Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 906

 

А.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

хохирогч Д.Д,

иргэний хариуцагч Б.Б,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, иргэний хариуцагч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Бт холбогдох 1803000010046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн А.Б, 1996 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монголын Үндэсний их сургуулийн авто замын барилгын инженерийн 4 дүгээр курст суралцаж байгаад чөлөө авсан гэх, “Толгойт өртөө” ХХК-д ялгагчаар ажиллаж байсан, ам бүл 2, эцгийн хамт .............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................./;

А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа, 2017 оны 12 дугаар сарын 1-ний шөнө 02 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, “Од” авто угаалгын газрын зүүн замд Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Hyundai Sonata” загварын 83-43 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж,

дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Д.Дгийн жолоодож явсан “Toyota Prius” загварын, 15-07 УБЭ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, уг автомашинд сууж явсан зорчигч 17 настай О.Улсбаяр, 1 сар 15 хоногтой Г.Хасбазар нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, “Toyota Prius” загварын, 15-07 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 4.186.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар А.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч Б.Бэс 5.526.275 төгрөг гаргуулж, хохирогч Д.Дд 4.939.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Нямсүрэнд 586.675 төгрөгийг тус тус олгох, иргэний хариуцагч Б.Б нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д, иргэний нэхэмжлэгч О.Нямсүрэн нар нь хохирлын бусад зардлаа, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эцгийн хамт амьдардаг бөгөөд миний аав чихрийн шижин болон уушгины сүрьеэ өвчтэй учир хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Би Монголын Үндэсний Их сургуулийн авто зам барилгын инженерийн ангийн төгсөх, 4 дүгээр курсын оюутан ба хичээлийнхээ хажуугаар цагийн ажил тогтвор суурьшилтай эрхэлж, аавынхаа эм тариа болон сургалтын төлбөр, ар гэртээ зарцуулдаг байсан юм.

          Би гэнэн томоогүй, санамсар болгоомжгүй байдлаасаа болж бусдын эрүүл мэнд болон эд материалд хохирол учруулсандаа гүнээ харамсаж байна.

          Би сурч мэдсэн мэргэжлээрээ эх орондоо хувь нэмэрээ оруулж, ард иргэдийнхээ аюулгүй зорчих замд гар бие оролцож, шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө аавыгаа эмчлүүлж, эрүүл болгож, ахуй амьдралаа дээшлүүлэх хүсэл мөрөөдлийг минь харгалзан үзэж хорих ялаас өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.

          Би гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шатанд гэм хорыг арилгахыг хүссэн боловч санхүүгийн хувьд боломжгүй байсан. Би мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт 300.000 төгрөг, бусад эмчилгээний зардалд 150.000 төгрөг гаргасан. Одоо гэм буруугаа сайтар ойлгож ухамсарлан дүгнэлт хийж байгаа бөгөөд хохиролд дахин 2.000.000 төгрөг гаргаж, цаашид хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байгаа тул надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

          Иргэний хариуцагч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр өгсөн ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан хэдий ч намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

          Миний эзэмшлийн “Hyundai Sonata” загварын 83-43 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 3.000.000 төгрөгийн өртөгтэй, уг осол гарахаас 7 хоногийн өмнө бүрэн засварт оруулж, 600.000 төгрөгөөр зассан байсан. Осол болсон өдрөөс хойш журмын хашаанд одоог хүртэл байна. Уг автомашинаа би богино хугацаанд авчихсан бол халтуур хийж, орлогоороо хохирогч нарын хохирлыг төлөх боломжтой байсан. Би ам бүл 6, эцэг, 4 дүүгийн хамт амьдардаг. 2018 онд их сургуулиа төгссөн, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байна.

          Анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан 5.526.275 төгрөгийг би төлөх боломжгүй, төлбөрийн чадваргүй байгаа тул миний эзэмшлийн “Hyundai Sonata” загварын, битүүмжлэгдсэн байгаа автомашиныг хохирогч нарын хохиролд тооцуулж өгөхөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

          Хохирогч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлоо барагдуулсан тохиолдолд надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...” гэв.

          Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.Б нь гэм буруу болон зүйлчлэлийн хувьд маргадаггүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, дүгнэлт хийдэг. Хувийн байдлын хувьд аавыгаа асардаг, айлын отгон хүүхэд юм. Тийм учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Бт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа, 2017 оны 12 дугаар сарын 1-ний шөнө 02 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, “Од” авто угаалгын газрын зүүн замд Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Hyundai Sonata” загварын 83-43 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж,

дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Д.Дгийн жолоодож явсан “Toyota Prius” загварын, 15-07 УБЭ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Д.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, уг автомашинд сууж явсан зорчигч 17 настай О.Улсбаяр, 1 сар 15 хоногтой Г.Хасбазар нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, “Toyota Prius” загварын, 15-07 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 4.186.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Дгийн “... 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 02 цаг 24 минутын үед өөрийн эзэмшлийн “Toyota Prius” загварын, 15-07 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодоод Баянхошууны давхар дэлгүүрийн баруун талын замаар хойноос урагшаа чиглэлтэй, замын 2 дугаар эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж гарч ирээд миний машины зүүн урд хэсгийг мөргөсөн. ...” /1хх-15-16/,

насанд хүрээгүй хохирогч О.У-ын “... 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр эгч Д.Дгийн “Toyota Prius” загварын, 15-07 УБЭ улсын дугаартай автомашины жолоочийн хажуу талын суудалд Д.Д эгчийн хүүхэд Хасбазарыг тэврээд сууж явсан. Тэгтэл Баянхошууны давхар дэлгүүрийн баруун талын замаар хойноос урагш чиглэлтэй уруудаад явж байтал гэнэт эсрэг урсгалаас нэг машин урсгал сөрж орж ирээд манай машиныг зүүн урд хэсгээрээ мөргөсөн. Би толгой болон нүүрэндээ гэмтэл авсан. ...” /1хх-34/,

А.Бийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 02 цаг 20 минутын үед найз Бат-Эрдэнийн эзэмшлийн “Hyundai Sonata 5” загварын, 83-43 УНВ улсын дугаартай автомашиныг бариад ТҮЦ орж тамхи авчихаад “Од” угаалгын зүүн талын замаар урдаасаа хойшоо чиглэлтэй, зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 40-55 км/цагийн хурдтай явж байтал миний өмнө явж байсан улаан өнгийн суудлын автомашин гэнэт тормос гишгэнгүүт нь би тормосоо гишгээд урдаа явсан машиныг мөргөхгүй гэсэндээ рулээ зүүн гар тийш дартал эсрэг талын урсгалаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан “Toyota Prius” загварын автомашинтай мөргөлдсөн. ...” /1хх-100-101/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 15148 дугаартай “Д.Дгийн биед тархи доргилт, зовхины няцарсан шарх, хэвлий, өвдөгний цус хуралт, зүүн тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /1хх-58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 15149 дугаартай, Г.Х-ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15147, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 530 дугаартай О.Улсбаярын биед үзлэг хийсэн дүгнэлтүүд /1хх-64, 185/,

Замын цагдаагийн албаны 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн “...“Hyundai Sonata 5” загварын 83-43 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан А.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а/ “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна”, мөн дүрмийн 8.4-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Жолооч Д.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /1хх-90-91/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-2-9/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх нь А.Бийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Мөн Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч А.Б нь “... надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

Иргэний хариуцагч Б.Б нь “... Анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан 5.526.275 төгрөгийг би төлөх боломжгүй, төлбөрийн чадваргүй байгаа тул миний эзэмшлийн “Hyundai Sonata” загварын, битүүмжлэгдсэн байгаа автомашиныг хохирогч нарын хохиролд тооцуулж өгөхөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн   давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч  А.Бийн гэм буруугийн хэр хэмжээ, энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй зэрэгт дүгнэлт хийхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болон хорихоос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзлээ.

Иргэний хариуцагч Б.Б-ийн хувьд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг нь мэдсээр байж шүүгдэгч А.Бт тээврийн хэрэгслээ шилжүүлсэн буруутай үйлдэл байгаа ба энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, зам тээврийн ослын улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Б.Бэс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хариуцагч Б.Б нь дээрх хохирлоо төлж барагдуулсныхаа дараа гэм буруутай этгээд болох А.Бээс нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар шийтгэх тогтоолдоо дурджээ.

Мөн түүний эзэмшлийн “Hyundai Sonata 5” загварын, 83-43 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй бөгөөд хохиролд тооцуулах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал болохыг дурдах нь зүйтэй.

Харин А.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа ойлгож дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчид тодорхой хэмжээний хохирол төлж барагдуулсан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, 1 жил хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Б, иргэний хариуцагч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 590 дүгээр шийтгэх тогтооолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

- 3 дахь заалтад “... А.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “... А.Бт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, иргэний хариуцагч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       М.АЛДАР

                                                                                                            Д.ОЮУНЧУЛУУН