Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 907

 

Г.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Ш.М, Н.Б,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1033 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Сийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1802002110121 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г.С, 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт .......................... тоотод оршин сууж байсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: .........................../;

Г.С нь 2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “гурван хаалт” гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутны хамт 11.8081 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж аван, өөрийн биедээ нууж хадгалан 21-88 УБП улсын дугаартай, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газар: Г.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Сийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Сийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Сийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Air trans” гэсэн бичигтэй онгоцны билет, Е2124395 дугаартай Г.Сийн гадаад паспортыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 11.2 грамм жинтэй мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, GHL Pocket Scale бичигтэй хар өнгийн жижиг жин зэрэг эд зүйлс хураагдан ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Мишээлийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шийдвэрлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Э.Э, Ц.А, О.А нарын эсрэг мэдүүлэг өгч байгаагүй билээ. Намайг Эрээн орох замд Батзаяа над руу залгаад Замын-Үүдэд миний каргог аваад, хот руу ах Идэрбатдаа аваачиж өгөөч гэж гуйсан. Мөн А руу залгаж, машин асуу гээд дугаарыг нь өгсөн. Тэгэхээр нь би А-тай ярьж “Б яриулсан” гэж учраа хэлэхэд “би нөхөртэйгээ хамт өөрөө машинаар тосож авъя, одоо хотоос гарлаа” гэсэн. Би Замын-Үүдэд орж ирээд Б-тай ярихад тухайн 00-ийг зааж өгөхөөр нь би маш их гайхаж, ямар учиртайг асуухад “зүгээр очоод үз” гэсэн. Тэгээд Э-тэй хамт 00-ийн өрөөнд ороод задалж үзэхэд мөс гэх бодис байх шиг байсан ба Э “жааханыг таслаад авчих” гэхээр нь тасалж аваад, буцаж А, А хоёрын машинд сууж, Э жин гаргаж ирээд жигнэж үзэхэд 12.9 гр байсан. Бид хот орох замдаа бүгд зөвшөөрөөд тухайн бодисоос хэрэглэсэн. Хот орох замд бэлэг эрхтэндээ хийхийг Б надад хэлсэн гэж худал хэлсэн бөгөөд А хэлсэн юм. “Манай найзын хар тамхи, их битгий хэрэглэ, ахад нь өг” гээд бэлэг эрхтэнд хийлгүүлсэн бөгөөд намайг баригдахад Энхбилэгийн жин миний цүнхэнд байсан.

          Би мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд эдгээр хүмүүсийн дарамтад байсан. Үүнд:

          Мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар Б, И хоёрыг мэдүүлбэл хилээр оруулсан зүйлээр нэмж явуулна, мөн чам дээр өөр үйлдэл нэмнэ, би өөрөө И-тай уулзсан гэж хэлж, сүрдүүлсэн.

          И нь намайг энэ хэрэгтээ холбоотойг илчилбэл миний дүү Б нь танай нөхөрт танхайн хэрэг дээр нэмж өөр хэрэг нэмнэ гэж дарамтлаад, мөн И өөрөө цагдан хорих 461 дүгээр ангид байцаалтад таарахдаа байнга сүрдүүлж, дарамталсан.

          Одоог хүртэл манай найз Э руу Э, А нар байнга залгаж, сүрдүүлж, дарамталдаг гэсэн.

          Ийм дарамтнаас болж эдгээр хэргийн холбогдогч нарын тухай өгүүлж байгаагүй ба одоо гаргаж ярих болсон шалтгаан нь прокурор анхан шатны шүүх хуралдаан дээр эрх зүйн байдлыг минь дордуулж, хэт их нэмж буруутгаж байгаад миний эрх хязгаарлагдаж, намайг цор ганцаар буруутгаж, хүнд ял оногдуулсанд гомдолтой байна.

          Идэрбат 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хар тамхитай тэмцэх хэлтсээс баригдаж, 30 гр мөс биедээ хадгалж явсан хэрэгт шалгагдаж байгаа. Идэрбат надаас авах 10 гр хар тамхийг мансууруулах бодис гэж мэдэж байсан. Би дарамт, сүрдүүлгийн улмаас худал мэдүүлэг өгсөн.

          Э.Э, Ц.А, О.А нар зөвхөн хэрэглэсэн биш, үйлдэл бүрт холбоотой нотлох баримт надад байгаа. Би хүнд барааг нь хүргэж өгөөд бага зэрэг тусламж хүссэний улмаас тээвэрлэж яваад баригдсанаас биш, худалдаалах гэсэн санаа зорилго байгаагүй.

          Би байнгын орлоготой бөгөөд Хятад улсаас бэлэн хувцас авч ирж зардаг. Мөн өөрийн үнэт зүйлээ барьцаалан зээлдүүлэх газарт тавьдаг байсан нь үнэн. Тухайн үед надад Э-ийн жинг буцааж өгөх боломж олдоогүй ба өөрийн цүнхэнд байсан жингээс болж зарж борлуулах зорилготой гэж хүндрүүлж шүүх тогтоосонд гомдолтой байна. Хуульд холбогдогч этгээдийн өгсөн мэдүүлэг цор ганц нотлох баримт болдоггүй гэж заасан.

          Хар тамхи нь хүнийг донтуулдаг гэдэг нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа ба би хар тамхины хэрэгт 2 дахь удаагаа холбогдож байгаа нь донтох өвчинтэй болсон байж болзошгүй. Хэрвээ донтох өвчинтэй бол эмчлүүлэх, донтох хандлагатай байгаа бол урьдчилан сэргийлэх зорилгоор гараад эмчлүүлэхийг маш ихээр хүсч байна.

          Миний эцэг, эх нас бараад удаагүй ба надад хамаатан садан байхгүй. Цаашид охиноо эмчлүүлж, эгэл жирийн амьдралаар амьдарч, аз жаргал, гэрэл гэгээтэй амьдралыг охиндоо болон өөртөө бий болгож, сайн ээж байхын төлөө өөрийгөө алдах эрхгүйг маш сайн ойлгож, маш их гэмшиж, алдаагаа бүрэн ухамсарлаж байна.

          Надад худалдаалах зорилго үнэхээр байгаагүй гэдгийг хуулийн дагуу харж, харгалзан үзнэ үү. Мөн ар гэр, хоёр настай охиныг минь ойлгож, энэ хэрэгт холбогдолтой дээрх хүмүүсийг шалгаж өгөхийг хүсэж байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор тээвэрлэсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, үнэн зөвөөр зүйлчлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

          Шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч Ш.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Сийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Г.Сийн давж заалдах гомдолд дурдагдсан асуудлууд нь эргэлзээтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Энэ асуудлын талаар урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт тавихад шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой байна, гэм буруугийн шүүх хуралдаанд та нарын гаргасан хүсэлтийн хүрээнд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гээд бидний гаргасан хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугийн шүүх хуралдаанд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн байдлыг нотолж байгаа баримтуудад эргэлзээтэй буюу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэсэн баримтуудаа оруулсан нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч Г.Сийн гаргасан гомдолд эдгээр асуудал нь дурдагдсан тул өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-т заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудад Г.Сийн авч явсан мөс гэх бодисын хэмжээ зөрүүтэй гарсан. Гэтэл хэрэгт байгаа 4 төрлийн хэмжээний алийг үндэслэж шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан заалтыг зөрчсөн бөгөөд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Мөн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан газрыг “Гурвын хаалт” гэх газар гэж зааж байгаа. Гэтэл тухайн газар нь хилийн уулзвар буюу гааль, Хятад Улсын гааль, Монгол Улсын талаас орох хаалт нь “Гурвын хаалт” гэж нэрлэгдсэн газар байсан. Тэгэхээр тухайн хэрэг нь Замын-Үүд дэх Монгол Улсын хил дээр гарсан мэт ойлгогдохоор болчихож байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтууд нь ноцтой зөрчигдсөн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан Э.Э, Ц.А, О.А, шүүгдэгч нарын мэдүүлгээр Замын-Үүд сумаас гараад модон жорлонд орсон гэж мэдүүлдэг. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хэргийн газрын үзлэг хийгээд гэмт хэрэг хаана гарсныг тогтоож өгнө үү” гэж хүсэлт тавьсан. Гэтэл тухайн хэрэг гарсан гэх газрыг олж тогтоосон гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хэдийгээр шүүгдэгч Г.С худалдаалах зорилго байгаагүй, ломбардад эд зүйлсээ байнга тавьдаг учир жин биедээ авч явдаг гэж маргаж байгаа боловч Хятад руу явахдаа жин авч явсан болон ломбардад эд зүйлсээ барьцаанд тавьдаг гэх баримт, мансууруулах бодисыг Б гэх хүнтэй “Wechat”-аар холбогдож авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг худалдаалах зорилгогүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Мөн “шүүгдэгч Г.Сд мөнгөний хэрэг байсан учир хотод очоод мөнгө өгнө гэж О.А-аар машины төлбөрөө төлүүлсэн гэх мэдүүлгүүд болон мансууруулах бодис тээвэрлэхийг хүссэн гэх Б нь 3 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад орж ирээгүй гэх лавлагаа, Г.Сийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг, Идэрбатын мэдүүлэг, шүүгдэгч тээвэрлэж яваа мансууруулах бодисоо хэрэглэж байгаа зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар худалдаалах зорилго байгаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь ямар ч ойлгомжгүй байна. Уг нь шүүх худалдаалах зорилго байна гэдгийг нотлох баримтаар тогтоохдоо худалдан авагч юм уу, эсвэл худалдаалах зорилгоор хийгдсэн бодитой нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийх ёстой. Ялангуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт худалдаалах зорилго нь хүндрүүлэх нөхцөл байдал болж, шүүгдэгчийн эрх зүйн байдалд маш ноцтойгоор нөлөөлөх зүйл болж байгаа. Хэрэгт шүүгдэгч Ш.Г.Сийг худалдаалах зорилгоор мансууруулах бодисыг олж авсан гэж нотолж байгаа нэг ч нотлох баримт авагдаагүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу Г.С энэ бодисыг хүнд дамжуулж өгөх гэж явсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй. Тэгэхээр шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв гэж дүгнэсэн бөгөөд худалдаалах зорилготой байсан гэдгийг нотолсон баримт авагдаагүй нь түүний үйлдлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж дүгнэх бүрэн боломжтой байсан. Тэгэхээр шүүгдэгч Г.С нь хар тамхи, мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, тээвэрлэсэн нөхцөл байдал байгаа боловч худалдаалах зорилго байгаагүй гэх үндэслэлээр үйлдэл холбогдлыг хөнгөрүүлэн зүйлчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, эсвэл дээрх дурдсан нотлох баримтуудын талаар гаргасан зөрчилтэй байдал зэрэгт дүгнэлт хийж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжтой. Харин анхан шатны шүүхэд буцсан тохиолдолд өмгөөлөгч нарын зүгээс тухайн асуудалд хүсэлт гаргаж, прокурорт буцаах эсэх асуудлыг дахин шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

          Шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгч Ш.Мтэй нэгдсэн байр суурьтай байгаа. ...” гэв.

          Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эд мөрийн баримтын хэмжээ зөрүүтэй асуудал яригдсан. Тухайн бодисыг хэргийн газрын үзлэг хийгээд анх хурааж авахад мөрдөн байцаагч нь албан ёсны бус буюу нарийвчилсан байдлаар хэмжээг тогтоох боломжгүй байсан. Ер нь бодисын хэмжээний нарийвчлал нь мянганы нарийвчлалтай байдаг. Яллах дүгнэлтэд 11.8081 гр гэж нарийвчлан гаргасан. Харин тухайн зөрүүтэй хэмжээ нь яг нарийвчлан тогтоогоогүй хэмжээнүүд юм. Мөн гэмт хэргийн зүйлчлэлд тухайн бодисын хэмжээний зөрүү хамааралгүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учраас анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан. Мөн хэргийн үйлдэл нь Дорноговь аймгийн “Гурвын хаалт” гэх газраас эхлээд таслан зогсоох хүртэл үргэлжилсэн гэж прокуророос үзэж байгаа. Мөн шүүхийн дүгнэлтэд ойлгомжгүй зүйл байна гэж ярьсан. Гэтэл шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ өмгөөлөгч болон яллах талын хоорондын мэтгэлцээний үндсэн дээр хөндлөнгийн байр сууринаас дүгнэлт хийсэн гэж ойлгож байгаа. Шүүгдэгч нь надад худалдаалах зорилго байгаагүй гэж маргадаг. Гэхдээ ингэж маргаж байгаа нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заавал энэ хэрэгт худалдан авагч байх ёстой гэж заасан. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, тээвэрлэсэн гээд 2 төгссөн үйлдэл байгаа. Яллах дүгнэлтэд шүүгдэгчийг худалдсан гэж зүйлчлээгүй. Харин хавтас хэрэгт авагдсан шүүгдэгчид гарсан мөнгөний хэрэгцээ, цахилгаан жин зэрэг нотлох баримтуудаас дүгнэж худалдаалах зорилго буюу субъектив санаа үүссэн байсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Түүнээс биш ямар нэгэн байдлаар хэн нэгэнд худалдсан, хэн нэгэнд худалдахаар ярьж тохирсон байсан гэж яллах дүгнэлт үйлдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Сд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.С нь 2018 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Гурван хаалт” гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутны хамт 11.8081 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж аван, өөрийн биедээ нууж хадгалан 21-88 УБП улсын дугаартай, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Э.Э-ийн “... 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 11 цагийн үед “Гурвын хаалт” гэдэг газар очоод А машинаас бууж, Г.Сийн замын зардалд 30.000 төгрөг өгөөд, тэр 2 хамт гарч ирсэн. Тэндээс хөдлөөд 5 км орчим яваад байх Г.С модон 00-д ороод, ойролцоогоор 5 минут болсон. Би наана нь бие засаад хүлээсэн. Г.С 00-оос гэрч ирэхдээ новкины шилэнд мөс хийчихсэн, мөнгөн дэвсгэрт хуйлаастай байдлаар шил рүү мөсөө хийчихсэн гарч ирээд Энергийн төв орох замдаа бид 4 сорж хэрэглэсэн. ...” /1хх-68-70/,

гэрч Ц.А-ын “... 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 09-10 цагийн үед Замын-Үүдэд очоод “Гурвын хаалт” гэдэг газраас Г.Сийг аваад, Замын-Үүдийн төвөөс дөнгөж гараад шороон зам руу ороход Г.С ганцаараа буугаад модон жорлон орж, бие засчихаад буцаад машинд суусан. Замын-Үүдээс гарахад Э, Г.С 2 бууж, модон жорлон ороод 10-15 минут болоод буцаад машинд суусан. Хамрын хийд орох замд яг хэн нь гаргаж ирснийг мэдэхгүй, арын суудлаас Г.С, Э 2 шилтэй мөс сороод А-д өгсөн. А тэрнээс хэд сорж байгаад надад өгөхөөр нь би нэг удаа сороод буцаагаад өгсөн. ...” /1хх-71-72/,

гэрч А.И-ын “... Би Б-тай холбогдоогүй удаж байна. Б-аар дамжуулан мөс гэх мансууруулах бодис авах гэж байсан зүйл байхгүй. Г.С ямар учраас тийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. ...” /1хх-74-75/,

гэрч О.А-ын “... 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Замын -Үүдэд очоод “Гурвын хаалт” гэдэг газар очиж, Г.Сд замынх нь зардал 30.000 төгрөгийг өгсөн. Тэгээд Замын-Үүдээс дөнгөж гарахад зүүн гар талд модон жорлон байсан ба тэнд “зогсчих, бие засаад ирье” гээд Г.С, Э хоёр машинаас буугаад 10-20 орчим минут болоод буцаж ирсэн. Энергийн төв орох замд хойноос шилтэй мөс өгөхөөр нь би соруулаар 2 удаа сороод, А-т өгсөн. А 1 удаа сорчихоод буцаагаад өгсөн. ...” /1хх-76-77/,

Г.Сийн яллагдагчаар өгсөн “... Бээжингээс Эрээн орох замд Б гэх найз холбогдоод “Замын-Үүд рүү хүнээр юм гаргачихсан байгаа. Чи тэрийг олж аваад И ахад аваачиад өгчих юм бол 1.500.000 төгрөг өгнө” гэсэн. ...Ингээд Замын-Үүдийн төвөөс гарахад байдаг хамгийн эхний 2 залгаа модон жорлонгийн баруун гар талынх нь 00-ийн баруун хойд буланд чулуугаар даруулсан 10 грамм мөс байгаа, аваад яваарай гэсний дагуу мөсөө аваад тэрнээс бага зэргийг хэрэглэхээр тасалж аваад, үлдсэнийг нь бэлэг эрхтэндээ нууж хийсэн. Замд хяналт шалгалт их байж магадгүй, доороо хийчихээрэй гэж Б-ийн хэлсний дагуу бэлэг эрхтэндээ нууж хийсэн. ...” гэх мэдүүлгүүд,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... машины баруун хойд талын суудлын хэсэгт хоёр мөрөнд үүрэх зориулалт бүхий хар өнгийн цүнх байх ба дотор талд нь эмэгтэй хүний будаг, үнэртэй ус, “GHL” гэсэн бичиглэлтэй хар өнгийн цахилгаан жин, Г.Сийн гадаад паспорт, цагаан өнгийн гар утас, онгоцны билет зэрэг хэрэгт ач холбогдолтой зүйлс байсныг тэмдэглэлд тусган хураан авлаа. ...” гэх тэмдэглэл /1хх-6-11/,

Г.Сийн биед үзлэг хийсэн “... Г.Сийн бэлэг эрхтэнээс 3х4.5 см хэмжээтэй, гадуураа скочоор битүү наасан ууттай, дотроо цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, талстлаг мөс мэт зүйл байсныг жин дээр жинлэж үзэхэд 12.6 грамм зааж байна. Уг зүйлийг “Trunarc” багажаар шалгахад метамфетамин бодис гэж заасан. ...” гэх тэмдэглэл /1хх-12-18/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4423 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн Г.С гэсэн хаягтай шээсэнд метамфетамины агууламж илрэв. ...” гэх дүгнэлт / хх-99-102/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4424 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “Г.Сийн бэлэг эрхтэнд үзлэг хийн хураан авсан ууттай мөс мэт зүйл 2018.4.19” 10.9766 грамм ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлд метамфетамины агууламж илрэв. ...” гэх дүгнэлт /1хх-96-97/  зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд тэгш эрхтэй оролцох субъектуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Г.Сийг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Сийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Г.С нь “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор тээвэрлэсэн гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, үнэн зөвөөр зүйлчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд:

- Г.Сийн биедээ авч явсан мансууруулах бодисын хэмжээ 11.8081 грамм буюу их хэмжээтэй байсан,

- Баривчлагдах үед нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр Г.Сийн үүргэвчнээс “GHL” гэсэн бичиглэлтэй хар өнгийн цахилгаан жин гарч ирсэн,

- мөн Г.Сийн яллагдагчаар өгсөн “... Манай нөхөр Батмонгол бид 2 өөрсдийн оршин суудаг байраа банк бус санхүүгийн байгууллагад 11.500.000 төгрөгөөр барьцаанд тавиад, улмаар зээлсэн мөнгөө төлж чадахгүй, байр хураагдах хэмжээнд хүрсэн болохоор мөнгөний хэрэг их байсан. Би байр хураагдах гэж байгаа талаар нөхөртөө хэлэхэд Хятадад хулгай хийгээд хэдэн утас олсон байгаа, ирж энийг зараад мөнгө хийгээд яв гэсэн. ...” гэх мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан талаарх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Г.Сийг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Түүнчлэн шүүгдэгч Г.Сийн өмгөөлөгч Ш.М нь “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийг хаана үйлдсэн” нь тодорхойгүй, мөн тухайн гэмт хэргийн объект болох сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ өөр өөрөөр бичигдсэн. ...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргав.

Замын-Үүдийн Гаалийн газарт улсын байцаагч ажилтай З.С-аас “Гурвын хаалт” гэх газрын талаар асууж гэрчийн мэдүүлэг авахад “... “Гурвын хаалт” гэх газар нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байх хилийн шалган нэвтрүүлэх боомтын гааль болон хилийн бүсэд хамааралгүй, хилээр орж гарч байгаа тээврийн хэрэгслийг оруулж гаргах, эхний болон сүүлийн хаалтын хэсгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдээс БНХАУ-ын хил рүү гарах гэж байгаа тохиолдолд тээврийн хэрэгслийг хамгийн эхэлж нэвтрүүлж байгаа хэсэг, харин БНХАУ-аас Монгол улс руу орж ирж байгаа тохиолдолд штамб дарагдаад хил гаалийн шалганы ажилчинд шалгуулсны дараа Замын-Үүд рүү нэвтрэх сүүлийн хэсгийг хэлнэ. Гурвын хаалтан дээр ирсэн тохиолдолд зорчигчид штамб даруулаад, ачаа тээшээ шалгуулчихсан байдаг тул машинаас бууж, явган явахад хориглох зүйлгүй. ...” /1хх-94/,

гэрч Э.Э-ийн “... 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 11 цагийн үед “Гурвын хаалт” гэдэг газар очсон. ...” /1хх-68/,

гэрч Ц.А-ын “... 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 09-10 цагийн үед Замын-Үүдэд очоод “Гурвын хаалт” гэдэг газраас Г.Сийг авсан. ...” /1хх-71/,

гэрч О.А-ын “... 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Замын -Үүдэд очоод “Гурвын хаалт” гэдэг газар очиж, Г.Сд замынх нь зардлыг өгсөн. ...” /1хх-74/ зэрэг мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд Г.С нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Гурвын хаалт” гэх газраас уг бодисыг олж авч, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэсэн нь тогтоогдож байна. 

  Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Сийн авч явсан мөс гэх мансууруулах бодисын хэмжээ зөрүүтэй гарсан харагдаж байгаа хэдий ч Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодис нь уутны хамт буюу бохир жин нь 11.8081 грамм, цэвэр жин нь 10.9766 грамм болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн аналитик жингээр жигнэсэн шинжээчийн дүгнэлтээр /1хх-96-97/ тогтоогдож байх тул прокуророос Г.Сийг гялгар уутны хамт 11.8081 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий болжээ.    

Иймд шүүгдэгч Г.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1033 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1033 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       М.АЛДАР

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН