| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01958/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02001 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02001
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/02001 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 23в байр, Буянт-Өргөө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 24-р байрны 103 тоотод оршин суух бүртгэлтэй /одоо Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 47-р байрны 405 тоотод оршин суух, Эрүүл мэндийн үндэсний төвд мэргэжилтэн ажилтай, Олхонууд овогтой Лхагвын Борд холбогдох засвар үйлчилгээний зардал 354 550 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Даваахүү, хариуцагч Л.Бор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүрэг, 15-р хороо, 23В байр 123 тоотын өмчлөгч Л.Бороос 2015 оны 12-р сараас 2017 оны 05 сар хүртэлх засвар үйлчилгээний зардал нийт 354 550 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1, 149-р зүйлийн 149.2 дахь хэсгийг зөрчиж хохирол учруулж байна гэв.
Хариуцагч Л.Бор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байраа 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс Болдбаатарт “Орон сууц хөлслөх гэрээ”-гээр 2 жилийн хугацаатай хөлслүүлсэн. Гэтэл 2014 оны 04-р сараас эхлээд Болдбаатар нь СӨХ, цахилгаан, конторын мөнгйг төлөөгүй байж байгаад 2015 оны 06-р сараас гарсан. Гэрээнд зааснаар түрээс, хэрэглээний төлбөрийг хөлслөгч тал төлөх үүрэгтэй. Би удаа дараа шаардсан боловч уг төлбөрүүдийг төлөөгүй. Цахилгаан болон конторын мөнгийг би төлсөн. СӨХ-ны мөнгийг эхнээс нь төлөөд одоо үлдэгдэл 354 550 төгрөг байгаа. Би бага багаар боломжоороо төлөөд байгаа. Энэ төлбөрийг Болдбаатар төлөх ёстой гэж бодож байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Буянт-Өргөө сууц өмчлөгчдийн холбоо нь Л.Борд холбогдох засвар үйлчилгээний зардал 354 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 24-р байрны 103 тоот сууц өмчлөгч Л.Бор нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.
Сууц өмчлөгч нь орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэх зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Л.Бор нь 2015 оны 12-р сараас 2017 оны 5-р сар хүртэлх хугацааны нийт 354 550 төгрөгийг төлөөгүй, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, Төрийн банкны тооцооны баримтаар /хх 2/ тогтоогдсон байна.
Хариуцагч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлөөгүй үндэслэлээ “...хөлслөгч Болдбаатар төлөх ёстой, СӨХ-ны мөнгийг хөлслөгч төлөхөөр тохирсон” гэж тайлбарладаг боловч энэ нь засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Нөгөө талаас, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.6 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх үүрэгтэй тул хөлслөгчийн гүйцэтгээгүй үүргийг Л.Бор хариуцах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лхагвын Бороос 354 550 /гурван зуун тавин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж Буянт-Өргөө сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 286 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Бороос 11 286 төгрөг гаргуулж Буянт-Өргөө СӨХ-нд олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА