Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

 

 

 

 

 

 

   2022         01          03                                    2020/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Н-д холбогдох эрүүгийн 2106 02482 2592 дугаартай хэргийг шүүх 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал зуучлалын менежмент мэргэжилтэй, “Сандай плаза” худалдааны төвд эмэгтэй бэлэн хувцас зардаг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, Э.Н.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Luxury" нэртэй караокед тооцооны мөнгөнөөс болж иргэн С.У-тэй маргалдан улмаар гараараа нүүр хэсэгт нь цохих үйлдлээр баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  хохирогч С.У-ийн өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Б.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-23-24/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 7116 дугаартай дүгнэлт /хх-29-30/, шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн мэдүүлэг /хх-48/, Э.Н-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-78-79/, хохирогч С.У-т хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-74/, хохирол төлсөн талаархи “Хаан” банкны дансны хуулга /хх-78/, хохирол төлбөр авсан тухай баримт /хх-79/, шүүгдэгч Э.Н-гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-71/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Luxury" нэртэй караокед тооцооны мөнгөнөөс болж иргэн С.У-тэй маргалдан улмаар гараараа нүүр хэсэгт нь цохих үйлдлээр баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Н мэдүүлэхдээ: “...Тэгтэл 1 хүний 40.000 төгрөг боллоо гэж Д.Номин хэлэхээр нь “ Би дөнгөж сая орж ирлээ, нэг их уугаагүй, тэрнээс гадна та нарт виски авч ирж өглөө” гэж хэлтэл Э.Н гэх эмэгтэй “ 10.000 төгрөг өгөөд зайл“ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи одоо юу гээд байгаа юм бэ, наад тооцоогоо надад өгөөд, чи өөрөө гар” гэж хэлтэл намайг элдэв бусаар доромжилж байгаад шууд үстэж дарахаар нь би зөрүүлээд үстээд бид 2 үстэлцэж байтал Э.Н гэнэт миний баруун нүд рүү цохих шиг болсон ба миний баруун нүд хавдаад юм харахаа больчихсон. Тэгтэл Б.Золзаяа бид хоёрыг салгахаар нь би гараад зөөгч дээр нь очоод мөс аваад нүдэн дээрээ дараад цаашаа тамхины өрөөнд ороод суусан. Тэгтэл араас Б.Золзаяа, Э.Н болон 1 эмэгтэй нар араас орж ирээд намайг “зүгээр үү” гэж асуухаар нь би “Миний нүд юм харахгүй байна, сохорчихвол яах юм бэ” гэж хэлтэл Э.Н нь “Нүд рүү чинь миний гар орчихсон юм биш үү, одоо ингэсхийж байгаад зүгээр болчих юм биш үү” гэж хэлсэн. Би Э.Н-г ерөөсөө танихгүй. Тухайн үед анх удаа харсан. Би Э.Н-той өөрөөр ерөөсөө хэрэлдээгүй...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Золзаяагийн өгсөн: “...Тэгтэл 01 цагийн үед С.У- манай найз Хосбаяр руу залгаж байгаад ирсэн ба С.У- караокед ирэхдээ нэлээн согтуу, 1 шил виски барьчихсан ирсэн. Тэгээд бид нар уугаад дуулаад сууж байгаад 02 цаг өнгөрч байхад тооцоогоо хийхээр болсон ба 1 хүний 30.000 орчим төгрөг төлнө гэсэн чинь С.У- “ Би виски барьж ирсэн юм чинь тооцоо өгөхгүй” гэж хэлтэл манай найз Э.Н “Чи юу яриад байгаа юм бэ, энд гарсан тооцоог бүгдээрээ хувааж хийнэ” гэж хэлтэл С.У- Д.Номиог “чи тийм баян юм бол бүгдийг нь өгөхгүй юу, дэлгүүр ажиллуулдаг халтар босс” энэ тэр гэж хэрэлдээд байхаар нь би голд нь очиж суугаад байж байтал тэр 2 гэнэт үсдэлцэхээр нь би салгах гэж оролдоод байж байтал гаднаас хамгаалагч нар орж ирээд салгасан. Тэгээд С.У- караокены өрөөнөөс гараад тамхины өрөөнд орохоор нь бид нар тооцоогоо хувааж төлчихөөд С.У- “Одоо гарья, явья” гэж зөндөө гуйсан боловч С.У- юу ч тоогоогүй, миний нүд хавдчихаад байна гэж хэлээд орилоод байсан. Тэнд байхад Э.Н, С.У- хоёр л муудалцсан. Өөр муудалцсан хүмүүс байхгүй...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

 

           Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн 7116 дугаартай дүгнэлтэд:

1. С.У-ийн биед баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-29-30/,

 

Мөрдөн шалгах ажиллаганад шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн: “... Хохирогч С.У-ийн биед үүссэн баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт болон хамрын нуруунд үүссэн гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн бугалганы цус хуралт зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ...” гэх мэдүүлэг /хх-48/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Н-гийн ”... Ууганцэцэг миний үснээс зулгаагаад доош нь дарах үед гарыг нь салгах гэж гараа хөдөлгөж, сарваганаж байхдаа түүний нүдэнд хүрсэн байж магадгүй. Би Ууганцэцэгин нүүр болон нүдийг гараараа санаатай цохисон зүйл байхгүй. Бид хоёр бие биенээ үстээд байж байхад хамт явж байсан Золзаяа болон хамт байсан найзууд нь салгасан ...” гэх мэдүүлэг /хх-56-57/,

 

         Хохирлын баримт /хх-46, 65, 78-79/,

         Шүүгдэгч Э.Н-гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-71/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Н-гийн 2021 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Luxury" нэртэй караокед тооцооны мөнгөнөөс болж иргэн С.У-тэй маргалдан улмаар гараараа нүүр хэсэгт нь цохих үйлдлээр баруун нүдний алимны салстын урагдал, цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Э.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч С.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцсон ба үүнийг энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Э.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

         Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.Н-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Э.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС