж байсан. Таксинд суусан эмэгтэйг танихгүй. Машинаас буухдаа газар утас байгааг мэдээд авсан. Утас асаалттай байсан. Би унтраасан. Би тэр утсыг хүүхдэдээ өгч тоглуулж байгаад алга болгочихсон. Хүний юм авч болохгүй юм байна гэсэн дүгнэлт хийж байгаа. Хохирогчид ижил утсыг нь авч өгсөн. Хохирол төлсөн. Дахин ийм хэрэг хийхгүй. Хэргийн хувьд маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 12 сарын 07-ны орой 20 цагт Бадрал нэртэй талхан цехээс баруун зүгт гэртээ харих зорилгоор такси барьсан би машинд суухдаа өөрийн редми 9А гэдэг нэртэй утсаа шалгасан учир нь утасны гэрэнд Хаан банкны картаа хийсэн би өөрийн өмсөж явсан хувцасны зүүн халаасанд хийсэн тэгээд машинд суусан. Суугаад өөрийн гэр болох Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг Шинэ зуун .... тоотын үүдэнд буусан. Буугаад халаасаа үзтэл байхгүй болохоор нь ах Оаас утсыг нь авч залгаж үзэхэд унтраасан байсан. Би нөгөө таксины араас гүйгээд явтал такси дараагийн хүнээ буулгах гээд манайхаас 200 метр зайтай байсан айлын гадаа байсан. Би ах Оын хамт очиж машины жолооч гэрийн хүмүүстэй уулзаад миний утас байна уу гэж асуухад байхгүй гэж хэлээд миний утсыг өгөөгүй. Би 2022 оны 01 сарын 03-ны өдөр алдагдсан редми А9 загварын гар утсаа Б.М-Ээс төлүүлэн авсан. Надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

 

-Яллагдагч Б.Мийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2021 оны 12 сарын 07-ны орой 20 цагийн үед Г.С эгч таксины хойд суудалд хамт зорчиж яваад буусан би гэрийн үүдэнд буух гэж байсан чинь уг машины шалан дээр улаан эрээн өнгийн гадартай гар утас байсан түүнийг авсан намайг авах үед ямар нэгэн хүн хараагүй манай аав болон жолооч ар урд суудлаас буусан болохоор хараагүй. Би уг утсыг шууд унтраагаад сим картыг нь маргааш буюу 2021 оны 12 сарын 08-ны өдөр аваад хаясан сим карт нь одоо хаана байгаа талаар бол мэдэхгүй байна. Уг нь гар утсыг Сайншанд суманд байдаг 555 гар утас засварын газар очиж зодыг нь тайлуулсан.  Тэгээд 2021 оны 12 сарын 17-ны өдөр миний нэр дээр бүртгэлтэй байдаг ....... гэсэн дугаар хийсэн хугацаа нь дууссан байсан болохоор 2021 оны 12 сарын 19-ний өдөр ....... хугацааг 1 сарын хугацаатай сунгасан гэсэн мэдүүлэг /хх 22 ху/,

 

-Юнител ХХК-ийн 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 05-01/7574 дугаартай албан бичиг /хх 25 ху/,

-Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-921/2578 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ  /хх 27 ху/,

-Б.Мийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37-43 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.М-Э нь 2021 оны 12 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Шинэ зуун хорооллын 2 дугаар байрны гадаа .... ОРО улсын дугаартай Соната-5 маркийн авто машинд хохирогч Г.С нь редми А9 маркийн гар утсаа гээгдүүлснийг мэдсээр байж завшиж 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Таксинд суусан эмэгтэйг танихгүй. Машинаас буухдаа газар утас байгааг мэдээд авсан. Утас асаалттай байсан. Би унтраасан. Би тэр утсыг хүүхдэдээ өгч тоглуулж байгаад алга болчихсон. Хүний юм авч байхгүй юм байна гэсэн дүгнэлт хийж байгаа. Хэргийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Сын “...гэртээ харих зорилгоор такси барьсан.  Би машинд суухдаа өөрийн редми 9А гэдэг нэртэй утсаа шалгасан учир нь утасны гэрэнд Хаан банкны картаа хийсэн би өөрийн өмсөж явсан хувцасны зүүн халаасанд хийсэн тэгээд машинд суусан. Суугаад өөрийн гэр болох Дорноговь аймаг Сайншанд сум 6 дугаар баг Шинэ зуун .... тоотын үүдэнд буусан. Буугаад халаасаа үзтэл байхгүй болохоор нь ах Оаас утсыг нь авч залгаж үзэхэд нэг унтраасан байсан. Би нөгөө таксины араас гүйгээд явтал такси дараагийн хүнээ буулгах гээд манайхаас 200 метр зайтай байсан айлын гадаа байсан би ах Оын хамт очиж машины жолооч гэрийн хүмүүстэй уулзаад миний утас байна уу гэж асуухад байхгүй гэж хэлээд миний утсыг өгөөгүй” гэсэн /хх 10 ху/ мэдүүлэг, хохирлын үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.М-Э-ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

            Хохирогч Г.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “редми А9 маркийн гар утсаа Б.М-Э-ээс гаргуулж авсан тул одоо гомдол санал байхгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох шийтгэлийг 1 /нэг/ жилийн хугацаанд сард 41.667 /дөчин нэгэн мянга зургаан зуун долоон/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Б-ийн М-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас 360.000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох шийтгэлийг 1 /нэг/ жилийн хугацаанд сард 41.667 /дөчин нэгэн мянга зургаан зуун долоон/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА