Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

  2022       02          11                                    2022/ШЦТ/199   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч К.Чимгээ,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 0186 дугаартай хэргийг шүүх 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аргазүйч мэргэжилтэй, “Плутос вейлт” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 122-1202 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Э.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эзэмшлийн Приус-20 маркийн 2949 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд хаалганы шил, баруун хойд гэрэл, хойд буфер, зүүн хойд хаалганы самбар зэрэг эд ангийг гэмтээж, хохирогчид 685.600 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Б.Т-ын өгсөн мэдүүлэг /хх-11/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн БЗД-21-1487 дугаартай тайлан /хх-16-18/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-32/, шүүгдэгч Э.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эзэмшлийн Приус-20 маркийн 2949 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд хаалганы шил, баруун хойд гэрэл, хойд буфер, зүүн хойд хаалганы самбар зэрэг эд ангийг гэмтээж, хохирогчид 685.600 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Т-ын өгсөн: “ ...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед өөрийн тээврийн хэрэгсэл болох цагаан өнгийн Приус-20 маркийн 2949 УНБ улсын дугаартай машинаар хувиараа такси үйлчилгээ хийж явсан юм. Тэгээд 13 дугаар хорооллын хойд талын буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн хүлээгээд зогсож байсан юм. Тэр үед үл таних 40 орчим насны өндөр тарган, согтуу залуу намайг “автобусны зогсоол дээрээс зайлаач” гэж орилсон. Тэгэхээр нь би “явахгүй, чи намайг хөөдөг хэн бэ” гэж хэлэхэд тэр залуу “намайг алнаа” гээд над руу дөхөж ирээд машины цонхоор толгой хэсэгт гараараа 4 удаа цохиход нь бултаад 1 удаа оногдсон юм. Тухайн үед би зугтах гээд машинаа хөдөлгөхөд урд машин таргалчихсан байсан ба араас тухайн залуу жолооч талын хаалгыг 3 удаа өшиглөсөн. Мөн хойд буфер өшиглөж салгасан. Хойд гэрлийг бас өшиглөж хагалсан. Тухайн үед буудал дээр байсан 3 залуу хүрч ирээд тэр согтуу залууг бариад авах гэтэл зугтааж автобусанд суусан ба араас нь хөөж байсан нэг залуу автобусны урдуур орж зогсоогоод намайг цохисон залууг чирч гаргаж ирээд миний машины хойд хаалгаар чихэж оруулаад энэ хаалгыг “чи төлнө” гэж хэлээд тэр залуучууд хаалганы гадна талаас дараад зогсож байсан. Би цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдааг ирэх хооронд нөгөө талын хаалганы дотор талаас өшиглөөд дотор хавтас, түгжээ зэргийг эвдэж хэмхэлсэн.” ...гэх мэдүүлэг, /хх-11/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн БЗД-21-1487 дугаартай тайлангаар Приус-20 маркийн 2949 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийг 685,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-16-18/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би согтуу учир ямар шалтгааны улмаас тухайн машины жолоочтой маргалдаж машиныг гэмтээсэн  болохоо санахгүй санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-32/,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газарт шүүгдэгч Э.Б-, хохирогч Б.Т-ын нарын гаргасан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-49, 50/,

Шүүгдэгч Э.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Б-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний эзэмшлийн Приус-20 маркийн 2949 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хаалга, баруун хойд хаалга, баруун хойд хаалганы шил, баруун хойд гэрэл, хойд буфер, зүүн хойд хаалганы самбар зэрэг эд ангийг гэмтээж, хохирогчид 685.600 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

  Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Э.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Хохирогч Б.Т-ын зүгээс гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Э.Б-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б-ыг “Бусдын хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Э.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС