Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00930

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1123 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар магадлалтай

Б.Мийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 31 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цагаандарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороололд үйлчилгээний зориулалттай нийт 838,87 метр квадрат талбай бүхий подвольтой нэг давхар барилга барьсан юм. “М” ХХК нь тус барилгын подволь болон 1 давхарын 419,435 м.кв талбай бүхий тал хэсгийг 240 000 000 төгрөгөөр худалдахаар 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №011 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу “М” ХХК нь 32 262 200 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 2016 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлөх ёстой байсан боловч банкнаас нэмэлт барьцаа хөрөнгө шаардаж, зээл нь бүтэхгүй болсон. Ингээд үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй тул обьектыг чөлөөлж өгөхийг шаардахад Сонгууль болж байна. Манай компани ид ашиг олдог үе учраас түрээслэе гэж хэлээд 1 сарын 3 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон манай байранд үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барилгыг суллаж өгсөн.

Иймд “М” ХХК-ийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах үйлчилгээний зориулалттай обьектод 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж, ашиг олсон байдаг тул 1 сарын түрээсийн төлбөрийг 3 500 000 төгрөгөөр тооцож, нийт 31 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол нэхийгийн байрны зүүн талд орших подвольтой 1 давхар ногоон барилгын тал хэсгийг буюу 209.7 мкв талбай бүхий байрыг авахаар болж иргэн Б.Мтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан цагаасаа гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог хийж урьдчилгаа төлбөрт 32 262 200 төгрөг төлсөн бөгөөд банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрийг хийх талаар Б.Мтэй тохиролцсон байсан. Үлдэгдэл төлбөр хийх хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусах байсан. Манай компани хугацаа дуусахаас өмнө 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд хандаж зээл хүссэн өргөдөл гаргасан ба банкнаас зээлийн судалгаа хийх үед хариуцагч Б.М ярьж тохирсноосоо буцаж уг барилгын доорхи газраа зарахгүй, барьцаанд тавихгүй гэснээс болж гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Барилга газартайгаа хамт байж үл хөдлөх хөрөнгө болох бөгөөд газраас салмагц мөн чанараа алдах тул бид худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан болно.

Гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 32 262 200 төгрөгийг Б.М буцаан өгсөн бол тэр өдөр нь байрнаас гарах боломжтой байсан. Гэтэл энэ мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бид байрыг 2017 оны 10 сард буцааж өгсөн. Энэ байранд үйл ажиллагаа явуулж ашиг олсон зүйл байхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ хийх үед тухайн байр ашиглалтад бүрэн ороогүй улсын комисс хүлээж аваагүй барилга байсан. Бид худалдах-худалдан авах гэрээ хийсний дараа хонгилын шат, подволийн засвар зэргийг хийж байж 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нүүж орсон. Нүүж орсны дараа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас бүрэн ашиглалтад ороогүй байранд ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлж болохгүйг анхааруулж байсан. Манай компани уг байрнаас гарах үед улсын комисс хүлээж аваагүй л байсан.

Б.М болон бидний хооронд уг барилгыг түрээслэх эсэх талаар ямар нэгэн яриа хөөрөө хийж, гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэлд бичсэн шиг бидний зүгээс сонгууль болж байна, манай компани ид ашиг олдог үе учраас нэг сарын 3 500 000 төгрөгөөр түрээслэе гэж хэлсэн удаа байхгүй. Хэрвээ үнэхээр тийм яриа хөөрөө болсон бол түрээсийн гэрээ байгуулах байсан. М барилгаа аль дээр буцаан авсан мөртлөө, уг барилгын урьдчилгаа төлбөрт өгсөн 32 262 200 төгрөгийг буцаан өгөхгүй элдэв арга саам хэрэглэж, “М” ХХК-ийг уг байранд үйл ажиллагаа явуулж ашиг олсон гэж 31 500 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1123 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “М” ХХК-аас 31 500 000 төгрөг гаргуулах тухай Б.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Мийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 1123 тоот шийдвэрийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай магадлалыг хүлээн авч танилцаад дор дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй асуудлаар үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй хэмээн дүгнэсэн нь нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тодорхойлсон буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч “М” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд манай үйлчилгээний зориулалттай талбайд үйл ажиллагаа явуулж ашиг олсон байдаг тул нэг сарын түрээсийн төлбөрийг 3.500.000 төгрөгөөр тооцож нийт 31.500.000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг “М” ХХК, түүний захирал Ц. Батцэнгэлд холбогдуулан гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсгүүдэд зааснаар гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй маргааны эрх зүйн харилцааг тодорхойлдог буюу ямар материаллаг эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг тодорхойлж хэрэглэгдэх хууль, түүний хэм хэмжээг зөв олж тайлбарладаг билээ. Энэхүү нэхэмжлэлд дурдагдсан талуудын хооронд үүссэн харилцаа нь хуулиас үүдэх үүргийн эрх зүйн харилцаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл байхад тус шүүхийн зүгээс гэрээний эрх зүйн харилцаа гэж үзэн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь заалтууд буюу гэрээнээс татгалзсантай холбогдон үүсэх хохирол гэж нэхэмжлэгч тал шаардлагаа гаргасан мэтээр тайлбарласныг зөвтгөсөн ч чухам ямар үндэслэлээр ингэж тайлбарлаж байгаагаа тодорхой үндэслэлтэйгээр дүгнээгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хоёр талын гэрээнд гэрээнээс татгалзсанаар талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн гэрээ биелснээс олсон ашиг гэдэг нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шим гэж ойлгогдоно, гэрээнээс татгалзсан хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшихдээ олсон орлогыг ашиг гэж үзэх боломжгүй гэж тайлбарласан нь давж заалдах шатны шүүхэд хандаж гаргасан гомдлын үндэслэлд хамааралгүй зүйлийг үндэслэж тайлбар хийсэн гэж үзэж байна.

Ийнхүү давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа гомдлын үндэслэл, шаардлагын хүрээнд шийдвэрлэх бус, үүссэн эрх зүйн маргааны харилцааг өөрчилж хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэг талын ашиг сонирхолд давуу байдал үүсгэсэн, нэхэмжлэгч талд илт хохиролтой байна.

Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Магадлалын хянавал хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нь "нэхэмжлэгч хариуцагчид эд хөрөнгөө шилжүүлсэн ба энэ шилжүүлэг нь ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй байх тохиолдолд үүснэ. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид байрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд дээр дүгнэснээр нэхэмжлэгч урьдчилгаа мөнгийг буцаан өгөөгүйгээс байрыг эзэмшсэн хариуцагчийг тухайн хугацаанд ямар ч эрх зүйн үндэслэлгүйгээр байрыг эзэмшсэн буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн ч үүнийгээ тодорхой эрх зүйн үндэслэлээр тайлбарлаагүй байна.

Учир нь Хариуцагч “М” ХХК-ийн санаачилгаар гэрээнээс татгалзаж, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 011 тоот худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон байхад шүүхийн зүгээс тус гэрээний үүрэг дуусгавар болоогүй, тухайн байрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшсэн нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь тухайн эрх зүйн харилцааг буруу дүгнэсэн гэж үзэж байна.

“М” ХХК-ийн надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 641 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11 -ний өдрийн 117 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00087 дугаартай тогтоол зэрэгт “Хариуцагч М” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, гэрээний зүйлийг 10 дугаар сарын 01-ний өдөр буцаасан болохыг” дурдсан байдаг. Ийнхүү талууд гэрээнээс татгалзсанаар хуулийн дагуу гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэдгийг эрх зүйн үндэслэлтэй гэж өмнөх гурван шатны шүүх дүгнэсэн байхад Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсныг зөв тодорхойлоогүй, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь нэхэмжлэгч миний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдснаар талуудын хоорондох гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон байхад “М” ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 15-аас 2016 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд Б.Мийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшиж, үйл ажиллагаа явуулан ашиг олж байсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжих эрх зүйн үндэслэлд хамаарагдаж буй нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байхад Дархан уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс иргэний эрх зүйн маргааны төрлийг буруу дүгнэж, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гурав. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

2016 оны 1 дүгээр сарын 15-аас 2016 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд “М” ХХК нь Б.Мийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшиж, үйл ажиллагаа явуулан ашиг олж байсан. Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан “М” ХХК-ийн 2016 онд үйл ажиллагаа явуулж, татвар төлж байсан талаарх Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн баримт, мөн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “М” ХХК нь иргэн Ганзулаар гражийн зориулалттай байсан талбайг үйлдвэрлэлийн зориулалттай болгон засварлахаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажлын хөлсийг төлж байсан зэрэг нь бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тус тус хангалттай нотлогдож байхад эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.М нь “М” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 31 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Б.Мөөс: “...шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэж  үзэн хяналтын журмаар гомдол гаргасан нь үндэслэл бүхий байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хоёр шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргажээ.

Анхан шатны шүүх: “...хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн объектыг ашиглаж байсан тул үндэслэлгүйгээр байрыг эзэмшсэн гэж үзэхгүй, түүнчлэн талууд гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаан өгснөөр гэрээ бүрмөсөн дуусгавар болно, нэхэмжлэгч урьдчилгаанд авсан мөнгийг буцааж өгөөгүй тул гэрээ дуусгавар болоогүй, энэ үндэслэлээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх талууд гэрээнээс татгалзсан хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшихдээ олсон орлогыг ашиг гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1., 205 дугаар зүйлийн 205.1., 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №011 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээгээр “М” ХХК нь Б.Мийн өмчлөлийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах үйлчилгээний зориулалттай 838.87 м.кв талбай бүхий подвольтой нэг давхар барилгын тал хэсэг буюу 419.438 м.кв талбай бүхий хэсгийг худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 32 262 200 төгрөгийг төлж объектыг хүлээн авсан боловч гэрээгээр тохирсон 3 сарын хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул худалдагч гэрээнээс татгалзаж, объектыг чөлөөлж өгөхийг хүссэн, худалдан авагч 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байрыг чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

“Худалдах-худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр тул худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь объектыг хүлээн авсан атлаа үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, хохирлоо шаарджээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим нь дуусгавар болсон бол хөрөнгөө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй  гэж, 493 дугаар зүйлийн 493.1.-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, ...хамаарна гэж тус тус заасан.

Үр шим нь гэрээний эд зүйлийг зориулалтын дагуу ашигласнаас олсон ашиг тул хариуцагчийн ашиг олох зорилготой хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас олсон орлого, мөн хэмнэсэн зардлыг үр шим олж авсантай адилтган үзнэ.

Худалдан авагч 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр объектыг чөлөөлсөн, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 641 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчээс гэрээний урьдчилгаанд авсан 32 262 200 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь маргааны зүйл болох объектыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш 9 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж ашиг олсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Худалдан авагч үйлчилгээний талбайг үнэ төлбөргүй ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжиж, үр шим олсон гэж үзэж нэхэмжлэгч нь худалдсан талбайн нэг сарын түрээсийг 3 500 000 төгрөгөөр тооцож, нийт /3 500 000 х 9 сар/ 31 500 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагчийн эзэмшиж, ашиглаж байсан барилгын 9 сарын түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ цэнэ 2016 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар 32 084 100 төгрөг болох нь шүүхээс томилсон шинжээч “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч 31 500 000 төгрөг нэхэмжилсэн нь тухайн үеийн зах зээлийн ханшаас хэтрээгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хөрөнгөжиж, үр шим олсон гэж үзэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, 42.2.-т зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбар, дээрх баримтыг эсэргүүцээгүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул энэ тохиолдолд мөн зүйлийн 42.4.-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1123 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 493 дугаар зүйлийн 493.1.-д заасныг баримтлан “М” ХХК-иас 31 500 000 төгрөгийг гаргуулан Б.Мд олгосугай” гэж, 2 дахь заалтын “...хэвээр үлдээсүгэй.” гэснийг “...хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 315 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Мийн гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЦАГААНЦООЖ     

                                    ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД