Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/244

 

 

 

 

 

 

 

 2022         02         18                                   2022/ШЦТ/244

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч К.Чимгээ,

Хохирогч Д.Д,

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.С-д холбогдох эрүүгийн 2106 01889 1523 дугаартай хэргийг шүүх 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 000 дугаар байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, Х.С.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.С нь 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт иргэн Д.Д-гийн эзэмшлийн Тоёота Приүс 20 загварын тээврийн хэрэгслийг засварлаж өгнө гэж хариуцан авч, тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг завшиж, бусдад 930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ: “...Хохирогчид хохирол төлбөрт 930.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэрчийн мэдүүлэг буруу байсан. Намайг саяхан таньдаг болсон гэж хэлсэн байсан. Гэрч нь надад 500.000 орчим төгрөгийн хохирол учруулж байсан. Таньдаг болохоор хуулийн байгууллагаар яваагүй. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ: “...Миний итгэлийг олж авч байгаад ийм зүйл хийсэн. 05 дугаар сарын сүүлээр болсон. 1.500.000 төгрөгөө өгөөч гэж хэлэхэд би эхнэртэйгээ жаргалтай байгаа. Чи надаас юм олж авна гэж байхгүй гэж хэлсэн. Тэгээд миний утсыг блоклоод алга болсон учир би цагдаад өргөдөл өгсөн. Нүүрсэн яндан байхгүй болсны дараа буюу маргааш өглөө нь Х.С-ы дансанд 1.800.000 төгрөг орсон байсан. Бид 2 харилцан тохиролцоод 1.500.000 төгрөгөө би авахаар болоод салсан. Гэсэн ч тохиролцсон хугацаандаа өгөхгүй байсан. Шүүгдэгч надад 930.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн. Би хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо гомдол санал байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-3-4/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-29-36/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-37-41/, “Дамно” ХХК-ын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан БЗД2-21-443 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-76/, хохирогч Д.Д-гийн өгсөн мэдүүлэг /хх-55-56, 58-59/, шүүгдэгч Х.С-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Х.С-ы 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт иргэн Д.Д-гийн эзэмшлийн Тоёота Приүс 20 загварын тээврийн хэрэгслийг засварлаж өгнө гэж хариуцан авч, тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг завшиж, бусдад 930.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Д-гийн өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр машинаа оношлуулсан юм. Тэгээд би танилцах зар уншиж байгаад 98112740 дугаарын хүнтэй танилцсан юм. Тэр хүн өөрийгөө Х.С гэж танилцуулсан казак хүн байсан юм. Х.С нь өөрийгөө машин цахилгаан засвар хийдэг гэж танилцуулж байсан. Бид хоёр танилцаад удаагүй байхад Х.С нь хамт амьдарна гэх мэтээр их ярьдаг байсан болохоор би Х.С-д их итгэдэг байсан. 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Х.С нь миний 52-94 УБС улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приүс 20 загварын автомашиныг минь засаад өгье гэж хэлээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах засварын газар руу аваад явсан юм. Тэгээд миний машин 2-3 хоног болсон байхад миний машиныг авчирч өгөхгүй байхаар нь засварын газар руу очиход миний машин засварын газрын гадна талд нь байсан ба очиж шалгахад миний машины нүүрсэн яндан нь алдагдсан байсан юм. Тэгээд би Х.С-д хэлтэл миний нүүрсэн яндангийн мөнгийг нь надад буцааж өгөхөөр болсон ба надад 2.000.000 төгрөг өгөхөөр болоод өөрийнхөө дансанд байсан 1.800.000 төгрөгийг надад харуулсан. Тухайн үед банк ажиллахгүй байсан болохоор дараа банк онгойхоор банкнаас очиж мөнгөө авахаар болоод салцгаасан юм. Тэр үеэс хойш Х.С-тай би холбоо барьж чадахгүй байгаа, намайг залгахаар утас нь холбогдохгүй байгаа... 2020 оны 1 дүгээр сард миний машины яндан цоорохоор нь засварын газарт үзүүлээд гагнуулж байсан. Тухайн үед миний машины гагнууртай хэсэг нь хөх өнгийн туяа гарсан байсан. 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Х.С-ы ажилладаг гэх Баянзүрх дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүлд” кузов засварт машинаа будаганд оруулахаар өгсөн. Х.С нь засварын газарт машинаа оруулахаас өмнө надаас нүүрсэн янданг маань гуйж байсан болохоор машиндаа санаа зовоод 2021 оны 5 дугаар сарын 287-ны өдөр 15 цагийн орчим “Сүлд” кузов засвар дээр очиход Х.С нь намайг “ярьж байгаад ирэхгүй яасан юм” гэж хэлж байсан ба би машиныхаа нүүрсэн янданг “хөх өнгийн туяатай гагнуураар нь таньдаг” нь тонгойж харахад миний нүүрсэн яндан байсан. Харин 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр очиж шалгахад миний нүүрсэн яндан солигдоод бор өнгийн, миний өмнө нь гагнуулж байсан гагнаас нь байхгүй, өөр яндангаар солигдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-55-56, 58-59/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-3-4/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-29-36/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-37-41/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гаргасан БЗД2-21-443 дугаартай тайлангаар “Приус 20 тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 930.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ  /хх-76/,

 

Шүүгдэгч Х.С-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.С-ы 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт иргэн Д.Д-гийн эзэмшлийн Тоёота Приүс 20 загварын тээврийн хэрэгслийг засварлаж өгнө гэж хариуцан авч, тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг завшиж, бусдад 930.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.С нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг биелүүлэн эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршихоор 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

 

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. 

 

Шүүгдэгч Х.С-ы үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх маргаагүй хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Д-д учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Х.С-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.С-д 6 сарын хугацаагаар ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                             Э.ЧИНГИС