Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/200

 

 

 

 

 

 

 

  2022       02          11                                    2022/ШЦТ/200   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогтой Б-ын У-т холбогдох эрүүгийн 2206 00000 0273 дугаартай хэргийг шүүх 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Зам тээврийн хөгжлийн яаманд мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 14 дүгээр байрны 2103 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Х овогтой Б-ын У.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 91 дүгээр байрны 8 тоотод өмнө нь хамт амьдарч байгаад салсан эхнэр болох Х.Ганцэцэгийн найз иргэн Н.Д-ийн нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруул, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Н.Д-ийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Х.Ганцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-11-12/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1367 дугаартай дүгнэлт /хх-17-18/, Б.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-29-30/, шүүгдэгч Б.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 91 дүгээр байрны 8 тоотод өмнө нь хамт амьдарч байгаад салсан эхнэр болох Х.Ганцэцэгийн найз иргэн Н.Д-ийн нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруул, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Д-ийн:“...Би 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр манай найз Х.Ганцэцэг 91917893 дугаараас залгаад “уулзъя, манайд хүрээд ир, би гэртээ байна” гэж дуудсан. Тэгээд би 22 цагт өөрийн найз Х.Ганцэцэгийнд очсон. Тэгээд би Х.Ганцэцэгийн гэрийнх нь 00-ын өрөөнд тамхи татаад сууж байтал гаднаас Х.Ганцэцэгийн салсан гэх нөхөр нь гэрт орж ирсэн. Тухайн үед би хувцасгүй байсан учраас 00-ын өрөөнөөс гараад хувцсаа өмсөхөөр том өрөө рүү орж, буцаж гарч ирээд тухайн залуутай үүдэнд уулзтал үүдэн шүд рүү цохиж, миний нэг шүдийг унагааж, уруулыг гэмтээсэн. Тухайн залуутай гэрийн гадаа гарч уулзсан. “Чи намайг гэмтээчихлээ” гэх утгатай зүйл ярьсан. Би гомдол гаргана гэдгээ хэлсэн. Тэр залуу тухайн үед “ойлголоо” гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Ганцэцэгийн өгсөн: “..Би ариун цэврийн өрөөнөөс гараад харахад Н.Д-ийн амнаас нь цус гарсан, шүд нь унасан байдалтай байсан. ...Н.Д-ийн дээд уруулын дотор гадна тал сэтэрсэн, үүдэн шүдний нэг нь унасан, амнаас нь цус гараад хавдсан байдалтай байсан. ...Б.У бид хоёр 2008 оноос хойш хамтран амьдарч гэрлэлтээ батлуулсан ба 2016 онд салахаар болоод 2018 онд шүүхээр орж салсан. Бид хоёр дундаасаа нэг охинтой. Манай гэрийн хаалга дотроосоо түгжихгүй бол түгжигдэхгүй, гаднаасаа шууд онгойдог хаалга ба би тухайн өдөр хаалгаа түгжихээ мартсан байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1367 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Д-ийн биед дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруул, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт гэмтэл учирчээ.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-17-18/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ажлаа тараад найзтайгаа уулзаж, 4 шил пиво уугаад салсан ба тэндээсээ гарахдаа өөрийн салсан эхнэр болох Х.Ганцэцэг рүү хаана байгаа юм, охинтойгоо уулзах гээд мессеж бичээд, залгасан боловч утсаа авахгүй холбогдохгүй байсан тул гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 91-8 тоотод очоод хаалгыг нь тогшиход онгойлгохгүй байсан тул, ручекийг нь дарж үзэхэд хаалга онгорхой байсан тул шууд гэрт нь орсон. Тэгээд би гэрт нь ороход хүн байхгүй байсан ба ариун цэврийн өрөөнөөс манай салсан эхнэр өөр нэг залуугийн хамт нүцгэн гарч ирээд буцаад орсон ба байж байгаад гарч ирээд хувцсаа өмссөн. Тэгээд тэр залуу нь намайг “гаръя” гэхээр нь “ямар учиртай хүн бэ, би чамтай уулзах шаардлагагүй” гэхэд намайг татаж чангаагаад байхаар нь цаашаа түлхэхдээ тэр залуугийн нүүр хэсэгт оносон. Гэтэл тэр залуу цаашаа савж унасан ба босож ирэхдээ амнаас нь цус гараад нэг шүд нь унасан байдалтай байсан. Би тухайн үед болсон үйл явдлыг санах хэмжээтэй бага зэргийн согтуу байсан. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, маш их гэмшиж байна, хохирол мөнгө гэж 9.000.000 төгрөгийг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-29-30/,

 

Хохирол төлсөн гэх банкны дансны хуулга /хх-47-70/,

Баянзүрх дүүргийн прокурорын газарт шүүгдэгч Б.У-, хохирогч Н.Д- нарын гаргасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-78, 79/,

Шүүгдэгч Б.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.У-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 91 дүгээр байрны 8 тоотод өмнө нь хамт амьдарч байгаад салсан эхнэр болох Х.Ганцэцэгийн найз иргэн Н.Д-ийн нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруул, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Хохирогч Н.Д-ийн зүгээс гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.У-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогтой Б-ын Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Б.У-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС