Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2017/01129/И |
Дугаар | Дугаар 102/ШШ2017/02013 |
Огноо | 2017-07-06 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02013
2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/02013
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3-р хороолол, 12-р байрны 77 тоотод оршин суух, Макс групп ХХК-д хүний нөөц, сургалт хөгжлийн менежер ажилтай, Улаадай овогт Гэрэл-Осорын Батхандын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 41-р байрны 1 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Вангийнхан овогт Доржраагийн Баянмөнхөд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Батханд, хариуцагч Д.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Батханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2002 онд гэрлэсэн. 2006 онд гэр бүлээ батлуулсан. 15 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд болохгүй бүтэхгүй зүйл их байсан. Сүүлийн 5 жилд гэр бүлийн харьцаа маш их муудсан. Нөхөр маань архи ууж агсам согтуу тавих нь ихэссэн. Нэг уухаараа сараар ууна, дараа нь эмнэлэгийн тусламж авч байж сэргэдэг. Гэр бүл хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа байдал, гэр орны амьсгал хандлага хэцүү, эхнэр нөхрийн харилцаа ч мөн муудсан. Хүү Б.Жефри 2003 оны 09 дүгээр сарын 05-нд Америкийн нэгдсэн улсад төрсөн. Бага охин Б.Хулан 2006 оны 02 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн. 2 хүүхэд одоо миний асрамжид эрүүл саруул байна. Одоо бид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдийг өөрийн асрамжид авмаар байна. Баянгол дүүргийн 7-р хорооны 12-р байрны 77 тоот 3 өрөө байрыг хүүхдүүддээ авахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Баянмөнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй болоод 3 жил болж байна. Гэр бүлийн бүхий л зардал, хүүхдүүдийн сар бүрийн сургалтын төлбөр, хэрэглээний зардлыг би цалингаараа зохицуулдаг. Өнгөрсөн хугацаанд Баянмөнх нэг удаа уулзаж, байрны түлхүүрээ өгсөн. Эвтэй найртай байгаа дээрээ салахаар тохирсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн 3 өрөө байрыг үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Баянмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрээгүй, Батханд өөрөө салъя гэсэн тул салахаар шийдсэн. Би байраа өгнө, 2 хүүхдийг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд цаашид хүүдүүддээ анхаарал халамж тавиад явах нь ойлгомжтой учраас шаардлагагүй гэж бодож байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Батханд нь хариуцагч Д.Баянмөнхөд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж шүүхэд гаргажээ.
Г.Батханд, Д.Баянмөнх нар нь 2002 онд гэр бүл болж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан, амьдрах хугацаандаа 2003 оны 09 дүгээр сарын 05-нд хүү Б.Жефри, 2006 оны 02 дугаар сарын 01-нд охин Б.Хулан нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин нөхөр Д.Баянмөнх нь сүүлийн жилүүдэд байнга архи уудаг болсон, гэр бүл, үр хүүхэддээ халамж анхаарал тавьдаггүй зэрэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Шүүгчийн 2017 оны 5-р сарын 4-ний өдрийн 06285 тоот захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Хариуцагч гэрлэлт цуцлах, 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээх, гэрлэгчийн дундын өмчлөлийн Баянгол дүүргийн 7-р хорооны 12-р байрны 77 тоот 3 өрөө сууцыг нэхэмжлэгчид үлдээх талаар маргаагүй бөгөөд хуульд заасан журмаар насанд хүрээгүй хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.3, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Доржраагийн Баянмөнх, Гэрэл-Осорын Батханд нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 09 дүгээр сарын 05-нд төрсөн хүү Б.Жефри, 2006 оны 02 дугаар сарын 01-нд төрсөн охин Б.Хулан нарыг эх Г.Батхандын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Жефри, охин Б.Хулан нарыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Д.Баянмөнхөөр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205003146 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 4-р хороолол, 12-р байрны 77 тоот 3 өрөө сууцыг Г.Батханд, Б.Жефри, Б.Хулан нарт үлдээсүгэй.
4. Улсын тэмдэгдийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Баянмөнхөөс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА