Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/312

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж, шүүгч Ц.А, Г.Э нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Иргэдийн төлөөлөгч Ю.Э

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2125002060261 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Д-гийн Б, регистрийн дугаар 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Быг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат Манханы 14 дүгээр гудамжинд иргэн Д.Жыг зодож архины шил буюу зэвсгийн чанартай зүйлээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт :

      -шүүгдэгч Д.Бы мэдүүлсэн: 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр архи уусан. Тэр үед хашааны гадаа Жтай таарсан. Тэр над руу салаавч өгсөн. Тэгээд бид 2 муудалцсан. Ж нь морьтой явж байсан ба чаддаг юм бол хүрээд гээд явсан ба би дагаж Манханы 14-р гудамжинд очиж мориноос нь татаж унагаж цохисон. Ж нь айлын хашаа руу зугатаад орохоор нь би би араас нь орж гараараа толгой руу нь цохиж өшиглөсөн. Тэгээд цагдаа эмнэлэг ирсэн...0,5 гр ерөөл архи ганцаараа уусан. Үлдсэн нь өмдний карманд байсан. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

          Хавтаст хэргээс яллах болон цагаатгах талуудын шинжлэн судалсан :

   -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-р хуудас/

           - Эд мөрийн баримтаар ...ерөөл гэсэн бичигтэй архины шилний хагархай хэсгүүд..ийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-ийн 19-р хуудас/

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 13-18-р хуудас/

-шүүгдэгч Д.Бы согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 21-р хуудас/

-хохирогч Д.Жы мөрдөн байцаалтад мэдүүлсэн....Би энэ өдөр үхэрнүүдээ хайх гээд өдөр 14 цагийн орчимд гэрээсээ морио унаад гарсан. Тэгээд Даваат багт явж байсан чинь зүс таних Бтай тааралдсан. Тэгээд Б намайг нааш ир гээд дуудсан. Би яваад очсон чинь намайг ална шүү гэхээр нь би морьтойгоо зугтаах гэсэн чинь намайг морин дээрээс татаж унагаагаад газарт унасан байхад шууд толгой тархи руу цохиод байсан. Тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Эмнэлэг дээр сэрсэн.  Нүдний хараа маш буу болсон, толгой хагарсан, цөмөрсөн, хоёр хөл гишгэхдээ муу их өвддөгболсон. Ил харагдах гэмтэл шарх байхгүй ч битүү гэмтэл их байгаа. Миний эмчилгээг Б тогтмол хийлгэж байгаа, гомдол санал гэх зүйл байхгүй... тэгээд би хальт ухаан ортол намайг айлын хашаанд оруулаад зодоод байсан, намайг ямартай ч өшиглөөд байсан. Өөрөөр ямар нэгэн хэрэгслээр зодсон гэдгийг би хэлж мэдэхгүй байна, тухайн үед ухаан алдчихсан.Дараа нь ухаан орж гараад байсан болохоор би санахгүй байгаа. Намайг зодож байхад хажууд айлын хүмүүс байсан тэр хүмүүс намайг архины шилээр зодсон гэсэн. Би өөрөө тэрийг нь мэдэхгүй байгаа. Тухайн үйл явдлаас хойш би санаж мартаад байдаг болчихсон, уг нь ийм байгаагүй юм. Намайг Б морин дээрээс хүчтэй татаж унагаасан гэхдээ би толгой хэсгээрээ бол юм мөргөөгүй, газар унахдаа би биеийнхээ хэсгээр унасан. Толгойгоороо бол унаагүй, толгой хэсгээрээ юм цохиогүй гэдгээ мэдэж байна. Би яг их бие хэсгээрээ унасан байх унах үйл явц хурдан болж өнгөрсөн учраас аль хэсгээр унасан талаараа мэдэхгүй байна.Тэгээд Б намайг цохисон тэгээд би ухаан алдсан, тэрнээс хойш ухаан хальт орж гараад яг яаж цохиод байгааг бол мэдээгүй, ямартай ч би эмнэлэг дээр ухаан алдчихсан очсон. Тэгээд эмнэлэгт ухаангүй 3 хоносон, 4 дэх хоног дээрээ ухаан орсон юм. Тухайн өдөр би архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй, гэрээсээ гараад үхрээ хайхаар явж байгаад л Бтай таарсан, тэгээд зодуулсан, ямар ч асуудлаас маргалдаагүй юм.Надтай таарахдаа Б архи уучихсан, нэг архины шил халаасандаа хийсэн байсан аль халаас гэдгийг санахгүй байна, ямартай ч архи уусан байсан.Би Бтай маргалдаж хэл амаар доромжилж гар хүрсэн асуудал огт байхгүй, намайг нааш ир гээд байхад нь би морьтойгоо зугтаах гэтэл морьноос бариад намайг унагаасан тэгээд өөрөө намайг хэл амаар доромжлоод зодоод эхэлсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/

-шинжээч Ж.Гийн мэдүүлсэн...Д.Жы биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, архины шил бүтэн /хагараагүй/ байхдаа мохоо зүйлд хамрагдана, харин хагарсан тохиолдолд түүний хагартай ирмэгээр цохигдвол хурц үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлд багтана. Хохирогч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмнэлгийн тусламж авч, тухайлбал дух баруун нүдний доорх зовхинд үүссэн шархуудад оёдол тавигдсан байна. Эмчлэгч эмч шархны шинж чанарыг тодорхой бичээгүй байна, би өөрийн дүгнэлтэндээ уг оёдол тавигдсан шархнуудыг баруун нүдний доод зовхи духанд 2 тооны няцарсан шарх үүсжээ гэж дүгнэсэн байна. Няцарсан шарх нь мохоо зүйлийн хүчтэй цохилтын улмаас үүсэж болдог, тийм учраас архины шилээр цохиход үүсэж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

эрч И.Ц-ийн мэдүүлсэн...Би тухайн үед Даваат Манханы 14-22 тоот гэртээ байсан юм...Тэгэхээр нь би гараад хартал хадам аавын байшингийн зүүн талд морьтой явсан хар бараан өнгийн хувцастай ах нь газар байшин налаад суучихсан хамарнаас нь цус гарчихсан байсан бөгөөд нөгөө судалтай эрээн футболктой ах нь хажууд нь түүнийг заамдаад зогсож байсан.Би “хөөе болоичээ” гэхэд судалтай эрээн футболктой ах нь “энэ над руу салаавч гаргасан юм,би одоо түүнийг алах гэж байна” гээд нөгөө ахын нүүр рүү гараараа 1 удаа цохисон.Тэгснээ хөлөөрөө нөгөө ахын баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн.Тэгснээ нэг бүтэн архи гаргаж ирснээ нөгөө ахын толгой руу нь 1 удаа цохисон.Тэгтэл архины шил нь хагараад тэр ахын гарт хагархай үлдэгдэл хэсэг нь үлдсэн бөгөөд тэр ах үлдэгдэл шилээрээ ахин тэр ахын толгой руу цохисон юм.Тэгтэл нөгөө шил нь хагарч бутарсан бөгөөд нөгө ахын толгойгоос аягүй их цус гарч эхэлсэн.Тэгснээ дахин гараараа нөгөө ахын толгой руу цохисон...жижиг модон шат авч хөл рүү нь цохисон.Би болиочээ гээд орилоод байхад ерөөсөө тоохгүй байсан.Зодуулсан ах чимээгүй байшингийн хажуунаас явж манай монгол гэрийг налаад зогссон.Тэгтэл нөгөө судалтай футболктой ах нөгөө ахын нүүр рүү гараараа 2 удаа цохисон...зодсон ах зодуулсан ахыг хашаанаас чирээд гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/

-гэрч Л.Н-ийн ...2021 оны 06 сарын 24-ний өдрийн барагцаагаар 11 цагийн үед манай хамтран амьдрагч Д.Ж нь хар морион унаад үхэр адуугаа усалчихаад ирье гээд явсан. Тухайн үед Д.Ж эрүүл, биед нь ямар нэг гэмтэл шарх байхгүй зүгээр байсан....худгаас урагш 2 дахь гудамж руу ороод явж байтал Д.Ж нь хашаа налаад суучихсан, түүний нүүр ам нь нилэнхүйдээ цус болчихсон байсан...нэг махлагдуу охин гарч ирээд энэ ахыг нэг ах ирээд зодчихсон, энэ ах тэгээд манай хашаа руу амь авраарай гэж орилж ирсэн. Араас нь нөгөө ах орж ирээд бас зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 47-48-р хуудас/ 

үүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 391 дугаартай ...Д.Жы биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн зулай хэсгийн их хэмжээний цусан хураа, баруун нүдний алимны доргилт, барууннүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүдний доод зовхи, духанд 2 тооны няцарсан шарх, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, зүүн шилбэ, баруун тохойд олон тооны зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т  заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хамрын ясны хугарал, тасвалчийн муруйлт, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний ухархайн хананы хугарал, 2 тооны няцарсан шарх зэрэг нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамарагдахгүй. Гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-57-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 3217 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Д.Жы гэх хатаасан цус нь АВО системээр О/I /бүлгийн харъяалалтай байна. Д.Б гэх хатаасан цус нь АВО системээр О/I /бүлгийн харъяалалтай байна. Бор өнгийн хос гутал, цэнхэр өнгийн судалтай футволк, цэнхэр өнгийн жинсэн өмд дээр цус илэрсэн. Цэнхэр өнгийн жинсэн өмд дээрх цус нь АВО системээр О/I /бүлгийн харъяалалтай байна. Бор өнгийн хос гутал, цэнхэр өнгийн судалтай футволк дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/

       -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3628 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн өмд, гутлаас авсан арчдас, футболкны арын хэсэгт цус илэрсэн. Д.Ж, Д.Б нараас авч хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн өмд, гутлаас авсан арчдаснаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Д.Жы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой таарч байна.Шинжилгээнд ирүүлсэн футболкны арын хэсгээс авсан дээжээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо Д.Бы  гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 75-77-р хуудас/

-Шүүгдэгч Д.Бы яллагдагчаар мэдүүлсэн... Тухайн өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн гэр болох Даваат Манханы 13-09 тоотод ...13 цагийн орчимд Хөвсгөл 2 гээд дэлгүүрээс 0,5 гр Ерөөл архи нэг ширхэгийг аваад гэртээ ганцаараа уусан.Тухайн 0,5 гр Ерөөл архинаас 200 гр хэмжээтэй уусан, тэгээд би гэрийнхээ хашааны гадаа тамхи татах гээд гараад Жтай 15 цагийн орчимд таарсан. Тухайн үед би 200 гр архи уучихсан тэрэндээ нэлээн халсан байсан.Тэгээд Ж намайг чи муу гөлөг юу вэ гээд над руу баруун гараараа над руу салаавч гаргаад, чи чаддаг юм бол араас дагаад ир” гээд морьтойгоо яваад өгсөн. Тэгээд би араас нь дагаад Манханы 14 дүгээр гудамж руу явсан. Тэгээд Манханы 14 гудамжинд би Жыг мориноос нь буулгах гээд мориных нь жолооноос татсан тэгтэл Ж морьноосоо уначихсан тэгээд би Жыг унахаар нь толгой хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн... Ж босож ирээд миний цээжнээс заамдсан намайг баруун мөр лүү гараараа алгадсан тэгээд би Жыг гараараа толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Ж нэг айлын хашаа руу орсон Манханы 14 дүгээр гудамж хаягийг мэдэхгүй байна.Тэр айлын хашааны хаалга хаалттай байхад Ж онгойлгож орсон.Би араас нь дагаад орсон тэгээд би Жтай цохилцсон ба хөл рүү нь гуталтай хөлөөрөө өшиглөсөн бас толгой хэсэг рүү нь алгадсан. Тэгээд тэр айлын гэрээс 30 орчим насны эмэгтэй гарч ирээд “та хоёр болиочээ нялх нойтон хүүхэд байна” гэж хэлсэн тэгээд би хашаанаас гарсан гээд араас нэг эрэгтэй хүн “та болиоч цагдаа дуудлаа шүү” гээд байсан. Тэгээд Ж айлын хойд хашааг налаад суучихсан хамарнаас нь нэлээн цус гарсан байсан…гэх мэдүүлэг /хх-н 86-р хуудас/

-Хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн амбулторын картын хуулбар /хх-ийн 101-109-р хуудас/

-Шүүгдэгч Д.Б хохирогч Д.Жд хохирол барагдуулсан тухай баримтууд /хх-ийн 110-114-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

            ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр архидан согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат Манханы 14 дүгээр гудамжинд тааралдсан зүс таних Д.Жтай үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар мориноос нь татаж унаган толгой руу нь цохиж өшиглөн, зодож, айлын хашаа руу зугатаж ороход нь араас нь орж  нүүр рүү нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, 0.5 литрийн ерөөл архины шилээр толгой руу нь 2 удаа цохиж, жижиг модон шатаар хөл рүү нь цохиж зодон биед нь гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн зулай хэсгийн их хэмжээний цусан хураа, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүдний доод зовхи, духанд 2 тооны няцарсан шарх, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, зүүн шилбэ, баруун тохойд олон тооны зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогчийн... Тэгээд Б намайг нааш ир гээд дуудсан. Би яваад очсон чинь намайг ална шүү гэхээр нь би морьтойгоо зугтаах гэсэн чинь намайг морин дээрээс татаж унагаагаад газарт унасан байхад шууд толгой тархи руу цохиод байсан. Тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Эмнэлэг дээр сэрсэн.  Нүдний хараа маш буу болсон, толгой хагарсан, цөмөрсөн, хоёр хөл гишгэхдээ муу их өвддөг болсон. Ил харагдах гэмтэл шарх байхгүй ч битүү гэмтэл их байгаа.....гэх мэдүүлэг,...гэрч И.Ц-гийн мэдүүлсэн...Би тухайн үед Даваат Манханы 14-22 тоот гэртээ байсан юм...Тэгэхээр нь би гараад хартал хадам аавын байшингийн зүүн талд морьтой явсан хар бараан өнгийн хувцастай ах нь газар байшин налаад суучихсан хамарнаас нь цус гарчихсан байсан бөгөөд нөгөө судалтай эрээн футболктой ах нь хажууд нь түүнийг заамдаад зогсож байсан.Би “хөөе болиочээ” гэхэд судалтай эрээн футболктой ах нь “энэ над руу салаавч гаргасан юм,би одоо түүнийг алах гэж байна” гээд нөгөө ахын нүүр рүү гараараа 1 удаа цохисон.Тэгснээ хөлөөрөө нөгөө ахын баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн.Тэгснээ нэг бүтэн архи гаргаж ирснээ нөгөө ахын толгой руу нь 1 удаа цохисон.Тэгтэл архины шил нь хагараад тэр ахын гарт хагархай үлдэгдэл хэсэг нь үлдсэн бөгөөд тэр ах үлдэгдэл шилээрээ ахин тэр ахын толгой руу цохисон юм.Тэгтэл нөгөө шил нь хагарч бутарсан бөгөөд нөгөө ахын толгойгоос аягүй их цус гарч эхэлсэн.Тэгснээ дахин гараараа нөгөө ахын толгой руу цохисон...жижиг модон шат авч хөл рүү нь цохисон.Би болиочээ гээд орилоод байхад ерөөсөө тоохгүй байсан.Зодуулсан ах чимээгүй байшингийн хажуунаас явж манай монгол гэрийг налаад зогссон.Тэгтэл нөгөө судалтай футболктой ах нөгөө ахын нүүр рүү гараараа 2 удаа цохисон...зодсон ах зодуулсан ахыг хашаанаас чирээд гаргасан... гэх мэдүүлэг, гэрч Л.Нарангэрэлийн... Д.Ж нь хашаа налаад суучихсан, түүний нүүр ам нь нилэнхүйдээ цус болчихсон байсан...нэг махлагдуу охин гарч ирээд энэ ахыг нэг ах ирээд зодчихсон, энэ ах тэгээд манай хашаа руу амь авраарай гэж орилж ирсэн. Араас нь нөгөө ах орж ирээд бас зодсон гэж хэлсэн....гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 391 дугаартай ...Д.Жы биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу бүрхүүл хальсан доорх зүүн зулай хэсгийн их хэмжээний цусан хураа, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүдний доод зовхи, духанд 2 тооны няцарсан шарх, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, зүүн шилбэ, баруун тохойд олон тооны зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3- д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бы  үйлдлийн улмаас хохирогч Д.Жы биед хүнд гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Бы, бусдын биед санаатай халдан зодож архитай шилээр толгой руу нь цохиж хагарсны дараа дахин цохиж гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол сантаатай учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас хохирогч Д.Жы биед хүнд гэмтэл учирсан нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Иймд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн нотлох баримтууд зөрүүгүй, мөрдөн байцаах ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдөөгүй, үйл баримт эргэлзээгүй баримтаар бүрэн нотлогдсон байна.                   

Улсын яллагч шүүх хуралдаанд: 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат Манханы 14 дүгээр гудамжинд иргэн Д.Жыг зодож архины шил буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч:Шүүгдэгч гэм буруугийн тухайд маргах зүйлгүй, хэргээ хүлээн мэдүүлсэн. Харин өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийн талаар зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч биедээ авч явсан архиар тухайн үед хохирогчийг цохисон. Тусгайлан бэлтгэсэн гэж үзэхгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлнэ үү гэж мэтгэлцсэн ба,

-шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ю.Эрдэнэчимэг дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б нь хохирогч Жд хүнд гэмтэл учруулсан нь үнэн гэж Д.Б хүлээн зөвшөөрлөө. Энэ гэмт хэргээс харахад шүүгдэгч Д.Б нь санаатайгаар хүн зодож бэртээхээр бэлдээгүй харин архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг хийжээ” гэх дүгнэлт гаргасан байна.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн ууж байсан архийг карманаасаа гаргаж хохирогчийн толгой руу нь цохиж хагарсны дараа хагархай хэсгээр дахин цохисон болох нь гэрч И.Цэвэлмаагийн мэдүүлсэн...Тэгснээ нэг бүтэн архи гаргаж ирснээ нөгөө ахын толгой руу нь 1 удаа цохисон. Тэгтэл архины шил нь хагараад тэр ахын гарт хагархай үлдэгдэл хэсэг нь үлдсэн бөгөөд тэр ах үлдэгдэл шилээрээ ахин тэр ахын толгой руу цохисон юм. Тэгтэл нөгөө шил нь хагарч бутарсан бөгөөд нөгөө ахын толгойгоос аягүй их цус гарч эхэлсэн...”гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар ...ерөөл гэсэн бичигтэй архины шилний хагархай хэсгүүд..ийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг архины шилийг тусгайлан бэлтгэж зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршиг хохиролд зориуд хүргэсэн, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан санаатай үйлдэл мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар согтуурсан үедээ үйлдсэн хэргийн гэм бурууг “санаатай бус” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаархи нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирогчид учирсан хохирол эмчилгээний зардлыг төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд цаг хугацааны болон зүйлчлийн хувьд хамаарч байх тул оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасаж эдлэх ялыг тогтоох үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн эмчилгээний зардал, ор хоногийн нийт 1,440,380 төгрөгийг шүүгдэгч төлсөн ба хохирогч Д.Ж нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хагархай, нарийн төмөр 1 ширхэг, улаан шонхор тамхины хайрцаг 1 ширхэг, цэнхэр өнгийн амны хаалт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,  төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Д-гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д  зааснаар шүүгдэгч Д.Быг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 3 / гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5.Шүүгдэгч. Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн архины шилний хагархай, нарийн төмөр, тамхины хайрцаг, амны хаалт тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

             7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.А

                                                ШҮҮГЧ                      Ц.А

                                                ШҮҮГЧ                      Г.Э