| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0128/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/153 |
| Огноо | 2022-02-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/153
2022 02 07 2022/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
Улсын яллагч Я.Амарзаяа,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э-ад холбогдох эрүүгийн 2106 03389 2497 дугаартай хэргийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх 12 дугаар гудамж, 00 тоот оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б.Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “Номин” Хайбермаркет /Hybermarket/ худалдааны төвд гар утасны тасагт ажилтнаар ажиллах хугацаандаа, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох худалдан борлуулах бараа буюу “Ми ноте 10 про” /Mi note 10 pro/ загварын rap утсыг завшиж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-10-11, 30/, гэрч Т.Алтанхуягийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК”-ийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх-21-954 дугаартай тайлан /хх-23/, Б.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44/, Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “Номин” Хайбермаркет /Hybermarket/ худалдааны төвд гар утасны тасагт ажилтнаар ажиллах хугацаандаа, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох худалдан борлуулах бараа буюу “Ми ноте 10 про” /Mi note 10 pro/ загварын rap утсыг завшиж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б-ын өгсөн: “ ... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Номин” худалдааны төвийн салбараас гар утас алдагдсан талаар мэдээлэл авсан. Тэгээд гар утас авсан буруутай хүнийг олсон уг гар утсыг дахин ашиглах боломжгүй сав баглаа боодлыг задлан дахин худалдах борлуулах боломжгүй болсон. Тухайн ажилд орж байгаа хүмүүс бол манай Номин тав трейдийн хүний нөөцийн мэргэжилтнээс тухайн ажпын байран дээр дагалдан ажиллах хуудас авч салбаруудад ажилдаг байгаа... Б.Э гэх хүнээс гар утсыг бол буцааж аваад гар утсыг манай байгууллагын хямралтай худалдааны үеэр зарж борлуулсан байгаа. Тийм учраас манай байгууллагад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.“ гэх мэдүүлэг /хх-10-11, 30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Алтанхуягийн өгсөн: “ ...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” /Hybermarket/-д худалдааны зөвлөхөөр ажилладаг. Ажилтан болох Батбаярын Эрдэнэбат гэх хүн ирсэн. Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 1, 2-ны өдөр гар утасны лангуун дээр зогсож байгаад 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ирээгүй. ...Намайг гар утасны лангууг нээж үзэхэд “Mi note 10 pro” rap утасны хайрцаг хоосон байсан. Ингээд rap утас алга болсон талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э-ын яллагдагчаар өгсөн: “......Би 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны зөвлөхөөр ажилд ороод 9 дүгээр сарын 2-ны өдөр ажилдаа очоод орой ажил тарахдаа лангууны доод талын шүүгээнд байсан хайрцагтай “Mi note 10 pro” загварын rap утсыг аваад тэндээ хайрцгаас нь утсыг гаргаж ирээд өмдний халаасандаа хийгээд ажлаас аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх- 44/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн БЗД1-21-954 дугаартай тайлангаар “Mi note 10 pro” загварын rap утсыг 1.112.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-23/,
Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Э-ын 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “Номин” Хайбермаркет /Hybermarket/ худалдааны төвд гар утасны тасагт ажилтнаар ажиллах хугацаандаа, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох худалдан борлуулах бараа буюу “Ми ноте 10 про” /Mi note 10 pro/ загварын rap утсыг завшиж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгчийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн зүгээс: ...Үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх тайлбарыг гаргах боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-ын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС