| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0278/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/317 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ад холбогдох эрүүгийн 2125001870360 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ч.А
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Аг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оч” барилгын материалын дэлгүүрт иргэн С.Мөнхцэцэгийн Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
шүүгдэгч Ч.Агийн мэдүүлсэн: Би тэр өдөр халамцуу байсан. Тэнд цэнэглэж байсан утсыг авсан. Зүс таних залуу гаднаас орж ирсэн. Тэр залуугаар утсыг эгчдээ заруулсан. Утсыг нь буцаан өгсөн. Эгч Ад 80,000 төгрөг төлнө гэх мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас:
-Самсунг А-12 гар утасны баталгаат завсарын хуудасны хуулбар /хх-ийн 9-р хуудас/
-Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн /хохирогчид гар утас хүлээлгэн өгөх/тухай тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас,
-Хохирогч С.М-ийн мэдүүлсэн...Миний эзэмшлийн Самсунг А-12 загварын гар утсыг надад хүлээлгэн өгч байгаа С.Б гэдэг хүнийг би танихгүй. С.Б нь тухайн үед манай Оч барилгын материалын дэлгүүрт орж ирээгүй. Тухайн үед би ажпын хувцасны өлгүүрийн эсрэг талд байрлах лангуун дээр өөрийн эзэмшлийн Самсунг А-12 загварын гар утсаа цэнэглээд орхисон байсан бөгөөд таны харуулж байсан Ч.А гэх хүн нь манай дэлгүүрт түрүүлж орж ирэн ажпын хувцсан дээр очоод хувцас асуугаад байсан.Харин араас нь орж ирсэн эрэгтэй нь Ч.Агийн далан дээр алгадсан бөгөөд удалгүй эргээд Ч.А нь уг эрэгтэйгийн хамт манай дэлгүүрээс гараад явсан болохоор Ч.А гэх хүн авсан байх гэж бодож байна. Уг эрэгтэй араас нь орж ирэхэд Ч.А гэх хүн нь анх орж ирсэн газраасаа хөдлөөд цаад талд байх тавиурын ойролцоо байж байсан ...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
-Иргэний нэхэмжлэгч Д.Аын ...Хэзээ билээ он сар өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан 2021 оны зуны улиралд байсан санагдаж байна, намайг 5-11-69 тоот гэртээ байж байхад дүү Ч.А нь гаднаас танихгүй эрэгтэй хүний хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу орж ирсэн. Ч.А уг эрэгтэй хоёр, хоёулаа архи уусан байсан. Ч.А нь манай найз нэг гар утас зарах гэсэн юм гэсэн чинь нөгөө танихгүй залуу нь хар өнгийн ард талдаа 4 ширхэг хос камертай, симний үүр, сим карт байхгүй Самсунг загварын гар утас гаргаж ирээд 120,000 төгрөгөөр зарна гэхээр нь би 80,000 төгрөгөөр уг гар утсыг худалдан авч дараа нь симний үүр аван өөрийн эзэмшлийн 99016923 дугаарын сим картыг хийн ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/
-Гэрч О.Э-ын ...Манай байгууллага танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хүлээн авч Улаанбаатар хотод байрлах Мобиком корпораци ХХК- ийн Хуулийн хэлтэс рүү хүргүүлэхэд нууцын эрх бүхий ажилтан нь танай байгууллагаас ирүүлсэн албан бичигт бичигдсэн 354290376305057, 357788126305050 дугаарын 1МЕ1 кодтой гар утсанд Мобиком ХХК-ийн ямар дугаартай сим карт ажиллаж байгааг шалгахад Дамбадаржаагийн А /ФМ66092301/-ын эзэмшлийн 99016923 дугаар байсан. Тэгэхээр уг 1МЕ1 кодтой гар утсанд 99016923 дугаарын сим картыг хийн ашигласан гэсэн үг... Самсунг А12 завгарын гар утас нь 2 сим картай гар утас бөгөөд 2 1МЕ1 код байдаг. 2 симний 1 сим картанд дугаараа хийн ашиглахад зөвхөн 1 1МЕ1 кодынх нь л мэдээлэл гарч ирдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/
-Гэрч А.У-ын ...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай Оч барилгын материалын дэлгүүрт бараа ирсэн байсан бөгөөд барааг тоолон цэгцэлж байхад эхлээд 1 танихгүй эрэгтэй хүн орж ирээд С.Мөнхцэцэгээс юм асуугаад байх шиг байсан, тэгээд дахиад өөр нэг эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд тэр 2 танихгүй эрэгтэй хүмүүс хамтдаа манай дэлгүүрээс гараад явах шиг болсон. Би тухайн үед юм хийгээд сууж байсан болохоор сайн анзаарч хараагүй. Тэгээд уг 2 хүнийг гарсны дараа С.Мөнхцэцэг нь гар утсаа хайгаад олоогүй бөгөөд гар утсаа бусдад алдсан гэдгийг мэдсэн... Таны харуулж байгаа хүний зураг нь тухайн үед манай дэлгүүрт орж ирсэн хүн мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/
-Гэрч С.Бын ... 2021 оны 05 дугаар сарын сүүл үеэр Д.А бид 2-ыг 5-19-69 тоот гэртээ байж байхад Ч.А нь гаднаас согтуу, нэг танихгүй залуугийн хамт орж ирэн Ч.А нь манай эхнэр Д.Ад гар утас зараад байсан. Би тухайн үедээ нээх юм бодоогүй бөгөөд анзаараагүй. Тэгээд Цагдаагийн байгууллагаас манай эхнэр Д.А руу хэд хэдэн удаа залгаж танд бусдын эзэмшлийн гар утас байна, уг гар утсыг авч ирэн шалгуулах хэрэгтэй байна гэхэд ...Манай эхнэр надад хэлэхдээ 80,000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Би тухайн үед ямар маркийн гар утас байсныг мэдэхгүй байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
-Ашид Билгүүн ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21/154 дугаартай ...Самсунг А12 маркийн гар утасны үнэ 540,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 35-37-р хуудас/
-Шүүгдэгч Ч.Агийн яллагагчаар мэдүүлсэн... Намайг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ... тухайн өдөр өглөөнөөс орой хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлсээ сайн санахгүй байгаа, гэхдээ уг өдөр Оч барилгын материалын дэлгүүр орж байснаа бол санаж байгаа. Тэгээд дэлгүүрээс гарч ирээд хамт явж байсан залуутайгаа хамт 5-11-69 тоот гэртээ очиж Д.А эгчид уг залуугаар дамжуулан гар утсыг 80,000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдоо.
Үйл баримт: Шүүгдэгч Ч.А нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сотууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оч барилгын материалын дэлгүүрт иргэн С.Мөнхцэцэгийн цэнэглэж орхисон байсан Самсунг А12 загварын гар утсыг нууцаар авч бусдад 80,000 төгрөгөөр худалдаж С.Мөнхцэцэгт 540,000 төгрөгийн учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Ч.А нь бусдын эзэмшлийн Самсунг А12 загварын гар утсыг зөвшөөрөлгүй, нууцаар авсаны улмаас хохирогчид 540,000 төгрөгийн шууд хохирол учирсан шалтгаант холбоотой байдал дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, шүүгдэгч үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Урьд 7 удаагийн хэрэгт холбогдож, үүнээс 6-д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь нотлогдсон ба өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрх хязгаарлах ялаар солих саналтай гэж,
-шүүгдэгч Ч.А: гэм буруугаа хүлээж байна. Надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна уу. Нас өндөр болж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож байна гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Ч.А бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 540,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирлыг барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь үйлдсэн цаг хугацаа, хэргийн зүйлчлэлийн хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул оногдуулсан хорих ялыг өршөөж зорчих эрх хязгаарлах ялаар сольж эдлүүлэхээр зааж шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.М учирсан хохирол болох 540,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А12 загварын гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч цаашид гаргах гомдол саналгүй шүүх хуралд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул гаргуулах төлбөргүйг заасан болно. Харин иргэний нэхэмжлэгч Ч.А нь шүүгдэгчээс төлбөр нэхэмжлээгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Ч-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн 1 жил 6 сарын хугацаагаар Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ч.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,иргэний нэхэмжлэгч төлбөр нэхэмжлээгүйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ