Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

 

 

 

 

 

  2022         02          07                                    2022/ШЦТ/152

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч А.Амарсанаа,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн 2106 03762 2595 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 6б байр, 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Г.А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.А нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто хотхоны 307 дугаар байрны 03 тоотод 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн А.У-тэй манай гэрт миний төрсөн ахтай муудалцлаа гэх шалтгаанаар маргалдаж А.У-ийг тэвэрч өөрийн гэрээс гаргах явцдаа хана мөргүүлж түүний биед хамар ясны далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч А.У-ийн өгсөн мэдүүлэг /хх-26-32/, гэрч Б.Отгонжаргалын өгсөн мэдүүлэг /хх-41-43/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10554 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-18-19/, Г.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-150/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.А-ын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто хотхоны 307 дугаар байрны 03 тоотод 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн А.У-тэй манай гэрт миний төрсөн ахтай муудалцлаа гэх шалтгаанаар маргалдаж А.У-ийг тэвэрч өөрийн гэрээс гаргах явцдаа хана мөргүүлж түүний биед хамар ясны далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.У-ийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Г.А-ын гэрт очсон...Бид хоёрыг маргалдаж байхад нөхрийн төрсөн дүү Г.А гэрээс гараад явчихсан, манай нөхөр тэр өдөр эрүүл байсан, цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Би хоёр хүүхдээ хувцаслаад аваад гарч байхад Г.А зөрж орж ирж таарсан ба надаас “та нар буцаж орж ирэх юм уу” гэхээр нь би “ирнэ, чи харин бантан хийж байгаач тэхүү, бид 3 түгжрээд орой ирэх байх” гэж хэлэхэд Г.А “за" гэж хэлээд үлдсэн. Тэгээд би хоёр хүүхдээ буцаад Г.А-ын гэрт 18 цаг өнгөрч байхад очсон. Хаалга тогшиход Г.А хаалгаа тайлсан ба Г.А надад хандаж “эгч нар та нарыг хөөгөөд явуул, битгий хаалга тайл, та хоёрыг салгана гэсэн” гэж хэлэхээр нь би бага хүүгээ уйлаад байхаар нь “тэр тусдаа асуудал” гэж хэлэх үедээ тэдний гэрт 2 хүүхэдтэйгээ ороод бага хүүгээ тэдний орон дээр тавиад хөргөгчөөс жижиг мах аваад ус тосоод зогсож байхад Г.А үг хэлэлгүй шууд миний ардаас 2 гараараа намайг тэвэрч өргөөд үүд рүү чиглүүлээд алхсан, үүд рүү явах замдаа хаалганы хажуу талын ханыг толгой хэсгээр 2 удаа мөргүүлсэн. Эхний удаа бол намайг хананд зориуд тэвэрч очоод мөргүүлчхээд, хажуу хаалгаар гаргах гэж байхдаа дахин мөргүүлээд намайг хөл нүцгэн, дээгүүрээ дан цамцтай гаргаад хаалгаа дотроос нь хаачихсан...гэрт байсан манай хоёр хүүхэд харсан, том охин н.Наранмандах хараад “ээжийг минь битгий ингээч дээ, өвдөж байгаа шүү дээ” гээд уйлаад байсан. Одоо манай охин 5 настай би охиноороо мэдүүлэг өгүүлмээргүй байна, манай хүүхдүүд аав дээрээ байгаа, намайг хөөж гаргасны дараа Г.А манай хүүхдүүд рүү орилоод “би танай ээжийг зодоогүй биздээ” гэж орилоход миний охин уйлаад “үгүй ээ” гэж байхыг би хаалганы цаанаас сонссон. Би охиныхоо сэтгэл зүйг тайван байлгамаар байна.” гэх мэдүүлэг /хх-9-12/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10554 дүгээр:

1. А.У-ийн биед хамар ясны далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-38-39/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Г.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-150/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.А-ын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто хотхоны 307 дугаар байрны 03 тоотод 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн А.У-тэй манай гэрт миний төрсөн ахтай муудалцлаа гэх шалтгаанаар маргалдаж А.У-ийг тэвэрч өөрийн гэрээс гаргах явцдаа хана мөргүүлж түүний биед хамар ясны далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн өгзөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Г.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 138.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.У-өд олгохоор тогтов.

Мөн хохирогч А.У нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.А-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Г.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.А нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

        5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.А-оос 138.000 төгрөгийг гаргуулж хохирогч хохирогч А.У-өд олгосугай.

 

6. Хохирогч А.У- нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.А нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС