| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00324/И |
| Дугаар | 130/ШШ2017/00414 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00414
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 130/ШШ2017/00414 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг Даргын Тамгын Газар (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, утас 9******, РД:БЭ******** Т***** овогт Ө.Хд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг Даргын Тамгын Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Ө.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Dell маркийн ноутбукийн үнэ болох 1200000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг Даргын Тамгын Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012-2016 оны хооронд Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Х нь ажлаа хүлээлцэх үед албаны хэрэгцээнд хэрэглэж байсан Dell маркийн ноутбукийн ажил хүлээлцэх үедээ хүлээлгэж өгөөгүй явсан бөгөөд удаа дараа шаардахад сайн дурын үндсэн дээр байгууллагыг хохиролгүй болгож өгөхгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулах зорилгоор шүүхэд хандаж байна. Иймд иргэн Ө.Хгаас Dell маркийн ноутбукийн үнэ болох 1200000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг Даргын Тамгын Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би өнөөдрийн шүүх хуралдаанд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага 2012-2016 онд Өлгий сумын Засаг дарга байсан Ө.Х нь албандаа хэрэглэж байсан нотебукийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил хүлээлцэхдээ тушаагаагүй. Шинээр ирсэн Засаг дарга ажил хүлээлцэх үед нотебук дутуу байсан талаар нотлох баримтыг гаргаж өгсөн. Хуучин байсан ч гэсэн ажилд хүлээлгэх үед хүлээлгэж өгсөн бол авах байсан. Гэвч тухайн үед хүлээлгэж өгөлгүй явсан. Актлагдсан тогтоолын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар ашиглах хугацаа дууссан, эвдэрсэн, цаашид засаж сэлбэхэд эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоогдсон тохиолдолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж хүсэлт тавьж тэрний дагуу төрийн захиргааны төв байгууллагаас ирсэн зөвшөөрлийн дагуу актлах ёстой байсан. 2016 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 38 дугаар тогтоолыг авч үзвэл дээрх зүйл байхгүй, зөвхөн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлаар оруулж, хүлээн зөвшөөрсний дагуу акталсан байна. Энэ нь учир дутагдалтай, хууль зүйн үндэслэлгүй, нотлогдсон, тооцоо нь гарсан зүйл байхгүй. Актлах үндэслэл байгаа эсэх талаар гарсан үндэслэл байхгүй. Зөвхөн тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцээд акталсан нь үндэслэлгүй. Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тус нотебукийн үнийн дүн болох 1200000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Ө.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Ө.Х нь 2012-2016 оны хооронд Өлгий сумын Засаг даргаар ажиллаж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа хуулийн дагуу дараагийн Засаг дарга Бахытхумарт хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлцэх үед хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг байлцуулж 2012-2016 онуудад хийгдсэн ажлын үр дүн, хийгдэхээр төлөвлөж байсан ч хийж амжаагүй ажлын талаар уг ажлуудыг зураг төсөв бичиг баримт болон тухайн үед албаны хэрэгцээнд хэрэглэж байсан бүх эд хогшлыг нэг бүрчлэн Өлгий сумын ЗДТГазрын албан хаагчдыг байлцуулж хүлээлгэж өгсөн. Миний бие 2012-2016 оны хооронд Өлгий сумын Засаг даргаар ажиллахдаа бүтээн байгуулалтын маш том ажлуудыг өрнүүлсэн. Ганц хоёр жишээ: -Төсвийн гадуур гадаад хөрөнгө оруулалтаар одоо нийт Өлгийчүүдийн бахархал болсон 250,0 сая гаруй төгрөгийн өртөгтэй Найрамдал толгойг бариулсан, -Японоос ХТАлбаны хэрэгцээнд 100,0 сая гаруй төгрөгийн 2 машин бэлгийн журмаар оруулж ирсэн, - 75га гаруй газарт мод тарьж, нөхөн сэргээлт хийлгэх, гудамжны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор цэцэгжүүлэх, гэрэл, гэрэлтүүлэг ажлуудыг хийсэн. Энэ бүгд бидний хамтын гэр Өлгий сумыг өнгө үзэмж сайтай тохижилттой, сайхан ногоон хот болоход жаахан ч гэсэн өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэсэн чин эрмэлзэлэлээс төрөн гарсан миний хөдөлмөрийн үр дүн болно. Энэ хугацаанд албаны хэрэгцээнд ноутбук ашиглаж байсан. Гадаад, дотоод явахдаа байнга авч явж байсан учир хэд хэдэн удаа эвдэрч байсан. Цаашид ашиглах боломжгүй байсан тул ажлаа хүлээлцүүлэхээс өмнө сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд энэ талаар танилцуулсан. Сумынхаа ИТХ-ын Тэргүүлэгчдээс цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тул уг ноутбукийг хүлээлгэж өгөөгүй юм. Иймд уг ноутбукийн үнэ болох 1200000 төгрөгийг төлөх боломжгүй. Шаардлагатай гэвэл эвдэрсэн ноутбукийг буцааж өгч болно. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Ө.Х шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2012-2016 оны Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан хэрэгцээнд нотебук ашигласан. Тухайн үед ажил ихтэй байсан ба төсөл, тэмцээн зохион байгуулахаар бусад байгууллага, аж ахуйн нэгж, яам тамгын газарт баримт бичиг явуулах зэргээр ашиглаж байсан. Олон удаа хэрэглэж байсан тул эвдэрч байсан ба засварлуулж байсан. Цаашид ашиглах боломжгүй, эвдэрсэн тул Өлгий сумны Засаг даргын Тамгын газраас 2016 оны 10 дугаар сард эд хөрөнгийг цэгцлэхэд Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд актлахаар оруулж, тогтоол гарсан. Тухайн үед эд хөрөнгөнөөс дээрх нотебукийг хасаагүй, нэхэж байна гэж нягтлан бодогч надад хэлсэн. Байгаа нотебукийг авахгүй үнийг авна, нотебук шинээрээ байгаа гэж учир дутагдалтай зүйл хэлсэн. Шинэ нотебукийн мөнгийг төлүүлэх гээд байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед 2012-2016 онд олон бүтээн байгуулалтын ажил хийсэн нь та бүхний нүдэнд харагдаж байгаа. Эвдэрч засуулж байсан тул Тамгын газраас асуудал оруулснаар Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол гарч акталсан. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Өлгий сумын Засаг дарга асан Ө.Х нь албан хэрэгцээнд Dell i3 маркийн ноутбук хэрэглэж байсан нь түүний хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Ажилчин, албан хаагчийн хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл-ээр нотлогдож байна.
Улмаар нэхэмжлэгчийн гаргаж Өлгий сумын Засаг дарга Ө.Хн нэр дээр Dell маркийн ноутбук гэж бүртгэсэн боловч байхгүй гэж тэмдэглэн бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ажилчин, албан хаагчийн хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, мөн шинээр томилогдсон Өлгий сумын Засаг дарга Х.Бын нэр дээр Dell маркийн ноутбук бүртгэгдээгүй гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ажилчин, албан хаагчийн хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, мөн 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Өлгий сумын ИТХ болон ЗДТГ-ын 2016 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого хийсэн Тооллогын комиссын тайлан, тайлангийн хавсралт №2 Зөрчилтэй эд хөрөнгийн жагсаалт зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Өлгий сумын Засаг дарга асан Ө.Х ажил хүлээлцэхэд Dell маркийн ноутбукийг хүлээлгэж өгөөгүй нь нотлогдож байгаа гэх боловч энэ нь доорх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Эд хөрөнгө актлах тухай тогтоолоор үгүйсгэгдэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл болон 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Эд хөрөнгө актлах тухай тогтоолоор Өлгий сумын ЗДТГ-ын 12 төрлийн 1634000 төгрөгийн эд хөрөнгийг акталсан ба үүнд Нөтбуук 2 ширхэг бүгд үнэ 200000 төгрөгөөр үнэлэн акталсан болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол Эд хөрөнгө актлах тухай тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гарсан, хууль буруу баримталсан гэх боловч үүнд хариуцагч Ө.Хг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих норм бодсон элэгдэл, хорогдлыг хасаж жинхэнэ гарсан алдагдлаар тооцно гэж заасан байхад нэхэмжлэгч тал байгууллагад учирсан хохирол буюу Dell маркийн ноутбукийн үнийг шинэ ноутбукийн үнээр үнэлсэн нь учир дутагдалтай байна.
Иймд хариуцагч Ө.Х Өлгий сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Эд хөрөнгө актлах тухай тогтоолоор түүний албандаа ашиглаж байсан Dell маркийн ноутбукийн акталсан байхад хариуцагч Ө.Хгаас нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, төсвийн байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-ийг баримтлан хариуцагч РД:БЭ******* Т***** овогт Ө.Хгаас Dell маркийн ноутбукийн үнэ 12000000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг Даргын Тамгын Газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК