Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

 

 

 

 

 

 2022         02          15                                   2022/ШЦТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Б.Дариймаа, 

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.П,

шүүгдэгч А.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.З-т холбогдох эрүүгийн 2106 00000 2621 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эв хамт барилгын компанид мужаан ажилтай, ам бүл 3, ээж, аавын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Дээд салхит 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, А.З .

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч А.З нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчимд иргэн Б.П-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.П мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Цаашид эмчилгээ хийлгэхгүй. Би хохирол төлбөрт 100.000 төгрөг авсан. Гомдол, саналгүй.” гэв.   

 

           Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.П-гийн өгсөн мэдүүлэг /хх-15-16/, гэрч М.Өсөхбаярын өгсөн мэдүүлэг /хх-18-20/, гэрч Г.Номин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10942 дугаартай дүгнэлт /хх-34-35/, шүүгдэгч А.З-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч А.З-ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчимд иргэн Б.П-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.П-гийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны 22 цагийн үед найз Өсөхбаяр болон түүний эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рояал зочид буудлын караоке дотор Нийслэл нэртэй 0,5 литрийн шилтэй пиво болон Хараа нэртэй архийг 200 граммаар ууж, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 23 цаг 30 минутын үед уг караокеноос гарч Асет худалдааны төвийн урд талын автобусны буудлын ойролцоогоос такси барихаар явж байх үедээ үл таних залуутай шүргэлцэж маргалдахад уг залуу миний нүүрэн тус газарт 1 удаа цохиход нь би нүүр хэсгээр зам дээр унаад босоод дахин маргалдахад нөгөө залуу миний цээж хэсэг рүү өшиглөхөд нь хойш савж унасан. Үүнээс хойш юу болсныг огт санахгүй байна. ...Уг залууг цохиж барьсан байж магадгүй. Миний буруутай үйлдэл ч байгаа байх.” гэх мэдүүлэг /хх-15-16/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Өсөхбаярын  өгсөн: “...Такси барих гээд явж байхад гудамжинд явж байсан нэг залуу зөрөхдөө Б.П-тэй шүргэлцсэн. Түүнээсээ болоод маргалдаад тэр залуу манай найз Пүрэвсүрэнг цээжин тус газар нь өшиглөсөн ба найз унахдаа замын боржур дээр савж унасан. ...Эхлээд нүүрэн тус газар нь 1 удаа цохиход нүүрээрээ зам дээр унасан. Дараа нь 1 удаа өшиглөхөд боржур дээр дагзаараа унасан.” гэх мэдүүлэг /хх-18-20/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Номин-Эрдэнийн өгсөн: “...2021 оны 11 сарын 05-ны шөнө 23 цагийн үед найз залуу А.З хамаатан Нямсүрэнтэй уулзахаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асет худалдааны төвийн зүүн урд талд явж байхад 175-180 см өндөртэй, туранхай, шаравтар царайтай залуу ямар нэгэн шалтгаангүй манай найз залуу А.З-ыг ална гэж муухай орилж дайрч ирээд зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохиж, куртикны баруун талын халааснаас нь урахад найз залуу А.З цээж хэсэгт нь 1 удаа өшиглөхөд нөгөө залуу хойш савж замын боржурыг толгойн дагз хэсгээр мөргөж унахад нь хамт явсан танихгүй залуу манай найз залуу А.З-ын хоолойг нь боож хойш дараад нүүр хэсэгт нь 4-5 удаа цохихоор нь би боль гэж хэлээд уйлж очиход больж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-26-27/,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10942 дугаартай дүгнэлтэд:

1. Б.П-гийн биед дагз ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн урд хэсгийн няцрал, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн самсаа, хоёр сарвуунд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүдээс дагз ясны хугарал, духны дэлбэнгийн няцрал нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэл, духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын зүүн самсаа, хоёр сарвууны зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид гавал тархины гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-34-35/,

 

            Шүүгдэгч А.З-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.З-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.З-ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчимд иргэн Б.П-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч А.З нь хохирогч Б.П-гийн баримтаар нэхэмжилсэн 100.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул А.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хохирогч Б.П нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч А.З-ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх шүүгдэгч А.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч А.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  .

 

           Шүүгдэгч А.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.З-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.З-ыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.З нь шүүхээс оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

           5.. Энэ хэрэгт баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Хохирогч Б.П нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС