Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Иргэн А.Ж-гийн  нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Тус аймгийн  ******* сумын ******* С.У-т холбогдох  ******* сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээд болох С.У-ээр төлүүлэх шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын  09-ний  өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ж, хариуцагч С.У, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь  нар оролцов.                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би сумын ******* С.У-ийн санал тавьснаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Байгууллагын менежерийн хувьд жилийн эцсийн тайлан мэдээ гүйлгээ зэрэг өөрөөс хамаарах ажлуудаа цэгцлээд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ээлжийн амралтын үлдсэн хоногийг биеэр эдлэх дээр нь цалингүй чөлөө авч гадагшаа явж биеэ үзүүлж, оношлуулах саналаа  *******д тавьж улмаар өргөдлөө гарган зөвшилцөж шийдвэрлүүлэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамж гарч уг захирамжид зааснаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс хөдөө, аж ахуйн дарга Х.Г-д өрөөний түлхүүр, тэмдэг хүлээлцэж акт үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Миний тухайд нэгэнт явахаар шийдсэнээр онгоцны билет, хот явах автобусны билет зэргийг захиалсаны дагуу 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн автобусанд суухаар хөдөлж байхад С.У нь ажлаас чөлөөлсөн Б/13 дугаар захирамж гарган бичиг хэргийн ажилтнаар танилцуул гэж гэрлүү явуулсан байсан.

       Урьд өдөр нь Б/12 дугаар захирамжаар чөлөө олгож явуулчаад эзгүй байхад Б/13 дугаар захирамж гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах гэсэн заалт, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан Эмнэлэгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа гэснийг зөрчиж  мөн Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах гэсэн иргэн миний үндсэн эрхийг зөрчсөн. Б/12 дугаар захирамжийг амаар хүсэлт гаргаад өргөдлөө өгөөд 11 дүгээр сард амралтын үлдсэн хоногийг эдэлье, ажлаа өгье гэхэд Тамгын газрын дарга, санхүүгийн албаны дарга бид нар хамт байж байгаад ярьсан. Тэгэхэд чөлөө аваад явчих гэж хэлсэн. Чөлөө авах хүсэлт өгөөд Б/12 дугаар захирамж гарсан. Би өөрт холбогдох мэдээ тайланг гаргаад өгсөн байсан.

        Эхний өдөр болно гэж хэлээд чөлөө олгоод маргааш нь ажлаас халдаг нь төрийн албаны ёс зүйд байдаггүй асуудал. Үнэхээр тийм асуудал байсан бол чөлөө олгохдоо тэр талаар ярихгүй яасан юм бэ? Тамгын газарт 30 гаруй хүн ажил хийдэг. Тэр дүнгээр Тамгын газрын дүн гардаг. ******* сумын дүн 2019 онд ганцхан 17-д орсон юм биш. Байнга сүүлд ордог. 2017 он, 2018 онд ийм л байсан. Миний тухайд ажлыг сайжруулах үүднээс 1 жил хүрэхгүй хугацаанд өөрийн хэмжээнд ажилласан. Гүйлгээг би хийгээгүй. Нягтлан, дотоод ажилтан хоёр ширээ сандал солих шаардлагатай интернетээр захиалчих мөнгийг хийе гэхэд гүйлгээ хийж болохгүй бүгдийг надад өг гэж *******  хэлсэн. Мөнгийг шууд *******д гаргаж өгөх боломжгүй учир өгөөгүй. Энэ талаар төсвийн тухай хуульд заасан байдаг. Тагнуулын дарга болон цэргийн штабын даргад мэдээллэсэн. Мэдэгдэх үүрэгтэй байдаг. Цэргийн хэлтэст би өөрөө очиж хэлсэн.  Хугацааг нь сайн санахгүй байна. Би чөлөө авч байгаа. Энэ хугацаанд цэргийн бүртгэлийн асуудал хойшлоод 2 дугаар сарын 5-нд болсон байна. Би ирээд цэргийн бүртгэлийн тайланг тушаана. Багийн дарга нарт ажлаа хариуцуулаад өгсөн байгаа гэж хэлсэн. Сум хариуцсан комиссар Э-д ажлаа хүлээлгэж өгсөн, чөлөө аваад явсан. Тэгэхэд ажлаас халсан байна. Нууцлалын баримт байдаг учир энэ ажилд танайх хяналт тавиарай гэж хэлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч С.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар А.Ж-г 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан. Ажиллах хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, тайлан мэдээ  гүйцэтгэл гаргаж ажлаа дүгнүүлээгүй. Төрийн албаны шинэчлэгдсэн хуулиар улс төрийн албан хаагч нь төрийн захиргааны алба хашихгүйгээр тусгагдсан боловч үүргийг нь гүйцэтгүүлсээр байхад Тамгын газрын дарга нь ажлын албаны даргын үүргээ болон өгсөн үүрэг даалгаварыг цаг  тухайд нь биелүүлдэггүй төрийн албаны зөвлөлөөс хийсэн шалгалтаар ажлаас чөлөөлөх санал ирсэн. Мөн 9 сард шаардлага тавьхад 17 хоногоор ажил таслаад цалингаа амралтын мөнгө болгон өөрийн эрх мэдлийг ашиглаж бүрэн авсан. Төрийн захиргааны удирдах ажилтан боловч шаардлага тавихад айлын эрх хүүхэд шиг ажлаа таслаад, хэл амаар доромжилж, дуудахад ирэхгүй, утас авахгүй зэрэг ёс зүйн зөрчил гаргадаг. Төсвийн тухай хуулинд төсвийн жил, төсвийн шууд захирагч нь өр авлагагүй жилийн эцсийн тайлан тооцоог гаргахаар аймгийн төрийн сангаас гүйлгээ хаах бичгийг ирүүлсээр байхад гүйлгээ хийгээгүй, 2019 оны 12 дугаар сарын 24-ний 5300000 мянган төгрөгийн гүйлгээнд гарын үсэг зураагүй. Иймд эдгээр зөрчлийг гаргасан учир ажлаас чөлөөлсөн. Тухайн Б/12 дугаар захирамжийг гарахад өөрөө хүсэлтээ өгсөн байсан. Тэгэхэд 3 үүрэг даалгавар биелүүлбэл захирамж гаргаж өгнө гэж хэлсэн. Нэгдүгээрт 12 дугаар сарын 25-ны өдрийг тасалбар болгоод тайлан мэдээ өгсөн байх. Хоёрдугаарт Цэргийн зарлан дуудах ажил 01 дүгээр сард болсон учир энэ ажлыг дуусгах. Гуравдугаарт мэдэгдэл ирсэн байгаа тул гүйлгээнүүдийг эцэслэн дуусгаж байж яв гэсэн. Тэгэхэд би ажлын тайланг хэвлээд өгье гэхээр хүмүүсээс шалтгаалаад зарим тайлан дутуу байна. Иймээс дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан хүнд үүнийг хариуцуулаад өгөх боломжтой бид хоёр яриад тохирсон гэж хэлсэн. Цэргийн зарлан дуудах ажлыг багийн *******д хариуцуулсан гэж хэлсэн. Дараа нь түр орлон гүйцэтгэгч нь хийж өгсөн байгаа. Гүйлгээн дээр гарын үсэг зураагүй байхаар нь гарын үсэг зурчихаад яв гэхэд чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чөлөө олгох шаардлага байхгүй гэж хэлээд явсан. Би уурандаа ингэж хэлж байгаа байх гэж бодоод маргааш өглөө нь дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтан, ажлыг түр хүлээн авсан хүн хоёроор дуудуулахад би ажлаа хүлээлгэж өгсөн очихгүй гэж хэлээд ирээгүй.  Иймээс өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг алдсан гэдэг үндэслэлээр Б/13 дугаар захирамжийг гаргаж бичиг хэргийн ажилтнаар гэр рүү нь хүргүүлсэн. Тэгэхэд авахгүй гэж байгаад зургийг нь дараад аваад явсан байсан. 01 дүгээр сард Төрийн албаны зөвлөлөөс намайг дуудаад А.Ж-аас гомдол ирсэн тул ирж танилц гэж мэдэгдэл ирсэн. Тухайн мэдэгдэлийн хариуг хүргүүлээд байж байхад 03 дугаар сард А.Ж-гаас нэхэмжлэл гаргасан ирж танилц гэж шүүхээс дуудсан. Төрийн албаны салбар  зөвлөлөөс надад хариу ирээгүй,  А.Ж-д хариу ирсэн байсан. Тамгын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулиар Засаг даргын ажлын албаны дарга байдаг. Засаг даргын тайлан мэдээг гаргах үүрэгтэй. Энэ талаар ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг. Үүнээс болж тайлан мэдээ гаргалгүй байж байгаад жилийн эцсийн ажил унагаагаад, зөвхөн тамгын газрын ажлаас болж сумын ажлыг хойш татсан нь харамсалтай байгаа.  5300000 төгрөгийг надад гаргаад өг гэж хэлээгүй. Би улс төрийн албан хаагч нэг ширээ сандал авсан ч тэрүүгээр миний ажил үнэлэгдэж байдаг. Тамгын газар ширээ сандал шаардлагатай хүмүүс байсан. 12 дугаар сарын 25-нд мөнгө нь татагдах байсан учир мөнгө татагдахаас өмнө мөнгөө хий гэхэд санхүүгийн албаны дарга, нягтлан өөрсдөө явж авсан байх. Төрийн албаны ёс зүй үнэхээр хэцүү байна. Удирдах, удирдуулах ёс байх ёстой. 09 дүгээр сард мөн гүйлгээнээс болж шаардлага тавихад өргөдөл өгчихөөд ажлаа хаяад 14 хоног явсан. Аймгийн Тамгын газраас энэ хүнээс ажил шаардахаар би ажлаасаа гарсан гэж хэлээд ирдэггүй. Нэг өдөр аймаг руу хуралд яваад ирэхэд ажилдаа орсон байсан. Орсон хугацааны цалингаа амралтын мөнгө гээд оруулчихсан. Энэ нь төрийн албаны ёс зүйд нийцэхгүй ажлыг удаа дараа гаргаж байсан. Хамтраад ажиллахад болохгүй зүйл гэж байхгүй гэж бодоод би анх ажилд оруулж байсан. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч хүн бусад хүмүүст үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Даргаа дуудахаар ирдэггүй, удаа дараа ажлаа хаяж явдаг. Ийм байдлыг засаж залруулах ёстой. Тамгын газрын дарга хүн улс төрийн албан хаагч, төрийн албан хаагч хүмүүсийн уялдааг хангаж байх ёстой. Гэтэл өөрөө энэ байдлаа хангадаггүй. Удаа дараа эвлэрье гэж дуудсан. Тэгээд очих гэхээр болилоо эвлэрэхгүй гэж хэлдэг гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч А.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг гэм буруутай этгээд болох С.У-ээр төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хариуцагчийн хувьд энэ хүнд итгэж төрийн албыг хариуцуулсан. Энэ хүн дуртай үедээ гадаад яваад, дургүй үедээ шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар шүүхээс юу шаардаад байгаа юм бэ? захиргааны ямар актыг хууль бус гэж үзэж байгаа юм бэ, хууль бус гэж үзээд байгаа үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн хуулийн 52.5.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Б/13 дугаартай захирамж нь утга агуулгаар хууль зүйн ямар зохицуулалтыг энэ хүний эсрэг гарсан нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй. С.Уранчимэг нь Б/13 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь өөрийн бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан. Эмчлүүлэх гээд явсан гэсэн боловч аялалын виз гаргуулаад явсан. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрлөсний үндсэн дээр цалин хөлс авах эрхтэй. Гэтэл энэ хүн 50 хоног гадаадад ажиллачихаад хөдөлмөрлөөгүй, ажиллаагүй байж цалин авах гэж байгаа нь үндэслэлгүй. Өмгөөлөгчийн зүгээс нэгэнт энэ хүний эрх ашгийг хамгаалж байгаагийн хувьд *******а хүндэтгэдэггүй, бие биедээ жоохон ч гэсэн хүндэтгэлтэй харилцах. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус учир миний үйлчлүүлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаартай Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

       Гуравдагч этгээд Х.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын Баян-Өндөр багт иргэн Хоохор овгийн Г миний бие тус сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт даргаар ажилладаг. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон зарим ажлыг хүлээн авсан. Энэ өдрөөс эхлэн тус ажлыг давхар үүрэг гүйцэтгэсээр байна. А.Ж-ийн нэхэмжлэл хуулийн дагуу шийдэгдэхэд миний эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна. Цаашид шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болно гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч А.Ж 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын *******д  миний бие гадаадруу явж биеэ үзүүлэх, оношлуулах, эмчлүүлэх шаардлага гарч виз гарсан тул өнөөдрөөс ээлжийн амралтын үлдсэн хоногийг тооцож, нэмж сарын чөлөө олгох тухай өргөдлийг  гаргасан. ******* сумын ******* нь 2019 оны 12 дугаар сарын  24-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж-ийн өргөдөл хүсэлтийг үндэслэн  1 сарын цалингүй чөлөө олгож, сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.Г-д ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр захирамж гаргасан.

       Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн Б/13 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж-гийн хүсэлт нь ямар нэгэн нотлох баримтгүй, жилийн эцсийн тайлан тооцоо, гүйлгээ хаагдах үед хувийн ашиг сонирхлоо давамгайлан Засаг даргын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, удаа дараагийн зөрчил дутагдал гаргаж байгаа тул 2019 оны 12 дугаар сарын 25-наас тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн байна.

        Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       1.******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  А.Ж-г Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.8 “албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан тохиолдолд”, 43 дугаар зүйлийн 43.1 “Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана” гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн байна. 

        Хууль хэрэглэх гэдэг нь хуулиар эрх олгосон эрх зүйн хэм хэмжээний заалт, зарчмыг удирдлага болгон хууль зүйн тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн шийдэл гаргахад чиглэгдсэн байх бөгөөд гаргаж байгаа шийдвэр буюу захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заах, бодит нөхцөл байдалд тохирсон байх шаардлагатай. 

         Захирамжийн үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэлийг зохицуулсан байх бөгөөд албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан тохиолдолд эрх бүхий этгээд буюу сумын ******* нь Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болох, хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргахаар заасан хуулийн зохицуулалт байна.

        Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас нь чөлөөлсөн атлаа хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр төрийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл, журмыг зохицуулсан хуулийн заалтыг үндэслэн төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, хуулийн 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэсэн бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангахгүй байна.

       2. Нэхэмжлэгч А.Ж гадаад руу явж биеэ үзүүлэх, оношлуулах, эмчлүүлэх шаардлагатай талаарх өргөдлийг сумын *******д гаргасан, ******* тухайн өргөдлийг хүлээн авч Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасны дагуу эрүүл мэндийн шалтгаанаар 1 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож, Х.Г-д ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр захирамж гаргасан хэдий ч маргааш нь тухайн хүсэлт ямар нэгэн нотлох баримтгүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон  захиргааны чөлөөтэй” байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Тодруулбал: ******* сумын Засаг даргын тухайд гадаад явж бие үзүүлэх, оншлуулах эрүүл мэндийн шалтгаан байгаа талаар тодруулах, холбогдох баримтыг шаардах боломж байсан боловч хүсэлтийг нь хүлээн авч захиргааны чөлөө олгосоноор А.Ж ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг хүлээх юм.

       Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зааснаар ******* сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Ж-г ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

        Хариуцагч ******* сумын ******* С.У  нь Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч “...А.Ж 2019 оны ажлаа дүгнүүлээгүй,  ажлаа муу хийсэн...” талаар тайлбарыг гаргаж байгаа хэдий ч ******* сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаар захирамжаар жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр хангалттай үнэлгээ авсан албан хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор хавсралтаар А.Ж-д 65 хувиар урамшуулал бодож олгосон байгааг дурдах нь зүйтэй байна.

        Шүүх ******* сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж-г албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төр учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилтаныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно” гэж зааснаар 2019 оны 12 дугаар сарын 25-наас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 101 хоногийн олговор 5844365 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

         Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн А.Ж-ийн 2019 оны 9,10,11 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Ж-г ******* сумын Засаг даргын Тамгын газрын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны  101 хоногийн олговор 5,844.365 /таван сая найман зуун дөчин дөрвөн мянга гурван зуун жаран таван  төгрөг/ -ийг  хариуцагч ******* сумын *******ас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ЗОЛБАДРАХ