| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0227/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/235 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/235
2022 02 17 2022/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
Улсын яллагч Н.Ганчимэг,
Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт И-н Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 0237 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өгөөмөр зах дээр хөгжим сэлбэг зардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 00 хэсэг, сургуулийн гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 985 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Б овгийн И-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч М.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-10-12, 15-16/, гэрч Э.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх-22-24/, гэрч Б.Эрдэнэцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-36-37/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1475 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-40-41/, И.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-80-82/, И.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.Б-гийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн голын орчимд “машин руу чулуу шидлээ” гэх шалтгааны улмаас маргалдах явцдаа хохирогч М.Б-ын гарыг өчиж газар унаган дээрээс нь дарж, биеийн эрүүл мэндэд нь хүзүүнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Б-ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт ажилдаа явахаар эхнэр Болормаагийн хамт гэрээсээ гараад Улиастайн голоор гараад засмал руу ороод явж байхад утсаа мартсанаа санаад буцаад голоор гарч гэр рүүгээ явах гэж байгаад гол руу урууддаг шороон замын хэсэгт цэнхэр өнгийн приус 20 маркийн авто машинд зам тавьж өгөөд зөрөх гэтэл толиороо шүргэлдсэн. Тэгээд би доохон талд нь очоод зогсоод бууж ирэх нь үү гээд хартал бууж ирэх шинжгүй байхаар нь газраас чулуу аваад машин руу нь шидэхэд дугуй хэсэгт нь оносон байх. Тэгтэл тэр машинаас хар өнгийн куртиктэй өндөр залуу бууж ирээд бид 2 заамдалцаад хамт газар унасан. Тэгээд маргалдаад зууралдаад байж байтал тэр залуу миний гарыг хойно өчөөд намайг газар унагаагаад дээрээс дараад суусан. Тухайн үед би их уурласан байсан болохоор зарим асуудлыг санахгүй байна. Миний хүзүү улайсан, толгой өвдөж, зүүн мөр өвчинтэй байна. Дээрх гэмтлийг цэнхэр өнгийн Приус тээврийн хэрэгсэлтэй залуу надад учруулсан. Өөр хүн надад гар хүрээгүй.” гэх мэдүүлэг /хх-10-12, 15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Болормаагийн өгсөн: “...гэрээсээ 10:00 цагийн үед гараад ...Шархадны эцсээр тойроод Улиастайн голыг баруунаас зүүн тийш гарах гээд засмал замаас буух гэхэд ...Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл өөдөөс гарч ирээд ...хажуугаар чихэж байхдаа манай машины толийг шүргэхээр нь нөхөр М.Батжаргал машинаас буугаад цэнхэр машин руу чулуу аваад шидсэн. Тэр машинаас богино хар хүрэмтэй өндөр залуу бууж манай нөхөр тэр 2 зууралдаад зодолдсон байх. Би сандраад машинаас буухад шороо бужигнаад манай нөхөр доор нь орсон байсан. Тэгээд тэр 2 салаад нөгөө залуу явах гэхэд манай нөхөр гүйж очоод машиных нь багажны шилийг гараараа цохиж хагалсан. ...нөхрийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. ...өөр хүн манай нөхөрт гар хүрээгүй.” гэх мэдүүлэг /хх-22-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...гол гараад төв зам руу ордог хэсэг дээр манай машинтай ..цагаан өнгийн Приус 20 маркийн машин толиороо шүргэлдсэн. Тэгээд бид 2 толь юм чинь гайгүй байлгүй гээд цааш өгсөж байхад нөгөө машины жолооч манай машин руу чулуу шидэхээр нь манай нөхөр И.Б бууж очоод маргалдаж, ...тэр 2 зууралдаад газар хамт унасан. Босож ирээд ахин маргалдаад байсан. ...бид 2 явах гэхэд нөгөө залуу манай машины арын багажны шилийг хагалахаар нь буцаж бууж очоод манай нөхөртэй маргалдаж байгаад хэсэг бордьюр дээр суусан. Тухайн үед манай нөхөр нөгөө залууг газар унагаад 2 гарыг нь хойно нь зөрүүлж доош нь харуулан дээрээс нь дараад хэсэг хэвтүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1475 дугаартай:
1. М.Б-ын биед хүзүүнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-40-41/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд И.Б-гийн яллагдагчаар өгсөн: “....эхнэрээ ажилд нь хүргэж өгөх гээд Улиастайд байдаг гэрээсээ гараад Улиастайн голыг зүүнээс баруун тийш гарах гээд өгсөж байхад цагаан өнгийн Приус 20 маркийн автомашин хажуугаар чихээд толиороо шүргэлдсэн. Эхнэр бид хоёр толь юм чинь гайгүй байх гээд явах гэтэл нөгөө машины жолооч бууж ирээд манай машин руу чулуу шидсэн. Тэгэхээр нь би бууж очоод маргалдаж заамдалцаж байгаад газар унасан. Босож ирээд ахиж заамдалцаад байхаар нь машинд суулгаад салтал ... Батжаргал ирээд манай машины арын багажны салхины шилийг хагалсан. Би бууж ирээд Батжаргалтай ахиж заамдалцаж байгаад гарыг хойно нь өчсөн. ...хэсэг газар доош нь харуулж дарж хэвтүүлсэн. ..Батжаргалын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би учруулсан.” гэх мэдүүлэг /хх-80-82/,
Шүүгдэгч И.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч И.Б-гийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн голын орчимд “машин руу чулуу шидлээ” гэх шалтгааны улмаас маргалдах явцдаа хохирогч М.Б-ын гарыг өчиж газар унаган дээрээс нь дарж, биеийн эрүүл мэндэд нь хүзүүнд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч И.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар И.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт И-н Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар И.Б-д 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, И.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба И.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл И.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС