Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

 

 

 

 

 

 

  g

  2022         02          10                                    2022/ШЦТ/187

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Х-н Н-д холбогдох эрүүгийн 2206 00000 0003 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, охины хамтаар Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шархадны 000 тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, Б овогт Х-н Н.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шархадны 60 дугаар гудамж 995а тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б-той маргалдаж, улмаар цээжин тус газар нь 1 удаа хутгаар хатгаж цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8/, хохирогч Ц.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-12-17/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-45-46/, Х.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34/, шүүгдэгч Х.Н-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-43/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ -хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Х.Н-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шархадны 60 дугаар гудамж 995а тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б-той маргалдаж, улмаар цээжин тус газар нь 1 удаа хутгаар хатгаж цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б-ын өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр найз охин Нарангэрэлийн гэрт ирж хоноод 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Нарангэрэл, Нарангэрэлийн дүү Сарантуяатай бид гурав 09 цагийн орчимд дэлгүүрээс 0,5 литрийн “ Хараа” нэртэй архи худалдаж аваад ууж эхэлсэн. Би 15 цагийн орчимд Нарангэрэлд ажилдаа явлаа гэж хэлэхэд Нарангэрэл явуулахгүй гэж хэлээд маргалдахад Нарангэрэл нь гал тогооны шүүгээнээс хутга аваад миний цээж рүү хатгасан. Тэгэхэд Сарантуяа унтаж байснаа сэрээд 103 дуудсан.” гэх мэдүүлэг /хх-12-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээд согтсон, болсон зүйлийг бага зэрэг санаж байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу.” гэх мэдүүлэг /хх-34/,

  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Б-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.  

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-45-46/,

              Шүүгдэгч Х.Н-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-43/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэг хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Н-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шархадны 60 дугаар гудамж 995а тоотод оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б-той маргалдаж, улмаар цээжин тус газар нь 1 удаа хутгаар хатгаж цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Н-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрх байдлаар шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Хохирогч Ц.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх хялбаршуулсан журмаар Х.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт урт 23 см, ажлын хэсгийн урт 1 см, бариул нь 11 см модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Х-н Н-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Н-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Х.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хохирогч Ц.Б нь цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт урт 23 см, ажлын хэсгийн урт 1 см, бариул нь 11 см модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Х.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС