Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

 

 

 

 

 

  2022         02          07                                    2022/ШЦТ/151

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И овогт З-ын Э-д холбогдох эрүүгийн 2106 02272 2039 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Архангай аймаг, Хайрхан сум, 1 дүгээр баг, Хайрханд оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх000000, И овогт З-ын Э.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч З.Э нь 2021 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн орчим байх буудалд иргэн Ж.Б-тай согтууруулах ундаа хэрэглэн улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу нь стаканаар цохих, гараараа цохих зэргээр зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ж.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-34-36/, гэрч Б.Эрдэнэсүхийн өгсөн мэдүүлэг /хх-42-43/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний 6030 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-46-47/, З.Э-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-58/, З.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/ бүхий баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч З.Э-гийн 2021 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн орчим байх буудалд иргэн Ж.Б-тай согтууруулах ундаа хэрэглэн улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу нь стаканаар цохих, гараараа цохих зэргээр зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Б-ын өгсөн: “...Бид 3 буудалдаа ороод Эден нэртэй 0.75 литрийн архи нэг шилийг хувааж уусан. Тэгээд бид гурав юм яриад сууж байхад Эрдэнэтуяа Осоржамаа гэдэг залуутай намайг явдаг гээд хардаад байсан бид хоёр маргалдсан юм. Осоржамаа нь манай найзын найз нь байгаа юм надтай бол ямар ч холбоо хамаарал байхгүй. З.Э гэнэт шилтэй пиво аваад шидсэн чинь хананд оноод миний бие бүхэл хэсэгтээ пиво болоод норчихсон. З.Э босож ирээд баруун нүд рүү 2 удаа алгадсан мөн стакантай архи над руу шидсэн чинь толгойн зүүн талын хэсэгт оночихсон толгойноос цус гараад байсан.” гэх мэдүүлэг /хх-34-36/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэсүхийн өгсөн: “...Нэг залуугийн тухай яриад маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаад зодолдсон. Тухайн үед тэр хоёр хоёулаа нэлээн согтуу байсан. Тэгээд буудлын өрөөн дотор байхад нөгөө хүүхэн Эрдэнэтуяа руу архины шилэн хундага шидсэн чинь тэрийг оноогүй. Тэр стакан нь нойлын өрөөний хаалга оноод хагарсан. Тэрний дараа нөгөө хүүхэн дахиад цэвэр устай сав аваад Эрдэнэтуяа руу шидсэн чинь түүнийг оносны дараа Эрдэнэтуяа уурлаад босож ирээд шилэн хундагаар нөгөө хүүхний толгой руу нь цохисон. Тэгсэн чинь нөгөө хүүхний толгой нь хагараад цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-42-43/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний 6030 дугаартай:

1. Ж.Б-ын биед зулайнд шарх, духанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдэнд цус хуралт, зүүн эгэмэнд 2 зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуунд цус хуралт зүүн сарвуунд цус хуралт, зүүн гуянд цус хуралт зүүн шилбэнд цус хуралт зүүн өвдгөнд цус хуралт, баруун хөлөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-46-47/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Э-гийн яллагдагчаар өгсөн: “...савтай ус над руу шидэхээр нь би эхэлж шидсэн газар байсан стаканыг нь аваад шидсэн чинь толгойг нь оноод цус гарчихсан. Толгойн оройн хэсэгт нь оночихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-58/,

 

Шүүгдэгч З.Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч .Эрдэнэтуяагийн 2021 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн орчим байх буудалд иргэн Ж.Б-тай согтууруулах ундаа хэрэглэн улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу нь стаканаар цохих, гараараа цохих зэргээр зодож хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч Ж.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч З.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Дээрхи байдлаар шүүгдэгч З.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.Э-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч З.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт З-ын Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар З.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар З.Э нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, З.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.Э нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС