Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/254

 

 

 

 

 

 

 2022         02          21                                    2022/ШЦТ/254

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн 2206 00000 0259 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Назоритын 1-29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар хх0000000, Г.Д.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Назоритын 1-29 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.А-ийг бусадтай хардаж, нүүр хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, баруун дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Г.А-ийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, гэрч Н.Үржингоогын өгсөн мэдүүлэг /хх-17/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 932 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28-29/, Г.Д-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36/, Г.Д-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Д-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Назоритын 1-29 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.А-ийг бусадтай хардаж, нүүр хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, баруун дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А-ийн өгсөн: “...Би Доржгочоо гэх хүнтэй анх 2017 онд танилцаад хамтран амьдрах болсон. Би өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 цагт “Ургах наран” хорооллын СӨХ-ийн шинэ жилд орохоор болоод хамтран амьдрагч Доржгочоотой хамт шинэ жилд ороод, бид хоёр орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Назоритын 1-29 тоот гэртээ ирээд байж байтал манай хамтран амьдрагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир надад агсам тавиад, намайг шинэ жилд оролцсон хүмүүстэй хардаж, надад уурлаад гараараа миний зүүн талын нүд, хамар хэсэгт хоёроос гурван удаа цохиод, миний хоолойг гараараа боосон. Дараа нь хутга аваад намайг ална гээд байхаар нь би намайг гээд ирэх хүмүүс байгаа шүү гээд хэлтэл хамтран амьдрагч Г.Д хутгаа хаяад унтаад өгөхөөр нь би охин Үржингоо уруу утсаараа мессеж бичтэл манай охин маргааш өглөө нь манай гэрт ирээд бид хоёр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан..” гэх мэдүүлэг /хх-13-14/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Үржингоогын өгсөн: “...Доржгочоо нь манай ээжтэй 2017 оноос хойш хамтран амьдрах болсон. Би юу болсон талаар мэдээгүй. Би ээжээс асуутал зодуулсан гэж надад хэлсэн. Манай ээжийн зүүн нүд хөхөрч, хамар хавдаж, хоолой нь улайсан байсан.” гэх мэдүүлэг /хх-17/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 932 дугаартай:

1. Ш.Цэцэгмаагийн гаргасан Г.Аптанчимэгийн биед баруун дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-40-41/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Алтанчимэгтэй Ургах наран хорооллын СӨХ-ын шинэ жилд явахаар болж Алтанчимэгийн хамт 19 дүгээр хорооллын ойролцоо байрлах ресторанд 18 цагт очиж архи, пиво ууж шинэ жил тэмдэглэсэн... Би гэртээ ирээд согтуу байсан учир эхнэрээ ажлынхаа залуутай бүжиглээд байсан болохоор нь уур хүрээд хардаад эхнэрийнхээ нүүрэн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-36-37/,

Шүүгдэгч Г.Д-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Д-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Назоритын 1-29 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Г.А-ийг бусадтай хардаж, нүүр хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, баруун дээд зовхи, зүүн хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Г.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

 Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Г.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Барган овогт Ганхуягийн Доржгочоог “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Г.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС